Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 143/ШШ2021/00291

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонсүрэн даргалж, Л.Угтахбаяр, Г.Баярдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д А

Хариуцагч: Б.А

12 693 634 төгрөгийн зардлыг орон нутгийн төсөвт нөхөн төлөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяржаргал, В.Цэнгэлмаа, хариуцагч Б.Амгаланбаатар, иргэдийн төлөөлөгч Э.Чойжилсүрэн, нарийн бичгийн дарга М.Номинчулуу нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Амгаланбаатар нь Өмнөговь аймгаас халдвар голомтлон гарсан Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутгаар дамжин 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэн С.Батчулууны хамт Дорнод аймгийн нутаг дэвсгэрт улсын дугаартай тээврийн хэрэгслээр маршрутын зам дахь хяналтын цэгээр оролгүйгээр зөвшөөрөлгүй нэвтэрч, сумдын нутгаар зорчин нутгийн иргэдтэй уулзаж, хүнсний дэлгүүр, шатахуун түгээх станц, дугуй засварын газруудаар үйлчлүүлсэн байсныг комиссын шуурхай штабаас аймгийн Онцгой комиссын шуурхай штабт мэдэгдсэн.

Мэдээллийн дагуу тус иргэдийг албадан тусгаарлаж, аймгийн Онцгой комиссын шийдвэрээр хариу арга хэмжээний 1 дүгээр багийг томилон, сумын нутаг дэвсгэрт хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахад хяналт тавих хөдөлгөөнт хяналтын цэгүүдийг байгуулж аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газрын албан хаагчдыг дайчлан ажиллуулсан.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 в, 29.1.6 б, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан заалтуудын хүрээнд аймгийн Засаг даргын хувьд нутаг дэвсгэр дэх хүн амыг гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, нутаг дэвсгэртээ онцгой дэглэм тогтоох, хүн, хүч хэрэгслийг дайчлан ажиллуулж нөхөх төлбөр олгох эрх үүргээ хэрэгжүүлэн ажилласан.

Уг үйл ажиллагаанд дайчлагдан ажилласан Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн тусгаарлан ажиглах, шинжилгээ авах эмч, эмнэлгийн мэргэжилтэн, дэмжих үйлчилгээний ажилтнуудын илүү цагийн хөлс, хамгаалах хувцас хэрэгсэл, тусгаарлан ажиглахтай холбоотой бусад зардал 6 086 494 төгрөг, Бүсийн төв Дорнод аймаг дахь Онцгой байдлын газрын хяналт тавьж ажилласан албан хаагчдын томилолт, шатахууны зардал 778 800 төгрөг, аймгийн Эрүүл мэндийн газрын тусгаарлалт, тандалт судалгаа, ариутгал халдваргүйтгэл хийсэн албан хаагчдын томилолт, шатахуун, хамгаалах хувцас хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодисын зардал 1 392 000 төгрөг, аймгийн Цагдаагийн газрын хяналт тавьж ажилласан албан хаагчдын томилолт, шатахуун, хамгаалах хэрэгсэл болон бусад зардал 3 881 840 төгрөг, Цагаан-Овоо сумаас тусгаарлах, хяналт тавихад зарцуулсан 554 500 төгрөг, нийт 12 693 634 төгрөгийн зардлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг тус байгууллагуудаас аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргад ирүүлсэн.

Аймгийн Засаг дарга нь Төсвийн тухай хуульд заасан орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчид олгосон эрх, үүргийн хүрээнд дээрх зардлыг төсвөөс төлөх үүрэг хүлээж Гамшгаас хамгаалах тухай хуульд зааснаар буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй юм.

Иргэн Б.Амгаланбаатар нь халдварт цар тахлын хөл хорионы дэглэмийн үед эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг зөрчин цар тахлын голомт бүхий нутгаар дамжин Дорнод аймгийн нутаг дэвсгэрт зорчсон буруутай үйлдлээ Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ЗШ/129 дугаартай шүүхийн шийтгэврийн 2 дахь талд хүлээн зөвшөөрсөн байдаг.

Иймд уг буруутай үйлдлийн улмаас ард иргэдийн эрүүл мэндэд учирч болох эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг зохион байгуулж хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан 12 693 634 төгрөгийн зардлыг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.7 дахь заалтын дагуу нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улс орон даяар дагаж мөрдөх гамшгийн үеийн өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 78 дугаар тогтоолоор сунгаж шийдвэрлэсэн. Гамшгаас хамгаалах тухай хуулиар гамшгийн үеийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед ямар арга хэмжээг авах талаар тодорхой зааж өгсөн. Энэ үүднээс Дорнод аймгийн Засаг дарга болон тус аймгийн Онцгой комиссын дарга, Хэнтий аймгийн Засаг дарга, Нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргын хамтарсан гамшгийн үеийн өндөржүүлсэн байдлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний журмыг баталж гаргасан. Энэ эрх бүхий албан тушаалтны гаргасан хэм хэмжээ тогтоосон актыг Өмнөговь аймгийн харьяат иргэн Б.Амгаланбаатар нь хязгаарлалт тогтоосон хугацаанд маршрутын бус замаар Дорнод аймгийн нутаг дэвсгэрт нэвтэрснээрээ зөрчсөн байдаг. Ингэхдээ 3 сумын нутаг дэвсгэрт иргэдтэй харилцаанд орсон. Ингээд төрийн захиргааны байгууллага болон аймгийн онцгой комиссоос тодорхой үүрэг чиглэл өгч, олон албан хаагчийг ажиллуулсан, иргэдийн эрүүл мэнд хохирох эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэсэн байдаг. Энэ зөрчилд нь холбогдуулж аймгийн Засаг дарга төсвийн ерөнхийлөн захирагчийн хувиар иргэн Б.Амгаланбаатарт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийг гаргасан.

Иргэн Б.Амгаланбаатар нь 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тухайн аймагт цар тахлын халдвар бүртгэгдээгүй байх үед цар тахал голомтлон гарсан хөрш зэргэлдээ сум болох Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын бүс нутгаар дайрч улсын чанартай маршрутаар бус хулгайн замаар зорчиж Дорнод аймгийн нутаг дэвсгэрт нэвтэрсэн. Тэрээр Дорнод аймгийн Цагаан-Овоо сум, Баяндун сум, Сэргэлэн сумдаар дамжин явахдаа тухайн сумын онцгой комиссын олж мэдсэн мэдээллээр хариуцагч саатуулагдсан байдаг. Тухайн үед хариуцагчаар PCR шинжилгээ авахад эерэг гарсан. Ингээд аймгийн онцгой комиссоос шуурхай шийдвэр гарган, журамд заасны дагуу шуурхай баг ажиллаж, тухайн сумдад гамшгийн үеийн улаан бүсийг тогтоон бүх иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласан байдаг. Гамшгаас хамгаалах тухай хуульд иргэний эрх үүргийг тодорхой зааж өгсөн.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.1 дэх хэсэгт гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг иргэн биелүүлэх үүрэгтэй гэсэн байдаг. Хариуцагч нь тухайн үеийн тогтоосон дэглэм, хязгаарлалт, хууль тогтоомж, албан тушаалтны гаргасан шийдвэрийг зөрчсөн. Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1 дэх хэсэгт эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, заавар, журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.9 дэх хэсэгт эрх бүхий байгууллагын шийдвэрийг зөрчсөний улмаас гарсан зардлыг хариуцна гэж хуульчилж өгсөн. Эдгээр хууль болон аймгийн Онцгой комисс тухайн бүс нутгийн удирдлагуудын гаргасан захиргааны актыг зөрчсөн иргэн Б.Амгаланбаатарт холбогдох үйлдэл, түүнээс гарсан хор уршиг, хохирлыг арилгуулахаар Дорнод аймгийн Засаг даргаас нэхэмжлэл гаргасан.

Холбогдох захиргааны актуудыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу нийтэд мэдээлсэн, мэдээллийн сайтуудад байршуулсан. Б.Амгаланбаатар нь аймгийнхаа Онцгой комисст хэлж заавар, зөвлөгөө аваад явсан гэдэг зүйлийг ярьж байна. Үүнийгээ тэрээр нотлох ёстой. Тухайн үед Дорнод аймаг дахь Онцгой байдлын газар бүсийнхээ хэмжээнд онцгой байдлын газруудтай нягт холбоо харилцаатай ажиллаж мэдээллүүдээ солилцож байсан. Ялангуяа хөрш зэргэлдээ Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газарт гарсан шийдвэрийг тухай бүр хүргэж, мэдээлэл чиглэлийг хүргэж ажиллаж байсан. Иргэн Б.Амгаланбаатар нь би мэдэх эрхтэй, мэдэхгүйгээр явсан нь миний буруу биш хууль дүрэм тогтоол хэм хэмжээг би зөрчөөгүй гэж ярьж байгаа нь үгүйсгэгдэж байгаа юм. Тухайн үед Дорнод аймгийн Онцгой комиссоос бүх сумд эргүүл постуудыг хөрөнгө гаргаж ажиллуулж байсан. Яагаад хулгайн зам гээд байгаа вэ гэвэл маршрутын замыг гурван аймгийн Засаг дарга баталсан байдаг. Үүн дээр Улсын Онцгой комиссын шийдвэрээр улсын чанартай зам тул пост эргүүл гаргах, хяналт тавьж шалгах хууль дүрмийн дагуу нэвтрүүлнэ гэж заасан байгаа. Тэр улсын чанартай замаар бус хулгайн, ямар ч маршрут байхгүй замаар хөдөөний нэг айлаас асуусан гэдэг. Тэр нь ч нотлогдоогүй. Ингээд энэ замаараа явж байгаад пост байрлаж буй маршрутын замыг тойрон орж олон иргэдтэй харилцаанд орсныг зөвтгөх үндэслэл болохгүй.

Тухайн үед Дорнод аймаг ногоон бүс байсан нэг ч халдварын тохиолдол бүртгэгдээгүй байсан гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй. Үүнийг зөрччихөөд би огт зөрчөөгүй, харин миний нэр төрд халдсан гэдэг байдлаас хандаж байвал өөрийгөө өмгөөлөх үндэслэл биш юм. Тухайн үед халдварын тохиолдол бүртгэгдэхэд хэвлэл мэдээлэлд нийтэлсэн. Гэхдээ албан ёсоор манай халдвар судлаач ерөнхий эмч нар хэвлэлд анхны тохиолдол урьдчилсан байдлаар бүртгэгдсэн боловч энэ нь халдвар судлалын үндэсний төвд баталгаажсаны дараа албан ёсны мэдэгдэл хийнэ гэдгийг бол хэлсэн. Тийм учраас иргэний нэр төрд халдсан асуудал байхгүй тул хэрэв магадгүй халдсан гэж үзвэл хүний эрхийн байгууллагад хандаж эрхээ сэргээлгэх эрх нь иргэн Б.Амгаланбаатар танд бий. Нөгөө талаас шүүхийн маргаантай холбоотой асуудлыг ярьж байна. Дорнод аймгийн сум дундын шүүх буруу шийдвэр гаргасан би давж заалдсан гэсэн асуудлыг ярьж байна. Миний ойлгосноор иргэн Б.Амгаланбаатар хуулийн хугацаанд давж заалдах гомдлыг цахимаар өгсөн боловч тухайн шүүхээс гомдлыг шаардлага хангаагүй гэж буцаасан юм шиг байна билээ. Энэ шүүхийн асуудал давж заалдах гомдлыг хэлэлцэн эсэх нь энэ хэрэгт ач холбогдолтой асуудал биш юм. Шүүхээс гарсан албан ёсны шүүхийн шийтгэврийг үндэстэй гэж үзэж, үүнийг буруу шийдвэр гарсан гэж бид үзэхгүй байгаа. Давж заалдах гомдол энэ хэрэгт ач холбогдолгүй гэдгийг нэмж тайлбарлая гэв.

Мөн Б.Амгаланбаатарын шинжилгээний хариу эерэг гарсан гэдэг нь оношлуураар тогтоогдсон болохоос хүний буруутай үйл ажиллагаанаас биш юм. Эрүүл мэндийн газраас тавьж өгсөн оношлуур нь тодорхой хэлбэлзэлтэй гарах магадлалтай байдаг учраас ХӨСҮТ-өөр баталгаажуулж гаргадаг. Эхний шинжилгээний хариу эерэг гарсан. Эерэг гарсан тохиолдолд Аймгийн Онцгой комисс нутаг дэвсгэрийн гамшгаас хамгаалах ажлыг удирдан зохицуулах урьдчилан сэргийлэх ажиллагааг хийн, шуурхай арга хэмжээ авч зардал гаргасныг бичлэгээр тогтоогдож байна. ХӨСҮТ-өөс гарсан шинжилгээний хариуг ирэх хүртэл ажиллагаа явагдсан. Урьдчилсан байдал гэдгийг ойлгох хэрэгтэй гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Цэнгэлмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Амгаланбаатар нь өөрийн эрх үүргээ биелүүлэхгүйгээр, Дорнод аймгийн нутагт дэвсгэрт зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэдгийг нэхэмжлэгч талаас хэрхэн нотолж байгаа вэ гэвэл Захиргааны ерөнхий хуульд захиргааны актыг мэдэгдэх талаар заасан байдаг. Бид нар өөрийн орон нутгийн телевиз болон Онцгой байдлын газрын албан ёсны цахим хаяг, Онцгой байдлын газрын гаргасан шийдвэр, тогтоолууд гээд бүх мэдээллийг нээлттэй байршуулсан байгаа. Эдгээрийг танилцуулснаас хойш ажлын 10 хоног өнгөрсний дараа мэдэгдсэнд тооцно гэдэг. Тэгэхээр Б.Амгаланбаатарыг Дорноговь аймагт зорчихоос өмнө хэвлэл мэдээлэл дээр тавигдсан байсан. Тиймээс бид энэ захиргааны актыг нийтэд танилцуулах мэдэгдэл ажлаа хийсэн байсан учир Б.Амгаланбаатар нь Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт зорчихдоо тухайн гаргасан хэм хэмжээг мөрдөх үүрэгтэй байсан.

Дорнод аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр нь өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр юм. Үүн дээр иргэн Б.Амгаланбаатар нь Улсын онцгой комиссын даргын 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр тушаалаар баталсан хот хоорондын зорчигч тээвэрлэх, зохицуулах түр журмыг зөрчсөн талаар тогтоосон. Тухайн журам дээр зорчигч иргэн асуумжийг үнэн зөв бөглөөд, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх бөгөөд хот хооронд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж асуумжийг үндэслэж нэвтрүүлнэ гэж заасан. Б.Амгаланбаатар нь энэ зүйл заалтыг зөрчсөн гэж шүүхээс үзээд энэ шийтгэврийг оноосон байгаа.

Бид бүхний нэхэмжлэлийн шаардлага бол энэ шийтгэврийн талаар бус, шийтгэвэр нь хүчин төгөлдөр байгаа тул ийм зөрчил гаргасан гэдэг дээр үндэслээд бид Гамшгийн тухай хуульд заасны дагуу иргэн зөрчил гаргасантай холбоотой хохирлыг нэхэмжилж байгаа юм. Бид бүхэн яагаад үүнийг хохирол гэж үзэж байгаа вэ гэвэл бид батлагдсан төсвийн хүрээнд зардал гаргах ёстой. Гэтэл Б.Амгаланбаатарын PCR шинжилгээний хариу нь урьдчилсан байдлаар эерэг гарсан байгаа нь манай аймагт эрсдэл үүссэн буюу эрсдэлийн магадлал өндөр байна гэж үзэх үндэслэл болсон. Эрсдэлийн магадлал өндөр байгаа учир хууль тогтоомжид заасны дагуу холбогдох арга хэмжээг аймгийн Онцгой комисс авч хэрэгжүүлсэн байгаа. Манай аймгийн гаргасан захиргааны акт мэдээлэгдсэн байсан. Иргэн Б.Амгаланбаатар мэдэх үүрэгтэй байсан.

Гаргасан зардал дээр нэмэлт тайлбар хийе. Эдгээр нэхэмжилж байгаа зардалд иргэн Б.Амгаланбаатартай холбоотой хэмжигдэж болох зардлыг гаргаж, цаана нь хэмжигдэх боломжгүй зардлыг оруулаагүй. Хатуу хөл хорионы үед гаргасан хэмжигдэх боломжгүй зардал өчнөөн байгаа. Энэ зардлыг Засаг даргын нөөцийн сангаас гаргахдаа дараагийн гарсан постуудын зардалтай нийлүүлээд холбогдох зардлуудыг гаргачихсан байгаа. Нэхэмжлэлийг гаргах үедээ зардлыг төлөгдөөгүй байсан. Нэхэмжлэл гаргасны дараа энэхүү зардлуудыг Засаг даргын нөөцийн сангаас гаргасан байгаа. Ковидын үед Гамшгийн тухай хуульд заасан байгаа нөхөн төлбөрийг буруутай этгээд хариуцах ёстой. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Амгаланбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Дорнод аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул 12 693 634 төгрөгийг бүхэлд нь хариуцахгүй,

Халдварт цар тахлын хөл хорионы дэглэмийн үед эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг зөрчин цар тахлын голомт бүхий нутгаар дамжин Дорнод аймгийн нутаг дэвсгэрт зорчсон буруутай үйлдлээ Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ЗШ/129 дүгээр шүүхийн шийтгэврийн 2 дахь талд хүлээн зөвшөөрсөн байдаг гэсэн байна.

1 .Шийтгэврийг уншиж сонсгосон даруй давж заалдах тухайгаа хэлэхэд намайг шууд баривчлах байранд аваачиж хийсэн. Би шийтгэврийг зөвшөөрөхгүй давж заалдах гомдлоо тэр даруй Дорнод аймгийн шүүхийн тамгын газрын цахим хаягаар явуулж энэ тухайгаа тамгын газрын даргад нь манай гэр бүлийн хүн 99092302 дугаартай өөрийн утсаараа мэдэгдэж хэлсэн. Тэр үед шүүхийнхэн вакцинд хамрагдаж байгаа гэж байсан. Ингээд шүүхээс ямар нэгэн хариу ирэхгүй байж байгаад надад оногдуулсан баривчлах шийтгэлийн хоног дууссан.

Дорнод аймгийн давж заалдах шатны шүүхээс давж заалдах гомдлыг хэлэлцэх шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй байгаа тул би одоогоор миний давж заалдах гомдлыг хэлэлцэхийг хүлээж байгаа. Миний бие давж заалдах гомдол гаргамагц шийтгэвэр биелэгдэх ёсгүй, шийтгэвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй гэж бодож байна. Гэтэл давж заалдах гомдол гаргасныг мэдсээр байж шүүх шийтгэлийг биеэр эдлүүлсэн. Иймд намайг хууль бусаар хорьсон гэж үзэж байгаа.

Надад Сайн байна уу? Б.Амгаланбаатар, С.Батчулуун нарын давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй байна. Учир нь холбогдогч нарын гомдолд тэдгээрийн гарын үсэг зурагдаагүй, гомдлын шаардлага хангагдаагүй байх тул гомдлыг буцаан хүргүүллээ.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Мөнхжаргал харилцах утас: 88618458, 70582228 гэсэн мэйл ирсэн боловч албан ёсны тамга тэмдэгтэй, шүүгчийн гарын үсэгтэй хариу ирээгүй.

Шүүгчийн туслах нь ийм эрх хэмжээгүй учир энэ хариуг би миний давж заалдах гомдолд өгсөн хариу гэж үзэхгүй байна.

Давж заалдах гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хэргийн хамт хүргүүлэх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан байна лээ. Надад энэ мэйл 2021 оны 04 дүгээр сарын 16-нд хэргийг давж заалдах шүүхэд хүргүүлэх хугацаа дууссан хойно ирсэн.

Иймээс би одоог хүртэл давж заалдах шатны шүүх хуралдааныг хүлээсэн хэвээр байгаа.

Үнэхээр энэ бичгээр давж заалдах гомдлыг хүлээж аваагүй гэж байгаа бол миний давж заалдах гомдол гаргах эрхийг зөрчсөн зөрчил болох тул тухайн шүүхээс албан ёсны хариу ирсний дараа шүүгчийн туслахын энэ бичиг бичиж байгаа нь эрхтэй юу үгүй юу гэдгийг эрх бүхий этгээдээс нь тодруулж гомдлоо гаргана.

2. Миний шинжилгээний хариу ХӨСҮТ-өөс сөрөг гэж гарч ковидоор өвчлөөгүй болохыг баталгаажуулсан. Анхны шинжилгээгээр сул эерэг гарч сэжигтэй тохиолдол илэрч, ХӨСҮТ-өөс баталгаажсан хариу ирээгүй байхад Дорнод аймгийн Онцгой комисс ковид илэрлээ гэж улсын хэмжээгээр зарлаж миний болон Өмнөговь аймгийн нэрийг гутаасан сөрөг мэдээлэл мэдээллийн олон сайт, сувгаар тарсан тул энэ тухай гомдлоо тухайн комисст бичгээр гаргасан боловч одоо болтол хариу ирээгүй байна гэжээ.

Хариуцагч Б.Амгаланбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нотлох баримтыг бүрдүүлэх хүсэлт гаргасан боловч шүүх хангаж шийдвэрлээгүй. Би Дорнод аймаг руу ногоон бүсээс ногоон бүс рүү зорчсон. Дорнод аймгийн тогтоол хууль дүрмийг би зөрчөөгүй. Намайг хууль тогтоомж актыг зөрчсөн байна гэж байна. Энэ хууль тогтоомж актыг Дорнод аймаг гаргасан бол Засгийн газрын legalinfo эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд тавих ёстой. Дорнод аймгийн ямар ч эрх зүйн акт, тогтоол байхгүй. Мөн Улсын онцгой комиссын аймгийн сайт дээр мэдээллүүдийг тавих ёстой. Би Өмнөговь аймгаас гарахдаа аймгийн Онцгой комиссоос мэдээллийг асуусан. Дорнод аймаг руу зорчих гэж байна гэж асуутал ямар нэгэн тогтоол, шийдвэр байхгүй чөлөөтэй зорчино гэсэн. Аймаг руу нэвтрэхдээ хүмүүстэй харилцаанд ороогүй. Мөн Мөнххаан суманд шатахуун авах гэж зогсохдоо халдвар хамгааллын дэглэмээ сахин, карт цонхоороо өгч үйлчлүүлэн, ариутгалын бодисоор машин дотроо ариутгаж, бүх бичиг баримтаа машин дотроо авч явж үйлчлүүлсэн. Мөнххаан суманд хүмүүстэй харилцаанд орсон гээд байгаа. Тэгвэл Онцгой комисс шалгаад Мөнххаан суманд байсан шатахуун түгээгчээс ав гэж хэлсэн. Би коронавирус авсан бол Мөнххааны шатахуун түгээгчээс гарах байсан. Миний гаргасан гомдол хүсэлтийг Дорнод аймгийн дарга нараас нэг нь ч хүлээж авч, биелүүлээгүй. Шүүх болон цагдаа, аймгийн онцгой комисс бүгд шийдвэрлээгүй. Би хууль дүрэм зөрчөөгүй. Улсын онцгой комисс нь хулгайн зам гэж байгаа. Энэ нь ямар зам маршрутын зам вэ. Шороон замыг хулгайн зам гээд байгаа юм уу, засмал замыг хулгайн бус зам гэж байгаа юм уу. Би шороон замаар буюу улсын чанартай замаар сум хооронд зорчсон. Ямар ч засмал замаар яваагүй. Тэгээд сум хооронд байдаг гүүр дээр очиход GPS тасарсан болохоор тэр хавийн манаач айлаас асуусан. Би Өмнөговь аймгаас Цагаан-Овоо сум руу зорчиж байна, ямар нэгэн хориглосон зүйл байгаа юу? гэж асуухад байхгүй гэсэн. Цагаан-Ооо руу зорчиход пост дээр бензин аваад гарахад бас хязгаарлалт байхгүй, нэвтрэхэд бичиг баримт шаардлагатай юу? гэхэд байхгүй гэсэн. Нэвтэрсний дараагаар бензин авсан байгаа. Ямар нэгэн хязгаарлалт юу ч байгаагүй. Намайг хязгаарлалтын дэглэм зөрчсөн гэж байгаа. Дорнод аймгийн шүүх болон цагдаа хуулийг зөрчсөн.

Дорнод аймгийн цагдаа нар намайг саатуулаад албадан тусгаарлаж шинжилгээ өгүүлсэн. Шинжилгээний хариуг авах гэтэл 3 хоногийн дараа өгнө гээд түүний дараа шинжилгээний хариу чинь эерэг гарсан гэсэн. Яагаад үүнийг ХӨСҮТ-өөр баталгаажаагүй байхад хэвлэл мэдээллээр зарлаж байгаа юм бэ. ХӨСҮТ-өөр баталгаажуулсны дараа зарлах ёстой шүү дээ, хамт зорчиж байсан 76 настай хүнээс коронавирус илрээгүй байхад яагаад надаас илэрч байгаа юм бэ. Дэлхий нийтээрээ нас ахимаг хүмүүсийг эрсдэлтэй гэж байхад яагаад нас залуу намайг коронавирус туссан гэж хэвлэл мэдээллээр цацаж байгаа юм бэ гэж асуусан. Одоо шүүх хуралдаанд шинжлэн судлуулах гээд байгаа СD дээр тухайн үеийн дарга энэ талаар тайлбарласан мэдээлэл байгаа. Шинжилгээний хариу нь худлаа гарсан бөгөөд худлаа шинжилгээний хариу дээрээ үндэслээд баахан үндэслэлгүй шийдвэр гаргасан. Энэ чинь хүний эрхийг зөрчиж байна. ХӨСҮТ-өөр баталгаажсан хариуг олон нийтэд зарлаж, нэгдүгээр тохиолдол бүртгэгдэж байж Улсын онцгой комиссоос дараагийн арга хэмжээг авах ёстой. Бүртгэгдээгүй хүнийг албадан тусгаарлах арга хэмжээ авч хорьсон. Эдгээр хүмүүс нь хүний эрхийг зөрчиж хоёр аймаг талцаж муудалцсан. Дээрээс нь миний хувийн гэр бүл, нэр хүнд, сэтгэл санаанд хохирол учруулсан. Үүнийг та нар яах гэж байна вэ. Би үүний эсрэг нэг ч зарга хийгээгүй. ...Гэтэл намайг хулгайн замаар явлаа гэж хулгайч шиг харьцсан. Дээрээс нь шүүх нь намайг зөрчил гаргасан гэж үзээд 7 хоногийн баривчилгаа өгсөн. ...Давж заалдах гомдлыг хүлээж аваагүй. Би Дорнод аймгийн шүүх, цагдаа, аймгийн онцгой комисст гомдол гаргасан боловч одоо болтол ямар нэгэн хариу тайлбар өгөөгүй. Шинжилгээний хариуг буруу гаргасан үүднээс надаас уучлалт гуйх талаар гомдол гаргасан. Одоо болтол ямар нэгэн шийдвэр байхгүй. Миний нэг сарын ажлыг алдагдуулсан. Би ажлын боломжоо алдсандаа гомдолтой байгаа.

Хэлж байгаа актаа тодорхой албан ёсны сайт дээр тавих ёстой байсан. Би Дорнод аймгийн цахим сайтыг мэдэхгүй. Монгол Улсаас гаргасан албан ёсны legalinfo сайт дээр болон Улсын онцгой комисс дээр тавигдах ёстой. Пост томилсон гэж байна. Сүхбаатараас очиж байгаа иргэдийг шороон замаар явсан, маршрутын зам ашиглаагүй гэж байна. Энд ганц засмал зам байгаа. Сүхбаатараас зорчиж байгаа иргэд Дорнод аймаг руу ороход Хөлөнбуйр сумаар орох ёстой. Тэр иргэд заавал бүртгүүлэх ёстой юм уу. Дээрээс нь тэр шийдвэр нь байгаа юм бол яагаад Цагаан-Овоо сумын пост бүртгэж авч баримтжуулаагүй зүгээр явуулсан юм. Урьдчилсан байдлаар коронавирусын халдвар илэрсэн тохиолдолд ХӨСҮТ-өөр баталгаажсанаар зарлах ёстой. ХӨСҮТ-өөр баталгаажуулаагүй үйлдэлдээ өөрсдөдөө дүгнэлт хийхгүй байна вэ. Хариуцлагагүй үйлдэл хийсэн шинжилгээний хариу буруу гаргасан Эрүүл мэндийн газарт яагаад хариуцлага тооцохгүй юм бэ. Олон хүмүүс хулгайн замаар зорчиж байгаа. Яагаад энэ хүмүүст яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ.

Шинжилгээний хариуг урьдчилсан байдлаар эерэг гарсан, гэхдээ баталгаажсаны дараа зарлах ёстой гэж Ганганцэцэг хэлж байгаа. Ганганцэцэг эмч миний тусгаарлалт дуусан өдөр ХӨСҮТ-өөр баталгаажсаны дараа зарлах байжээ, бид нар алдаа гаргаж гэж над дээр ирж өөрийн биеэр уучлалт гуйж буруугаа хүлээсэн. Тэгээд би Засаг дарга болон аймгийн Онцгой комисст гомдол гаргасан надад ямар ч хариу хэлээгүй. Хариу баталгаажаагүй байхад аймгийн Онцгой комисс яаравчилж үйлдэл гаргасан. Өөрсдийн яаравчилж гаргасан зардлаа хувь хүн рүү дайрч төлүүлэх гэж оролдож байна. Хэрвээ шинжилгээний хариу эерэг гарсан бол би өөрөө хариуцлагаа хүлээх байсан. Би эрүүл байхад миний шинжилгээний хариуг буруу гаргачхаад надаас яагаад мөнгө нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Энэ зардлуудыг Засаг даргын нөөцийн сангаас гаргасан гэж байна. Тэгээд 4 хүн хамт зорчиж байхад яагаад зөвхөн над дээр хариуцлага тооцож, ганц надаас нэхэмжилж байна вэ. Өөрсдөө буруу шинжилгээний хариу гаргачхаад ганц надаас нэхэмжлэх үү. Энэ олон үндэслэлдээ яагаад ганц хүнээс нэхэмжилж байна вэ, гаргасан шаардлагаа нотолж чадахгүй байна гэж үзэж байна гэв.

Иргэдийн төлөөлөгч Э.Чойжилсүрэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шинжилгээний хариуг баталгаажаагүй байхад иргэн Б.Амгаланбаатарыг саатуулж баривчилсан, цар тахал туссан гэж зарласан бөгөөд Дорнод аймгийн шүүх, Цагдаагийн газар болон Онцгой комисс нь тухайн иргэний гомдлыг хүлээж аваагүй байна. Тухайн аймгийн Онцгой комисс болон төрийн байгууллагууд гамшиг, өвчлөлийн үед төсөв хөрөнгө, ажиллаж хүн хүч, байр зэргийн бэлэн байдлыг төр хангах үүрэгтэй гэж үзэж иргэн Б.Амгаланбаатарыг хариуцах үндэслэлгүй буюу нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг дарга нь хариуцагч Б.Амгаланбаатарт холбогдуулан 12 693 634 төгрөгийн зардлыг орон нутгийн төсөвт нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б.Амгаланбаатар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргадаг.

Зохигчдын хоорондох маргаан нь эрх зүйн ямар харилцаанаас үүссэн, шаардах эрхийн үндэслэлийн талаар шүүх дараах байдлаар дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Коронавируст халдвар /COVID-19/ цар тахлын хөл хорионы дэглэмийн үед эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр, маршрутын бус замаар Дорнод аймгийн нутаг дэвсгэрт нэвтэрч, зорчих хөдөлгөөн хийсэн иргэн Б.Амгаланбаатарын буруутай үйлдлийн улмаас орон нутгийн иргэдийн эрүүл мэндэд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай холбогдон гарсан 12 693 634 төгрөгийн зардлыг орон нутгийн төсөвт нөхөн төлөхийг даалгах гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга, хэрэгт авагдсан баримт, тайлбараас үзэхэд тэрээр Б.Амгаланбаатарын буруутай үйлдлийн улмаас орон нутгийн иргэдийн эрүүл мэндэд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай холбогдон гарсан 12 693 634 төгрөгийн зардлыг хохирол гэж үзэн гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалтад үндэслэгджээ.

Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан бөгөөд зөрчлийн улмаас үүсэх үүргийн эрх зүйн үндсэн зарчмын дагуу, нэхэмжлэгчид учирсан гэх хохирол хариуцагчийн гаргасан гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой тохиолдолд нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл бий болно.

Энэхүү зохицуулалтаар хариуцагчид үүрэг ногдуулахын тулд бусдын эрх, эрүүл мэндэд гэм хор учруулсан хариуцагчийн үйлдэл /эс үйлдэхүй/-ээр илэрхийлэгдсэн буруутай хууль бус үйл ажиллагаа тогтоогдсон байх учиртай. Уг гэм хор болон үйл ажиллагаа хоорондоо шалтгаант холбоотой байж, эцэст нь үүнээс болж бусдад бодит хохирол учирсан тохиолдолд гэм хорын хариуцлага хүлээх болно.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.Амгаланбаатарын гаргасан эрх зүйн зөрчлийн улмаас бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг хохирол гэж үзэх ба ийнхүү учирсан бодит хохирол хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Бусдын эрхийг гэм буруутайгаар зөрчсөний улмаас бодит хохирол учирсан байхыг шаарддаг ба тухайлбал, эрүүл мэндэд нь хохирол учруулсан бол эмчилгээний зардал нь уг этгээдэд учирсан бодит хохирол болох юм.

Гэтэл нэхэмжлэгч нь орон нутгийн иргэдийн эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдуулж төсвөөс гаргасан зардлыг хариуцагчаар нөхөн төлүүлэхээр шаардсан байх ба хариуцагчийн гэм буруу, учирсан хохирлын хооронд шалтгаант холбоогүй байна.

Хариуцагч Б.Амгаланбаатар нь Зөрчлийн тухай хуульд заасан тодорхой хязгаарлалт, дэглэмийг зөрчсөн үндэслэлээр шийтгэл хүлээсэн байх боловч орон нутгийн иргэдийн эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс гарсан гэх зардлыг бүрэн хариуцах, нэхэмжлэгчийн өмнө хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж шүүх үзэв.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд ...нэхэмжилж буй зардлыг тухайн үед 5 байгууллагууд Засаг даргын батлагдсан төсвөөс эхэлж гаргасан. Дараа нь Дорнод аймгийн Засаг даргад энэ гаргасан төсөв хөрөнгийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргаад байгаа юм. Тэгээд тухайн байгууллагуудад Засаг даргын нөөцийн сангаас гаргасан зардлыг нь нөхөн өгсөн гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч нь нэхэмжилж буй зардлыг нөхөн төлсөн эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн 12 693 634 төгрөгийн зардлууд нь 2021 оны 04 дүгээр сарын 03-ний өдрөөс 04 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд буюу Б.Амгаланбаатарын шинжилгээний хариуг ХӨСҮТөвөөс баталгаажтал үйл ажиллагаа явагдсан зардал гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан зарим баримтууд нь дээрх хугацаанаас хойшхи байгааг дурдах нь зүйтэй. /хэргийн 35-37, 41-42, 49.../

Иргэдийн төлөөлөгчийн ...иргэн Б.Амгаланбаатар нь нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй талаар гаргасан дүгнэлт нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан зөрчлийн улмаас үүсэх үүргийн эрх зүйн зохицуулалтын үндсэн зарчимд нийцэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зардал /хохирол/ нь хариуцагч Б.Амгаланбаатарын үйлдлээс учирсан гэх шалтгаант холбоо тогтоогдоогүй үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Амгаланбаатарт холбогдох 12 693 634 төгрөг гаргуулах тухай Дорнод аймгийн Засаг даргын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 218 048 төгрөг төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.ОТГОНСҮРЭН

ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР

                   Г.БАЯРДАВАА