| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0148/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/147 |
| Огноо | 2024-07-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/147
2024/ШЦТ/147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж,
Улсын яллагч: Ж.Ц
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б
Шүүгдэгч: Ө.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Өын Ад холбогдох эрүүгийн 2412.................. дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Усан бассейны жижүүр ажилтай, ам бүл 1, ганцаараа, .............. аймгийн ................ сум, ............ дугаар баг, ...................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Д овогт Өын А /РД:/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар ........... аймгийн ........... сумын .................. багийн нутаг .................. үүдэнд 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэн Б.Э нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь завжинд шарх, хүзүү, цээжинд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ө.А нь 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ...........аймгийн ...........сумын 2 дугаар баг, ........................ тоот гэртээ байхад “ажлынхаа багштай явалддаг биз дээ” гэх шалтгаанаар хохирогч Б.Эийн биед нь халдаж, түүний биед завжинд шарх, хүзүү, цээжинд зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Б.Эийн “...Би 2023 оны 01 дүгээр сард Ө.Атэй анх танилцсан. Би өөрийн гэртээ байдаг байсан учир Атэй үерхэж эхэлж байсан тул гэрээр нь очдог байсан. 2024 оны 03 дугаар сарын сүүлээр шиг санагдаж байна, өдрийг нь санахгүй байна. Атэй хууч хөөрч байгаад Аийн чат дээр байгаа хүмүүсийн талаар ярьж байтал гэнэт уурлаад үснээс зулгаагаад чирсэн. Тухайн үед нь Аийн эгч ах нь хотоос ирэх гэж байсан болохоор бид хэрэлдэхээ больсон. Энэ үед миний үсний хуйх хөндүүрлэсэн, ташаа толгой руу мөн алгадсан. 2024 оны 04 дүгээр сард өдрийг нь санахгүй байна. 3 дугаар сургууль дээр орж ирээд машинд суу гэхээр нь би суухгүй гэтэл утас авч гараад суу эсхүл ажилчдын чинь өмнө булай болгоно шүү гэж хэлэхээр нь би дагаад гартал машиндаа суулгаад Цогт уулын ард аваачиж миний хөхний даруулга болон фодволк, куртекийг ураад чи чатаа устгадаг өөр хүнтэй харьцдаг гэж хэлээд байдаг. Надаас чи хэнтэй явдаг талаараа хэл гээд байдаг. Би хэн нэгэн хүнтэй ямар нэгэн байдлаар дотно харилцаанд орж байгаагүй. 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр би Аийн гэрт байж байхад 06 цагийн үед шиг санагдаж байна. Үүр цайж байхад гаднаас орж ирээд чи ажлынхаа багштай явалддаг биз дээ гээд хардаад байсан. Тухайн багш 3 дугаар сургуулийн багш Г гэж хүн байгаа, түүнтэй бичсэн ойр зуурын цэнэглэгч, 20,000 төгрөг байна уу гэдэг чатыг хараад уурлаад байсан. А гэнэт намайг үстээд би чамайг алчих уу гэж хэлээд хана шал мөргүүлээд үсдээд орон дээр дарж унагаад цээж хөх орчимд цохисон. Хана хаалга руу түлхээд байсан. Өөрийнхөө ч амийг хорлоно гээд заазуур барьж авсан. Тиймээс би тэндээс гараад гэртээ ирээд Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Би өмнө нь цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Зодуулж цохиулдаг талаар миний хүүхдүүд мэдэхгүй. Намайг зодуулдаг талаар бэр эгч А мэднэ. Өөр олон хүн мэдэхгүй. Одоогоор толгой өвдөж байна. Дагзны доод хэсгээр хөндүүрлээд байгаа. Хүзүү цээж хэсгээр зулгаралтууд байгаа. Би гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 07-09 дүгээр тал/,
Хохирогч Б.Эийн дахин “...Би уг дүгнэлтийг гаргуулмааргүй байна. Миний сэтгэцэд хор уршиг учраагүй. 2023 оны 01 дүгээр сард биллиардын газарт анх танилцаж байсан. Түүнээс хойш анх 2023 оны 02 дугаар сарын дундуур анх болзсон. Түүний дараа буюу 3 дугаар сард үерхэж эхэлсэн. Тэр үедээ анх бэлгийн харьцаанд орсон. Түүний дараагаас арай дотно үерхэж эхэлсэн. 2023 оны 03 дугаар сард хоёр хоносон. 2023 оны 04 дүгээр сард бол манай гэрт нэг ч ирж хоноогүй бөгөөд би ч Аийн гэрт очиж үзээгүй байсан. 2023 оны 11 дүгээр сард А нь хөлөө гэмтээгээд манай гэрт 10 хоносон. Яагаад гэхээр миний хоёр хүүхэд байгаагүй болохоор би гэртээ байлгасан юм. Тэрнээс бол би хүүхдийнхээ хажууд эрэгтэй хүн байлгаад байдаггүй. 2023 оны 12 сарын 06-нд Х эгчтэй утсаар ярьснаас нь хойш салсан бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Ө.Аийн аав нь нас барсан болохоор буяны ажил дээр нь очоод дахин эвлэрсэн. Түүний дараа Аийн гэрт 4 хоносон. Миний иргэний үнэмлэхэд хэвлэгдсэн хаяг бол Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багаар явдаг. Би 2022 оны 08 дугаар сараас Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 04-07 тоотод оршин сууж байгаа. Энэ хашаанд манайх байшинд манай төрсөн ахын эхнэр болон хүүхдүүд нь манай хашаанд гэр барьж амьдардаг. Энэ талаарх баримтуудыг хэрэгт хавсаргуулъя. Атэй эвлэрээгүй байгаа, А уучлалт бол гуйсан. Одоо дахин надад гар хүрэхгүй гэж амласан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/,
Гэрч Т.Аын “...Би энэ талаар 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 8 цагийн үед мэдсэн. Э над руу утсаар залгаад 3 дугаар сургууль дээр байна. Айгаад гарч чадахгүй байна. А гадаа байж магадгүй гэж бодоод байна гэж хэлэхээр нь өөрийн машинаа унаад очоод автал Эийн хүзүү нь улайчихсан, уйлсан байдалтай байсан. Юу болсон талаар асуутал А 05 дугаар сарын 12-ны өдөр төгсөлтийн тэмцээнд түрүүлж алтан медаль аваад тэмдэглээд уусан гэсэн. Аийнд очоод хонотол өглөө эрт гэрээсээ гаргахгүй боож унагаад, хана мөргүүлж зодсон гэсэн. Тиймээс Э тэдний гэрээс зугтааж гарч ирсэн байсан. Тиймээс би цагдаагийн байгууллагад хандахаар зөвлөсөн. А байнгын архи уудаг танхай гэмээр хүн байдаг. Өмнө нь буюу энэ оны 04 дүгээр сард мөн А нь Эийн ажил дээр нь ирээд машиндаа суулгаж авч яваад хардаж хувцсыг нь урсан байсан гэсэн. Энэ хувцаснууд нь гэхдээ одоо байхгүй гэсэн. Тэр үедээ үсдээд бас зодсон гэсэн. Энэ талаар би саяхан л мэдсэн. Э надад бас нээх их хэлэхгүй нуугаад байдаг байсан. Зодуулдаг талаар нь өөр мэдэх хүн байхгүй. Э санаа зовоод бусад хүмүүст хэлдэггүй байсан. А хардаад утсыг нь л аваад байдаг. Эийн хүзүү улайсан. Толгой нь өвдөөд байсан. Өөр илүү гэмтэл байхгүй. Б.Э нь хэн нэгэн хүнтэй харилцаад байдаггүй. А нь хэнтэй хардаад байдаг талаар нь мэдэхгүй. Цагаан даваа хорооллын 01-07 тоотод манай хашаанд Э амьдардаг. Манай гэрт орж ирээд суухаар л Эийн утсыг аваад л суугаад байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/,
Гэрч С.Хгийн “...Би тэр талаар мэдэхгүй байна. Харин 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр манай байгууллага 100 жилийн ойн хүрээнд шилдэг тохижилттой байгууллагаар шалгараад бид ойрхон Чингисийн хүрээ гэх амралтын газар руу хамт олноороо салхинд гарсан. Тэндээсээ 23 цагийн үед орж ирээд Нэфтунь гэх баар руу орсон. Манай байгууллагын 20 гаран ажилтан тэнд орсон байсан. Би ороод хүн ихтэй байхаар нь буцаад гараад ирсэн. Тэнд залуучууд их байсан учир гэртээ шууд харьсан. Гэртээ хариад орондоо ороод хэвтэж байтал Эийн дугаар миний дугаар руу залгасан дуудлага ирсэн. Утсыг автал Эийн найз залуу байна та энэ хүмүүсийг яагаад архидуулаад дагуулаад яваад байгаа вэ гэхээр нь би дагуулсан зүйл байхгүй бид шилдэг байгууллага болсон учир санал гаргаад салхинд гарсан гэж хэлтэл танай сургуульд ажилласан цагаас хойш Э архи уугаад гэртээ харихгүй байгаа гэхээр нь би энэ талаар мэдэхгүй гэж хэлээд утсаа тасалтал дээрх залуу дахин дахин залгаад байхаар нь утсыг нь авч яриагүй. А нь надтай уулзаагүй. Өөрийн хүсэлтээрээ ажлаас гарсан. Эийн найз залуу нь байна гэж хэлсэн. Э нь 2 хүүхэдтэй нөхөр нь нас барсан гэж бүртгүүлсэн. Хамтран амьдрагч буюу найз залуутай гэж бүртгүүлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/,
Гэрч Б.Бын “...2010 оноос хойш Атэй нөхөрлөж эхэлсэн. А нь тус онд Хүмүүн 3 дугаар сургуулиас миний сурч байсан 2 дугаар сургуульд шилжиж ирсэн. Ирсэн даруйдаа Б багшийн сагсны бэлтгэлд хамрагддаг байсан болохоор өөр анги байсан ч хамтдаа илүү их цагийг өнгөрөөж дотно нөхөрлөх болсон. А нь төлөв даруй, нийгмийн идэвх сайтай, урлаг спортоор хичээллэдэг. Сагсан бөмбөгийн 1 дүгээр зэрэгтэй Мон Алтиус биеийн тамирын их сургуулийг багш дасгалжуулагч мэргэжлээр сурч төгссөн. Мэргэжлээрээ ажиллаагүй, сагсан бөмбөгийн тамирчнаар Бүргэдүүд багт лигт тоглож байсан. Архангай аймгийн шигшээ багийн тамирчин гэх мэтээр явж байгаа. 2012 онд өөрийн төрсөн ээж нь нас барж байсан. 2024 оны 03 дугаар сард түүний төрсөн эцэг Ө нь нас бараад бүтэн өнчин болсон. Архангай аймгийн биеийн тамир спортын газрын харъяа усан бассейны харуулаар ажиллаад өрхийн амьжиргаагаа залгуулж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/,
Гэрч Н.Эын “...2010 оноос хойш Атэй нөхөрлөж эхэлсэн. 2013 онд өсвөрийн аврагч бүлгэмийн сайн дурын идэвхтэн гэж ажиллаж байсан. Тэр үед А нь сурлага сайтай, нийгмийн идэвх сайн, урлаг спортын өндөр мэдрэмж, авьяастай. 2014 оноос хойш бид Мартинс сагсан бөмбөгийн багт хамт тоглож байна. А нь хувийн зохион байгуулалт сайтай, төлөв даруу, нийгмийн идэвх сайтай, дээд боловсролтой хүн байгаа юм, эхнэр хүүхэдгүй ганц бие...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/,
Ө.Аийн яллагдагчаар “...Би 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр би өөрийн найз бүсгүй Этэй хамт Арслан Цохионы 21-03 тоотод байх гэртээ хамт хоносон. 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 2 дугаар сургуулийн төгсөлтийн тэмцээн болоод би өөрийн багийн найзуудтай хамт Эрдэнэбулган сумын Нэфтүн нэртэй бааранд орсон. Тухайн үед Э надтай хамт баар орсноо гэнэт хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болсон байсан. Тиймээс би үргэлжлүүлэн архи уугаад найзуудтайгаа байж байгаад үүрээр 05 цагийн үед таксигаар гэртээ харьсан. Манай гудамж руу машины гэрэл тустал Э манай хашааны үүдэнд зогсож байснаа гэнэт хаалга нээгээд орсон. Эт манай гэрийн түлхүүр байдаггүй бөгөөд би гэртээ ганцаараа амьдардаг. Гэрт ороод би Эийг гэртээ харихгүй юу хийж байгаа юм бэ, үүр цайж байна шүү дээ баарнаас яагаад гэнэт явсан юм бэ гэтэл Э намайг чи эцэг шигээ юмаа муухай зантай юмаа гэсэн. Тиймээс би Эийг “чи үхсэн хүний яс өндөлзүүллээ гээд” мангастаад түлхсэн. Мөн намайг арчаагүй гөлөг гээд намайг алгадаад байхаар нь би манайхаас зайл гээд гэрээсээ хөөж гаргасан юм. Би өөрөөр цохиж зодоогүй. Үсдээд гарыг нь доошлуулаад дарсан, тэр хүн миний тархи толгой руу цохисон. Миний биед гэмтэл учраагүй. Би гэмтлийн зэргээ тогтоолгохгүй. Би Этэй хэрэлдэж маргалдаж байсан болохоос зодож байсан зүйл байхгүй. Би 2024 оны 03 дугаар сард манай гэрт Эийн утсаар оролдож байгаад санаандгүй ирсэн чатыг уншсан. Тэгтэл уг чатад юу хийж байна, хэдээс ажил чинь тарах вэ, мөнгө явуулсан, хоол авч идээрэй, би чамтай сууя, би чамд хайртай шүү дээ гэсэн байсан бөгөөд Э ммхмм юу хийж байгаа юм бэ гэсэн утгатай чатын хариу өгсөн байсан. Тиймээс би Эт энэ чинь юун хүн юм бэ, яагаад уулзсан юм бэ, надтай үерхдэг байж ийм олон залуучуудтай харьцаад байдаг юм уу гээд асуутал явлаа гэж хэлээд гарах гэхээр нь цамцнаас нь татахад үс нь давхар татагдсан. Цамцнаас нь татаад суулгах гэж байсан учир нэлээн хүчтэй татсан. Тэгтэл чи намайг үстлээ гэж хэлээд намайг хоёр алгадаад гараад явсан. Би нүүрэлдэж мэдүүлэг өгөх шаардлагагүй. Би Этэй хамтран амьдраагүй. Би Этэй үерхэж бие биенийгээ мэдэлцэж байгаа бөгөөд би Эийн гэрт хөлөө гэмтээгээд 5 хоносон. Тэрнээс өөрөөр тэдний гэрт амьдраагүй. Мөн манай гэрт хамт амьдарсан зүйл байхгүй. Аавыг нас барсны дараа хоёр хоносон. Би Этэй анх 2023 оны 01 дүгээр сард танилцаж байсан. Тэгээд үерхэж эхлээд хамгийн анх бэлгийн харьцаанд 3 дугаар сард Эийн өөрийн гэрт нь хоёулаа байх үедээ орсон. Би нэрийг нь мэдэхгүй. Сургууль цэцэрлэгт нь зөөж байгаагүй. 2 хүүхэдтэй талаар нь бол сонсож байсан хэний хүүхэд болохыг нь ч мэдээгүй. Би Этэй үерхэж байсан. Мөн бие биетэйгээ таарч тохирох юм бол хамт амьдраад гэрлэх санаатай байсан. Одоо тэгтэл ойлголцохгүй юм шиг байна, бид харьцахгүй байгаа. Би Этэй Цогт уул орж өөр хүнтэй яагаад харилцаад байгаа талаар асуух гээд хүнгүй газар руу явсан. Тэгээд очоод машиндаа чи яагаад өөр хүнтэй чаталсан бэ гээд асуутал машинаас буусан. Тиймээс таттахад куртикны халаас нь урагдсан. Тэгтэл над руу уурлаад цааш хараад орилоод байхаар нь нааш таттал фодволкны зах болон хөхөвчний мөр хэсэг оёдлоороо урагдсан. Би ярилцаад өөр рүүгээ таттал урагдсан. Тэр хувцсыг урах санаа бол надад байгаагүй. Би эмэгтэй хүнтэй муухай харьцсандаа гэмшиж байна. Гэмт буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-55 дугаар тал/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 181 дугаартай “... Б.Эийн биед завжинд шарх, хүзүү, цээжинд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 37-38 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ө.А нь хохирогчийн эрүүл мэндэд завжинд шарх, хүзүү, цээжинд зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хамт оролцсон бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Иймд шүүгдэгч Ө.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ө.А нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ө.Ад Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын үр дагаварыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Өын Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Аийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А нь шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ө.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ө.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР