Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/47

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Золбоогоор хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгч Ц.Гантулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн 2424000000033 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Түдэвтэй сум Баянцагаан багт байнга оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Дархчууд овгийн Цэвээндашийн Гантулга, регистрийн дугаар ИМ84032511,

Шүүгдэгч Ц.Гантулга нь А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Түдэвтэй сумын Баянцагаан багийн Цагаан дэрс гэх газарт Нүүдэлчин маркийн улсын дугааргүй мотоциклыг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а заалтад заасан /энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 3.7.а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 12.1 дэх заалтад заасан жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд харгалзан хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж,  зорчигч Д.Чимгээгийн эрүүл мэндэд дэлүүний язрал урагдал, хэвлийн хөндийд цус хуралт, нүүр, хүзүүний хэсгийг хамарсан цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүгдэгч Ц.Гантулга нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж байна...” гэв.

-Улсын яллагч Б.Чулуунхүү шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Чулуунхүү би Прокурорын тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Ц.Гантулгад холбогдох эрүүгийн 2424000000033 дугаартай хэрэгт улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Ц.Гантулга нь 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Түдэвтэй сумын Баянцагаан багийн Цагаан дэрс гэх газарт А ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй Нүүдэлчин маркийн улсын дугааргүй мотоциклыг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а заалтад заасан /энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 3.7.а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 12.1 дэх заалтад заасан жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд харгалзан хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар зорчигч Д.Чимгээгийн эрүүл мэндэд дэлүүний язрал урагдал, хэвлийн хөндийд цус хуралт, нүүр, хүзүүний хэсгийг хамарсан цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан болох нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр замын хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хянахад, Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна. Ингээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авхуулах саналыг гаргаж байна. Түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хучин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна...” гэв.

Эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 -Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

-Цагдаагийн ерөнхий газрын Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

-Мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 57-59 дүгээр хуудас/,

-Мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 54-56 дүгээр хуудас/,

-Хохирогч Д.Чимгээгийн мөрдөн шалгах ажиллагаанд “...Манайх Завхан аймгийн Түдэвтэй сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэр Мөстийн гол гэх газарт ганц гэрээрээ нөхөр Ц.Гантулгын хамт мал малладаг юм. Тэгээд 2024.05.19-ний 12 цагийн үед Ц.Гантулгын хамт улаан өнгийн мотоцикл дээр сундлаад Нямдаш ахын гэрт очоод тэндээс Жадамбыг аваад мотоциклынхоо голд суулгаад Буджав гэх айлынд очиж үрээгээ зассан. Тэгээд тэндээсээ 16-17 цагийн үед үрээгээ засаж дууссан. Буджав нь ганцаараа байсан учир үрээг нь засахад тусалсан юм. Тэгээд тэднийхээс гараад Завхан аймгийн Түдэвтэй сум Баянцагаан баг Цагаан дэрсний гэх нэртэй газрын бага зэрэг өсгүүр газарт өсгөж байгаад гарч ирэхийн алдад мотоцикл унасан юм. Тухайн үед шороон ховил үүссэн хэсэгт нүх байсан бөгөөд түүнийг тойрч гарах үедээ мотоцикл унасан байна гэж би тухайн үед бодсон. Тэр үед манай нөхөр мотоцикл жолоодож явсан. Тэндээсээ буцаад нөхөр бид 3 гэр рүүгээ яваад гэрт очоод манай нөхөр Түдэвтэй сумын төвийн эмнэлэг рүү дуудлага мэдээлэл өгсөн. Тэгээд 23 цагийн үед сумын төвийн эмнэлгийн машин ирсэн. Ирээд намайг эмч үзээд сумын төвийн эмнэлэг рүү авч явсан. Тухайн үед эмнэлгийн машинд би суугаад явсан. Сумын төвийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд 2024 оны 05 дугаар сарын 20-ны өглөө 08-09 цагийн үед нөхрийнхөө хамт өөрийн машинтай Улиастай сумын эмнэлэг рүү гарсан. 12-13 цагийн үед Улиастай сумын эмнэлэгт ирээд хэвтэж эмчлүүлээд 2024.05.29-ний 12 цагийн үед гарсан. Тухайн үед манай нөхөр Ц.Гантулга нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан... Би манай нөхөр Ц.Гантулга, Жадамба нар явж байсан.... Манай нөхөр Ц.Гантулгын эзэмшлийн мотоцикл байгаа юм. Улсын дугаар аваагүй. 2020 онд худалдаж авч байсан манай нөхөр... Би болон Жадамба, манай нөхөр Ц.Гантулга нар нь хамгаалалтын малгай өмсөөгүй байсан... Манай нөхрийн жолоодож явсан гэх улаан өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклын гэрэл дохио нь ажиллана. Мөн гар тоормос нь ажиллана. Харин хөл тоормосгүй мотоцикл байгаа юм... Манай нөхөр тухайн үед мотоциклынхоо гар тоормосыг атгасан эсэхийг мэдэхгүй байна. Манай мотоциклын хөл тоормос тухайн үед ажилладаггүй байсан... Нэг гэрийн хоёр учир хохирол мөнгийг тухай бүрд гаргаж эм тариа авч өгсөн учир хохирол бүрэн барагдсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-69 дүгээр хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч Д.Цэндсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Доржийн Чимэгээ нь 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд Эрүүл мэндийн даатгалын цахим системд бүртгэгдсэнээр 5.931.265 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авсан байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Доржийн Чимэгээ нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 5.931.265 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн бөгөөд уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73-74 дүгээр хуудас/,

-Гэрч Ц.Тогтбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 23 цагийн орчимд эмнэлгийн жижүүрт цээжээр өвдөж байна гэсэн дуудлага өгсөн. Мотоциклоос унасан талаар анх мэдээлэл өгөхдөө хэлээгүй. Дуудлагын дагуу багийн эмч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэхээр яваад сумын төвд 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 02 цагийн орчимд ирж өвчтөнг хүлээлгэж өгсөн. Жижүүр эмч 02 цаг 27 минутад намайг гэрээс дуудсан. Намайг эмнэлэг дээр очих үед дуудлагад явсан багийн эмч "...хавирга хугарсан бололтой, өвдөлт ихтэй, өвчин намдаах тариа буюу гетанол, аналгин демидрол өвчин намдаах зорилгоор зүрхний цохилт их байсан тул бидоп уулгасан..." гэж тайлбарласан. Намайг үзлэг хийхэд гараар тэмтрэхэд хавирганы хугаралгүй, хэвлийн өвдөлт ихтэй байсан... Гантулга надад “...мотоциклтой эхнэртэйгээ хөдөө гэр рүүгээ явж байхдаа замын ховилд цохиулаад мотоциклтойгоо осолдсон..." гэсэн. Тухайн үед Гантулга нь эхнэрийнхээ хамт дундуураа нэг айлын хүүхэд сундалж явсан гэсэн. Тухайн осол 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 17 цагийн орчимд болсон гэсэн... Миний зөөвөрлөж ирсэн өвчтөний биеийн зүүн хацар буюу нүүрний зүүн хэсэг таллаад хөхөрч хавдсан, зүүн нүдэнд цус хуралттай, зүүн талын хацар дээр жижиг хэмжээтэй халцарч зулгарсан шархтай, зүүн хөхний хэсэгт 2х2 см хэмжээтэй хөхрөлттэй, өөр ил харагдах гэмтэлгүй. Өвдөлт хэвлийн дээд хэсэгт, баруун талаар, мөрний зүүн хэсгээр дамжин өвдөнө. Гантулгын зүүн гар тохой, ташааны зулгарсан шархтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79 дүгээр хуудас/,

-Гэрч Б.Мөнгөнхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 19-ний орой 22 цаг 30 минутын үед Түдэвтэй сумын сум дундын эмнэлгийн жижүүрээс над руу залгаад Баянцагаан баг Мөстийн гол гэх газраас дуудлага мэдээлэл ирсэн байна жолооч Гүнчин-Ишийн хамт яваад ир гэж хэлсэн. Тэгээд би Баянцагаан багт Гантулгын гэрт очиход эхнэр Чимгээ нь зүүн талын орондоо хэвтсэн байдалтай байсан. Үзлэг хийхээр очиход Чимгээ надад хандан баруун талын цээжээр хүчтэй өвдөх зовуурьтай байна Би төвийн даралт, үзэж сумын PYY тээвэрлэсэн...Чимгээгийн нүүр зулгарсан, уруул хэсэг хавдсан, цээж хэсгээр өвдөөд байна гэсэн зовуурьтай байсан...Мотоциклоос унасан гэж хэлсэн. Өөр тодорхой зүйл яриагүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 83-84 дүгээр хуудас/,

-Бага насны гэрч Н.Жадамбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн үед Гантулга ах, түүний эхнэр Чимгээ нар манай гэрт ирээд намайг аваад явсан. Тэгээд өдөр Бүдээ гэх айлд бид 3 очиж Гантулга ах үрээг нь засаж өгсөн. Гантулга ах болон түүний эхнэр Чимгээтэй бид гурав мотоциклоор буцаад гэр рүүгээ явж байсан чинь урд нүх гарч ирээд хажуу талаар нь гарах гэж байгаад чулуу дайраад бид гурав мотоциклтойгоо унасан. Би тухайн үед голоор сууж явсан...Гантулга ах Бүдээ гэх нутгийн айлд үрээ засах ажлаар очоод буцаж яваад унасан... Тухайн үед Гантулга ах түүний эхнэр Чимгээ нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 87-88 дугаар хуудас/,

 -Гэрч Ц.Дашнямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2024 оны 05 дугаар сарын 19-ний өдөр манай гэрт Гантулга түүний эхнэр Чимгээ нар ирээд Н.Жадамбыг аваад мотоциклоор явсан. Орой 17 цагийн үед Жадамбыг манай гэрт авчирч өгөөд явсан байсан..." гэсэн мэдүүлэг, /хх- ийн 92-93 дугаар хуудас/,

-Гэрч Н.Буджавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2024 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 12 цагийн үед манай адуунд байгаа үрээг засаж хөнгөлөхөөр Ц.Гантулга, түүний эхнэр Чимгээ,Н.Жадамба нар мотоциклоор ирсэн. Тэгээд үрээгээ засаж дуусаад 16 цагийн үед манайхаас явсан. Тэгээд би сумын төв рүү хоёр хүүхдээ хичээлд нь хүргэж өгөхөөр явсан. Харин маргааш нь Ц.Гантулга, Д.Чимгээ, Н.Жадамба нар мотоциклоос унасан талаар мэдсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 96-97 дугаар хуудас/,

-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн хошууч П.Базардаргиагийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 000000185 дугаартай /хх-ийн 100-101 дугаар хуудас/,

-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн хошууч П.Базардаргиагийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 000000184 дугаартай дүгнэлт /хх-ийн 106-108 дугаар хуудас/,

-Мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн магадалгаа,/хх-ийн 112-114 дугаар хуудас/, Завхан аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 17/43 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хх-ийн 06-07 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Гантулга нь А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Түдэвтэй сумын Баянцагаан багийн Цагаан дэрс гэх газарт Нүүдэлчин маркийн улсын дугааргүй мотоциклыг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а заалтад заасан /энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 3.7.а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 12.1 дэх заалтад заасан жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд харгалзан хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж,  зорчигч Д.Чимгээгийн эрүүл мэндэд дэлүүний язрал урагдал, хэвлийн хөндийд цус хуралт, нүүр, хүзүүний хэсгийг хамарсан цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт хангалттай нотлогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч Ц.Гантулга нь А ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн мэдээллийн лавлагаагаар нотлогдож байх ба өөрийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм. 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн гаргасан, бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч нь энэ дүрмийг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас зам тээврийн осол гаргаж зорчигчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.       

Иймд Ц.Гантулгын дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.        

Прокуророос шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй юм.

 Иймд шүүгдэгч Ц.Гантулгыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гарган хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.       

Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлэхдээ шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил  3 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авхуулах албадлагын арга хэмжээг тохиролцсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт үйлдэлдээ гэмшиж байгаа байдлыг харгалзан эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр прокурортой тохирсон ял, албадлагын арга хэмжээний хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй байхгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Шүүгдэгч Дархчууд овогт Цэвээндашийн Гантулгыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гарган хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Ц.Гантулгын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг / жил 3 /гурав/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Гантулгад зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг  хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Ц.Гантулгад анхааруулсугай.

5. Шүүгдэгч Ц.Гантулга нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

6. Шүүгдэгч Ц.Гантулга нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохиролгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг тэмдэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг заасугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН