Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/34

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Сарантуяа,

Хохирогчийн өмгөөлөгч М.Гомборагчаа,

Хохирогч Т.Д,

Шүүгдэгч С.Ц, Б.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Ц, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ж нарт холбогдох эрүүгийн 2324000710075 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт-1: Монгол улсын иргэн,  настай,  багт оршин суудаг, урьд ,  регистрийн дугаартай, Ц овогт С.Ц.

Шүүгдэгчийн биеийн байцаалт-2: Монгол улсын иргэн,  багт оршин суудаг, урьд,  регистрийн дугаартай, Х овогт Б. Ж.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Ц нь 2023 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө .............багийн “..................” гэх газар Ц.Б гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүгдэгч Б.Ж хамт нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, улмаар С.Ц нь хувийн таарамжгүй харилцааны улмаас Т.Д, М.Б нарын бие, эрх чөлөөнд халдаж, хохирогч Т.Д баруун гарын сарвууны 2-р хурууны шивнүүр ясны сэлтэрсэн хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, хохирогч М.Б зүүн далны ар хэсгийн зөөлөн эдийн няцрал, 2 тавхайн зулгаралт, баруун бөөрний доод хэсэгт цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 Шүүгдэгч Б.Ж нь 2023 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Завхан аймгийн Нөмрөг сумын Нуур багийн “Ар гозгор” гэх газар Ц.Б гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүгдэгч С.Ц хамт нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч С.Ц холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13 дүгээр бүлэгт заасан хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Ж холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13 дүгээр бүлэгт заасан хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэгт тус тус хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Хэргийн үйл баримтын тухайд

1.1. Шүүгдэгч С.Ц Б.Ж нар нь 2023 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө согтуурсан үедээ Завхан аймгийн Нөмрөг сумын Нуур багийн “Ар гозгор” гэх газарт байрлах Ц.Б гэрт зөвшөөрөлгүйгээр нэвтэрч орсон,

Шүүгдэгч С.Ц нь хохирогч Т.Д, М.Б нарын бие эрх чөлөөнд халдаж, хохирогч Т.Д баруун гарын сарвууны 2-р хурууны 2-р шивнүүр ясны сэлтэрсэн хугарал, зөөлөн эдийн няцрал, духны орой хэсгийн хуйхны усгүйжилт, зүүн шанаанд зулгаралт, баруун шуунд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, хохирогч М.Б зүүн далны ар хэсгийн зөөлөн эдийн няцрал, 2 тавхайн зулгаралт, баруун бөөрний доод хэсэгт цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

Хохирогч Т.Д мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-ны шилжих шөнийн 01 цагийн орчимд Завхан аймгийн Нөмрөг сумын Нуур багийн нутаг Ар гозгор гэх хөдөө гэртээ унтах гэж байхад манай хажуу талын айлын эхнэр О нь аллаа амь авраарай гээд орилсон. Тэр үед манай нөхөр Б фудволк, богино өмдтэй гэрээсээ гарсан. Удаа ч үгүй байтал О нь хүүхдээ тэврээд гэрт оруулж ирж өгсөн. Түүний дараагаар Б нь гэр дотроосоо болохоо байлаа Д эгчээ гэж орилохоор нь би Бгийн гэрт орсон. Бгийн гэрт манай нөхөр, Ц Ж, Б, түүний эхнэр О нар байсан. Намайг Б гэрт ороход Ц нь манай нөхрийн толгой тархи руу нь гараа цохисон мөн хөлөөрөө манай нөхрийн гуя хэсэг рүү өшиглөсөн. Б, О нарыг мөн адил цохиод байхаар нь би болио гэж хэлэхэд Ц миний үгэнд орохгүй байсан. Би Ц бүснээс бариад татаад гэрээс гаргасан чинь гэрийн гадна буюу гэрийн хаалганы үүдний хэсгээс баруун тийшээ намайг Ц нь үснээс гараараа ороож татаж чирээд явж байхдаа урагшаа шургаж, унаад мотоцикл мөргөж унасан. Тэр үедээ миний үсийг тавихгүй байхаар нь би Ц би Д байна, үс тавиад өгөөч гэж гуйсан. Тэгж хэлсний дараагаар би мотоцикл дээр тэгнэж унасан. Тухайн үед Ц нь мотоцикл мөргөж унасны дараагаар босож ирээд намайг гараараа нүүрэн хэсэг рүү, мөн гишүүгээр миний гар болон толгой хэсэг рүү цохисон. Миний үсийг тавихгүй намайг 20 минут орчим цохиж зодсон. Тухайн үед би арга барагдаад Б, О нарыг дуудахад гарч ирдэггүй, би уйлж гуйж байж гарыг нь тавиулсан. Тэгтэл Ц нь мөнгө аваарай гэж хэлчхээд Б гэр рүү буцаад орсон. Тэр үед би гэрийн гадаа хэсэг толгойгоо дарж суусан. Гэрт ороод Жд Ц аваад яв гэж би хэлсэн. Тэр үед манай нөхрийг Ц нь гараараа толгой хэсэг рүү нь цохиж байгаа харагдсан. Тэгэхэд Ц нь гэрийн хаалганы баруун, зүүн хавтасны хэсгээс гараараа бариад тэвхдэх маягтай зогсож байсан. Тухайн үед манай нөхөр халбаганы иш гялалзуулаад хутгалаад алчихъя гэж хэлэхэд Ц, Ж нар нь гэрээс зугтаж гараад явахаар нь би Б гэрийн үүдийг хаагаад гаднаас дарж зогссон. Би Ж аваад яв гэж хэлэхэд Ц мотоциклын арын суудал дээр суулгаад мотоциклоо асаагаад зүүн тийшээ чиглээд явсан. Тэгтэл О нь гулжганаад унасан. Унахаар би эмнэлэгт дуудлага өгсөн. 03 цаг болж байхад эмнэлэг ирээд О үзээд тариа хийж тайвшруулсан. Б, Б бид гурвын даралтыг үзчихээд даралтын эмч өгч, даралт буулгачхаад явсан. Маргааш өглөө нь аарц шүүх гээд гэрээсээ гарсан чинь нэг мотоциклтой 2 хүн Бгийн аргамжааны морины дэргэд очихоор нь хараад зогсож байхад Б морины аргамжааг Ц нь тайлж аваад, морийг тавиад явуулж байгаа харагдахаар би өмнөөс очсон. Намайг очихоос өмнө Ц нь мотоциклын араас буугаад Б аргамжаагаар барьж аваад заамдаж зогсож байсан. Намайг очиход мотоцикл дээр Ш /Л суугаад буухгүй байсан. Шонхооноо би буугаад салгаадах гэхэд бууж ирэхгүй байсан. Б Ц нь аргамжаагаар чирч ална гэхээр би намайг ал гэж хэлж байгаад тэр хоёрыг салгасан. Тэрний дараагаар аргамжаагаа авах гээд хэсэг юм болоод Ц, Л нар мотоцикл дээрээ суугаад баруун тийшээ чиглээд яваад өгсөн. Ц Б гэрээс татаж гаргах үед архи үнэртэж байсан. Миний толгой, гар хоёр өвдөж байнга өвчин намдаах эм хэрэглэж байгаа. Эм шатахууны зардал 2,371,871 төгрөг, Улаанбаатар хот явсны зардал 3,500,000 төгрөг, үс суулгах зардал 3,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 3,800,000 төгрөг нийт 12,671,871 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /1хх 22-23, 26/

Хохирогч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-ны шилжих шөнийн 01 цагийн орчимд Завхан аймгийн Нөмрөг сумын Нуур багийн нутаг “Ар гозгор” гэх газарт байрлах гэртээ унтах гэж байхад манай хажуу талын айлын эхнэр О нь “туслаарай аллаа амь авраарай” гээд орилохоор би гэрээсээ гараад Бгийн гэр рүү гүйгээд орсон. Намайг гэрт ороход гэрийн гадна талд буюу үүдний хэсэгт Бгийн эхнэр О нь хүүхдээ тэврээд уйлаад сууж байсан. Гэрт ороход Бг Ц нь заамдаж цохисон байдалтай харагдсан ба тэр хоёр гэрийн зүүн талын орны хажууд зуухны зүүн талд зогсож байсан. Би боль явцгаа гэж хэлээд тэр хоёрыг салгах гээд дундуур ороход Ц нь намайг заамдаж аваад хойш түлхэж зуухны өнцөг рүү унагаад өшиглөсөн. Би босч ирээд Цг болиоч энэ ядарсан айлын гэр орон нураалаа болио гэж хэлээд гэрээс гаргах гэж оролдсон чинь миний өмсөж байсан фудволкноос зуурч урсан. Тэгээд хойно нэг хүн дуугарах шиг болохоор нь эргээд хартал Ж зогсож байсан. Ж намайг барьж аваад Бгийн хийморийн авдар дээр дараад хөдөлгөхгүй бариад зогссон. Ж намайг цохиж зодоогүй нам дарсан. Намайг дараад нэлээн удсан. Тухайн үед Ц нь намайг өшиглөх оролдлого хийгээд байсан. Даанч хөл нь хүрэхгүй байсан. Тэгээд байж байтал гэрт манай эхнэр Д орж ирсэн. Манай эхнэр Д орж ирээд та нар одоо болиоч гээд Цг манай эхнэр аваад гэрээс гарсан. Түүний дараагаар намайг Ж тавьсан. Тэгээд Ц нь дахин гэрт орж ирэхээр нь би урд байсан хоолны халбагыг авч бариад та нарыг явахгүй бол хутгална шүү гээд халбаганы ишийг хэд хэд гялалзуулсан чинь Ж Цг аваад гэрээс гарсан. Ц гэрээс гараад ална та нарыг сэгсэрнэ дээ сохрынхон минь гэж хэлээд орилоод мотоциклын ард нь суугаад Ж мотоциклоо унаад явсан. Ц нь миний зүүн талын гуя руу нэг удаа өшиглөсөн мөн баруун талын өлмий дээр дэвссэн. Би Б Ц нарыг салгах гээд оролдох үед намайг Ц нь зуух руу түлхээд нуруу хэсгийг маань зуухны ирмэгээр зулгаралт үүсгэсэн....” гэсэн мэдүүлэг /1хх 32-33/,

Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Манайх Завхан аймгийн Нөмрөг сумын Нуур багийн нутаг “Ар гозгор” гэх нэртэй газарт намаржиж байсан. 2023 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-ны шилжих шөнийн унтаж байхад гэрт хүн орж ирээд зуух, түлээний хайрцаг өшиглөхөөр би сэрсэн. Манай эхнэр Отгоо чи хэн бэ гэж асуухад хариу хэлэхгүй байсан. Тэр үед манай эхнэр гар чийдэн аваад гэрийн үүд рүү тусгахад Ц гэрийн үүдний хэсэгт зогсож байсан. Гэрийн үүднээс шууд орны дэргэд Ц нь ирээд намайг заамдаж татаад толгой руу гараа 4-5 удаа цохисон. Тэр үед манай хүүхэд уйлаад байхаар нь эхнэрийгээ хүүхдээ аваад гэрээс гар гэж хэлсэн. Тэгж хэлсний дараагаар манай эхнэр гэрээс гараад явсан. Удалгүй манай гэрт Б ах орж ирээд Ц бид хоёрыг салгах гээд дундуур ороход Ц нь Б ахыг зуух руу түлхээд унагаасан. Тэгээд Б ах босож ирээд Цтай ноцолдож байхад би гэрийнхээ хаалгаар шагайгаад Д эгчийг дуудчихаад буцаад харсан чинь Б ахыг Ж нь манай бурхны авдар дээр гараараа дарчихсан байсан. ...Маргааш өглөө аргамжаатай морь руугаа явж байхад мотоциклтой Ц Ш о хоёр ирсэн. Ц нь “чи яагаад байгаа юм” гэхээр нь би “чи өөрөө яагаад байгаа юм” гээд хэлчхээд гэрийнхээ зүг алхсан. Тэгсэн чинь Ц нь аргамжаатай морь тавьчхаад аргамжаагаар намайг чирч ална гээд байсан. Тэгтэл Д эгч ирээд Цгаас аргамжааг авах гээд хэсэг маргалдсан. ..Ц нь Б ахыг гэрт цохиж зодсон. Мөн Д эгчийг гэрийн гадаа үснээс нь татаад зодоод байсан. Ж нь бурхны авдар дээр Б ахыг хөдөлгөхгүй бариад байсан. Ц нь манай эхнэр болон намайг цохиж зодсон...” гэсэн мэдүүлэг /1хх 60-61/,

Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч өгсөн: “...зуухны 2 хөлийг Ц нь өшиглөж хугалсан. Зуухны нурам асгарсан. Зуухны үүд рүү харсан тал нь дотогшоо хонхойсон, дээд хэсгээр гагнуур нь ханзарч зай гарсан. Зуухаа би 5 жилийн өмнө 120,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Түлээний хайрцгийг өшиглөж хажуу талыг хонхойлгож эвдэлсэн. Түүнийг Ц өшиглөсөн. Түлээний хайрцгаа энэ жил аймгийн төвөөс 30,000 төгрөгөөр худалдаж авсан. Хүүхдийн чийгийн гудсыг надтай заамдалцаж байгаад гишгэж урсан. Би энэ жил аймгаас 45,000 төгрөгөөр худалдаж авсан. Хаалганы бариулыг орж ирэхдээ ханз татаж эвдсэн. Хаалганы бариулаа 5,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Мөн ааруул хатаадаг том тавиур 1 ширхгийг эвдэлсэн. Ааруул хатаадаг том төмөр тавиураа 45,000 төгрөгөөр энэ жил аймгийн төвөөс авсан. 5 кг үхрийн ааруулыг төмөр тавиур дээр байхад нь асгаж хэрэглэх аргагүй болсон. 1 кг ааруулыг 17,000 төгрөгөөр худалддаг. Хогны тосгуур дээр гишгэж гараад эвдэлсэн байсан. Би түүнийг аймгаас 20,000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэсэн мэдүүлэг /1хх 46 /

Гэрч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын сарын 17-ноос 18-нд шилжих шөнө гэрт хүн орж ирээд түлээний сав өшиглөөд зуух өшиглөөд унагаасан. Тэгэхлээр би гар чийдэнгээ тусгаад хэн бэ гэсэн чинь манай нөхөр Бг заамдаж аваад босгоод толгой шанаа руу цохисон. Манай нөхөр Б намайг хүүхдээ аваад гар гэхээр би гарах гэтэл миний дотуур хувцаснаас хүн татсан. Тэгтэл манай нөхөр Б тэр хоёр хүнийг хойш түлхсэн. Тэр хооронд би өмдөө аваад хүүхдээ тэврээд гэрийн гадаа гарсан. Гэрээс гарах үед Ж нь миний дотоож, фудволкийг татаж урсан. Гэрийн гадаа өмдөө өмсчхөөд Б ахаа хүн аллаа авраарай гээд хашхирсан. Тэгтэл Б ах гэрээсээ гүйгээд гараад ирсэн. Би хүүхдээ Б ахынд оруулж өгчхөөд буцаад гэртээ орсон. Гэртээ орсон чинь Б ахыг манай зуухан дээр Ц нь дарчихсан зодоод байсан. Би Цг хойш татсан чинь намайг тэр залуу өшиглөж унагаасан. Тэр залуу гишүүгээр толгой, мөр рүү цохисон. Тэр үед манай нөхөр гэрээс гараад Дэмбээ эгчээ авраарай гээд орилсон. Тэр үед Б ах Цг хойш нь татаад эмэгтэй хүн зодоод байна гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гарсан чинь Дэмбээ эгч хүүхдийг маань тэвэрчихсэн ирсэн. Би хүүхдээ аваад Б ахынх руу орсон. Д эгч О, Жн гээд орилоод байхаар нь хүүхдээ Б ахынд орхиод гэртээ гүйгээд ороход гэтэл гэрийн гадаа Ц нь Д эгчийг үсдээд зодож байсан. Би салгах гээд оролдтол Ц нь гишүүгээр цохих гээд байхаар нь би гэр рүүгээ орсон. Гэртээ орж ирээд байж байтал Ж нь Б ахыг манай бурхны авдар дээр дарчихсан байсан. Тэгэхлээр би салгах гээд очсон чинь намайг хойш түлхээд намайг унагаасан. Тэгээд би мэдэхгүй ухаан алдаад унасан байсан. Сэрээд хартал Б ахын гэрт байсан. Тэгээд байж байтал сумын эмнэлгийн машин  ирээд бид нарыг үзсэн. ...Ц нь Б ахыг гэрт цохиж зодсон, Д эгчийг гэрийн гадаа үснээс нь татаад зодоод байсан. Ж нь бурхны авдар дээр Б ахыг хөдөлгөхгүй бариад байсан. Ц нь намайг болон манай нөхрийг цохиж зодсон...” гэсэн мэдүүлэг /1хх 54-55/

            Гэрч Ч.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-ны шилжих өдөр жижүүр эмчээр Завхан аймгийн Нөмрөг сумын эрүүл мэндийн төвд гарч байсан. Тэгээд 2023 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-ны шилжих шөнийн 01 цаг 30 минут өнгөрч байхад .............гэх нэртэй газраас Т.Дэ гэх хүн Эрүүл мэндийн төвийн жижүүрийн дугаар руу залгаад О гэдэг хүн ухаан алдаад уначихлаа гэсэн дуудлага мэдээллийн дагуу 03 цагийн үед очсон. Тухайн газарт очиход О нь сэргэсэн Бгийн гэрт бөөндөө цугларчихсан, согтуу 2 залуу ирээд зодоод явлаа гээд сууж байсан. Иргэн О нь эмнэлгийн хяналтад байдаг ухаан алдаж унадаг мэдрэлийн өвчтэй хүн байгаа юм. Бусад наад гурван хүний биед үзлэг хийж, шаардлагатай зөвлөгөө өгч, эмчилгээ зааж өгсөн...О болон Б нарын биед үзлэг хийхэд ил харагдах шарх сорви үүсээгүй байсан. О нь хэвлийгээр өвдөөд байна гэсэн. Харин Бгийн биеийн ар нуруу хэсэгт 17-19 см урттай зулгаралт шинээр үүссэн байсан. Хоёр хөлд нь шалбархай шинээр үссэн байсан. Мөн Д гэх хүний толгой дээрх үс нь зулгарсан, баруун гарын сарвууны ар хэсэгт хөхөрсөн хавдартай байсан. Баруун гарын тохой хэсэгт хавдартай байсан. Зүүн талын шанаа хэсэгт зулгарсан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх 49 /

Гэрч М.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөнд: “...2023 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-ны шилжих шөнийн 00-01 цаг болж байхад манайд С.Ц, Б.Ж нар мотоциклтой гэрийн гадаа ирсэн. Тэр хоёр манай гэрт орж ирээд ярьж сууж байгаад Ж нь гэр рүүгээ явсан. Ц манай гэрт хоносон. Тухайн үед Цнь хүнд зодуулчихлаа гэсэн. Ж нь гишүүгээр намайг цохисон гэж хэлж байсан. Хэн цохсоныг хэлээгүй. Тэр хоёрыг ирэхэд манай эхнэр 2 хүүхэд унтаж байсан. Өглөө босоод цай уучхаад Ц гэрт хүргэж өгөх гээд явж байтал замд Б малчин Б аргамжаатай морь руугаа явж байхыг мотоцикл дээрээсээ харсан. Тэгэхэд Ц нь тэр залуутай очоод уулзаадахъя гэж хэлсэн. Тэгэхлээр би тухайн залуу дэргэд очоод мотоциклоо зогсоосон. Тэгээд Ц нь Б уулзсан. Тэгсэн чинь Б нь Цэ зугтаагаад цааш яваад өгсөн. Тэгээд байж байтал аргамжаатай морь нь сулраад Ц морийг нь барьж авах гэтэл морь цаашаа явсан. Ц морины аргамжааг нь эвхэж аваад араас нь явж очоод Бг уулзаадахъя гэсэн чинь би уулзахгүй гээд хэлэхэд Д багш ирсэн. Тэгээд Д багш болио гээд Ц хэсэг хоорондоо хэрүүл маргаан хийсэн. Би Ц гэрт нь хүргэж өгсөн. ...С.Ц, Б.Ж нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан... ” гэсэн мэдүүлэг /1хх 64-65/,

Иргэний нэхэмжлэгч Д.Цэндсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.Д нь 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хугацаанд Эрүүл мэндийн даатгалын цахим системд бүртгэгдсэнээр нийт 65,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авсан байна. ...М.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хугацаанд Эрүүл мэндийн даатгалын цахим системд бүртгэгдсэнээр нийт 20,000 төгрөгийн эрүүл мэндийн тусалж, үйлчилгээг авсан байна. Уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /1хх 39, 42-43/

Шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 000000318 дугаартай “...М.Б биед гэмтэл учирсан байна. Зүүн далны ар хэсгийн зөөлөн эдийн няцрал, 2 тавхайн зулгаралт, баруун бөөрний доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. Тус гэмтлүүд нь цаг хугацааны хувьд зөрчил үйлдэгдсэн хугацаатай тохирч байна. Учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. М.Б биед учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1хх 74/,

Шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 000000319 дугаартай “...Т.Д биед гэмтэл учирсан байна. Баруун гарын сарвууны 2-р хурууны 2-р шивнүүр ясны сэлтэрсэн хугарал, зөөлөн эдийн няцрал, духны орой хэсгийн хуйхны усгүйжилт, зүүн шанаанд зулгаралт, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. Тус гэмтлүүд нь цаг хугацааны хувьд зөрчил үйлдэгдсэн хугацаатай тохирч байна. Учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Т.Д биед учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх 85/,

Шинжээч эмч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөнд: “...Шинжлүүлэгч М.Б биед үзлэг хийхэд 2023.09.17-ноос 18-ны шилжих шөнө бусдад зодуулсан, нурууны арын шарх өвдөнө, хэвтэж болохгүй хорсоно, баруун хөлийн өлмий, зүүн гуя өвдөнө гэсэн зовиуртай. ...Хэсэг газрын үзлэгээр уг хүний зүүн далны ар хэсэгт хагас ташуу 18х0.5см улаан хүрэн өнгийн, дээд хэсэгт 3х5.5см бүдэг улаавтар өнгийн, урд хэсэгт 1.2х1см улаан хүрэн өнгийн зулгаралттай бага зэргийн хаван хавдартай. Баруун тавхайн гадна дээд хэсэгт 1х2см, зүүн тавхайн урд хэсэгт 3.5х0.2см улаан хүрэн өнгийн зулгаралттай. Баруун бөөрний доод хэсэгт 5х3.8см улаан ягаан өнгийн цус хуралттай. Өөр биед ил харагдах гэмтэл шархгүй байсан. Уг хүний зүүн далны ар хэсгийн зөөлөн эдийн няцрал, 2 тавхайн зулгаралт, баруун бөөрний доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдсон. Тухайн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл байсан.

...Шинжлүүлэгч Т.Д биед үзлэг хийхэд 2023.09.17-ноос 18-ны шилжих шөнө бусдад зодуулсан, толгой өвдөнө, хуйх хорсоно, нуруу баруун гар өвдөнө гэсэн зовиуртай. ...Хэсэг газрын үзлэгээр уг хүний духны орой хэсгийн хуйхны үс 3.5х3.5см талбайд унасан, хуйх улаан ягаан өнгөтэй, зүүн шанаанд 3х0.2см, 25х0.2см, улаан хүрэн өнгийн зулгаралтай. Баруун шууны дотор доод хэсэгт 3х3.5см, 2.5х1.2см, гадна доод хэсэгт 2х2.8см улаан ягаан өнгийн цус хуралттай. Баруун сарвууны ар хэсэгт 8х7см улаан ягаан өнгийн цус хуралттай, хаван хавдартай, өвчин эмзэглэлтэй. Өөр биед ил харагдах гэмтэл шархгүй байсан. Уг хүний баруун гарын сарвууны 2-р хурууны 2-р шивнүүр ясны сэлтэрсэн хугарал, зөөлөн эдийн няцрал, духны орой хэсгийн хуйхны усгүйжилт, зүүн шанаанд зулгаралт, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Тухайн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл байсан...” гэсэн мэдүүлэг /1хх 70-71/, гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээр /хх 1/ тус тус тогтоогдож байна гэж үзлээ.

1.2. Шүүгдэгч С.Ц “...2023 онцы 09 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө 22 цагийн үед Ж нэг шил архи хувааж уучихаад мотоциклоор Бгийн гэр рүү явсан. Очиход нохой хорь гэхэд хүн гарч ирэхгүй байсан учраас гэр рүү орсон. Гэр нь харанхуй байсан учир түлээний савыг өшиглөсөн. Гэрт нь ороод Б сэрээрэй гээд татсан. Татахад нь чанга татсан учир фудволкийг нь ураад хаячихсан. Тэгтэл эхнэр О нь хүн аллаа гээд гараад гүйсэн. Тэр үед найз Ж орж ирээд салгасан. Тэгээд байж байтал гаднаас Б ах орж ирээд намайг 2,3 удаа нүүр рүү цохисон гаднаас Д багш орж ирээд бүснээс татаад салгах оролдлого хийсэн Бг манай найз бурхны авдар дээр дарсан байсан. Би Б муудалцсан. Б ах, Д багшийг цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.

Шүүгдэгч Б.Ж “...2023 оны 09 дүгээр сарын 17-ны орой Ц нд очиж 1 шил архи хувааж уусан. Тэгтэл Ц нэг айлд очно гэхээр нь мотоциклтойгоо явсан. Би мотоциклоос буугаад бие засчхаад гэрт араас нь орсон. ...Б ах Ц нарыг би салгасан. Д багш Ц бүснээс нь татаад гарсан...” гэсэн мэдүүлгүүд нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирч байх тул тэдгээрийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.

1.3. Шүүгдэгч С.Ц дээрх үйлдлийн улмаас хохирогч М.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч Т.Д эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээч  318, 319 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.  

2. Шүүгдэгч С.Ц, Б.Ж нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Мөн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн, хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч С.Ц нь хохирогч Т.Д, М.Б нарын бие эрх чөлөөнд халдсан үйлдэл, хохирогч Т.Дийн баруун гарын сарвууны 2-р хурууны 2-р шивнүүр ясны сэлтэрсэн хугарал, зөөлөн эдийн няцрал, духны орой хэсгийн хуйхны усгүйжилт, зүүн шанаанд зулгаралт, баруун шуунд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол,

хохирогч М.Б зүүн далны ар хэсгийн зөөлөн эдийн няцрал, 2 тавхайн зулгаралт, баруун бөөрний доод хэсэгт цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол хооронд тус тус шалтгаант холбоотой байна.

3.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ...Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Орон байр халдашгүй байна”, 2 дахь хэсэгт “Орон байранд хийх нэгжлэгийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулна” гэж тус тус заасан байна.

Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтрэн орсон гэж иргэний орон байранд нэвтрэх эрхгүй этгээд орон байрны өмчлөгч, эзэмшигчийн амаар болон бичгээр олгосон зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орсон байхыг,

Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэж иргэдийн орон байранд өмчлөгч, оршин суугчдын зөвшөөрөлгүй орж, улмаар оршин суугч орон байрандаа хэвийн амьдрах, амрах, ажиллахад саад учруулах зэргийг тус тус ойлгоно.

Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орсон гэмт хэрэг нь хэлбэрийн шинжтэй буюу тухайн орон байранд хууль ёсоор амьдарч буй хүний зөвшөөрөлгүй орж дураараа авирласнаар гэмт хэргийн бүрдэл төгсдөг.

Иймд шүүгдэгч С.Ц, Б.Ж нарын хохирогч Б гэрт шөнө зөвшөөрөлгүй хаалгыг эвдэж орж буй үйлдэл нь бусдын гэрт зөвшөөрөлгүй нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан нь бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орсон гэмт хэргийн шинжийг хангаж байна.

3.3. Шүүгдэгч С.Ц, Б.Ж нар нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч С.Ц үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Ж үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Ц хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулах, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох, шүүгдэгч Б.Ж бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч С.Ц үйлдлийн улмаас хохирогч М.Б эрүүл мэндэд хөнгөн, хохирогч Т.Д эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

4.1. Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан байна.

Шүүгдэгч С.Ц үйлдлийн улмаас хохирогч Т.Д эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч хохирол төлбөрт эм, шатахууны зардал 2,371,871 төгрөг, Улаанбаатар хот явсны зардал 3,500,000 төгрөг, үс суулгах зардал 3,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 3,800,000 төгрөг нийт 12,671,871 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хохирогч нь хэрэгт эмчилгээний зардалд “Нөмрөг гурван тулгат” ХХК-ний эмийн сангийн баримтууд, шатахууны зардалд “” ХХК болон “” ХХК-ний шатахууны баримтууд нийт 3,451,721 төгрөгийн баримтуудыг ирүүлжээ. /1хх 13-16, 2хх 89-92/ 

Шүүх уг баримтуудыг үндэслэн хохирогч Т.Дд эмчилгээний болон шатахууны зардлын тооцоог бодох боломжгүй байна гэж үзлээ.

Учир нь хохирогч Т.Д эмчилгээний зардалд ирүүлсэн “Нөмрөг гурван тулгат” ХХК-ний эмийн сангийн баримтуудад ямар эм, тариа авсан болох нь тодорхойгүй буюу шүүгдэгч С.Ц учруулсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой эм тариа авсан эсэх нь тодорхойгүй байна.

Мөн шатахууны зардалд “Шунхлай” ХХК болон “Ник” ХХК-иас шатахуун авсан баримтуудыг ирүүлсэн байх боловч уг шатахууныг ямар тээврийн хэрэгсэлд хэзээ ямар зорилгоор хийсэн болох нь тодорхойгүй байна.

Түүнчлэн хохирогч Т.Д нь Улаанбаатар хот явсны зардал 3,500,000 төгрөг, үс суулгах зардал 3,000,000 төгрөгийг нэхэмжлэх боловч энэ талаарх баримтаа шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, ...болно” гэж зааснаар хохирогч Т.Д эм шатахууны зардал 2,371,871 төгрөг, Улаанбаатар хот явсны зардал 3,500,000 төгрөг, үс суулгах зардал 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүйгээр орхиж нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Ц холбогдуулан нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

4.2. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заажээ.

Улсын дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийг төлүүлэх жишиг аргачлал”-ыг баталсан байх ба аргачлалын 2.1 дэх хэсэгт “сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй байхыг ойлгоно” гэжээ. Журмын дөрөвт: Нөхөн төлбөр тооцох аргачлал хүснэгтэд “хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг”-ийг “нэгдүгээр зэрэглэл, хувь хэмжээг 0-3 хувь байхаар, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцохоор журамлажээ. 

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.8 дахь хэсэгт Сэтгэцийн шинжилгээ хийх журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална гэж заасан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн  А/268, ХА/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоожээ.

Уг дүгнэлт гаргах журмын 2.1 дэх хэсэгт “Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан  “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ” гэж, мөн зүйлийн 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно” гэж зааснаар Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 353 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т.Д сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон байна.

Уг дүгнэлтээр “...хохирогч Т.Д сэтгэцэд стресс, стрест үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байгаа нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэгт хамаарч байна...” гэж тогтоожээ.

Иймд хохирогчийн зөвшөөрсөн хэмжээнд нэгдүгээр зэрэглэлээр сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг тооцохдоо хохирогчид учирсан хүндэвтэр гэмтлийн шинж байдалд дүгнэлт хийж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу гэмт хэрэг гарах үед дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгөөр тооцож 3,293,400 төгрөг, мөн хохирогч шүүх хуралдаанд ирсэн шатахууны зардлын баримтыг ирүүлсэн байх тул 120,000 төгрөгийг тус тус шүүгдэгч С.Хгаас гаргуулж хохирогч Т.Д олгохоор шийдвэрлэв.

4.3. Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь даатгалын санд хохирогч Т.Д 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 1,131,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан талаарх баримтын жагсаалтыг ирүүлжээ.

Шүүх иргэний нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 1,131,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь иргэний нэхэмжлэгч нь хохирогч Т.Д 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 1,131,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан талаарх жагсаалтыг ирүүлсэн байх бөгөөд уг жагсаалтад дурдсан үйлчилгээний аль нь шүүгдэгч С.Ц үйлдлийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан болох нь тодорхойгүй, энэ талаарх баримтыг ирүүлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, ...болно” гэж зааснаар иргэний нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 1,131,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн тооцоог гаргах боломжгүй байх тул хэлэлцэхгүйгээр орхиж шүүгдэгч С.Ц холбогдуулан иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

4.4. Шүүгдэгч С.Ц нь хохирол төлбөрт хохирогч Т.Д 1,352,537 төгрөг, хохирогч Ц.Б 502,288 төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 85,000 төгрөгийг төлсөн болох нь ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдож байна. /1хх 184-187/

Иймд шүүгдэгч С.Ц нь хохирогч Т.Д 1,352,537 төгрөг, хохирогч Ц.Б 502,288 төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 85,000 төгрөг төлсөн, хохирогч М.Б нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч Б.Ж нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдав.

5. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.Ц, Б.Ж нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан  гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Ц, Б.Ж нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Ц хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулсан, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 13.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ж бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц, Б.Ж нарт оногдуулсан нийтэд тусгай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй хугацаагаар тогтоож, биелүүлээгүй тохиолдолд 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч С.Ц, Б.Ж нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тэдгээрийн оршин суугаа газарт гүйцэтгэж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт С.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулах, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х овогт Б.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц 240 /хоёр зуун дөч/ цаг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн 240 /хоёр зуун дөч/ цаг 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Б.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.,

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц оногдуулсан нийтэд тусгай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт хугацааг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тусгай ажил хийлгэх ялыг тэдгээрийн оршин суугаа газарт хийж гүйцэтгэж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тусгай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаас дээшгүй хугацаагаар тогтоож, биелүүлээгүй тохиолдолд 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 8. Шүүгдэгч С.Ц нь хохирогч Т.Д хохирол төлбөр 1,352,537 төгрөг, хохирогч Б.Б 502,282 төгрөг, эрүүл мэндийн даатгалд 85,000 төгрөгийн хохирол төлсөн, шүүгдэгч Б.Ж нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9. Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангийн 1,131,000 төгрөг гаргуулах, хохирогч Т.Д цаашид гарах үс суулгах эмчилгээний зардал 3,000,000 төгрөг гаргуулах, Улаанбаатар хот явсан зардал, эм, шатахууны зардал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэлэлцэхгүйгээр орхиж иргэний журмаар нотлох баримаа бүрдүүлэн шүүгдэгч С.Ц холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэйг нээлттэй үлдээсүгэй.

10. Хохирогч Т.Д сэтгэцэд учирсан хохирол 3,293,400 төгрөг, шүүх хуралдаанд оролцсон замын зардал 120,000 төгрөгийг шүүгдэгч С.Ц гаргуулж хохирогч Т.Д олгосугай.

11. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч улсын яллагч түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ӨЛЗИЙХИШИГ