Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/50

 

        

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

=-],.

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батбаяраар хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э,

Шинжээч Э.Д,

Гэрч А.Б, Н.Ц, Б.Н,

Шүүгдэгч ... ХХК болон захирал Н.Р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2324000000082 дугаартай 2 хавтас эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ..., ... настай, яс үндэс ..., ... боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ... аймгийн ... сумын ... багт оршин суух, регистрийн дугаартай, ... овогт Н-ын Р /РД:... /.

 

Хуулийн этгээд: 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр үүсгэн байгуулагдсан, ... регистрийн дугаартай, ... улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай, хүнсний худалдаа, газар тариалан үйл ажиллагааны чиглэлтэй, ... аймгийн ... суманд оршин байх  ... ХХК, гүйцэтгэх захирал Н.Р. Хуулийн этгээд нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

... аймгийн ... сумын ... багт үйл ажиллагаа явуулах “...” ХХК-ны нэрийн өмнөөс Н.Р нь 2023 оны 07 дугаар сарын 17-оос 29-ний өдрийн хооронд өдөр ... сумын ... багийн “...” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр хэрэглээний зориулалтаар 6.8 метр куб шинэс төрлийн модыг иргэн Б.Д, Х.Д, Б.Н нартай бэлтгэж, ... сум руу тээвэрлэж, сумын ойн санд 3,517,030 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Н.Р-ийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, “...” ХХК-ий  холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүгдэгч Н.Р шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хувь хүнээрээ мод бэлтгэснээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс мод бэлтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэв.

-Гэрч Н.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай нөхөр, хадам аав хоёр мод бэлтгэж авчирсан. Авчирсан модоороо банз бэлтгэж, хашаа янзалсан. Мөн үхрийн хашаа янзалсан, зарим нь хэрэглэгдээгүй байгаа...” гэв.

-Гэрч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний тухайд бэлтгэсэн байсан модыг оруулж ирсэн...” гэв.

-Гэрч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний тухайд хууль бусаар мод бэлтгэсэн газарт очсон. Албан тушаалтны зүгээс очоогүй...” гэв.

-Шинжээч Э.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хэргийн газрын үзлэгээр ... сумын хэсгийн төлөөлөгч Ц, жолооч Б, ойн ангийн Б, техникч М, байгаль хамгаалагч Баасандорж нар хэмжилт хийсэн. Тухайн газар очиход модыг нь бэлтгээд аваад явчихсан 20 хожуул, үзүүрүүд нь байсан. Заримынх нь нойтон мөчир байсан. 20 хожуулын үзүүрийг тайрсан үртэс байсан. Модны эзлэхүүн гаргадаг стандартын дагуу эзлэхүүнийг гаргасан. Модны шинж байдал нь цаашдаа ургаж том болохгүй, гэхдээ ногоорно. Хүчилтөрөгч ялгаруулж, хүлэмжийн хийг шингээх чадвартай, амьд ургамал байх боломжтой. Амьдрах чадвартай моднууд байсан. Модны давирхай гараад ирсэн байсан. Зарим модны үзүүр хатсан байсан. Үүнийг болц гүйцсэн гэж ярьдаг. Үнэлгээг стандартын дагуу гаргасан. 6.8 метр куб шинэс төрлийн хар мод. Ойгоос бэлтгэсэн модыг цаг хугацааны хувьд 2023 оны зуны улиралд бэлтгэсэн байх боломжтой байсан. Шилмүүс нь гандсан байсан учраас ялгаж салгах боломжгүй байсан. Мод бэлтгэсэн газар нь тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй. Сайдын 2013 оны 325 дугаартай тушаалаар 2 дугаар мужид хамаардаг. 2020 оны А/177 дугаар тушаалаар 2 дугаар мужид байгаа нойтон экологи эдийн засгийн үнэлгээ нь шууд ба шууд бус үнэлгээний нийлбэрээр гаргадаг. Шууд гэдэг нь тухайн модны таваарлаг шинж байдлыг хэлдэг, шууд бус гэдэг нь хүлэмж, мод, амралт, зугаалгад явахад таатай орчин бүрдүүлэхийг шууд бус гэдэг. Энэ хоёрын нийлбэр 396,436 төгрөг болсон. Нойтон модны итгэлцүүр 1.4 гэж тогтмол тоо байдаг. Ингээд 3,517,030 төгрөг гэсэн үнэлгээг гаргасан...” гэв.

-Улсын яллагч Б.Ч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... ... аймгийн ... сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Ч би Прокурорын тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэг үйлдсэн ... ХХК болон захирал Н.Р холбогдох эрүүгийн 2324000000082 дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч ... аймгийн ... сумын ... багт үйл ажиллагаа явуулах ... ХХК-ний нэрийн өмнөөс Н.Р нь 2023 оны 07 дугаар сарын 17-оос 29-ний өдрийн хооронд ... аймгийн ... сумын ... багийн “...” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр хэрэглээний зориулалтаар 6.8 метр куб шинэс төрлийн модыг иргэн Б.Д, Х.Д, Б.Н нартай бэлтгэж, ... сумын руу тээвэрлэж, сумын ойн санд 3,517,030 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдаанд оролцсон гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна гэж үзэж байна. Тийм учраас ... ХХК болон түүний захирал Н.Р-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас ойн санд 3,517,030 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д зааснаар 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу 10,551,090 төгрөгийг төлөөгүй байна. Шүүх хэргийг нотлох үүрэг хүлээхгүй. Шүүгдэгч Н.Р-ийн тухайд ... ХХК-г төлөөлөх бүрэн эрхгүй байна. Түүний төлөөлөх бүрэн эрхтэй ХХК нь ... ХХК. Тийм учраас түүний төлөөлөх бүрэн эрхтэй ХХК-г гэм буруутай гэж үзэхээр байгаа. Иймд дүгнэлтээ дэмжиж байна. ...Шүүгдэгч ... ХХК болон Н.Р-т холбогдох хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүхээс тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Шүүгдэгч ... ХХК болон Н.Р-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Н.Р-ийг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, ... ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3-т зааснаар ойн мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл авах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 23,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Тухайн ХХК болон шүүгдэгчийн эзэмшилд Зил 130 маркийн тээврийн хэрэгсэл байдаг. Үүнийг битүүмжилсэн. Энэ нь эзэмшлийн маргаантай байдаг учраас прокурорын битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, түүний үнэ болох 3,400,000 төгрөг, хууль бусаар бэлтгэсэн модны үнэ 680,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох, мөн эд мөрийн баримтаар хураагдсан хууль бусаар мод бэлтгэхдээ ашигласан хөрөөг улсын орлого болгуулах саналыг гаргаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Тухайн гэмт хэргийг тохиолдлын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй байна. Хуулийн этгээд болон хувь хүн нь санаатайгаар, тусгаарлалт хийлгэсэн талбайгаасаа наана бэлтгэсэн учраас тохиолдлын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй байна...” гэв.

-Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Н.Р-ийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Үүнд өмгөөлөгч болон шүүгдэгчийн зүгээс маргах зүйлгүй. Өөрөөр хэлбэл гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод модон материал бэлтгэсэн, тээвэрлэсэн асуудлыг хүлээн зөвшөөрч байгаа. Үүнд маргахгүй. Харин   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3-т заасан ... компани нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдохгүй байна. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3-т заасан ... компанид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүгдэгчийн зүгээс ойн санд учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Иймд шүүгдэгч Н.Р-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар тухайн модыг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн үү гэдэг асуудал тогтоогдоогүй байгаа. Өөрөөр хэлбэл шүүгдэгч өөрт ашигтай буюу хашаагаа сэлбэх зорилгоор тухайн модыг авсан нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд тодорхой болдог. Хууль бусаар бэлтгэсэн модыг хэрхэн зарцуулсан талаар үнэлгээ гаргахад энэ байдал бүрэн тогтоогддог. Тийм учраас ... ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...Өнөөдрийн шүүх хуралдаанд Н.Р-ийн өмгөөлөгчөөр оролцож байна. Түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж харж байна. Өөрөөр хэлбэл хохирлоо төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, энэ гэмт хэрэг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдэгдсэн харагддаг. Эдгээрийг харгалзан үзнэ үү. Шүүгдэгч нь том тэрэг барьж ахуй амьдралаа залгуулж авч явдаг. Энэ нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, холбогдох баримтуудаар нотлогдож байгаа. Тийм учраас түүнд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Мөн тээврийн хэрэгсэл, хөрөөг улсын орлого болгуулахад татгалзах зүйлгүй. Өмчлөлийн маргаантай учраас заавал тээврийн хэрэгсэл биш түүний үнийг улсын орлого болгуулахад татгалзах зүйлгүй. Тохиолдлын шинжтэй гэдэг нь тухайн моднуудын зарим нь бэлтгэгдсэн байсан учраас үүн рүү оруулсан. Шүүгдэгч нь хохирлоо төлсөн. Торгох ялыг хэрэгжүүлэхийн тулд тодорхой хэмжээний хөдөлмөр шаардагдах учраас түүнийг нийгэмшүүлэх ажлын хүрээнд торгуулийн ял нь зохимжтой байна. Өөрөө ажил хөдөлмөр эрхэлж, шүүхээс тогтоосон ялыг биелүүлэх үүргийг хүлээлгэж байгаа учраас хамгийн багаар торгож өгнө үү...” гэв.

Эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Мөрдөгчийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-14-р хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч Х.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн иргэн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Сумын ойн санд учруулсан хохирол болох ... сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан 3,517,030 /гурван сая таван зуун арван долоон мянга гучин/ төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээг нөхөн төлбөрийн хамт нэхэмжилнэ өөр зүйл байхгүй. Тухайн иргэний зүгээс ойн санд учруулсан хохирол, нөхөн төлбөрөө барагдуулчих юм бол ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний зүгээс шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох шаардлагагүй гэж бодож байгаа тул шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохгүй. Яг хэддүгээр мужлалд хамаардаг болох сайн мэдэхгүй байна. Тусгай хамгаалалттай газар нутаг бол хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

-Гэрч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би анх 2023 оны 07 дугаар сарын 27, 28-ны үед байх ... аймгийн ... сумын ... багийн нутаг ... голын ... гэдэг газар очтол босоо моднууд унагаагаад ногоон мөчиртэй гишүүнүүд үлдээгээд модоо ачаад аваад явсан байсан. Ойгоос бэлтгэсэн мод нь шинэс төрлийн 4 метрийн нойтон бүдүүн мод байсан. Мод бэлтгэсэн газар очиход дандаа босоо мод тайрсан байсан. Унагааж тайрсан модноос үлдсэн байсан үзүүр хэсэг нь нойтон бололтой ногоон мөчиртэй байсан. Тэр талаар тухайн үед сайн мэдээгүй Зил-131 маркийн машины мөр байсан өөр ямар нэгэн машины мөр байгаагүй, манай сумын 2 хөрөө рам модондоо гарсан гэж дуулсан. Манай ... баг дээр тусгаарлалт хийлгэсэн байсан. Мод хийгдсэн газар нь хөрөө рамын тусгаарлалтын талбай биш тусгаарлалтын талбай нь ... сумын ... багийн ... гэдэг газар байгаа хилийн инженерийн торны цаана байдаг. Мод бэлтгэхдээ мэдэгдсэн зүйл байхгүй. Хөрөө рам ажиллуулдаг Р буюу Ж мод бэлтгэж ачсан гэж манай багийн иргэд ярьж байна лээ би бас Ж-г мод бэлтгэсэн гэж бодож байна. Намайг тухайн үед очиход угаасаа Зил-131 маркийн машины шаварт шигдээд орчихсон мөр байсан газрын онцлог нь шавартай устай Зил-131 машинаас өөр машин явах боломжгүй бартаа саад ихтэй газар байгаа юм. Тиймээ шинээр бэлтгэсэн мод байсан. Тухайн цаг хугацаанд хийсэн байх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

-Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ... аймгийн ... сумын тамгын газар ажил дээрээ байж байтал манай байгаль хамгаалагч Х.Б надад хэлэхдээ ... багийн ... гэх газраас Р нь зохих зөвшөөрөлгүй нойтон мод хийсэн байна гэж хэлэхлээр нь хэзээ хэн яг ямар газраас хийсэн талаар асуухад манай ...-ийн ... багийн иргэн хөрөө рам ажиллуулдаг Р нь ... багийн ... гэдэг газар тусгаарлалт хийлгэсэн байж тусгаарлалт хийлгэсэн газраасаа мод хийхгүй тусгаарлалт хийлгээгүй газраас нойтон босоо мод хийсэн гэхийг сонсоод цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Тэгээд манай байгаль хамгаалагч Х.Б, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч С.Б, хэсгийн төлөөлөгч Н.Ц, ... сумын ойн ангийн дарга Д нар явж хэргийн газрын үзлэг хийгээд буцаж ирсэн. Ойгоос бэлтгэсэн мод нь Шинэс төрлийн 4 метрийн нойтон бүдүүн дандаа босоо мод унагасан байсан гэсэн. Р буюу Ж-ийн хувьд ... ХХК-аар нэр дээр мод бэлтгэх зөвшөөрлийг ... сумын ойн ангиас тусгаарлалт хийж Ойн ангитайгаа гэрээ байгуулж тодорхой хугацаа заасны үндсэн дээр модоо бэлтгэж, Бэлтгэж дууссаны дараа ойн ангиа дуудаж хүлээлгэж өгдөг. Мөн тухайн тусгаарлалт хийлгэсэн газар дээр JPS төхөөрөмжөөр 4 цэгт координат тогтоон тэмдэглэл хийж, тухайн бэлтгэх модыг заан өгч модонд тэмдэг тавин, тэмдэглэл хийсэн талбайгаас гадагш гарахгүй байх талаар анхааруулж тусгаарлалт хийдэг. Тусгаарлалт хийлгэснийхээ дараа хилийн цэргийн торны ард гардаг болохоор цэргийн анги руу зөвшөөрлөө явуулсан байгаа зөвшөөрөл ирэхээр нь модондоо гарна гэж байсан. Тусгаарлалт хийгдсэн газраасаа мод бэлтгэж байхад нь би хяналт тавьдаг, тухайн үед энэ модыг бэлтгэх үед би ээлжийн амралттай УБ хотод байсан болохоор мэдээгүй байна лээ. Хөрөө рам ажиллуулдаг Ж буюу Р гэдэг хүн мод бэлтгэж ачсан гэж манай сумын ... багийн иргэд болон манай сумын байгаль хамгаалагч Б хэсгийн төлөөлөгч цагдаа нараас мэдсэн...2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ... сумын ойн ангитай гэрээ хийж ... сумын ... багийн ... гэх газар цэг-1 N49 54 3.6 E96 33 39.3, цэг-2 N49 54 4.3 E96 33 26.8, цэг-3 N49 54 10.6  E9 33 24.4  цэг-4 N49 54 9.6 E96 33 36.6 гэсэн дугаартай 4 цэгийг координатаар тогтоож тусгаарлалт хийлгэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

-Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 19, 20-ны үед байх цаг хугацааг нь сайн санахгүй байна ... аймгийн ... сумын ... баг сумын төв дээр ах Д-ийнд байж байтал манай сумын хөрөө рам ажиллуулдаг Ж буюу Р ах миний утас руу залгаад мод ачилцаад өгөөч хөлс мөнгийг нь өгье гэхээр нь мотоциклоор хөрөө рамын хашаанд очоод сумын төвөөс Бор ногоон өнгийн Зил-131 маркийн чиргүүлтэй машинаар Ж ах машинаа бариад Б, Д бид 4 цуг яваад ... сумын ... багийн .. гэдэг газар очсон чинь ойгоос уртаар нь мод чирч гаргасан моднууд байсан тэгээд модоо Ж ах хөрөөдөөд 4 метрээр хэмжиж тайраад машин чиргүүл 2 дээрээ модоо хөндлөн ачаад харанхуй болсон хойно орой 22 цагийн үед байх сумын төв дээр ирээд модоо Ж ах хөрөө рам дээрээ буулгасан. Тэгээд бид хэд хоол унд идээд би ахындаа ирээд хоносон. Ойгоос бэлтгэсэн мод нь Шинэс төрлийн мод байсан уртаар нь модны захад гаргаад ирсэн моднууд байсан тэгээд модоо 4 метрээр тайрсан. Унагааж тайрсан модноос үлдсэн байсан үзүүр хэсэг нь нойтон бололтой ногоон мөчиртэй байсныг модон дотроо цагаалаад орхисон байсан. Бор ногоон өнгийн улсын дугаарыг нь сайн мэдэхгүй байна Зил-131 маркийн машинаар бас ногоон өнгийн чиргүүлээр ачиж ирсэн. Цагаан өнгийн Дружба хөрөөгөөр модоо тайрсан. Тэрийг сайн мэдэхгүй байна. Хөрөө рам болохоор зөвшөөрөлтэй гэж бодсон. Бид хэдийг мод ачиж байхад Ж ах арай дутахаар байна гээд хөрөөгөө аваад модруу ороод 2 ширхэг босоо мод унагаагаад Зил-131 машинаар тросоор модоо холбоод чирч гаргаж ирээд ачсан. Бид хэдийг трос модонд холбож ногоон мөчрүүд модон дотроо цагаалсан байсан. Шинээр хөрөөдсөн нойтон моднууд байсан. Тэр үед л хийсэн бололтой ачихад нэлээн хүнд моднууд байсан. Нэг удаа мод ачилцаад ирэхэд өдрийн 70,000 төгрөг бэлэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

-Гэрч Х.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би анх 2023 оны 07 дугаар сарын 20-ны үед байх цаг хугацааг нь сайн мэдэхгүй байна ..: аймгийн ... сумын ... баг сумын төв дээр байж байтал манай сумын хөрөө рам ажиллуулдаг ... гэдэг ах утсаар яриад ахын дүү мод ачилцаад өгөөч гэхээр нь сумын төвөөс Бор ногоон өнгийн Зил-131 маркийн машинаар Ж ах машинаа бариад Н, Б бид 4 цуг яваад ... сумын ... багийн ... гэдэг газар очсон чинь ойгоос уртаар нь чирч гаргасан моднууд байсан тэгээд модоо Ж ах хөрөөдөөд 4 метрээр хэмжиж тайраад машин дээрээ ачаад орой 22 цагийн үед сумын төв дээр ирээд модоо Ж ахын хөрөө рам дээрээ буулгасан. Тэгээд бид хэд хоол унд идээд гэр рүүгээ явцгаасан. Ойгоос бэлтгэсэн мод нь Шинэс төрлийн урт мод байсныг 4 метрээр тайрсан. Унагааж тайрсан модноос үлдсэн байсан үзүүр хэсэг нь нойтон бололтой ногоон мөчиртэй байсныг модон дотроо цагаалаад орхисон байсан. Бор ногоон өнгийн улсын дугаарыг нь сайн мэдэхгүй байна Зил-131 маркийн машинаар бас ногоон өнгийн чиргүүлээр ачиж ирсэн. Надад хэлэхдээ зөвшөөрөлтэй гэж хэлсэн...Тиймээ шинээр бэлтгэсэн нойтон мод байсан. Тэр үед л хийсэн бололтой моднууд байсан. Нэг удаа мод ачилцаад ирэхэд өдрийн 70,000 төгрөг бэлэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

Гэрч Н.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...“...” ХХК-ийг 2020 Б-ын Б болон түүний төрсөн хүү Б.М нараас 21,000,000 төгрөгөөр манай нөхөр худалдаж авсан. Гэхдээ “...” гэх аж ахуйн нэгжийг албан ёсоор өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй. Манай нөхөр хаяа л үйл ажиллагаа явуулдаг. Уг компани нь модон эдлэл, мод үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 89-90 дүгээр хуудас/,

-Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... ... аймгийн ... сумын сум дундын ойн анги нь хуульд заасны дагуу ойгоос мод бэлтгэх талбай тусгаарлах эрх үүрэг байдаг. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/133 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад ойгоос мод бэлтгэх журмын дагуу ойгоос мод бэлтгэх эрх авсан нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага мод бэлтгэх талбайг Ойн ангиар тусгаарлуулж, мөнгөн үнэлгээ хийлгэсэн байна гэсний үндсэн дээр “...” ХХК-ны гаргасан хүсэлтийн дагуу тус сумын засаг дарга нь манай байгууллагад хүсэлт гаргадаг. Тухайн гэрээ дээр мод бэлтгэх хугацаа, санамж зөвлөмж, ойн нөөц ашиглалтын төлбөрийн хэмжээ багтдаг. Уг гэрээг би, сум дундын ойн ангийн дарга Э.Д, сум дундын ойн ангийн жолооч М, ... сумын байгаль хамгаалагч Б, “...” ХХК-ны захирал Н.Р нарын хамт байгуулсан... “...” ХХК ... сумын ... багийн ... гэх нэртэй газар 5 га газарт мод бэлтгэх байсан. Хэдэн метр куб байсныг гэрээнд тусгасан байгаа би сайн санахгүй байна...Ойн нөөцийн төлбөрийн хэмжээг төлсний дараагаар мод бэлтгэх тусгаарлалт хийгдсэн талбайгаас мод бэлтгэж болно. Түүнээс биш мод бэлтгэх эрхийн бичиг авалгүйгээр мод бэлтгэж болохгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 166-173 дугаар хуудас/,

-Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Завхан аймгийн Баянтэс сумын иргэн Н.Р-ийг танина. Н.Р-тэй 2018 онд танилцаж байсан манай нутгийн хүргэн болж ирж байсан. Бид хоёрын дунд 21,000,000 төгрөгийн өр авлагын асуудал байсан ба би Н.Р-ээс 21,000,000 авах байсан юм. Гэхдээ 2020 оны хавар наймаа хийхдээ бэлэн 16,000,000 төгрөгийг надад өгсөн, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг 6 сарын дотор надад өгч барагдуулсан. Одоо бол ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй...Би ... аймгийн ... суманд үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-ын талаар мэднэ. Тухайн компанийн захирал нь Б.Б гэж хүн байдаг юм. Одоо үйл ажиллагааг нь Н.Р явуулдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 113 дугаар хуудас/,

-Гэрч М.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хүү маань 3 жилийн өмнө хүнээс модны хөрөө рам худалдаж авсан. Хөрөө рамын хашаанд нь би байдаг...Хөрөө рамынхаа нэрийг нь албан ёсоор шилжүүлж аваагүй юм шиг байна лээ. 20,000,000 гаруй сая төгрөгөөр Батжаргал гэх хүний хүүхдээс худалдаж авсан гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 120-121 дүгээр хуудас/,

-Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2007 онд Баянхайрхан сумын Н гэх хүнд машинаа 1 сая 500 мянган төгрөгөөр худалдсан. Тухайн үед бичиг баримтыг нь бүгдийг нь өгч байсан. ... аймгаас худалдаж авахдаа өөрийнхөө нэр дээр шилжүүлээгүй байж байгаад өгсөн...Би Р гэх хүнийг танихгүй ээ харин аав нь болох Н гэх хүнд Зил-130 маркийн автомашиныг 1 сая 500 мянган төгрөгөөр 2007 онд худалдсан бид нарын дунд ямар нэгэн өр авлага байхгүй ээ. Тээврийн хэрэгслийн дугаарыг сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 92 дугаар хуудас/,

-Гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...“...” ХХК нь 2023 онд нийт 8 удаа буюу нийт 1.029.767 төгрөг ойн нөөц ашигласны төлбөрт төлж мод бэлтгэх эрхийн бичиг авсан...Мод бэлтгэх эрхийн бичгийн жагсаалтаас шүүж үзэхэд ... багийн ... гэх газарт ойн сан ашигласны төлбөр төлөөгүй байна... ... багийн ... гэх газар мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийлгээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 113 дугаар хуудас/,

-Шинжээч Э.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ... аймгийн ... сумын ... багийн ... гэх газарт “...” ХХК-ын захирал Н.Р-т тусгаарлалт хийх талбайг сонгож өгөөд миний бие гүйцэтгэгч байгууллага буюу Сум дундын ойн ангийг төлөөлж, харин мод бэлтгэгч байгууллагыг төлөөлж “...” ХХК-ын захирал Н.Р нар мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээ байгуулсан... “...” ХХК-ны зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэх Цэргийн гол гэх газарт очиход нэг цаг хугацаанд шинээр тайрагдсан 20 хожуул, уг 20 хожуулаас тайрагдаж үлдсэн 20 модны үзүүр байсан. Дүгнэлт гаргахын тулд тухайн модны ёроолоос уг модноос тайрагдаж үлдсэн тайрагдаж үлдсэн үзүүрийн хөрөөдсөн үртэс хүртэлх уртын хэмжээ, тайрагдаж үлдсэн үзүүрийн диаметр зэргийг харьцуулж үзээд харьцуулж үзээд тухайн модны эзлэхүүнийг гаргасан. “...” ХХК нь 6.8 метр куб шинэс төрлийн босоо нойтон мод бэлтгэсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 123-124 дүгээр хуудас/,

-Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээчний 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 62 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 96-98 дугаар хуудас/,

... аймгийн ... сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №03 дугаартай дүгнэлт /хх-ийн 46-48 дугаар хуудас/,

-... аймгийн ... сумын Эрүүл мэндийн төвийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 172 тоот албан бичиг /хх-ийн 110 дугаар хуудас/,

-Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Эд зүйлийг хавтаст хэрэгт тусгах тухай” тогтоол /хх-ийн 65 дугаар хуудас/,

-Ойн мэргэжлийн байгууллагын гэрчилгээний хуулбар /хх-ийн 64 дүгээр хуудас/,

-Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл” /хх-ийн 33 дугаар хуудас/,

-... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 660 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хх-ийн 67-69 дүгээр хуудас/,

-Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл”, хавсралт /хх-ийн 133-134 дүгээр хуудас/,

-Мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл”, хавсралт /хх-ийн 152-160 дугаар хуудас/,

-Мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн “Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл”, хавсралт /хх-ийн 166-173 дугаар хуудас/

-Хохирол, нөхөн төлбөрийг төлсөн баримтууд зэрэг нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч ... ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Р нь 2023 оны 07 дугаар сарын 17-оос 29-ний өдрийн хооронд ... аймгийн ... сумын ... багийн “...” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр хэрэглээний зориулалтаар 6.8 метр куб шинэс төрлийн нойтон модыг иргэн Б.Д, Х.Д, Б.Н нартай бэлтгэж, Баянтэс сум руу тээвэрлэсэн үйл баримт хангалттай нотлогдож байна.

Тодруулбал,

1. Н.Р нь 2023 оны 07 дугаар сарын 17-оос 29-ний өдрийн хооронд ... аймгийн ... сумын ... багийн “...” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр хэрэглээний зориулалтаар 6.8 метр куб шинэс төрлийн модыг иргэн Б.Д, Х.Д, Б.Н нартай бэлтгэж, ... сумын төв руу тээвэрлэсэн үйл баримт нь  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Б.Н, Х.Д нарын мэдүүлэг, модны төрөл хэмжээг тогтоосон шинжээчийн дүгнэлт, мод бэлтгэсэн гэх хөрөөг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, мод тээвэрлэсэн гэх тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тэмдэглэлээр,

2. Бэлтгэж, тээвэрлэсэн 6.8 метр куб мод нь зохих зөвшөөрөлгүй байсан болох нь иргэний нэхэмжлэгч Х.Л, гэрч Д.Д, Б.М, А.Б, шинжээч Э.Д нарын мэдүүлэг, ..............ХХК-ийн мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээ болон дагалдах бичиг баримтууд, мод бэлтгэх эрхийн бичгүүд, Н.Р-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлгээр,

3. Н.Р нь ... ХХК-ийн гүйцэтгэх захирал болох нь ... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн лавлагаа, Н.Р-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон гэрчүүдийн мэдүүлгээр тус тус хангалттай нотлогдож байна.

Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т “Ойн санд учирсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж хуульчилсан ба ... ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Р нь ... аймгийн ... сумын ойн санд 10,551,090 төгрөгийн хохирол учруулсан болох  нь: 

-... аймгийн ... сумын Засаг даргын Тамгын газрын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “...Иргэн Н.Р-ийн хууль бусаар бэлтгэсэн 6.8 м.куб шинэс модыг захиргааны журмаар хураан авах, ...Экологи-эдийн засгийн үнэлгээ болох 6,8 м.куб=3,517,030 төгрөг боловч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т зааснаар нөхөн төлбөрийн хэмжээг гурав дахин өсгөн тооцож 3,517,030х3=10,551,090 төгрөгийг нөхөн төлүүлэх, актаар тогтоосон төлбөр болох 10,551,090 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны дотор бүрэн барагдуулахыг иргэн Н.Р-т сануулав...” гэсэн улсын байцаагчийн акт /хх-ийн 137 дугаар хуудас/-аар нотлогдож байна.

Мөн шүүгдэгч ... ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Р нь ойн санд учруулсан хохиролд 10,551,090 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд гаргаж өгсөн банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар нотлогдож байна.

 Түүнчлэн уг үйл баримтууд нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байхаас гадна шүүгдэгчийн үйлдэл, газар орон, цаг хугацаа, бусад үйл баримтууд нь шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар бүрэн дүүрэн, хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгч ... ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Р-т холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны  явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, иргэний нэхэмжлэгч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хангалттай нотолсон, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв гэж үзлээ.

Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэж, тээвэрлэж дуусах хугацаа, газрын нэрийг заана” гэж, 4 дэх хэсэгт “Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурины хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно” гэж тус тус хуульчилсан

... ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Р-ийн мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдлүүд нь мод бэлтгэх эрхийн бичгийн үндсэн дээр үйлдэгдэх байсан ч тэрээр эрхийн бичиггүйгээр үйлдсэн байх тул зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Тодруулбал,

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд “Монгол улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж тунхаглан баталгаажуулсан.

... ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Р нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх, тээвэрлэх үйлдлийн улмаас байгаль орчинд хохирол учрах, уг үйлдэл нь хууль бус гэдгийг ойн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдгийн хувьд ухамсарлан ойлгох чадвартай хэдий ч үйлдлээрээ хор уршигт зориуд хүргэсэн байна.

 Эрүүгийн хуулийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт: “Өөрийн  үйлдэл эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж” гэж хуульчилсан тул ... ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Р-ийн үйлдлийг санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ... ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Р өөрийн гаргаж буй үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсэж үйлдэн, Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, байгаль орчин, ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг, харин эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдлээрээ обьектив шинжийг тус тус хангаж байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.” гэж хуульчилсан.

Гэвч Н.Р-тэй хамт мод бэлтгэж, тээвэрлэсэн Б.Д, Х.Д, Б.Н нар нь Н.Р-ийг ойд огтлол хийх тусгай зөвшөөрөлтэй “... ХХК” гэх хуулийн этгээдтэй гэж ойлгож, ойд бэлтгэсэн модоо боловсруулах хөрөө рамтайг мэддэгийн хувьд зөвшөөрөлтэй мод бэлтгүүлж байна гэж итгэсний үндсэн дээр ажилд нь тусалсан байх тул гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх үзсэн болно.

Иймд ... аймгийн ... сум дахь сум дундын прокурорын газраас Н.Р-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэлд хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчилсан.

Монгол Улсын хувьд 2015 оны Эрүүгийн хуулийн (шинэчилсэн найруулга) есдүгээр бүлгээр хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалтыг иж бүрэн хуульчилсан ба хуулийн заалтуудаас үзвэл хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хувь хүнтэй адил зарчим үйлчилнэ.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн шударга ёсны зарчимд “хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдсэн бол тухайн хүнийг ялаас чөлөөлж, хуулийн этгээдэд ял оногдуулна” гэж, мөн “хуулийн этгээдэд ял оногдуулсан бол тухайн хувь хүнийг ялаас чөлөөлөхөөр тусгасан” байсан. Харин 2017 оны тавдугаар сард УИХ-аар баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлалд “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх талаар санхүүгийн хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэх олон улсын байгууллагын шинэчилсэн 40 зөвлөмж”-ийн гуравдугаарт “хувь хүнд хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн этгээдийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байх талаар хуульд тусгах шаардлагатай” гэснийг дурдаж, Эрүүгийн хуулийн 9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмын дагуу хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан, зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж хуульчилсан.

Тодруулбал:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч энэ гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан гэмт хэргийн шинжийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан бол гэмт хэргийн гүйцэтгэгчид тооцно” гэж, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно.” гэж, 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмын дагуу хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан, зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж хуульчилсан.

Өөрөөр хэлбэл хуулийн этгээдэд дараах үндэслэлээр ял оногдуулна. Үүнд:

1 дүгээр үндэслэл: Хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хийсэн үйлдлийн өмнөөс төлөөлөн хариуцлага хүлээх,

2 дугаар үндэслэл: Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хувь хүний үйлдсэн гэмт хэрэг нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн байх шинжийг агуулсан байх,

3 дугаар үндэслэл: Эрүүгийн хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх явдал юм.

Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна.” гэж, 59.2 дахь хэсэгт “Нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ.” гэж,  83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэгт “Компанийн дүрэмд гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэхээр заагаагүй бол хувь хүн хэрэгжүүлнэ.” гэж, 83.3 дахь хэсэгт “Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна.” гэж тус тус хуульчилсан.

Мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд хуулийн этгээдийн хувийн хэрэгт агуулагдах мэдээлэл, тэдгээрийг улсын бүртгэлд бүртгэх журмыг хуульчилсан ба 10 дугаар зүйлийн 10.1.10 дэх хэсэгт “Хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхийн хуулбар, гадаадын иргэн бол паспортын хуулбар;” улсын бүртгэлд бүртгэгдэхээр хуульчлагдсан байна.

 ... ХХК-ийн тухайд хувь хүн Н.Р гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон улсын бүртгэлд “... ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Н.Р-ийг бүртгэв” гэсэн улсын бүртгэлийн баримтаар хангалттай нотлогдож байх тул Н.Р-ийг компанийн эрх бүхий албан тушаалтан гэж үзэх  үндэслэлтэй юм.

Мөн  Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн  24.6 дугаар зүйлийн зүйлийн 3  дахь хэсэгт хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр энэ гэмт хэргийн шинжийг хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болох талаар хуульчилсан ба Н.Р нь  ХХК-ийн эрх бүхий албан тушаалтны хувиар өөрөө, мөн бусдад “... ХХК” хуулийн этгээдэд олгогдсон ойгоос мод бэлтгэж, тээвэрлэх эрхээр далимдуулан итгэл үнэмшил төрүүлж мод бэлтгүүлж, тээвэрлүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч болон шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс Н.Р-ийн ... ХХК-ий нэрийн өмнөөс, түүний ашиг сонирхлын төлөө хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлээгүй, харин хувь хүнийхээ тухайд хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэж мэтгэлцэж байх боловч шүүх Н.Р нь ... ХХК-ий гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлдэг байх ба уг ХХК нь нэг хувьцаа эзэмшигчтэй тул шүүгдэгчийн ашиг сонирхол, хуулийн этгээдийн ашиг сонирхол нэг байна гэж үзсэн болно.

Иймд ... ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Р-ийн  дээрх үйлдлийг хуулийн этгээдийн ашиг сонирхолын төлөө үндэслэлээр ... аймгийн ... сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хуулийн этгээд ... ХХК-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба уг этгээд нь хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан байгаа тохиолдолд дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдэл хийсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалттай. Гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээдийн төлөөлөх албан тушаалтанд хүнийх нь хувьд болон тухайн хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн 9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын давхардсан хэлбэр болохгүй юм.

Шүүгдэгч ... ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Р-т холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул ... ХХК болон гүйцэтгэх захирал Н.Р-ийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... ХХК-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Н.Р-т Эрүүгийн хуулийн 9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ... ХХК болон шүүгдэгч Р-т ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байдал, хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй юм.   

Иймээс прокурорын санал болгосны дагуу ... ХХК-ийн ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх зөвшөөрөл авах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Н.Р-т шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал болгосны дагуу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

Шүүгдэгч Н.Р нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгчийн зөвшөөрөлгүйгээр ойд бэлтгэсэн 6.8 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 3,517,030 төгрөг болсон байх ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 4 дэх хэсгийн 1 дэх заалтуудыг үндэслэн ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, 10,551,090 төгрөгийн нөхөн төлбөр тавьсан ... аймгийн ... сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн актыг үндэслэлтэй гэж шүүх үзэв. 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т сум, дүүргийн засаг дарга нь байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар, 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлөхөөр тус тус хуульчилсан учир шүүгдэгч Н.Р-ээс ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөр 10,551,090 төгрөгийг төлсөн нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн хэргийн нотлох баримтуудаар шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болох нь нотлогдож байна.

 

Иймээс энэ хэрэгт цаашид шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар 1 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж хуульчлагдсан.

 

Үүнээс үзвэл шүүгдэгч Н.Р-ийн хууль бусаар бэлтгэсэн 680,000 төгрөгийн үнэлгээ бүхий шинэс төрлийн 20 ширхэг мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх хятад улсад үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг, Зил-130 маркийн тээврийн хэрэгсэл зэргийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж үзэхээр байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилсан тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 120,000 төгрөгийн үнэлгээ бүхий хятад улсад үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн цахилгаан хөрөө 1 ширхгийг улсын орлого болгож төсөвт шилжүүлэх нь, түүнчлэн хууль бусаар бэлтгэсэн 20 ширхэг модыг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэж үзэх бөгөөд тухайн модыг шүүгдэгч үрэгдүүлсэн байх тул үнэ 680,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгож төсөвт оруулах нь зүйд нийцнэ. Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Зил 130 маркийн тээврийн хэрэгсэл нь өөр хүний нэр дээр бүртгэлтэй, эзэмшлийн маргаантаэй байх тул үнэ 3,400,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгон төсөвт оруулах нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Харин үнийг нь шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгон төсөвт оруулахаар шүүх шийдвэрлэж буй учир Зил 130 маркийн Оросын Холбооны улсад үйлдвэрлэсэн цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  ХХК болон гүйцэтгэх захирал ... овогт Н-ын Р-ийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээд ... ХХК-ний ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх зөвшөөрөл авах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ... овогт Н-ын Р-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Р-т шүүхээс оногдуулсан торгох ялыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

5. Шүүгдэгч Н.Р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

6. Шүүгдэгч Н.Р нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгчээс энэ хэрэгт гаргуулах хохирол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 120,000 төгрөгийн үнэлгээ бүхий Хятад улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө 1 ширхэг, шүүгдэгчийн хууль бусаар мод бэлтгэсэн модны үнэ 680,000 төгрөг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Зил 130 маркийн машины үнэ 3,400,000 төгрөгийг тус тус шүүгдэгч Н.Р-ээс гаргуулан улсын орлого болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ... ХХК-ний хууль ёсны төлөөлөгчийн эзэмшлээс Зил 130 маркийн Оросын Холбооны улсад үйлдвэрлэсэн цэнхэр өнгийн автомашин битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг тэмдэглэсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг заасугай.

12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УРТНАСАН