| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 143/2023/00543/И |
| Дугаар | 001/хт2024/00182 |
| Огноо | 2024-09-10 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 001/хт2024/00182
Ц.М-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 143/ШШ2024/00074 дүгээр шийдвэртэй,
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 203/МА2024/00017 дугаар магадлалтай,
Ц.М-ын нэхэмжлэлтэй
Ө-т холбогдох
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч Ө-т холбогдуулан Ө-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023.05.01-ний өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Ө-ын хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
2. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 143/ШШ2024/00074 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 78 дугаар зүйлийн 78.1.3, Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Ө-т холбогдох “Ө-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023.05.01-ний өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус газрын хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” тухай Ц.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.М улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
3. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 203/МА2024/00017 дугаар магадлалаар: Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 143/ШШ2024/00074 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.05.03-ны өдрийн 203/МА2024/00017 тоот магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Ө-тт холбогдох Ө-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023.05.01-ний өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус газрын хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай Ц.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатны шүүх Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.20-ны өдрийн 143/2024/00074 дүгээр шийдвэрийн хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай гэж тус тус шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүхийн шийдвэр болоод давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гомдлын үндэслэлүүдийн талаар:
4.1. Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн завж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг буруу хэрэглэсэн, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад цугларсан бичгийн нотлох баримтуудад эрх зүйн дүгнэлт хийхдээ оновчтой байдлаар дүгнээгүй, хэргийн оролцогч нарын мэтгэлцэж буй үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийгээгүй. Хуулийн бүх шаардлагад нийцсэн, хуульд үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрийг хууль ёсны гэж үздэг тул шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хуульчлагдсан журмын дагуу явагдах учиртай. Үүнд иргэний хэргийн нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас хянан хэлэлцэж шийдвэр гаргах хүртэлх бүх үе шат хамаарах бөгөөд шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэгч шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй, эсхүл дахин оролцож болохгүй хуульд заасан үндэслэлээр буюу шүүгчийг татгалзан гаргах шалтгаан бий болсноос бусад тохиолдолд хууль дээдлэх, гагцхүү хуульд захирагдах зарчмыг баримтлан хэрэг, маргааныг хянан шийдвэрлэдэг. Энэ нь шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлэх шүүгчийн хараат бус байдлын хуулиар хамгаалагдсан баталгаа бөгөөд нөгөө талаар шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод байж шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангахад оршино. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр бүлгийн 9.1 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч оролцож болохгүй үндэслэл, түүнийг шийдвэрлэх арга замыг нарийвчлан заасан. Давж заалдах шатны шүүхэд хэргийн оролцогч бид давж заалдах гомдол гаргасан ба уг хэргийг хуваарийн дагуу шүүгч Т.Д-д хувиарлагдан очсон. Шүүгч Т.Д нь Ц.М-ын нэхэмжлэлтэй Ө-т хариуцагдах иргэний хэргийг хүлээн аваад Шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйл, Шүүгчийн ашиг сонирхлын зөрчлийн зохицуулалт, 51.1 дэх хэсэгт заасан Шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, эсхүл хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангана гэж заасан заалтын хүрээнд тухайн хэргийг шийдвэрлэхээс татгалзаж хүсэлтээ Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвөлгөөнд он, сар, өдөр тодорхойгүй, бичигдээгүйгээр гаргасан байдаг. Хуульчлагдсан энэхүү үүргийн хүрээнд давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Д нь хүсэлтдээ “...Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа Ц.М-ын нэхэмжлэлтэй Ө-тт холбогдох иргэний хэргийн хариуцагч Ө-ын дарга Ц.Ж-тай миний бие төрсөн ах дүүсийн хүүхдүүд буюу үеэл эгч дүүс юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.2 дахь хэсэгт заасан “Уг хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн гэр бүл, төрөл, садан бол эсхүл шүүх бүрэлдэхүүнд хоорондоо гэр бүлийн болон төрөл садангийн холбоотой хүмүүс орсон байвал шүүгч татгалзан гарна гэж, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан төрлийн хүнд хамаарч байх тул шүүх бүрэлдэхүүнд оролцохоос татгалзах хүсэлтэй байна” гэх үндэслэлээр гаргасан байна. Гэтэл шүүгч Т.Д-гийн цаг хугацаа бичигдээгүй, тодорхой бус хүсэлтийг давж заалдах шатны шүүхийн шүүгчид хүлээн аваад 2024.04.11-ний өдөр хянан хэлэлцээд 203/3T2024/00016 тоот тогтоол гарган, уг тогтоолоороо шүүгч Т.Дгийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Тус иргэний хэргийн хариуцагч Ө-ын дарга Ц.Ж-тай төрөл садангийн холбоотойгоо мэдэгдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзах хүсэлтээ гаргасан боловч тухайн шүүхийн шүүгч Х.Г, Л.У нар хүсэлтийг хангахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь шүүгчийн татгалзсан хүсэлтэд “Ц.М-ын нэхэмжлэлтэй Ө-т холбогдох иргэний хэргийн хариуцагч Ө-ын дарга Ц.Ж-тай миний бие төрсөн ах дүүсийн хүүхдүүд буюу үеэл эгч дүүс юм...” гэсэн үндэслэл дурьдаж Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас өөрөө татгалзах хүсэлт гаргажээ. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 “төрлийн хүн” гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг ойлгохоор заасан байтал шүүгч Т.Д-гийн төрлийн хүн Ц.М-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч Эрүүл мэндийн газрын дарга Ц.Ж нь дээрх хэргийн оролцогч гэж үзэх үндэслэлгүй байх тул” гэж хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй тайлбарлан хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгчдийн зөвөлгөөний тогтоол хууль зүйн үндэслэлгүй болно гэж үзнэ. Давж заалдах шатны шүүхийн шүүгч нар урьд өмнө нь гаргаж байгаагүй алдааг гаргаж, Өмнөговь аймгийн шүүхэд хууль бус шинэ практик тогтоох гэж байгаа энэхүү үйлдэл нь шүүгчийн ёс зүйтэй хамааралтай, тухайн хэргийг илтэд хувийн ашиг сонирхолд нийцүүлэн шийдвэрлүүлэхэд нөлөөлсөн нь илтэд байна. Цаашид энэхүү хууль бус үйлдлийн практикийг хүлээн зөвшөөрч үл болно.
Энэхүү хуульд нийцээгүй шийдвэрийн улмаас Ц.М-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэсэн сөрөг үр дагаварт хүргэсэн байна.
Шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод байх зарчимтай учир шүүгч шүүн таслах ажиллагаа явуулахдаа ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй нөхцөл байдлаас ямагт урьдчилан сэргийлж, шүүгчийн ёс зүйг чанд сахин ажиллах үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогч нар ч энэхүү үүргээ хэрэгжүүлэхийг шүүхээс шаардах эрхтэй болно.
Дээрх нөхцөл байдлаас үзвэл тус Иргэний хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсгийн 91.1.2-т заасан дагуу давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй шүүгч шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлсэн тухайн шүүхийн шүүгч нарын зөвөлгөөний тогтоол илт хууль зүйн үндэслэлгүй тул тухайн тогтоолыг хүчингүй болгох замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн хуулийн ноцтой зөрчлийг залруулж зөвтгөх шаардлагатай байгааг анхааран үзнэ үү.
Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.3-т ...хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх нь шүүхийн эрхэм зорилгын нэг юм.
Шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцөлүүдийн нэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх явдал чухал юм. Нөгөөтэйгүүр нотлох үйл ажиллагаа нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тухайн нэхэмжлэлд хамааралтай эсэх, хуулиар зөвшөөрөгдсөн, үнэн зөв, хоорондын уялдаа холбоотой байдлуудыг тус тус тодорхойлоод үүний үндсэн дээр оновчтой хууль зүйн дүгнэлт хийх нь чухал юм.
Өмнөговь аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Ц.М нэхэмжлэлдээ хөдөлмөр эрхлэлийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн Эрүүл мэндийн газрын даргыг түр орлон гүйцэтгэж байсан даргын 2023.05.01-ний өдрийн Б/19 тоот тушаалын үндэслэл болгон баримталсан хуулийн заалтууд нь хууль зүйн үндэслэлгүй, тушаал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй талаар дурьдсан бий. Гэтэл шүүхээс нэхэмжлэлд дурьдсан үйл баримт болоод тушаалд баримталсан хуулийн зүйл заалтын талаар ямар ч эрх зүйн дүгнэлт хийгээгүй, харин өөр агуулга бүхий эрх зүйн дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн.
Үүнийг үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар анхан шатны шүүхийн 2024.02.24-ний өдрийн 00017 тоот шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн, тухайн хэргийн нөхцөлд болсон үйл баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосон. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй талаар давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд бид оролцож гомдолд дурьдсан зүйлээ дэлгэрүүлэн тайлбарлаж гомдлоо дэмжиж оролцсон боловч шүүх гомдлын үндэслэл болсон үйл баримтад ямар ч эрх зүйн дүгнэлтийг дахиад давж заалдах шатны шүүхээс хийгээгүй. Үүнийг шүүх хуралдааны тэмдэглэлээс харах боломжтой юм. Доорхи нөхцөл байдлуудыг анхааран үзнэ үү.
4.2.1 Нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн нөхцөл байдлыг буруу тодорхойлсныг тайлбарласан боловч давж заалдах шатны шүүхийн магадалын 6 дугаар талд ... анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, зохигчийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон эсэх үйл баримтыг зөв тогтоосон байна гэх, ... шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, … давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэх дүгнэлт хийсэн.
Энэ магадлал хуульд хэр нийцсэн талаар бичвэл ... Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.20-ны өдрийн 143/ШШ2024/00074 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч шаардах эрхээ ... Б/19 тоот тушаал нь хууль эрх зүйн үндэслэлгүй, тэтгэвэрт тогтоолгох насанд хүрээд өмнө нь ажлаасаа чөлөөлөгдсөн атал дахин Төрийн албаны тухай хуулийн зүйл заалтыг баримталсан нь үндэслэлгүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлд зааснаар ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн дагуу ажиллаж байсан тул дээрх хуульд заасан үндэслэл журмыг баримтлах ёстой, ... намайг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулахдаа Хүний нөөцийн мэргэжилтэн гэсэн орон тоон дээр авсан, ... хоёр ялгаатай орон тоо гэж тайлбарласан гэх зүйлийг дурьдсан. Давж заалдах шатны шүүхийн магадлалд тушаалын баримталсан хуулийн заалт үндэслэлтэй эсэхийг дүгнээгүй. Тушаалын баримталж гаргасан үндэслэлийн хуулийн заалт зөв, буруу эсэх, хэрэв зөв бол хуулийн үндэслэл нь энэ гэх, буруу бол хуулийн үндэслэл энэ гэх буюу зөвтгөсөн, үгүйсгэсэн няцаасныг баримтаар дурьдан эрх зүйн ямар нэгэн дүгнэлт хийгээгүй болно.
4.2.2 Хавтаст хэргийн 5-9 дүгээр талд авагдсан 2022.01.03-ны өдрийн ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан баримт авагдсан. Тус хөдөлмөрийн гэрээгээр 2 тал гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон. Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д ажлын байрны нэршил: Хүний нөөцийн мэргэжилтэн, 1.5 дахь заалт хөдөлмөрийн гэрээний хугацаа: ... хугацаа бичээгүй, 3 дугаар зүйлийн 3.1-д ... Ажилтантай тохиролцож зайлшгүй шаардлагаар ....энэхүү гэрээг цуцлах, дуусгавар болгох асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, хамтын гэрээний дагуу шийдвэрлэнэ гэж тус тус харилцан тодорхойлдог. Эдгээр гэрээний заалтын хүрээнд ажил олгогчоос хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох нөхцөлийг Хөдөлмөрийн хуульд тусгайлан хуульчилсан байхад шүүх Ц.М-ын хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлах болсон нөхцөл байдал нь Хөдөлмөрийн тухай хуулиа баримталсан эсэхийг дүгнэлгүй орхигдуулсан талаар давж заалдах гомдолдоо бичсэн. Мөн давж заалдах шатны шүүх ямар ч эрх зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Шийдвэрлэж өгөөгүй болно.
4.2.3 Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ материаллаг эрхийг бий болгож байгаа нотлох баримтын уялдаа холбоог бодитой үнэлээгүй, нотлох баримтын уялдаа, холбоо харилцан хамааралтай эсэхийг хянан үзэж эрх зүйн оновчтой дүгнэлт хийлгэхээр давж заалдах гомдолдоо дурьдсан.
Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт хэргийн зохигч нараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийнхээ хүрээнд гарган өгсөн нотлох баримтуудыг ялангуяа түүний агуулгын ач холбогдол нь нэхэмжлэлийн шаардлагад хэр уялдсан, хариуцагч талын шүүхэд гаргасан нотлох баримтууд нь нэхэмжлэгчийн шаардлагыг хэрхэн үгүйсгэж чадаж байгаа эсэх талаас бодитой үнэлээгүйд, нэхэмжлэгч Ц.М, өмгөөлөгч бид шүүхэд гаргасан өгсөн нотлох баримтынхаа хууль эрх зүйн үндэслэлийг тайлбарлан мэтгэлцсэн нотлох баримтуудад заагдсан ажлын байрны нэршил нь Ц.М-ын хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцалсан ажлын байрны нэршил 2 өөр нэршил, албан тушаал байсаар атал сул орон тоо зарлагдсан нөхцөл байдалтай уялдуулан нэхэмжлэлийн шаардлагыг гуйвуулан дүгнэлт хийсэн материаллаг эрхийг бий болгож байгаа нотлох баримтын уялдаа холбоог тал бүрээс нь хянуулахаар мөн л гомдолдоо дурьдан бичсэн бий. Ингэхдээ шүүхийг /хх-ийн 4, 10, 11, 32-33, 35, 36, 57/ хуудасд авагдсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт хийлгэхээр гомдлоо бичсэн.
Гэтэл давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн дүүрэн судалж, үнэлээгүй, нотлох баримт бүрийн талаар шүүх үнэлгээ өгсөн байх шаардлагаа биелүүлээгүй, үнэлэгдэхгүй орхигдох ямар ч нотлох баримт байх учиргүй атал магадлалыг уншиж танилцахад хянавал хэсэгт хэрэгт авагдсан бичгийн маш олон нотлох баримтуудыг дээрх шаардлагын хүрээнд бичгийн нотлох баримтуудыг үнэлээгүй энэ талаар ширхэгч үг, өгүүлбэр бичигдээгүй байгааг анхаарч үзнэ үү.
Нотлох баримтыг давж заалдах шатны шүүх бусад нотлох баримттай хэрхэн дүйцэж байгаа, тэдгээрийн хооронд ямар уялдаа холбоо байгаа, баримтууд бие биеэ үгүйсгэж байгаа эсэх, нэг үйл баримтыг давхар нотолж байгаа эсэхийг шалгаагүй нь шүүгч нар хувийн сонирхолтой хандаж шийдвэрлэсэн байхаар харагдана.
4.2.4 Анхан шатны шүүх Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь заалтын агуулгыг дурьдан бичсэн атлаа тухайн хуулийн заалт нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болсон заалтын хууль зүйн үндэслэлтэй хэр нийцсэн заалт вэ гэдгийг анхаараагүй, хуулийг буруу хэрэглэсэнд гомдолтой хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлсэн.
Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд хууль үйлчлэх эрэмбэ, хүчин чадал зэрэгт харшилсан, хуульд нийцээгүй тушаал гаргасан талаар маргаж мэтгэлцсэн.
Шинээр батлагдан мөрдөгдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуульд хэд хэдэн зүйл заалтыг шинээр батлан мөрдөгдөж эхэлсэн. Үүний нэг хэсэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актуудын үйлчлэх эрэмбэ болоод уг актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэх, цаашлаад ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг мөн шинээр зохицуулсан ба ахмад настаны хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа дуусгавар болоход тус хуулийн 80 дугаар зүйл заалтыг баримтлах эрх зүйн зохицуултыг хуульчлан өгсөн онцлог заалтууд хуульчилагдсан.
Давж заалдах шатны шүүхээс гомдол гаргагч бид өндөр настаны тэтгэвэрт гарсан иргэн эргэн төрийн албанд ажил олгогчийн хүсэлтийн дагуу орж ажилласан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн онцлог заалт үйлчлэх эсэх талаарх эрх дүгнэлт хийлгүүлэх, анхан шатны шүүхийн орхигдуулсан шийдвэрлээгүй нэхэмжлэлийн үндэслэлийнхээ нэг хэсгийг шийдвэрлүүлэх гэсэн боловч энэ талаар бас л шийдвэрлэлгүй орхигдууллаа. Төрийн албаны тухай хуульд ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн талаар хуульчилаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах эрх зүйн үндэслэл бий талаар маргаж мэтгэлцсэн боловч шүүх энэ талаар дүгнэлт хийхийг огт хүсээгүй, анхаарч ч үзээгүй, сонсъё гэж сонссонгүй, асуулт ч асуусангүй. Шийдвэрлүүлээгүй асуудлаа яах ёстой вэ, шүүх шийдээгүй гээд орхигдуулах уу ... Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн үйлчлэл эрэмбийн талаар эрх зүйн оновчтой бодитой дүгнэсэнгүй орхигдуулсан.
4.2.5 Нэхэмжлэлийг хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 удаагийн хариу тайлбарыг гарган мэтгэлцсэн. Хавтаст хэргийн 32 дугаар талд авагдсан хариу тайлбартаа “...Ц.М нь төрийн албанд ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр тэтгэвэрээ тогтоолгон ажлаас чөлөөлөгдсөн тул, ...төрийн захиргааны албан тушаалыг хөдөлмөрийн гэрээ байгуулж түр хугацаагаар гүйцэтгэж байсан нь анхнаасаа хууль бус томилгоо байсан, ...тухайн албан тушаалд нэр дэвшүүлэх тухай тогтоолын дагуу томилдог.” гэх үндэслэлийг гарган маргасан, мэтгэлцсэн.
Дараагийн хавтаст хэргийн 52 дугаар талд авагдсан хариут тайлбартаа “...төрийн жинхэн албан хаагч болох нь тодорхой байна ...тус албан тушаалд ...тавигдах нийтлэг шаардлага байдаг, ... төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх...үндэслэлийг хуульд заасан. ... 46.2.2-т тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, ... Ц.М нь төрийн албанд ажиллах шаардлага зөрчигдсөн тул цаашид хөдөлмөрийн гэрээг хэрэгжүүлэх боломжгүй, ... энэ төрлийн маргааныг захиргааны хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлэх ёстой гэж тус тус маргасан. Эдгээр 2 тайлбараас үзвэл 3 зүйлийг үндэслэл болгон маргасан.
Харин нэхэмжлэгч Ц.М маргахдаа ... хавтаст хэргийн 1-2 талд авагдсан нэхэмжлэлдээ ...хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, дуусгавар болох нөхцөлүүдийг тодорхойлон зааж тохиролцсон ба гэрээгээр тохиролцсон зүйлүүдийн аль нэгийг тушаалдаа тусгаагүй, ... Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн аль нэг заалтыг тушаалдаа мөн тусгаагүй, ... миний хувьд тэтгэвэр тогтоолгох насанд хүрчихээд ажлаас чөлөөлөгдсөн атлаа ахин төрийн албаны хуулийн баримталсанг хүлээн зөвшөөрөхгүй, ... ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн талаар тусгайлан хуульчилсны дагуу би ажиллаж байсан ба ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болоход Хөдөлмөрийн хуульд заасан үндэслэл журмыг баримтлах ёстой байсан ... гэх 4 хууль зүйн үндэслэлээр марган нэхэмжлэл шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчийн зүгээс дээрх хэд хэдэн үндэслэлээс гадна маш олон зүйлүүдийг хэлж тайлбарлаж маргасан болно.
Хэргийн оролцогч нарын маргаж мэтгэлцэж буй хууль зүйн үндэслэлүүдийг хооронд нь харьцуулан хэр уялдаа холбоотой тайлбрыг хариуцагчаас няцааж үгүйсгэж байгааг үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн маргасан нөхцөл байдалд хариуцагчаас маргадаггүй, харин эсрэгээр тушаалынхаа үндэслэлээс өөр зүйлийг, үндэслэлийг тайлбарлаж байгааг шат шатны шүүх анхаарч үзээгүй, шийдвэрлээгүй юм.
Хариуцагч Ц.М нь төрийн албаны шаардлагад тэнцэхгүй, холбогдох журмын дагуу сонгон шалгаруулалтанд оролцож томилогдох ёстой гэх тайлбарыг байнга тайлбарлаж байгаа нь тушаалынхаа тэтгэвэрт гарах насанд хүрсэн, Ковидын тухай хуулийг баримталсан зүйл заалттайгаа уялдаагүй маргаж мэтгэлцээд байхад анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөн шийдвэрлэх атал мөн л алдааг зөвтгөн шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй болно.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль зүйн үндэслэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байгааг хянан үзэж Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.05.03-ны өдрийн 203/MA2024/00017 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.07.02-ны өдрийн 001/ШХТ2024/00882 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч Ө-т холбогдуулан Ө-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023.05.01-ний өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Ө-ын хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...2023.05.01-ний өдрийн Б/19 дугаар тушаал нь Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйл болон Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах, дуусгавар болгох заалтуудыг тушаалд заагаагүй, үндэслээгүй учир тушаал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Тэтгэвэр тогтоолгох насанд хүрээд өмнө нь ажлаасаа чөлөөлөгдсөн атал дахин Төрийн албаны тухай хуулийн зүйл, заалтыг баримталсныг хүлээн зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлд ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн талаар тусгайлан хуульчилсны дагуу би ажиллаж, хөдөлмөрлөж байсан ба ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болох тохиолдолд тус хуульд заасан үндэслэл журмыг баримтлах ёстой байсан...” гэж тодорхойлжээ.
8. Хариуцагч Ө-т нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “…Ц.М нь Төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр тэтгэврээ тогтоолгон ажлаас чөлөөлөгдсөн тул Төрийн албаны зөвлөлийн 2019.03.25-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 2.1, 2.2, 2.3 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 27.1.2 дахь заалт, 27.2 дахь хэсэгт заасны дагуу Өмнөговь аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл рүү сул орон тооны захиалгыг хүргүүлсэн. Захиалгын дагуу төрийн албаны тусгай шалгалтад Г.М орж тэнцэн хамгийн өндөр оноо авсан тул сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлсэн тухай Өмнөговь аймаг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2023.03.28-ны өдрийн 30 дугаартай албан бичиг, 20 дугаартай тогтоолын хамт ирүүлсэн. Ингээд Эрүүл мэндийн газрын хүний нөөцийн мэргэжилтнийг түр хугацаагаар хөдөлмөрийн гэрээгээр гүйцэтгэж байсан Ц.М-ыг ажлаас чөлөөлж, Г.М-ыг Эрүүл мэндийн газрын Хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон.” гэж маргажээ.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.
10. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг “...хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэсэн ...” гэсэн агуулгын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэлээ.
11. Хэрэгт цугларсан баримтаас үзвэл уг хэрэгт анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ц.М болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б нар давж заалдах журмаар гомдол гаргасан байх ба уг гомдлыг Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024.04.04-ний өдөр хүлээн авч, хэргийг тус шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолд заасан журмын дагуу Ерөнхий шүүгч Т.Д, шүүгч Х.Г, шүүгч Л.У нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэхээр томилогджээ.
12. Улмаар тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Д нь хэргийн хариуцагч Ө-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд буюу дарга Ц.Ж-тай төрсөн ах дүүсийн хүүхдүүд гэсэн үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэхээс татгалзах хүсэлт гаргасныг тус шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцээд 2024.04.11-ний өдрийн 203/ЗТ2024/00016 дугаар тогтоолоор хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Ийнхүү шийдвэрлэхдээ Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолд үндэслэлээ “…Ц.Ж нь хэргийн оролцогч биш …” гэж заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.2-т заасантай нийцээгүй, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.2-т уг хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн гэр бүл, төрөл, садан бол ... шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй талаар заасан.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг ойлгохоор хуульчилсан байна.
Ерөнхий шүүгч Т.Д нь хариуцагчийн төлөөлөгч Ц.Ж-тай төрсөн ах дүүсийн хүүхдүүд гэснээс үзэхэд тэд Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасан садангийн хүн болох нь тогтоогдсон.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн гуравдугаар бүлэгт хэргийн оролцогчдын иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нөхцөл журмыг зохицуулж, хуулийн 22 дугаар зүйлд хэргийн оролцогчийн бүрэлдэхүүнийг дор дурдсанаар тодорхойлжээ. Үүнд:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д хэргийн оролцогч гэдэгт “зохигч, гуравдагч этгээд, түүнчлэн энэ хуулийн 12.1.2-12.1.4-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа этгээд” хамаарахаар,
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь иргэний хэргийн бие даасан оролцогч бус зөвхөн төлөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж байгаа этгээд” гэж тус тус заажээ.
Дээрх зохицуулалтаас үзвэл зохигчийн төлөөлөгч нь хуульд нэрлэн заасан хэргийн оролцогчид хамаараагүй, иргэний хэргийн бие даасан оролцогч бус хэдий ч төлөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж байгаа этгээд болохынхоо хувьд хэргийн оролцогчдын бүрэлдэхүүнд хамаарч байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн гуравдугаар бүлгийн гарчгийг “хэргийн оролцогч” гэж, 22 дугаар зүйлийн гарчгийг “хэргийн оролцогчийн бүрэлдэхүүн” гэсэн байх ба тус зүйлд хэргийн оролцогчид хамаарах этгээдийг нэрлэн зааж, бусад оролцогчдыг ийнхүү нэрлэн заасан хэргийн оролцогчид хамааруулаагүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгчийн татгалзан гарах асуудлын хүрээнд тэдгээрийг хэргийн оролцогчийн бүрэлдэхүүн гэж үзэхээр байна.
Иймээс Ө-ын дарга Ц.Ж нь хариуцагчийн төлөөлөгч болохынхоо хувьд буюу хуулийн этгээдийг итгэмжлэлгүй төлөөлөх этгээд нь хуулийн этгээдийн хүсэл зоригийг илэрхийлдэг тул энэ тохиолдолд хэргийн оролцогчтой адилтган үзэх нь зүйтэй.
15. Энэ утгаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.2-т заасан хэргийн оролцогч гэдэгт зохигчийн төлөөлөгч хамаарна гэж үзнэ.
Нөгөө талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.2-т заасан шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэлийг шүүгч хараат бус байх, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмуудтай уялдуулан авч үзвэл дээрх тохиолдолд хэргийн оролцогч гэдгийг хэргийн оролцогчдын бүрэлдэхүүний хүрээнд тайлбарлан ойлгох нь зүйтэй.
16. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Ерөнхий шүүгч Т.Д-гийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.2-т заасан хэргийн ... оролцогчийн гэр бүл төрөл, садан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч оролцож болохгүй үндэслэл тогтоогдсон болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй, шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах тухай хүсэлтийг хангахаас татгалзсан нь буруу байна.
17. Энэ нь хэргийг хууль бус бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн буюу шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болох тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
18. Хяналтын шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа тул өмгөөлөгчийн шүүхийн шийдвэр хууль хэрэглээний алдаатай гэсэн агуулга бүхий гомдолд дүгнэлт хийгээгүй ба гомдлын зарим хэсгийг буюу “шүүх хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэсэн” тухай хэсгийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 203/МА2024/00017 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдлын заримыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА