Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШТЦ/33

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Ц.Мөнх-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд,

Шүүгдэгч С.Чулуун,

Нарийн бичгийн дарга Б.Батхүү нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Чулуунд холбогдох эрүүгийн 2424000000018 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил, 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,  регистрийн дугаартай А. овогт С.Ч

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Ч нь 2024 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн Жавхлант хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их-Овоо 2” нэртэй хүнсний дэлгүүрт нэвтэрч 300,000 төгрөг болон эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Т.Л 312,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч С.Ч холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримтын тухайд:

Шүүгдэгч С.Ч нь 2024 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн Жавхлант хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг “Их-Овоо 2” нэртэй хүнсний дэлгүүрт нэвтэрч 300,000 төгрөг болон эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Т.Л 312,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн үйл баримт нь:

Хохирогч Т.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөнд: “...Би Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн Жавхлант хорооны нутаг дэвсгэрт “Их-Овоо 2” нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Манай дэлгүүртэй аавын дэлгүүр залгаа урд талд нь байдаг. Дэлгүүрийн нэрийг “Их-Овоо” гэдэг. 2024 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр эхнэртэйгээ хамт дэлгүүрээ ажиллуулж байгаад 21 цагийн үед хаагаад гэртээ харьж амарсан. Тэгтэл манай аав, ээж хоёр над руу залгаад танай дэлгүүрт хулгай орсон байна. Занги л хулгай хийсэн юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд дэлгүүрийн зүүн талын чардак руу шат тавьж ороод дэлгүүрийн таазны банзыг нь сугалж орсон байсан. Манай дэлгүүр дотор талдаа мэдрэгчтэй дуу, дүрсний хяналтын камертай бөгөөд шүүж үзэхэд шөнийн 00 цаг өнгөрч байхад Занги нь таазны банз сугалаад орж ирж байгаа бичлэг нь хяналтын камерт дуу, дүрстэйгээ үлдсэн байсан. Дэлгүүр рүү ороод кола ундаа 2 ширхгийг задалж уугаад хөргөгчөөс 1 том хиам аваад талыг нь идээд мөнгөний хайрцаг дотроос 300,000 орчим төгрөг аваад цүнхэнд бэлэн хувцас хийгээд цүнхтэй хувцсаа орж ирсэн тааз руугаа гаргаж шидээд өөрөө араас нь гарах гэсэн боловч гарч чадахгүй байхаар нь урагшаа дамжаад манай аавын дэлгүүрээр дамжаад гараад явсан байсан. Гэхдээ дээвэр рүү гаргасан цүнхтэй хувцсаа авч яваагүй орхисон байсан. Занги нь манай дэлгүүрээс 300,000 орчим төгрөг бэлнээр аваад 1.25 л хэмжээтэй кола задалж уугаад нэг том нийслэл хиамны талийг нь идчихээд гараад явсан байсан. Манай аавын дэлгүүр гадна талдаа хяналтын камергүй. Манай дэлгүүр рүү ганцаараа орж ирсэн байсан. Түүний авч явах гэж байсан цүнхэнд 2 хос оймс, дотуур өмд 1 ширхэг, биеийн тамирын өмд 2 ширхэг зэрэг эд зүйлүүд байх шиг байсан. Өдөр манай дэлгүүрт 2 удаа орж ирсэн. Шөнө хулгай орсон талаар манай аав, ээж хоёр нам унтсан байсан болохоор сонсоогүй гэсэн. Манай дэлгүүрийн чардак нь цагаан өнгийн хятад ил зүүдэг цоож байсан. Би 20 хоногийн өмнө 3000 төгрөгөөр авч байсан. Цоож байхгүй байсан. Цоожийг нь эвдээд орсон байна лээ. Дэлгүүрээс гарахдаа зөвхөн бэлэн мөнгө л аваад гарсан байсан. Манай дэлгүүрт нийт 312,000 төгрөгийн хохирол учирсан. Түүний авч явсан мөнгө нь ихэвчлэн 20.000 дэвсгэртүүд байсан байхаа...” гэсэн мэдүүлэг /хх 31-32, 35-37/,

Гэрч Э.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутаг дэвсгэрт байрлах Жаргалантын 3-2 тоот хаягт Их-Овоо 2 гэх хүнсний 6 нэрийн барааны дэлгүүрийг 2016 оноос хойш ажиллуулж байна. Манай дэлгүүр нь хойшоо харсан бөгөөд урд талд нь залгаа манай хадам аавын дэлгүүр байдаг. 2024 оны 4 дүгээр сарын 07-ны орой 21 цаг өнгөрч байхад нөхөр Лхагвасүрэнгийн хамт дэлгүүрээ хаагаад гэртээ очиж амарсан. Өнөөдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө 07 цаг 40 минутад нөхрийнхөө хамт дэлгүүр рүүгээ явах гэж байхад хадам ээж Уртнасан бид хоёр руу залгаад танай дэлгүүрт хулгай орсон юм шиг байна дээврийн таазыг нь цөмлөсөн байна гэхээр нь нөхрийн хамт ирэхэд дэлгүүрийн зүүн тийш харсан чардакаар хажуу талд нь байсан шатыг нь ойртуулж тавиад дээврээр нь ороод таазыг нь цөмлөөд дотогшоо орсон байсан. Манайх дэлгүүртээ дотор талдаа 5 хяналтын дуу, дүрс бичдэг хяналтын камертай бөгөөд хяналтын камераа шүүж үзэхэд 04 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө 00 цаг 02 минутын үед Их-Уул сумын харьяат өмнө нь хулгайн хэргээр ял шийтгэгдэж байсан Занги гэдэг хүн ганцаараа дэлгүүрийн дээврийн цөмлөөд дэлгүүр рүү орж ирж байгаа бичлэг байсан. Манай хадам, аав, ээж хоёр дэлгүүр дотроо байрладаг бөгөөд түлхүүрээ дотор талаас нь түгжээд унтсан гэсэн. Тэгтэл өглөө гаднаас унтаж байхад нь хүн үйлчлүүлэх гээд ороод ирэхээр нь гайхаад яагаад онгойсон юм бол гэж бодоод гараад үзэхэд дэлгүүрийнхэн хажуу талд нь 2.5 л хэмжээтэй Сэрүүн пиво бүтнээр нь орхисон байхаар нь манай дэлгүүр рүү дамжиж ороход таазыг нь цөмлөөд хулгай ч орсон байхаар нь мэдсэн гэсэн. Өчигдөр манай дэлгүүрт нээх орлого ороогүй пос машинд 1,000,000 гаруй төгрөгийн баримт уншигдаж бэлэн мөнгө нь 300,000 орчим төрөг л байсан байхаа гэхдээ орлого сайн ороогүй болохоор нь өчигдөр тоолж үзээгүй. Занги гэх хүн нь манай орлогын мөнгийг бүгдийн авсан байсан ямар ч байсан бэлэн мөнгө 300,000 орчим төгрөг байсан ихэвчлэн 20,000 төгрөгийг дэвсгэртүүд байсан. Манайх дэлгүүрийн мөнгөний орлогоо 2 хайрцагт хийдэг нэг хайрцагт 5000, 10000, 20000, төгрөгийн дэвсгэртүүдийг нь хийдэг нөгөө хайрцагт  50, 100, 500, 1000 төгрөгийн дэвсгэртүүдийг нь хийдэг байсан гэхдээ сайн шалгаж үзээгүй байгаа. Цагдаа нар юмандаа хүрч болохгүй гэхээр нь үзээгүй байгаа. Бидний ундаа 2 ширхэг, LD  нарийн тамхинаас 4 ширхэг, хиамнаас талын хэрчиж идсэн зарим зүйлийг нь дэлгүүрт орхисон байсан. Бид нар сайн үзээгүй байгаа. Манай дэлгүүрийн таазыг цөмлөж орсон хүн бол Занги буюу Чулуунзанги гэдэг нь яг мөн байсан. Би яагаад ийм итгэлтэй байна вэ гэвэл хяналтын камераа шүүж үзээд түүнийг гэдгийг шууд таньсан...” гэсэн мэдүүлэг /хх 39-40/,

Гэрч С.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 07-ны шөнө 23 цаг өнгөрч байхад би дэлгүүрийнхээ гадна талыг шүүрдэж байхад Занги буюу Чулуунзанги гэх залуу манай урд талын дэлгүүрийн хажууд халамцуу өмсөж байсан цагаан дээлээ тайлж шидээд согтуураад яваад байсан. Би түүнийг орон байрны хулгайч гэдгийг нь мэддэг болохоор хогоо шүүрдэж дуусаад ойр орчмыг дэлгүүрүүдээ шалгаж үзээд 00 цагийн орчимд гэр рүүгээ ороод эхнэртэйгээ хамт унтсан. Би унтахдаа дэлгүүрээ дотор талаас нь түгжээд түлхүүрийг нь зоогоод унтсан. Манайх дэлгүүр дотроо байрладаг. Манай хүү Т.Лхагвасүрэн 21 цагийн үед дэлгүүрээ хаагаад явсан. Би өнгөрсөн шөнө нам унтсан байсан. Тэгтэл өглөө 07 цаг өнгөрч байхад гаднаас нэг хүн үйлчлүүлэх гээд ороод ирэхээр нь гайхаад ямар сонин юм бэ? Дотор талаас нь түгжсэн байхад ороод ирдэг юм байхдаа гээд босоод харахад сумын хүмүүс юм авах гээд ороод ирэхээр нь тэр хүмүүст авах юмыг авч өгөөд хойд талын залгаа хүүгийнхээ дэлгүүр рүү орж үзэхэд таазыг нь цөмлөөд хулгайч орсон байхаар нь хүү бэр 2 руугаа залгаад дэлгүүрт нь хулгайч орсон талаар хэлсэн. Би тэр үед манай хүүгийн дэлгүүр рүү Занги ороод хулгай хийсэн байна. Түүнээс өөр манай суманд ингэж дэлгүүр ухах хүн байхгүй, өнгөрсөн шөнө ганцаараа байсан гэдгийг нь мэдэж байсан. Хүү ирээд хяналтын камераа шүүж үзэхэд Занги таазыг нь цөмлөөд орж байгаа бичлэг байсан. Занги нь өмнө нь хулгай хийхдээ дандаа тааз цөмлөж хулгай хийдэг хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх 42-43/,

Гэрч Д.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би Завхан аймгийн Их-Уул сумын замын хяналтын постод буюу 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр үүрэг гүйцэтгэж байсан. Манай сумын Баян-Ухаа багийн нутаг дэвсгэрт байрлах Их-Овоо 2 гэсэн нэртэй хүнсний 6 нэрийн дэлгүүрт хулгай орсон байна гэж Түвшинбаяр гэх хүн 09 цаг 30 минутад дуудлага мэдээлэл өгсөн. Түүний дагуу тухайн дэлгүүрт очиход Түвшинбаярын хүү Лхагвасүрэнгийн дэлгүүрт хулгай орсон байсан. Тэгээд Лхагвасүрэнгийн дэлгүүрт ороход дэлгүүрийнхээ хяналтын камерыг шүүж байсан. Тэгтэл Лхагвасүрэн нь манай дэлгүүрийг Занги буюу Чулуунзанги нь орсон байна. Дэлгүүрийн хяналтын камерт бичигдсэн байна гэж хэлсэн. Тэгэхлээр би Баян-Ухаа багийн нутаг дэвсгэрт С.Чулууныг эрэн хайж байгаад олдохгүй байхаар нь Идэрийн голын ойр орчмоор эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед Хүүхдийн овооны ам гэх газарт явж байхад нь саатуулж замын цагдаагийн хяналтын постод 17 цаг өнгөрч байхад авчирч ирсэн. Тэгээд би тухайн хүнээс архи үнэртээд байхаар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тандагч багажаар шалгахад улаан гэрэл ассан юм. Тухайн тандагч багажид улаан гэрэл асах юм бол тухайн хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэж үздэг. Харин ногоон гэрэл асах юм архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна гэж үздэг юм. Тэгээд би Чулуунаас яагаад архи уусан юм бэ гэж асуухад би ганцаараа архи уусан нь үнэн, архи уусныгаа Чулуун өөрөө хүлээн зөвшөөрсөн. Түүний дараагаар тухайн хүний биед үзлэг хийхэд хар өнгийн зузаан дотуур өмдний баруун талын халааснаас 20.000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 5.000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 1.000 төгрөгийн дэвсгэрт 12 ширхэг тус тус гарч ирсэн. Тухайн хүний биед нийт 62.000 төгрөг гарч ирсэн. Түүний биеэс өөр зүйл гарч ирээгүй юм. Тэгээд иргэн С.Чулууны хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа алба хаагч Мягмаржав ирээд аваад явсан. Хүүхдийн овоон ам гэх газарт Чулуун нь өгсөөд явж байхаар нь саатуулсан...” гэсэн мэдүүлэг /хх 46-48/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-9/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 10/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 11-16/, эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий DVD сиди, 

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээчний 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 29 дугаартай “...Нийт 14 нэр төрлийн 21 ширхэг эд зүйлсийн зах зээлийн үнэлгээг 247,000 төгрөг гэж тогтоолоо...” гэсэн дүгнэлт /хх 68-71/,

Мөрдөгчийн магадалгаа “...Хохирогч Т.Л “Их-Овоо2” дэлгүүрийн таазны цөмөрсөн хэсэг, унжсан ислэг хавтан, тухайн ажлын засварын хөлс нийт 14,750 төгрөг...” гэж тогтоосон байна...” гэсэн дүгнэлтээр /хх 96-98/ тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

1.2. Шүүгдэгч С.Ч нь шүүх хуралдаанд “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлсөн..” гэж мэдүүлж гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч С.Чулуунд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.

Мөн шүүгдэгч С.Ч холбогдох хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын шууд ба шууд бус сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж шүүх үзлээ.

3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Хулгайн гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын өмчлөлд байгаа эд зүйлийг хууль бусаар, нууц аргаар, шунахай сэдэлт зорилгоор эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бүрдүүлснээр төгссөнд тооцогддог.

Шүүгдэгч С.Ч 2024 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн Жавхлант хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их-Овоо 2” нэртэй хүнсний дэлгүүрт нэвтэрч 300,000 төгрөг болон эд зүйлийг хууль бусаар авч байгаа үйлдэл нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.

Түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч С.Ч үйлдлийн улмаас хохирогч Т.Л 312,000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээч дүгнэлт болон хохирогчийн мэдүүлгээр тус тус тогтоогдсон байна.

Хохирогч Т.Л хохирол төлбөр төлсөн, хохирогч гомдол саналгүй болох нь “...С.Ч нь 318,200 төгрөг төлсөн учир ямар нэгэн санал, гомдол байхгүй. Хохирлыг бүрэн барагдуулсан...” гэсэн хохирогчийн хүсэлтээр нотлогдож байна.

5. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа “...Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчмыг баримталсан болно.

Шүүгдэгч С.Ч нь хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дугаартай “...С.Чулуун нь сэтгэцийн хувьд Ds: Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр оношоор сэтгэцийн эмчийн хяналтад байдаг болно. Уг өвчин нь олон жилийн өмнөөс нойргүйдэл дэмийрлээр эхэлсэн. Одоо өвчин намжмал байдалтай байгаа болно. С.Чулууны удамд сэтгэц мэдрэлийн өвчтэй хүн байдаг эсэхийг одоогоор тогтоох боломжгүй байгаа болно. С.Чулуун хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно. С.Чулуун нь хэрэг үйлдэгдэх үед болон үйлдсэнээс хойш өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ухамсарлан ойлгож, удирдан жолоодож чадаж байгаа болно. С.Чулуун нь хэрэг хариуцах чадвартай болно. С.Чулуун нь өөртөө болон орчиндоо аюултай шинж одоогоор илрээгүй болно. С.Чулуунд эмнэлгийн шинжтэй албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй болно.” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. /хх 79-81/

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд нь шүүгдэгч С.Чулууныг гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөрийг төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх дүгнэлтийг гаргажээ.

Шүүх өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч С.Чулуунд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна гэж үзлээ. Учир нь:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж зааснаас үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа заавал хэрэглэхээр заагаагүй байна.

Шүүгдэгч С.Чулуун урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 23 дугаартай, 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 05 дугаартай, 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор тус тус тогтоогдож байна.

Мөн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 187 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч С.Чулууныг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр эдлээгүй үлдсэн 4 сар 14 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Чулууны 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр эдлээгүй үлдсэн 4 сар 14 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хугацаа нь 2024 оны 04 дугаар сарын 07-ны өдөр дууссан болох нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2/25 тоот эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Чулуун нь урьд өмнө үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон өдөр дахин үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдал харгалзан үзнэ” гэж заасан байна.

Шүүгдэгч С.Чулуун нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр бүлэгт заасан гэмт хэргийг хоёр удаа үйлдэж ял шийтгүүлж байсан болох нь тус шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоол, 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор тус тус нотлогдож байна.

Иймд шүүгдэгч С.Чулуунд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ хохирол төлбөр төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг хөнгөрүүлэх, энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр үйлдсэн нөхцөл байдлыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцоод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлсөн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл баривчлагдаж, цагдан хоригдсон 31 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хорих ялын биелэлтийг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч С.Чулуунаас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт С Ч Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч С.Ч 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч цагдан хоригдсон 31 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ч авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хорих ялын биелэлтийг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

7. Шүүгдэгч С.Ч нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ӨЛЗИЙХИШИГ