Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 18

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Урангуа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

Улсын яллагч: Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын  прокурор Ц.Бямбадорж,

Шүүгдэгч: Б.Батбаатар /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Б.Батбаатарт холбогдох 201716010010 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн менежмент мэргэжилтэй, “Их говь ази” ХХК-нд тээвэр зохицуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 5 настай, 1 нас 3 сартай 2 хүүхдийн хамт Өмнөговь аймаг, Цогтцэций сумын Цагаан-Овоо 14-3 тоотод  оршин суух ял шийтгэлгүй Чонос овогт Баясгалангийн Батбаатар /РД:КН86011576/

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/:

Б.Батбаатар нь 2017 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн нутаг Цагаан-Овоогийн 14-3 тоотод иргэн Б.Батболдтой хувийн таарамжгүй харьцаанаас маргалдан улмаар бие эрх чөлөөнд халдаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батбаатар мэдүүлэхдээ: “...2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр миний төрсөн өдөр байсан. Төрсөн ах Батболд нэг шил архи авчраад  уугаад сууж байтал ахын найз Наранхүү гаднаас орж ирсэн. Тэгээд бид гурав нөгөө шил архийг хувааж уугаад унтсан. Орой 7 цагийн үед манай эхнэр бид нарт хоол хийж өгсөн. Бид нар дахин нэг шил авч хувааж уугаад байж байтал Наранхүү тасраад унтаад өгсөн. Батболд ах бид хоёрын хооронд мөнгөний асуудалтай байсныг ах буруу тайлбарлаж, би буруу ойлгоод түүнээс болоод бид нар маргалдсан. Ах босож ирээд намайг өшиглөхөөр нь би хөлөөс нь татаж унагаагаад дээр доороо орж өнхрөлдөөд ахыг дийлдэхгүй болохоор нь би хоолны шкабны шургуулганаас заазуур аваад эргэтэл ах хойно байж таараад гар нь зүсэгдчихсэн. ” гэв.

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Б.Батболдын: “…2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дүү Батбаатарын төрсөн өдөр байгаад би тухайн өдрийн өглөө 11 цагийн үед тэдний гэрт 1 шил архи аваад очсон. Тэгээд Батбаатартай нөгөө шил архиа хувааж уугаад сууж байтал өдрийн алдад Наранхүү гаднаас орж ирсэн. Бид 3 нөгөө архиа хувааж уучихаад хэсэгхэн хугацаанд амарч байгаад орой хоол идчихээд 20 цагийн үед дахин 1 шил архи хувааж уухад Наранхүү тасраад уначихсан. Батбаатар бид 2 архиа үргэлжлүүлэн ууж байгаад мөнгөний талаарх яриан дээрээс дүү буруу ойлгоод хоорондоо маргалдсан. Тухайн үед Батбаатарын эхнэр бид хоёрыг “больцгоо” гэж удаа дараа хэлсэн. Тэгээд бид хоёр нэгнийгээ үгээр идэж харааж байгаад гэнэт миний уур хүрээд босож ирээд дүүгээ өшиглөтөл Батбаатар намайг заамдаж аваад газарт унаж бид хоёр дээр доороо орж хэсэг зууралдсан. Би тухайн үед юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд миний зүүн гар хутганд зүсэгдсэн байдалтай цус гарч байсан. Би шууд Батбаатарын гэрээс гараад гэрийн гадаа байсан машины зүүн талд очоод зогсож байтал манай дүү Батцэцэг ирээд намайг эмнэлэгт хүргэж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-р хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Ч.Цэнд-Аюушийн: “...2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр манай нөхөр Батбаатарын төрсөн өдөр болсон юм. Тэр өдрийн 11 цагийн үед төрсөн ах Батболд 1 шил архи авчирч түүний төрсөн өдрийг тэмдэглэж хувааж ууж байхад Наранхүү 14 цагийн үед ирж тэр 3 хувааж уусан. Би оройн 19 цагийн үед хоол хийж өгсөн. Тэр 3  дахиад 1 шил 0.75 литрийн савтай “Экс” архийг хувааж ууж байгаад Наранхүү согтоод унасан. Тэгээд Батбаатар, Батболд нар архийг үргэлжлүүлэн хувааж ууж байснаа мөнгөний асуудлаас болоод маргалдаж эхэлсэн. Би тэр хоёрт хандаж “та нар битгий хэрэлдээд бай” гэж удаа дараа хэлсэн. Харин тэр хоёр миний үгийг тоолгүй хэрэлдэж байснаа гэнэт Батболд босоод Батбаатарыг өшиглөөд газар зодолдсон. Тухайн үед би айгаад Наранхүү сэрээтэл тэрээр харж сууж байснаа гэрээс гараад явчихсан. Түүний дараагаар Батболд Батбаатар 2 түр зодолдохоо больтол Батбаатар гал тогооны шургуулга ухаад байсан. Тэр хоёрыг хэрэлдэж маргалдах үед шургууллаганд байсан 2 хутгыг аваад цааш нь нуучихсан байсан юм. Харин заазуур байсныг мэдээгүй. Тэгээд би гэрийн хойд хэсэгт зогсож байгаад хадам ээж Дэмбэрэл лүү гар утсаар залгаад “Батбаатар, Батболд нар хоорондоо зодолдоод би дийлэхгүй байна” гэж хэлчихээд хартал Батбаатар баруун гартаа заазуур барьчихсан гэрийн зүүн талын баганыг налаад зогсож байсан. Харин Батболд гутлаа өмсөөд угаагуурын тэнд сууж байснаа гараад явчихсан. Би тухайн үед Батбаатарын гарт байсан заазуурыг авч нууж тавьсан. Хадам ээж ирж Батбаатарыг загнаж байгаад тайвшруулсны дараа яваад өгсөн. Түүний дараагаар би гэрээ цэвэрлэж байгаад гэрийн үүдний хэсэгт хулдаасан дээр цус болсон байхаар нь алчуураар арчсан”   гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-р хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Б.Батцэцэгийн:  “...2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 20 цагийн үед санагдаж байна гэртээ байтал Батбаатарын эхнэр Цэнд-Аюуш гар утсаар манай ээж рүү залгасан. Тэгтэл ээж “Цэнд-Аюуш юу яриад байгаа нь сонсогдохгүй байна. Чи яриа” гээд надад утсаа өгсөн. Би утас автал Батболд манайд согтуу байна. Ирээд ав” гэж хэлсэн. Тэгээд бт 48-85 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад ээж Дэмбэрэлийн хамтаар Цагаан-Овоогийн 14-3 тоотод байрлах Батбаатарын гэрт очтол хашааны гадаа Батболд ах согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай зүүн гараа барьчихсан зогсож байсан. Батболд ах шууд эмнэлэг оръё гэхээр нь хүргэж өгсөн” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-р хуудас/

 Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Ц.Наранхүүгийн: “...2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хөдөөнөөс орж ирээд найз Батболд руу залгаад ярьтал дүүгийндээ байна хүрээд ир гэсэн. Тэгээд барагцаагаар 12 цагийн үед байх Батболдын дүү Батбаатарын гэрт очсон. Тэр хоёр Батбаатарын төрсөн өдөр гээд нэг шил архи уугаад сууж байсан. Тэгээд архийг бид гурав хувааж уугаад тэндээ унтсан. 19 цагийн үед хоол идчихээд дахиад нэг шил 0.75 литр архи хувааж ууж байгаад би согтоод унасан. Намайг унтаж байхад хүмүүс хоорондоо чангад дуугараад маргалдахаар нь сэрээд хартал Батбаатар суучихсан, Батболд гэрийн хоймор талд босчихсон хоёулаа мөнгөний асуудлаас болоод маргалдаад байсан. Тэгэхээр нь би “та хоёр болиоч юу болсон юм боль” гэсэн. Тэгээд миний үгэнд орохгүй маргалдаад бие бие лүүгээ дайраад байхаар нь би орхиод гэрээс явсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-р хуудас/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр №29 дугаартай “...Б.Батболдын биед зүүн шуунд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээр гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 21-р хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 39-р хуудас/ зэрэг болно.

Дээрх баримтуудаас дүгнэхэд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Б.Батбаатар нь 2017 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн нутаг Цагаан-Овоогийн 14-3 тоотод иргэн Б.Батболдтой хувийн таарамжгүй харьцаанаас маргалдан улмаар бие эрх чөлөөнд халдаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Б.Батболдын “...Тэгээд бид хоёр нэгнийгээ үгээр идэж харааж байгаад гэнэт миний уур хүрээд босож ирээд дүүгээ өшиглөтөл Батбаатар намайг заамдаж аваад газарт унаж бид хоёр дээр доороо орж хэсэг зууралдсан. Би тухайн үед юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд миний зүүн гар хутганд зүсэгдсэн байдалтай цус гарч байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Цэнд-Аюушийн “...гэнэт Батболд босоод Батбаатарыг өшиглөөд газар зодолдсон. Түүний дараагаар Батболд Батбаатар 2 түр зодолдохоо больтол Батбаатар гал тогооны шургуулга ухаад байсан. Тэр хоёрыг хэрэлдэж маргалдах үед шургууллаганд байсан 2 хутгыг аваад цааш нь нуучихсан байсан юм. Харин заазуур байсныг мэдээгүй. Тэгээд би гэрийн хойд хэсэгт зогсож байгаад хадам ээж Дэмбэрэлийн гар утсаар залгаад “Батбаатар, Батболд нар хоорондоо зодолдоод би дийлэхгүй байна” гэж хэлчихээд хартал Батбаатар баруун гартаа заазуур барьчихсан гэрийн зүүн талын баганыг налаад зогсож байсан. Харин Батболд гутлаа өмсөөд угаагуурын тэнд сууж байснаа гараад явчихсан. Би тухайн үед Батбаатарын гарт байсан заазуурыг авч нууж тавьсан. Би гэрээ цэвэрлэж байгаад гэрийн үүдний хэсэгт хулдаасан дээр цус болсон байхаар нь алчуураар арчсан” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Батцэцэгийн “...Цэнд-Аюуш “Батболд манайд согтуу байна. Ирээд ав” гэж хэлсэн. Тэгээд би 48-85 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад ээж Дэмбэрэлийн хамтаар Цагаан-Овоогийн 14-3 тоотод байрлах Батбаатарын гэрт очтол хашааны гадаа Батболд ах согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай зүүн гараа барьчихсан зогсож байсан. Батболд ах шууд эмнэлэг оръё гэхээр нь хүргэж өгсөн” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Наранхүүгийн “...би тасраад унтаж байтал хүмүүс хоорондоо чанга яриад маргалдаад байхаар нь хартал Батбаатар суучихсан, Батболд гэрийн хоймор талд босчихсон хоёулаа мөнгөний асуудлаас болоод маргалдаад байсан. Тэгэхээр нь би “та хоёр болиоч юу болсон юм боль” гэсэн. Тэгээд миний үгэнд орохгүй маргалдаад бие бие лүүгээ дайраад байхаар нь би орхиод гэрээс явсан” гэсэн мэдүүлэг, шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр №29 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зохих ял шийтгэх оногдуулах нь зүйтэй.

Хохирогч Б.Батболд нь шүүгдэгч Б.Батбаатартай сайн дураараа эвлэрч, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа хүсэлт гаргасан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан “Согтуурал буюу мансуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй.” гэж заасны дагуу түүнд ял халдаах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Амартүвшин нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байгаа ба хохирол төлбөргүй байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин түүнийг согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд тооцож, бага насны хоёр хүүхэдтэй, ажил хөдөлмөр ганцаараа эрхэлж байгаа зэрэг хувийн байдлыг нь харгалзан торгох ялын хамгийн доод хэмжээгээр шийтгэх нь зүйтэй.

Б.Батбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдвал зохино.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн иштэй ажлын хэсгийн урт 12 см, 11 см урт иштэй заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чонос овогт Баясгалангийн Батбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батбаатарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаас санаатайгаар зайлсхийсэн бол шүүх торгох ялыг нэгээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг сануулсугай.

4. Б.Батбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн иштэй ажлын хэсгийн урт 12 см, 11 см урт иштэй заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

 7. Эрүүгийн байцаан шийтгэл хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Батбаатарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.УРАНГУА