| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2024/0035/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/38 |
| Огноо | 2024-06-03 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Б.ЧУЛУУНХҮҮ |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батбаяраар хөтлүүлэн,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн,
Шүүгдэгч Л.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ирүүлсэн ............... дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ......оны ..... дүгээр сарын ....-ний өдөр ......аймгийн ......суманд төрсөн, халх, ........настай, .........боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт .........аймгийн .........сумын ............багт оршин суух хаягтай, урьд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгж буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ............овгийн Л-гийн Э /РД:::::::::::::::/
Шүүгдэгч :::::::::::: 2020 оны 06 дугаар сард Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн Хөвийн хөндий гэх газраас Г.Б-ийн эзэмшлийн 3 тооны адуу буюу олон тооны мал хулгайлж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу Бонго маркийн 44-38 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн, бусдад худалдан борлуулж, хохирогч Г.Б-т 8,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч Г.Б-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ирээгүй байна.
Хохирогч Г.Б нь шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ шүүхэд харилцаа холбооны хэрэгслээр мэдэгдсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.” гэж заасан учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
-Шүүгдэгч Л.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас мэдүүлэг өгөхгүй...” гэв.
-Улсын яллагч Б.Чулуунхүү нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс шүүгдэгч Л.Э-ын үйлдлийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Л.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналтай байна. Хохиролд 8,500,000 төгрөгийг төлөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлүүлэх саналтай байна. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан цаг хугацаанд Л.Э-ын үйлдэл хамаарч байгаа боловч тухайн хуулийн 4.4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, эсвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэж заасан байгаа. Э-ын тухайд бусдад учруулсан хохирлоо 2020 оноос хойш 4 жилийн хугацаанд ямар нэгэн байдлаар төлөхөөр идэвхтэй үйлдэл, санал санаачилга гаргаагүй. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр ойн мэргэжлийн байгууллагад ажиллаж байгаа гэсэн тодорхойлолт гаргаж байгаа нь тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлж байна гэж миний зүгээс үзэхгүй байгаа. 4 жилийн хугацаанд хохирогчтой уулзаад хохирлоо нөхөн төлөх боломжтой байсан гэж харж байгаа. Тиймээс Л.Э-т Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасан зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих хууль зүйн үндэслэл байхгүй байна гэж миний зүгээс харж байна...” гэв.
-Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Л.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. Түүний үйлдэл 2020 онд гарсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан. 7 дугаар зүйлийн 7.2-т “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан, Эрүүгийн хуульд заасан хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино гэж” заасан. Энэ заалт мөн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж, 4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасан. Шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. Тийм учраас шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний тогтвор суурьшилтай ажиллаж амьдарч байгаа газар буюу ..........сумын нутаг дэвсгэрээс гаргахгүй байхаар тогтоолгох саналтай байна. Шүүгдэгч хохирогчийн хохирлыг төлөхөө илэрхийлж ажил хийж байгаа. Шүүгдэгч нь ............суманд ойн мэргэжлийн байгууллагад туслах ажилтнаар ажиллаж байгаа. Тус байгууллагад мод зөөх, тээвэрлэх ажил хийж байгаа. Тийм учраас хохирогчийн хохирлыг төлөх боломжтой. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулж, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэж өгнө үү. Өршөөл үзүүлэх тухай хууль төрөөс баталсан иргэдэд нэг удаагийн өршөөлийг үзүүлэхээр хуульчлагдсан хууль ба ялтны, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна. Цаашлаад 4 жилийн хугацаанд төлбөрийг төлөөгүй байсан. Шүүгдэгч өөрөө төлөх талаар санаачилга гаргаагүй хэдий ч төлье гэсэн бодолтой, сэтгэлтэй явсан. Хэнтэй хэрхэн яаж харьцаж, хаана ажил хөдөлмөр эрхлэх вэ гэдгийг өөрөө гэр бүлээсээ тусдаа ганцаараа шахуу байсан учир шийдвэрлэж чадаагүй байсан. Тэгээд нутгийн залуу учраас намайг өмгөөлөгчөөр аваад ажиллаад өгөөч ээ гэж хүссэн байх. Тэгээд цаашид ажил хөдөлмөрийг чи хэрхэн яаж төлөх юм бэ гэхэд нутагтаа очиж ажиллая, ажил хөдөлмөр хийх боломж байна уу гэхэд Энхсайхан гэдэг мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулдаг хөрөө рамны тогтвортой үйл ажиллагаа явуулдаг хүнтэй ярьж ажилд оруулж өгсөн. Мод, модон материалын хэрэгцээ харьцангуй их байдаг учраас улирлынх нь ачааллын цаг нь 11 сар хүртэл үргэлжилнэ, мөн 1, 2 сар хүртэл зогсоно. Энд ажиллаад тогтмол орлого олоод хохирол төлөх бүрэн боломжтой байгаа учраас Өршөөл үзүүлэх үзүүлэх тухай хуулийг хэрэглэж өгнө үү гэж хүсэж байна. Хохирогч Г.Б өөрөө бизнес эрхэлдэг, тодорхой орлоготой, эх үүсвэртэй, боломжийн амьдрал ахуйтай. Шүүгдэгчээс хохирол төлбөрөө боломжит хугацаандаа бааргдуулаарай гэсэн байгаа. Гэсэн хэдий ч шүүгдэгч заасан хугацаанд хохирлыг барагдуулах боломжтой...” гэв.
Эрүүгийн ............. дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Хохирогч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би адуугаа бүрнээр нь 2020 оны 06 дугаар сарын 19-нд сумын төвийн доош байх Баян-Айраг багийн нутаг Хүрэн хөндий буюу тариалангийн талбай гэх газарт байхад очиж бүртгэхэд бүгд бүрэн байсан. Тэгээд мөн сарын 25-ны өглөө адуугаа харах гээд явтал байсан газраа байхгүй байсан. Хайсан чинь Тэлмэн нуурын урд тал руу орсон байхаар нь олж аваад бүртгэтэл 3 адуу алга болсон байсан. Тэр хавьд байх адуугаар хайгаад олдоогүй. ...Би өөрийн хар морио 2012 онд Ганзориг гэх хүнээс даага байхад нь уяж уралдуулах гэж Сүхбаатар аймгаас 10,000,000 төгрөгөөр худалдаж авсан, бор хээр гүүг 2017 онд А гэх хүнээс үржлийн хэлбэрээр 5,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Халиун үрээгээ 2020 онд Г гэх хүнээс 5,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би адуунуудаа нийт 20,000,000 төгрөгөөр үнэлнэ. Миний хар морь сумын тэгш ойд 2 удаа, аймгийн бүсийн уралдаанд 4 удаа, бусад жижиг наадмуудад олон удаа айраг, түрүү авч байсан. Миний бор хээр гүү төл сайтай миний адуун дотор үр төл нь байгаа. Харин халиун үрээг аваад удаагүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,
-Гэрч С.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 06 сард сонгуулийн өмнөх орой адуу ачаалж ирсэн. Би З.Б дүүгийн гэрт байж байтал орой дүү З.Ч, Э.О нар танихгүй 2 залуутай З.Б-ын гэрт орж ирээд нэг танихгүй хэл ярианы бэрхшээлтэй гацаа залууг Э гэж танилцуулаад, тэгээд намайг Тэлмэн нуурын наад захаас 4 тооны адуу ачаалах гэсэн юм, та машин бариад яваад өгөөч надад машин бариад яваад өгөх хүн алга байна гэсэн. Тэгээд манай дүү гуйгаад та яваад өгөөч гэсэн. Тэгэхээр би завгүй, маргааш сонгуулийн ажилтай бас аймаг явна би явж амжихгүй гэж их дургүйцсэн. Тэгээд тэр залуу гуйгаад салахгүй болохоор тэр адуу мал чинь очоод ачаалахад бэлэн юм уу, яваад очихоор бэлэн биш бол хэцүү шөнөжингийн юм болно гэж асуухад тэр гацаа залуу Э гэдэг нь манай айлын залуу адуунуудыг бариад уячихсан бэлэн байгаа гэж хэлсэн. Бас тэр гацаа залуу банкны мөнгө хийгүй бол хэцүү байна гээд гуйгаад байхаар нь би машин барьж явахаар болсон. Тэгээд би машин барьж явахаар болоод би З.Ч дүү, өөрийгөө Э гэж танилцуулж байсан гацаа нөхөр, нөгөөдөх нь намхан бор залуу/ би танихгүй нэрийг ч асуугаагүй/ бид 4 адуу ачаалж ирэхээр З.Ч-ийн Портер машинаар явсан. Харин би явж өгөхдөө ийм орой явж байна хулгайн адуу мал биш биз гэж асуухад хулгайн адуу байхгүй, би өөрийнхөө адуунаас ачаалж авчирч маргааш эрүү Ц гэдэг ченжид өгөхөөр болсон, тэгээд банкны мөнгөө хийхгүй бол нэхэгдээд хэцүү байна гэж ярьсан. Бид нар Тэлмэн нуур руу дөхөж байсан холын юм харагдахааргүй болсон байсан. Тэгсэн засмал замын урд талд замтай ойрхон 10 гаруй тооны цөөхөн адуу харагдаж байсан чинь нөгөө гацаа Э гэдэг залуу адуу энд байна гэхээр нь чи юу яриад байгаа юм нөгөө бариад уячихсан байна гэсэн чинь яасан гэсэн, одоо энд бариад авъя удахгүй гээд нөгөө хоёр залуу машинаас буугаад нөгөө адууг нэг хашаанд шахах гэсэн чадалгүй явуулсан. Тэгээд тэр хоёр залуу адууны араас дагаад гүйгээд нэг жижиг толгойн баруун талд байрлах өндөр толгойн урдах хашаанд адуугаа хашчихсан байсан тэгээд тэр хоёр залуу адуунуудаа барьж ачаалсан. Тэгээд бид хоёр араас нь машинтай яваад очтол харанхуй болоод юм харагдахаа байсан, тэр хоёр асаагуурын гэрэл тусгаж байгаад гурван адуу машин дээр гаргаж ачаалсан, тэгээд за больё юм харагдахаа байчихлаа эм тамга нь сайн харагдахгүй байна гээд 3 тооны адуу ачаалаад бид нар Тосонцэнгэл сум руу орж ирээд шөнийн 1 цагийн үед шууд эрүү Ц гэдэг хүнд адуугаа буулгаж өгсөн. Харин эрүү Ц гэдэг хүн худалдаж авахдаа өгч байгаа хүнтэй адууных нь зургийг цуг дарж авч байсан. ...Ямар ч байсан 2 эр морь, нэг нь гүү байсан. Нэг нь хээр морь байсан бусдыг нь сайн мэдэхгүй, би өөрөө мал маллаж байгаагүй болохоор малын өнгө зүс муу, эм тамгыг ч хараагүй. ...Тосонцэнгэл сумаас Нөмрөг сум руу явдаг засмал замраа явж замын урд талаасаа ачаалсан би тухайн газрыг сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,
-Гэрч Ю.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын эхээр нэг танихгүй хүн залгаж орж ирээд та адуу мал худалдаж авч байна уу? би адуу авчирч зарах гэсэн юм гэхээр нь би адуу мал авахгүй байгаа би өөрөө Их-Уул суманд явна гэж хэлээд утсаа салгасан. Тэгсэн шөнө унтах гээд орондоо орчихсон хэвтэж байсан чинь нөгөө адуу зарна гэсэн дугаар залгаад би адуу аваад ирлээ гэхээр нь би Их-Уул сумандаа байна гэж хэлээд утсаа салгатал удалгүй манай хашааны үүдэн дээр машин ирээд манай гэр лүү хоёр хүн орж ирсэн тэгээд би адуу мал авсан зүйл байхгүй гэж хэлсэн, та авчхаач би банкны мөнгөтэй байдаг гээд гуйгаад байхаар нь за тэгвэл өглөө больё, одоо харанхуй шөнө авахгүй гэсэн нэг гаргүй залуу “одоо буулгана би өглөө эрт модонд явна одоо буулга” гэхээр нь за тэгвэл манай хашаанд буулгачих гээд манай хашаанд 3 тооны адуу буулгаад Л.Э-ыг өглөө ирээрэй, би адууг чинь худалдаж авна гэж хэлсэн. Тэгээд өглөө 11 цагийн үед Л., С.Д хоёр нь ирсэн тэгээд би гурван тооны адууг Л.Э-аар бариулж байгаад зургийг нь дарж худалдаж авсан. ... Би сайн танихгүй Тэлмэн суманд байдаг би өөрийнхөө адуунаас авчирсан гээд тэр Л.Э гэдэг залуу надад зарсан. Миний худалдаж авсан 3 тооны адуу нас гүйцсэн хар морь, бор хээр нас гүйцсэн гүү, шарга саарал зүстэй шүдлэн үрээ байсан, би эм тамгын хараагүй. ...Би гурван тооны адууг 1,800,000 төгрөгөөр худалдаж авсан. ...Би хашаандаа байлгаж байгаад Улаанбаатар хот руу эмээлт гэх газарт аваачиж зарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,
-Гэрч С.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л.Э баривчилгаанаас гарчихсан тааралдаад манай найзынд 2 шил архи авч очоод ууж хоносон. Тэгээд өглөө нь босоод байж байснаа Л.Э Тэлмэн явж ирмээр байна. Би адуунаасаа 2-3 адуу авчирч зармаар байна яваад өгөх унаа байгаа болов уу гэж яриад удаагүй бид хоёр гэрээс гартал хойд айлын гаргүй Ч ах хашааны үүдэн дээрээ байж таараад тэгээд би Л.Э-т чи нээрээ унаа хайж адуу авчирна гэж байгаа юм бол энэ ахтай уулз гэж хэлээд гаргүй Ч ахыг зааж өгөөд оруулсан. Тэгсэн нэлээн байж байгаад Л.Э за яваад өгье гэж байна гээд орж ирсэн. Тэгээд бид хоёр Ч ахыг аваад адуундаа явахаар болтол Ч ах би машин барих хүн аваадахъя гээд баярын талбайн наанаас Э гэдэг ахыг суулгаж аваад бид дөрөв Тэлмэн сум руу явсан. Тэгээд Тэлмэн сумын дөрвөн зам өнгөрөөд нэлээн явж байтал манай адуу энд явна манайхан уяад хашчихна гэсэн чинь уяагүй байна гэж хэлээд бид нар явган, машинтай туугаад нэг хашаанд шахаж байгаад гурван тооны адуу хар морь, халтар сувай гүү, хул үрээ ачаалаад авчирч эрүү Ц гэдэг ченжид өгсөн. ...жолоочид 150,000 төгрөгийн хөлс өгнө гэж ярьсан байсан, намайг цуг яваад ачилцаад өгчих тэгвэл 200,000 төгрөг өгнө гээд надад өгөөгүй. ...Би тэрнээс хойш уулзаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30-р хуудас/,
-Гэрч С.И-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Бонго маркийн 44-38 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг би 2021 оны зун Ч гэгч хүнээс 4,000,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Ч гэгч Б гэгч хүнээс худалдаж аваад би тэр Ч-оос худалдаж аваад нэрээ шилжүүлж чадаагүй. Тэр үндсэн эзэмшигч нь Б гэгч нь нас барсан юм билээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,
-Гэрч З.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ тээврийн хэрэгслийг би худалдаж авч 1 жил унаж байгаад жолооны үнэмлэх байхгүй болохоороо 2021 оны намар И гэх Тосонцэнгэл сумын залууд 4,000,000 төгрөгөөр зарж байсан юм. Б гэдэг хүнээс худалдаж аваад тэр хүн нь нас барсан тэгээд нэрээ шилжүүлээгүй байсан юм. ...С.Д, Л.Э нарыг танихгүй. С.Э нь манай хүргэн ах байгаа юм. Э ах харин надад “чиний машиныг гуйж бид хоёртой Тэлмэн нуурын тэндээс 3 адуу ачиж ирсэн залуучууд чинь хулгайн адуунууд аваад ачиж ирсэн байна цагдаад мэдүүлэг өглөө” гэж ярьсан. Би яг сар өдрөө санахгүй байна сонгууль болох гэж байсан юм. Намайг гэртээ байж байхад 1 танихгүй хэл ярианы бэрхшээлтэй /гацаа/ залуу орж ирээд Тэлмэн сумын хүн байгаа юм гэрээсээ очиж адуу ачиж ирж зарж банкны мөнгө хийх гэсэн юм та тус болоод яваад өгөөч цагдаа шүүхээр яваад хэцүү явна гэж гуйгаад байхаар нь адилхан ядарсан эр хүмүүс гэж бодоод 20 литр түлш хийлгээд би өөрөө жолооны үнэмлэхгүй, тэгээд ч дээр нь өрөөсөн гаргүй учир хүргэн ах Э-ыг гуйж Т сум руу явж байгаад засмал замаас жаахан салаад явж байсан чинь адуу бариад уячих гэсэн чинь манайхан барьж аваагүй адуу энд явж байна гэж хэлэхээр нь тийм байх гэж бодоод тэр 30 орчим тооны адууг тэр гацаа залуутай хамт яваа найз нь гээд бас нэг залуу бид хэд явган машинтай тууж тэрүүхэн ойролцоо байсан малын хашаанд хашиж байж 1 хар морь, 1 бүдүүн бор гүү, 1 халиун байдсан гүү зэрэг 3 адууг бүснүүдээрээ барьж авч ачиж манай нутгийн мал махны ченж Ч гэгчийнд буулгасан. Яг хэдэн төгрөгөөр зарсныг нь мэдэхгүй. ...Тэр Э гэх гацаа залуу машинд 20 литр түлш бэлэн мөнгөөр хийсэн. Тэр шөнөдөө сум орж ирж ченж Ч-той тэр залуу нэлээн уулзаж байгаад тэдний хашаанд нөгөө 3 адууг буулгаж үлдээсэн. Бид 2-т уг нь шан нэмж өгнө гэж хэлж л байсан. Тэгээд тэрнээс хойш тааралдаж шан энэ тэр авсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,
-Шинжээч Н.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үеийн орон нутаг, улсын хэмжээнд үнийн судалгаа хийж, цахимаар зар хайж үнийн мэдээлэл авч боловсруулан үнэлгээ гаргадаг. Хэрэв зах зээл дээр тодорхой үнийн мэдээлэл олдохгүй бол энэ төрлөөр мэргэшсэн худалдааны байгууллага, хувь хүнээс асууж тодруулж үнэлгээ гаргадаг. Яг тухайн дүгнэлтийг статистикийн малын үнийн зах зээлийн мэдээллээс судалж байж гаргасан. Тэр мэдээлэл дээр хурдан морины үнэлгээ байхгүй байсан. Тиймээс би зах зээлээс үнэлгээ хайсан боловч ямар нэгэн үнийн мэдээлэл олдоогүй. Тэгээд уяачид малчдаас адууны үнийн судалгаа хийж хохирогчоос ирүүлсэн “ХАР” морины талаарх баримтад үндэслэн үнэлгээг гаргасан. Тиймээс тухайн 3 адууны бор гүү, халиун үрээ нар нь хурдан удам угшилтай гэх ямар нэгэн нотлох баримтгүй. Харин тэр хар морь нь 4 удаагийн баяр наадамд шүдлэн, хязаалан, соёолон насандаа 4 удаа айрагдсан гэх баримт ирүүлснийг шинжлэн судалж Б гэгчийн уг адууг зах зээлийн ханшаар 5,000,000 төгрөгөөр, бор гүүг нь 2,000,000 төгрөгөөр, шүдлэн үрээг нь 1,500,000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Нийт 8,500,000 төгрөг болсон. Харин шүдлэн үрээ, бор гүү 2 нь ямар нэгэн үүлдэр угшил тодорхой бус, хурдан гэх баримтгүй учраас хохирогчийн үнэлгээг харгалзан үзэж зах зээлийн үнэ ханшнаас арай дээгүүр үнэлсэн. Ер нь бол хүмүүс адуугаа ямар ч үнээр үнэлдэг. Байгууллага бас судалгаа, харьцуулалт хийж гаргадаг. Адуунд үнэлгээ гаргахад цаг хугацаа их шаардсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-р хуудас/,
-Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээч Н.Э-ийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №10 дугаартай “... Нийт 3 тооны адууны зах зээлийн үнийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 8,500,000 төгрөг гэж тогтоов. Үнэлгээний тайланг 2 хувь үйлдсан ба үнэлгээчний тамга тэмдэг дарж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Үнэлгээний тайланг 2020 оны 06 дугаар сарын 30-ны байдлаар тасалбар болгон үйлдэв...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-53-р хуудас/, морины медалийн үнэмлэхний хуулбарууд,
-Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээч Н.Э-ийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №10 дугаартай : “...Автомашины үнэлгээг үнэлгээ хийх аргуудын давуу болон дутагдалтай талуудыг харгалзан үзэхэд Зах зээлийн жишиг үнийн арга илүү тохирох тул энэ аргыг сонгон авч, Кia Wndbongo маркийн автомашины зах зээлийн үнэлгээг 2 машины дундаж үнэ ханшаар тооцон 3,188,000 төгрөг гэж тогтоолоо. Үнэлгээний тайлангг 2 хувь үйлдсэн ба үнэлгээчний тамга тэмдэг дарж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 73-74-р хуудас/, хэргийн маршрутын талаар хийсэн зураглал, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109-р хуудас/
-Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 92-93-р хуудас/,
-Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох бичгийн нотлох баримтууд зэрэг нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Э 2020 оны 06 дугаар сард Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн Хөвийн хөндий гэх газраас Г.Б-ийн эзэмшлийн 3 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу Бонго маркийн 44-38 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн, бусдад худалдан борлуулж, хохирогч Г.Б-т 8,500,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хангалттай нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мал хулгайлах гэмт хэргийн талаар болон уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчилсан ба 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хуульчилсан.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ зүйлийн мал гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарна.” гэж, “Энэ зүйлд заасан олон тооны мал гэж найман бог, хоёр бод түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно” гэж заасан.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч байгаа үйлдэл, үйлдсэн арга, халдлагын зүйлээс хамааран зүйлчлэгдэх бөгөөд “хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаар төгсдөг ба “мал хулгайлах” гэмт хэргийн тухайд халдлагын зүйл нь “мал” буюу “хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ” байдаг.
“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно.” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж хуульчилсан тул өмчлөх, эзэмших эрх хуульд заасан үндэслэлээр, эсхүл гэрээний үндсэн дээр шилжих боломжтой ба эдгээрээс бусад тохиолдолд хууль бус гэж үздэг.
Л.Э нь хохирогч Г.Б-ийн өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө болох 3 тооны адууг өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлэн авах хууль эрх зүйн үр дагавар бий болоогүй, өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлэн авах талаар өмчлөгч, эзэмшигчтэй тохиролцсон тохиролцоо буюу гэрээ байгуулаагүй байх тул түүний үйлдлийг хууль бус гэж үзнэ. Мөн өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүй, сэм авсан байх тул хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүй авсан гэж үзнэ.
“Адуу” гэх малын тухайд хүний хэрэгцээг хангадаг гол шинж нь уналга, эдэлгээ ба хүнсэнд хэрэглэх явдал бөгөөд Л.Э нь мөнгө олох зорилгоор дээрх 3 тооны адууг авсан байх тул шунахайн сэдэлтээр авсан гэж дүгнэх үндэслэлтэй
Л.Э нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах үйлдлийн улмаас хүний эд хөрөнгөд хохирол учрах, тэр ч бүү хэл өмчлөх, эзэмших эрхэд нь халдах боломжтой, хүний эд хөрөнгөд хууль бусаар халдах нь хууль бус гэдгийг энгийн ухамсрын түвшинд ухамсарлан ойлгох чадвартай хэдий ч ухамсарласан үйлдлээрээ хор уршигт зориуд хүргэсэн байна.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж” гэж хуульчилсан тул Л.Э-ын үйлдлийг санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Л.Э нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг, мөн өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж, ухамсарласан үйлдлээ хэн нэгний нөлөөгүйгээр хүсэж үйлдэн хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь мал хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг, 2 тооны бод мал шууд санаатай үйлдлээр хулгайлсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийн, машин механизм ашиглаж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн объектив шинжийг тус тус хангаж байна.
Иймээс Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Л.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Л.Э-т холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.Э-т холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Л.Э-ыг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т “бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан бол 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан тул шүүгдэгч Л.Э-т хуулийн уг зохицуулалтын дагуу хорих ял оногдуулах нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүхээс шүүгдэгч Л.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял шийтгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх нь зүйтэй юм.
-Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн тухайд: Бусдын 2 тооны бодыг хулгайлсан үйлдлээр олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинж хангагддаг ба шүүгдэгч Л.Э нь бусдын 3 тооны бод буюу олон тооны малыг хулгайлсан байна.
-Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээний тухайд: Малыг Монгол улсын Үндсэн хуулийн дагуу төрийн хамгаалалтад авсан байдаг ба богино цаг хугацаанд, нэг удаагийн хөрөнгө оруулалтаар бий болдоггүй, харин малчин хүний олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бий болдог эд хөрөнгө тул мал хулгайлах гэмт хэргийн улмаас малчин хүн эд хөрөнгөөрөө хохироод зогсохгүй сэтгэл зүйн хувьд ч, цаашид малаасаа хүртэх байсан үр шимээрээ ч хохирч байдаг, мөн Монгол улсын үндэсний аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлөх үр дагавар бүхий нийгмийн хор аюул ихтэй гэмт хэрэг юм.
-Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлын тухайд: Шүүгдэгч Л.Э нь хохирогч Г.Б-ийн 3 тооны адууг хулгайлж авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно.
-Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухайд: Шүүгдэгч Л.Э-ын гэмт үйлдлийн улмаас хохирогч Г.Б-т 8,500,000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч нь хохирол төлбөрийг төлж барагдуулахаа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт илэрхийлж, хөдөлмөр эрхэлж хохирол төлбөрөө барагдуулах боломжтой талаар ажил олгогчийн тодорхойлолт, мөн эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолын хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна.
-Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын тухайд: Шүүгдэгч Л.Э-ын хувьд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлага нь гэм буруутай этгээдийн буруутай үйлдэлд тохирсон байх зарчмыг удирдлага болгон шүүгдэгчид 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэсэн болно.
Монгол Улсын Их хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар, цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын хүрээнд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль баталжээ.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан ...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч нь 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онуудад батлагдан гарсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж хорих ялаас чөлөөлөгдөж байгаагүй, мөн хохирогчид төлөх хохирлоо төлж барагдуулах талаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт илэрхийлж шүүх хуралдаанд холбогдох баримтыг ирүүлсэн байна.
Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж заасан бөгөөд шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг 2020 оны 6 сард үйлдсэн байх тул энэ хуулийн үйлчлэлд хамрагдана.
Иймд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан /Мал хулгайлах / гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...” гэж заасан байх тул шүүгдэгч Л.Э-т оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж, зорчих эрх хязгаарлах ялыг түүний байнга оршин суудаг ........ аймгийн .............. сумаас гадагш зорчихгүй байхаар тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Э нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй юм.
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
Хохирогч нь шүүгдэгч Л.Э-ын гэмт үйлдлийн улмаас 20,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжилж байх боловч шинжээчийн дүгнэлтээр 8,500,000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдож байх тул уг 8,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Мөн шүүгдэгч Л.Э-ын гэмт үйлдлийн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зардал гарсан талаар баримт хэрэгт авагдаагүй учир шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзнэ.
Шүүгдэгч Л.Э нь бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ бусдын эзэмшлийн 44-38 ЗАН улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийг ашигласан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд улсын орлого болгохоор, хэрэв бусдын өмчлөлд байгаа нь тогтоогдсон тохиолдолд буруутай этгээдээс үнийг гаргуулахаар хуульчилсан тул 44-38 ЗАН улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийгн үнэ 3,188,000 төгрөгийг шүүгдэгч Л.Э-аас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурдах нь зүйтэй юм.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ........ овогт ..................бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч Х овогт Л-ийн Э-ыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-т оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар сольсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг ....... аймгийн ............сумаас гадагш зорчихгүй байхаар тогтоож, ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчээс Л.Э-аас 8,500,000 /найман сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Г.Б-т олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 44-38 ЗАН улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийн үнэ 3,188,000 /гурван сая нэг зуун наян найман мянга/ төгрөгийг шүүгдэгч Л.Э-аас гаргуулж улсын орлого болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН