Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2018/0377

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.С.

Хариуцагч: Гадаадын иргэн харьяатын газрын дарга.

Нэхэмжлэлийн шаардлага: Гадаадын иргэн харьяатын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн Б/46 дугаар тушаал, 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн Б/401 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож, өмнөх шүүхийн шийдвэрийг зохих ёсоор хэрэгжүүлэх нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 05 дугаар сарын 09-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацаанд тооцон хариуцагчаас гаргуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, нэхэмжлэгч С.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, гэрч Д.М нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: Иргэн С.С би Гадаадын иргэн харьяатын газар (цаашид Гадаадын иргэн харьяатын газар гэх )-ын Зөвшөөрөл бүртгэлийн газарт мэргэжилтнээр 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс, Буянт-Ухаа дахь газарт шалган нэвтрүүлэх албаны мэргэжилтнээр 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөр тус тус томилогдон 6 дахь жилдээ ажиллаж байгаад Гадаадын иргэн харьяатын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн н/02 дугаар тушаалаар Хилийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн үндэслэлээр ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн.

Улмаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар 12-ны өдрийн магадлалаар тус тус Гадаадын иргэн харьяатын газрын даргын н/02 тоот тушаалын надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, С.С-ийг урьд эрхэлж байсан албан тушаалын цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжүүлэн томилохыг Гадаадын иргэн харьяатын газрын даргад даалгаж ажилгүй байсан хугацаанд ноогдох 2.775.564 төгрөгийг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.

Гэтэл Гадаадын иргэн харьяатын газар нь шүүхийн шийдвэрийг бүрэн гүйцэд биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд миний 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шуудангаас хүлээж авсан баримттай танилцахад 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болгож төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл надад ноогдуулсан тухай Гадаадын иргэн харьяатын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/46 тоот тушаалыг ирүүлжээ.

Ийнхүү учрыг нь тодруулж үзэхэд Гадаадын иргэн харьяатын газар нь шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн миний урьд ажиллаж байсан орчин нөхцлөөс дордуулан алс хол баруун хязгаар Баянхонгор аймгийн хил дээрх нэгжид хүчээр томилох шийдвэрийг Гадаадын иргэн харьяатын газрын 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдрөөр огноотой Б/401 тоот тушаалаар томилох дүр үзүүлсэн баримт үйлдээд эргээд ажлаас халах үйлдэл хийсэн болох нь хожим тодорхой ойлгогдлоо.

Гадаадын иргэн харьяатын газар нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хууль зөрчин бүхнийг хүчээр хийж, төрийн албан хаагчийг хохироосоор байгаад гомдолтой байна.

Иймд Гадаадын иргэн харьяатын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/46 дугаар тушаал, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөр огноотой Б/401 тоот тушаалуудыг хүчингүй болгож, өмнөх шүүхийн шийдвэрийг зохих ёсоор хэрэгжүүлэх бололцоог олгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.С нь Гадаадын иргэн харъяатын газрын Зөвшөөрөл, бүртгэлийн газарт мэргэжилтнээр 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн ажиллаж хэлсэн. 2016 оны 09 дүгээр сараас эхлэн Буянт-Ухаа шалган нэвтрүүлэх хэлтсийн мэргэжилтнээр томилогдон өнөөдрийг хүртэл 7 дахь жилдээ ажиллаж байсан. 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Гадаадын иргэн харъяатын газрын даргын н/02 дугаартай тушаалаар Хилийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн тул ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлийг хууль бус гэж үзэн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн магадлалаар иргэн С.С-г нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль бус гэж үзэн урьд эрхэлж байсан албан тушаалын цалин хөлсийг бууруулахгүйгээр өөр албан тушаалд томилох, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл Гадаадын иргэн харъяатын газраас шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, үл тоож олон сарын хугацаа өнгөрүүлсэн. Нэхэмжлэгч 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шуудангаас албан ёсоор баримт хүлээж авсан ба энэ баримтад С.С-г ажлаас чөлөөлөх, нэг жилийн хугацаатай сахилгын шийтгэл оноосон гэх утгатай тушаалыг хүргүүлсэн. Ажлаас чөлөөлөх болсон үндэслэлд таныг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн хэлтсийн харъяаны Баянхонгор аймгийн хэлтэст ажилд томилсон тушаалыг гаргасан. Гэтэл та үндэслэлгүйгээр олон хоногоор ажилдаа ирээгүй тасалсан тул чөлөөлж байна гэж бичсэн байсан. Тушаалыг албан ёсоор хүлээж авч хуульд заасан хугацаанд гомдол гаргасан. Энхүү хууль бус тушаалын улмаас нэхэмжлэгчийн хуульд заасан эрх ашиг ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Цалингийн хувьд 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн нөхөн олговрыг Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн. Тийм болохоор 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговрыг нэхэмжилж байгаа. Үүний үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн заасны дагуу нэхэмжилсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох ёстой гэх үндэслэлээр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус байгууллага нь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0592 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА******* тоот магадлалын дагуу тус байгууллагад холбогдуулан гаргасан шүүхийн шийдвэрийг биелүүлж иргэн С. С-д байгууллагын даргын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/395 дугаар тушаалаар 2.775.564 /хоёр сая долоон зуун жаран дөрөв/ төгрөгийг олгон, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийж, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/401 дүгээр тушаалаар Баруун бүс дэх газрын Говь-Алтай аймаг дахь хэлтсийн Баянхонгор аймаг дахь мэргэжилтнээр томилсон.

Шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 26,27 дугаар зүйлүүдэд тус тус заасны дагуу сонсох ажиллагааг явуулж иргэн С.С-г 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Тамгын газрын дарга болон холбогдох бусад албан тушаалтнуудыг Гадаадын иргэн харьяатын газарт хүлээн авч уулзан, тус байгууллагад буй сул орон тооны талаар танилцуулан Баруун бүс дэх газарт мэргэжилтнээр томилох болсон талаар биечлэн мэдэгдэж, гарын үсгийг нь зуруулж баталгаажуулсан болно.

Иргэн С.С-д түүнийг мэргэжилтнээр томилсон тушаал гарсан өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр С.С- ийн  өөрийн 90088119 дугаарын утсаар залган хэлэх гэсэн боловч удаа дараа утсаа аваагүй тул хүний нөөц хариуцсан мэргэжилтэн мэссэжээр мэдэгдсэн талаар нотлох баримтыг хавсарган хүргүүлж байна.

Баруун бүс дэх газрын захиргааны ахлах мэргэжилтэн Б. С өөрийн гар утсаар 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр С.С-тэй утсаар холбогдон Баянхонгор аймаг дах мэргэжилтнээр томилогдсон талаар мэдэгдсэн байна.

Мөн томилсон тухай тушаалыг С.С-д хүргүүлэхээр 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Монгол шуудан ХХК-д хүлээлгэн өгсөн.

С.С нь тус байгууллагад мэргэжилтнээр томилогдсоноо мэдсээр атлаа санаатайгаа ажлаа хүлээн авахгүй 2 сар гаруй хугацаанд төрийн албыг цалгардуулж, ажлаа таслан Төрийн албаны тухай хууль болон байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд заасан зөрчлийг гаргасан тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасны дагуу төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэлийг ноогдуулсан.

Гадаадын иргэн харьяатын газар нь иргэн С.С-г албан тушаалд томилох болон ажлаас чөлөөлөхдөө Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.01-д заасны дауу сонсох ажиллагааг явуулж томилсон бөгөөд ажлаас чөлөөлөхдөө мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.3-т тус тус заасны дагуу мэдэгдэн хуулийг хэрэгжүүлж ажилласан тул тус байгууллагад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөн үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн магадлалын дагуу хариуцагч Гадаадын иргэн харъяатын газраас Хил хамгаалах ерөнхий газар руу шилжсэн 5 хүнийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн тушаалаар ажилд эгүүлэн авсан байдаг. Бид шүүхийн шийдвэрт заасны дагуу дээрх нэр бүхий 5 хүнийг дуудаж уулзаад ямар орон тоо сул байгаа гэдгийг танилцуулаад, танилцуулсан талаар гарын үсэг зуруулсан. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Гадаадын иргэн харъяатын газрын даргад өргөдөл өгсөн боловч шийдвэрлэж өгөөгүй гэсэн тайлбар хэллээ. Үүнтэй санал нийлэхгүй байна. 2017 оны 12 дугаар сарын 04-ны өдөр С.С тэргүүтэй 5 хүн 12 ажлын байрны сул орон тоотой танилцаж, гарын үсэг зурсан. Үүний дагуу Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулж мэдэгдсэн. Улаанбаатар Буянт-Ухаа боомтод ажлын сул орон тоо байгаагүй. Бид энэ талаар нэхэмжлэгчид удаа дараа хэлж байсан. Харин 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Н.Н, н.У, С.С, н.НЯ, н.О нарыг Тамгын газрын даргаас хаана томилогдох болсныг нь танилцуулсан. Би тэр хуралд өөрийн биеэр суусан энэ хурлын тэмдэглэл хэрэгт нотлох баримтаар авагдсан. Нэхэмжлэгч энэ талаар санахгүй байх ёсгүй. Тухайн үед өөрөө надаас тэтгэмжээ аваад ажлаас чөлөөлөгдөж болох уу гэж асууж байсан. Би хариуд нь болно, өргөдлөө өгчих, гэхдээ таны асуудлыг бид шийдэхгүй, Тамгын газар мэднэ гэж хэлсэн. Гэтэл Тамгын газрын дарга дандаа худлаа ярьдаг, би өргөдлөө бичгээр өгөхгүй гээд гарч явсан. Тухайн үед дээрх 5 хүнийг албан тушаалд томилсон. Харин нэг хүн нь эрүүл мэндийн шалтгаантай гээд ирж чадаагүй. Орон нутагт томилогдсон хүмүүсийг бэлтгэлээ базаах, замдаа явах хугацааг нь тооцож 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/401 дугаартай тушаалаар цалин болон албан тушаалын шатлалын зэрэглэлийг нь бууруулалгүйгээр ажилд томилсон. Мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг манай байгууллагаас олгосон. Эдгээр хүмүүсээс Н.Н ажилдаа томилогдсоны дараа төрийн албанаас гадаад улсад сурах болсон тул сайн дураар чөлөөлөгдсөн. н.НЯ нь Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомт руу, н.У, н.О нь нэхэмжлэгчтэй адил баруун бүсэд томилогдоод ажлаа хүлээж аваад одоог хүртэл ажлаа хийж байгаа. Гэвч бид нэхэмжлэгчид Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу тушаалыг мэдэгдэх гэсэн боловч утсаа аваагүй. Манай байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэн н.О С.С- ийн  утас руу залгасан боловч авахгүй байна, тэгэхээр нь мессеж бичсэн гэж хэлсэн. Утаснаас нэхэмжлэгч руу ярьсан болон мессеж бичсэн хуулбарыг нотлох баримтаар хэрэгт хавсаргасан байгаа. Үүний дараа манай байгууллагын баруун бүсийн ахлах мэргэжилтэн н.С 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр илтгэх хуудас ирүүлсэн. Уг илтгэх хуудасанд Говь-Алтай аймгийн харъяа Баянхонгор аймагт мэргэжилтнээр томилогдсон С.С д таныг ажилд томилсон талаар мэдэгдэх гэж утас руу нь залгасан боловч утсаа аваад салгасан, ахин залгахад утас нь холбогдох боломжгүй болсон гэсэн байсан. Утасны задаргааг мөн хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. С.С утсаа авахгүй болохоор нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу шуудангаар нэхэмжлэгчийн ажилд томилогдсон талаарх албан бичиг, ажилд томилсон тушаалын хамт одоо амьдарч байгаа гэрийнх нь хаягаар хүргүүлсэн. Гэвч Монгол шуудан ХХК манай явуулсан албан бичгийг буцаагаад хүргүүлсэн. Би энэ талаар лавлаж асуухад 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 08/128 дугаартай албан бичгээр танай байгууллагын явуулсан шууданг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч удаа дараа хаягаар гэрт нь очсон боловч эзгүй, утас нь холбогдохгүй, ашиглаж хугацаа дууссан гэсэн шалтгаантай байсан тул буцаан хүргүүлэв гэж мэдэгдсэн. Бид Захиргааны ерөнхий хуульд зааснаар шуудангаар хүргүүлсэн хугацааг оруулж тооцох боломжтой байсан боловч манай удирдлагын зүгээс С.С д ажилд томилогдсон тушаалыг заавал өөрт нь гардуулж өг гэж хэлсний дагуу хүний нөөцийн 2-3 ажилтныг гэр рүү нь явуулсан боловч албан бичиг, тушаалыг өгч чадаагүй. Гэтэл үүний дараа С.С өөрийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг манай байгууллагын мэргэжилтэн Д.М-аар дамжуулж авсан байсан. Ингээд удирдлагуудын зүгээс Д.Мандахыг олж уулзаад эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрийг өгснөөрөө шуудангаас буцаагдсан албан бичиг, ажилд томилогдсон тушаалыг нь өг гэж үүрэг өгсөн. С.С нэлээн төвөгшөөж Д.М тушаалаа авч танилцсан байсан. Нэхэмжлэгч албан бичгийг хүлээж аваад танилцав гээд гарын үсгээ зуруулаад буцааж өгсөн. Харин 401 дугаартай тушаалын хуулбарыг авч үлдсэн ба нэгэнт тушаалтайгаа танилцсан болохоор ирж уулзах байх гэж хүлээсэн боловч уулзаагүй, ямар нэг хариу өгөөгүй. Иймээс нэхэмжлэгчид 2018 оны 02 дугаар сарын Б/46 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас нь чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөх болсон үндэслэлд манай байгууллагын зүгээс Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулсан, байгууллагын хүмүүс мэдэгдэх гэсэн боловч утсаа аваагүй, ажилдаа ирээгүй. Баруун бүсийн газрын дарга н.Эрдэнэзаяа одоог хүртэл С.С ажлаа хүлээлцэж аваагүй, ажилдаа ирэхгүй байна гэсэн илтгэх хуудас хүргүүлж мэдэгдсэн. Баянхонгор аймагт нэг мэргэжилтэн аймгийн төв дээр ажиллах ёстой байдаг. Энэ хүн ажилдаа ирэхгүй байгаа тул өөр хүн томилж өгнө үү гэсэн. Нэхэмжлэгч намайг Баянхонгор аймаг руу томилсон тушаалыг мэдээгүй, танилцаагүй гэж тайлбар хэлдэг. 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Гадаадын иргэн харъяатын газрын дарга Д.М танаа гэсэн албан бичгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Б ирүүлсэн. гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ;

            Нэхэмжлэгч С.С Гадаадын иргэн харьяатын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн Б/46 дугаар тушаал, 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн Б/401 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож, өмнөх шүүхийн шийдвэрийг зохих ёсоор хэрэгжүүлэх нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 05 дугаар сарын 09-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацаанд тооцон хариуцагчаас гаргуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэж нэмэгдүүлжээ.

            Тэрээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалын цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжүүлэн томилохыг даалгасан нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн магадлалыг бүрэн гүйцэт биелүүлэхгүй шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн миний урьд ажиллаж байсан орчин нөхцөлөөс дордуулж алс хол баруун хязгаар Баянхонгор аймгийн хил дээрх нэгжид мэргэжилтнээр томилсон нь хууль бус гэж маргажээ

            Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

            1.Гадаадын иргэн харьяатын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн Б/401 дүгээр тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

            Нэхэмжлэгч 2011 оноос Гадаадын иргэн харьяатын газрын Буянт-Ухаа дахь газарт мэргэжилтнээр ажиллаж байгаад 2017 онд бүтцийн өөрчлөлтөөр ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн маргааныг Захиргааны хэргийн шүүхээр хянан хэлэлцэж Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан баталгаагаар хангагдах боломжтой гэсэн үндэслэлээр урьд эрхэлж байсан албан тушаалын цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжүүлэн томилохыг даалгасан анхан шатны шүүхийн шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хариуцагч биелүүлж нэхэмжлэгч С.С-г Баруун бүс дэх газрын Говь-Алтай аймаг дахь хэлтсийн Баянхонгор аймаг дахь мэргэжилтнээр томилжээ.

            Хариуцагчийн С.С-г Баруун бүс дэх газрын Говь-Алтай аймаг дахь хэлтсийн Баянхонгор аймаг дахь мэргэжилтнээр томилсон 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн Б/401 дүгээр тушаал шүүхийн шийдвэр, магадлалд заасан нөхцөлийн дагуу өмнө ажиллаж байсан ТЗ-6 ангиллын мэргэжилтний цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажилд томилсон гэж үзэхээр байх тул уг тушаал хууль зөрчөөгүй гэж дүгнэв.

            Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгчийг ажлын байраар хангахын тулд 2017 оны 12 дугаар сарын 04-ны өдөр Гадаадын иргэн харьяатын газарт байгаа сул орон тоог нэр бүхий иргэд түүний дотор С.Сд жагсаалтаар танилцуулж баримтжуулсны дээр мөн оны 12 дугаар сарын 11-ны өдөр хуралдсан хуралдаанаар С.С-г Баруун бүс дэх газрын Говь-Алтай аймаг дахь хэлтсийн Баянхонгор аймаг дахь мэргэжилтнээр томилох боломжтой байгааг нэхэмжлэгчийг оролцуулан мэдэгджээ.

            Ийнхүү нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан мэргэжилтний албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд томилсон нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

            Түүнчлэн нэхэмжлэгчийг шинэ албан тушаалд томилогдсон тушаалыг танилцуулахаар хариуцагчийн зүгээс түүний эзэмшдэг гар утсанд мессеж бичих, Монгол шуудан ХК-ийн гэрээт газрын үйлчилгээгээр оршин суугаа хаягаар нь хүргүүлэх зэргээр боломжит арга хэмжээ авч мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

             Учир нь хариуцагч маргаан бүхий тушаалыг нэхэмжлэгчид мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн дээрх үйл баримт нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д ....Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцана., 43.2-т Захиргааны байгууллага........шаардлагатай тохиолдолд утас...шуудан.... бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна., 43.3-д Захиргааны актыг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд таван өдөр,...өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно. гэсэнтэй нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ бичсэн оршин суух хаяг, түүний эзэмшдэг 9008-8119 дугаарын гар утас, Гадаадын иргэн харьяатын газраас Монгол шуудан ХК-ын шуудан үйлчилгээний 26 дугаар салбараар хүргүүлсэн хаяг болон түүний утсанд мессеж бичсэн дугаартай тохирч байна.

            Тодруулбал нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын к105 дугаар байрны 75 тоотод оршин суудаг, мөн үүрэн телефоны 90088119 дугаарын гар утас эзэмшдэг нь хэрэгт ирүүлсэн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид түүнийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс Баруун бүс дэх газрын Говь-Алтай аймаг дахь хэлтсийн Баянхонгор аймаг дахь мэргэжилтнээр томилсон 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн Б/401 дүгээр тушаалыг мэдэгдсэн дээрх үйл баримтыг нэхэмжлэгч мэдээгүй байх боломжгүй бөгөөд түүний энэ тухай зөвхөн 2018 оны 02 дугаар сарын 20-нд шуудангаар ирсэн баримттай танилцах үедээ мэдсэн гэх тайлбар үндэслэлгүй.

            Нэхэмжлэгч төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд дээд шатны албан тушаалтны хууль нийцсэн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд С.С-г орон нутагт төрийн албаны ТЗ-6 ангиллын мэргэжилтнээр томилсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулж, албан тушаал цалин хөлс бууруулж, түүнд энэ тухай мэдэгдээгүй, нэхэмжлэгчтэй тохирч, зөвшөөрөл аваагүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй болно.

            2. Гадаадын иргэн харьяатын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн Б/46 дугаар тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

            Нэхэмжлэгч С.С-г Баруун бүс дэх газрын Говь-Алтай аймаг дахь хэлтсийн Баянхонгор аймаг дахь мэргэжилтнээр томилсон 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн Б/401 дүгээр тушаалыг мэдсэн атлаа томилогдсон албан тушаалд очиж ажиллаагүй ажил тасалсан гэж үзсэн хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.

            Өөрөөр хэлбэл хариуцагч Гадаадын иргэн харьяатын газар нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан мэргэжилтний албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд томилж ажиллуулах шүүхийн шийдвэрийг биелүүлж өөрт байгаа сул ажлын байранд томилсон нь хууль зөрчөөгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг баримтлан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Учир нь хариуцагчийн 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн Б/46 дугаар тушаал Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг энх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:, 26.1.3-д төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах., энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:, 13.1.4-д харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх: гэсэнтэй нийцжээ.

            Мөн хариуцагч Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/441 дүгээр тушаалаар батлагдсан байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам-ын 10.2-т Дараахь тохиолдолд сахилгын ноцтой зөрчилд тооцож, албан хаагчийг ажлаас халах..........:, 10.2.1-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан: гэснийг нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах бас нэг үндэслэл болгожээ.

            Нөгөө талаар хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлж С.С-г урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэхүйц ажилд томилсныг өөр ажил албан тушаалд шилжүүлэн томилсон гэж үзэхээргүй бөгөөд энэ талаарх Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

            Ийнхүү шүүх дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж нэхэмжлэгчийн Гадаадын иргэн харьяатын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн Б/46 дугаар тушаал, 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн Б/401 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож, өмнөх шүүхийн шийдвэрийг зохих ёсоор хэрэгжүүлэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж дүгнэсэн учир түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацаанд тооцон хариуцагчаас гаргуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нэмэгдүүлсэн шаардлага нэгэн адил хангагдах боломжгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг баримтлан Гадаадын иргэн харьяатын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн Б/46,2017 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн Б/401 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож, өмнөх шүүхийн шийдвэрийг зохих ёсоор хэрэгжүүлэх, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацаанд тооцон хариуцагчаас гаргуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэгч С.С- ийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     А.НАСАНДЭЛГЭР