Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 201/МА2018/00025

 

О.Аийн нэхэмжлэлтэй,

Б.Х, Ч.Г нарт холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 26-ны өдрийн 138/ШШ2018/00581 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч О.Аийн давж заалдах гомдлоор О.Аийн нэхэмжлэлтэй, Б.Х, Ч.Г нарт холбогдох “Гэрээний үүргийн биелэлт 2 438 000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч О.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би Б.Х, Ч.Г нартай харилцан тохиролцон 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хонь, ямаа, үхэр худалдан авахаар 1 550 000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр үхэр худалдан авахаар 1 400 000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 8 бяруу худалдан авахаар 800 000 төгрөг тус тус өгч нийт 3 750 000 төгрөг бэлнээр өгсөн. Миний худалдан авсан малыг 2015 оны 11 сард өгөхөөр тохирсон. Хугацаандаа малаа авахаар очиход 34 хонь, 7 үхэр өгөөд үлдэгдэл малыг удахгүй бүрдүүлж өгөхөөр тохирсон. Гэвч үлдэгдэл малаа өгөхгүй арга саам хэрэглэсээр байна. Уг хүмүүс боломжийн малтай мөртлөө миний малыг бүрдүүлж өгнө гэсээр цаг хугацаа хойшлуулсаар байна. Иймд дээрх хүмүүсээс 2 438 000 төгрөг гаргуулж өгнө үү. 2 438 000 төгрөг төлнө гэсэн баримтыг 2 тал үйлдээд нэг нэгээр авсан болно.” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч А нь Х, Г нартай 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 1.550.000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 1400,000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 800.000 төгрөг нийт 3.750.000 төгрөгийн хэлцэл хийсэн байдаг. А нь хариуцагч нараас 34 хурга, 7 хүзүүвчний тугалыг 2015 оны 4 дүгээр сарын сүүлчээр авсан байдаг. Нэг хургыг 18.500 төгрөгөөр, нэг тугалыг 100.000 төгрөг тооцож нийт 1.329.000 төгрөгийн мал авсан байдаг. А нь 3,750,000 төгрөгөөс хариуцагч нараас авсан малын үнэ 1.329.000 төгрөгөө хасаж 2.421.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэжээ.

Хариуцагч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г бид хоёр 2009 оны шүлхий өвчин гардаг жил Ад 50 хонь, 8 үхэр, 2 адуу өгсөн. Миний бие Ас авсан мөнгөндөө хангалттай мал, бэлэн мөнгө өгсөн. Үүнд 8 үхэр, адуу 2, 50 хонь, 35 эм хонь, 15 хурга өгсөн. Шүлхий гардаг жил шүлхийнд устгасан малын үнэ 500000 төгрөг, мөн авсан 8 бярууны үнэ болох 800.000 төгрөгөөс 300000 төгрөгийг буцааж Ад өгсөн. Тиймээс энэ нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Бүх малаа нядлаад авч явсан. Мал нядалсан хүмүүс нь гэрчилнэ.” гэжээ.

Хариуцагч Ч.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь Аийг 2009 оноос мэддэг болсон. А нь намайг мал худалдаж авч өгөөч гэсэн. Бид Ас 800,000 төгрөг гарын үсэг зурж авч байсан. Харин 1.400.000 төгрөг, 1.550.000 төгрөгийг тус тус авч гарын үсэг зурсан гэж байгаа нь худлаа. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтад байгаа гарын үсэг нь бидний гарын үсгийн эх хувь биш байна. Ас 800.000 төгрөг авахад л гарын үсэг зурсан. Энэ гарын үсгийг минь ашиглан хуурамч баримт бүрдүүлсэн байна. Бид хоёрыг үхэр худалдаж авч өгөөч гэж мөнгө өгч байсан. 2009 оны өвөл нь ирж 35 нас гүйцсэн хонь, 15 хурга, 8 үхэр, хоёр адуу авсан. Шүлхийд тухайн бидний бэлтгэсэн үхрүүд үхсэн тул бид 500.000 төгрөгийг Ад бэлнээр өгч байсан. Надтай нэг таарахдаа чи надад нэг л үхрийн мөнгө өгсөн бусад мөнгөө өгөхгүй юм уу гэж асууж байсан. Олон жил өнгөрөхөд надаас мөнгө нэхэж байгаагүй. 2017 он хүртэл эхнэртэйгээ явж байгаад надтай таарсан атлаа ямар ч мөнгө нэхэхгүй мэндлээд өнгөрч байсан. Гэтэл цагаан сарын дараа надтай таарснаа би чамаас олон мал авах ёстой юм байна. Би баримтуудаа олсон тул чамайг шүүхэд өгнө гэж байсан. Тэгэхээр нь би танд өгөх ёстой малаа өгсөн тул шүүхэд өг гэж хэлсэн. Тус үйл явдал 2009 онд болсон бөгөөд олон жил өнгөрсөн тул Алтангэрэлээс 1.550.000 болон 1.400.000 төгрөг авч байсан эсэхээ сайн санахгүй байна. Хэрэв А нь 2 сая гаруй төгрөгийг биднээс авах ёстой байсан бол өмнө нь нэхэмжилж болох байсан.” гэжээ.

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 26-ны өдрийн 138/ШШ2018/00581 дугаар шийдвэрээр:

1/ Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ч.Г, Б.Хнарт холбогдуулан Гэрээний үүргийн биелэлт 2 438 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2/ Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд 53958 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ... шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч О.А давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэр нь хууль бус буюу хэргийн байдалтай нийцээгүй, илт нэг талд үйлчилсэн, хариуцагч талын гэрч нар шүүхэд илт худал мэдүүлэг өгсөөр байтал худал мэдүүлгийг нотлох баримтаар авч хэргийг шийдсэн нь шүүгч нэг талд үйлчилсэн гэж үзэж байна. ... Би хариуцагч Б.Х, Б.Г нартай 2015 оны 07 сарын 03-ны өдөр 1550000 төгрөг, 2015 оны 07 сарын 23-ны өдөр 1400000 төгрөг, 2015 оны 08 сарын 15-ны өдөр 800000 төгрөг, нийт 3750000 төгрөгийн хэлцэл хийсэн. Энэ баримтаар нотлогдож байгаа ба гэрчүүдийн мэдүүлэг давхар батална.

Шүүх, нэхэмжлэгч, хариуцагч нар нь 3750000 төгрөг өгсөн, авсан гэдэг дээр маргаан үүсгээгүй гэж зөв дүгнэсэн байна. Хариуцагч нарын өөрсдийнх нь гарын үсэгтэй баримт, тодорхойлолт, нэхэмжлэгч талын гэрч нар бодит байдлыг өөрсдөө харсан, цаг хугацааг яг зааж өгсөн, үнэн байдлыг гэрчилсэн нотлох баримт хэрэг дотор байхад шүүгч зориуд зохиомол мэдүүлгээр хэргийг шийдсэнд гомдолтой байна.

Хэргийн бодит байдалд би хариуцагч нараас 34 хурга, 7 хүзүүвчний тугал, 1 хургыг 18500 төгрөгөөр, 1 тугалыг 100000 төгрөгөөр тооцож нийт 1329000 төгрөгийн мал авсан. Би 3750000 төгрөгөөс хариуцагч нараас авсан малын үнэ 1329000 төгрөгөө хасаж 2421000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч Б.Хнь шүүх хурал дээр надад хурга өгсөн, тугал өгсөн талаараа хүлээн мэдүүлсэн. Харин эхнэр Б.Г нь худал ярьсан байхад шүүх зөрүүтэй мэдүүлэг гэрчийн зохиомол мэдүүлгээр хэргийг шийдсэн нь буруу байна. Хариуцагч нар надад 8 үхэр, 2 адуу, 35 нас гүйцсэн хонь өгсөн, мөн 500000 төгрөг болон 300000 төгрөгийг өгсөн. Мал нь шүлхийд үхсэн гэж шүүхэд худал мэдүүлэг өгч авчирсан гэрч нь мэдүүлгээрээ худлаа гэдгийг хэлсэн байтал мөн хариуцагч нар дээрх зүйлээ ямар ч баримтаар нотлоогүй байхад шүүх танил тал харж нэг талд үйлчилсэнд гомдолтой. ... Би нэхэмжлэлээ дэмжиж байна. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч О.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч хууль хэрэглээний алдаа гаргасан тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Нэхэмжлэгч О.А нь хариуцагч Б.Х, Б.Г нарт мал авахуулахаар 2015 оны 7 сарын 3-нд 1550 000 төгрөг, 7 сарын 23-нд 1400 000 төгрөг, 8 сарын 25-нд 800 000 төгрөг, нийт 3750 000 төгрөг өгч, үүнээс 1329 000 төгрөгийн мал хүлээн авсан, үлдэх 2421 000 төгрөгийг аваагүй учраас нэхэмжилж байна гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч нар үйл явдал 2015 онд болсон гэдгийг үгүйсгэж, олон жилийн өмнө болсон учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх тул маргааны зүйлийг нэхэмжлэгч нотлох үүрэгтэй болно.

 

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн “Тодорхойлолт” гэх баримтын 2015 он гэсний 5 тоо нь засвартай, нотариатаар гэрчлүүлээгүй, эх хувь биш байна. Энэ баримтын талаар анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй зөв болсон байна.

Хариуцагч нар Чойбалсан сумын 2014 оны “Малын зах зээлийн жишиг үнэлгээ”-г нотлох баримтаар гаргаж өгсөн ба уг баримтаас үзэхэд талуудын хоорондох тохиролцоо /нэхэмжлэгчийн мал авахаар өгсөн үнэ/ хэт бага үнээр үнэлэгдсэн байх тул 2014 оноос өмнө талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ хийгдсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан байх тул талуудын хооронд хийгдсэн худалдах худалдан авах гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч О.А нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 53686 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч О.Аийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 26-ны өдрийн 138/ШШ2018/00581 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Монгол Улсын Иргэний хуулийн ...“ гэсний дараа “... 75 дугаар зүйлийн 75.2.1, ...” гэж нэмэлт өөрчлөлт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч О.Аээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53686 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюуөмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.НАРАНБАЯР

                  ШҮҮГЧИД                                                               Ж.ДОЛГОРМАА                                                                                                                                                     З.ЭНХЦЭЦЭГ