Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 16

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Г.Уламбаяр, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                     Прокурор Ч.Энхжаргал  

                                                     Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл

                                                      Шүүгдэгч Ц.С

                                                      Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч Ч.Байгалмаа, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Ц.С-н гаргасан гомдлоор эрүүгийн 1926001400121 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Цэргийн тусгай шүүхийн 1991 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 66 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2, 278 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/86 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1/36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1/91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1/58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Жумдаан овогт Ц.С

 

Жумдаан овогт Ц.С нь 2019 оны 03 дугаар сарын 17-19-ний өдрийн орчим иргэн Б.С-н хүн байнга амьдрах зориулалттай гэрийн хаалганы цоожны даруулгыг эвдэж хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга 2 ширхэг, Ерөөл нэртэй архи 1 ширхэг, Соёрхол нэртэй архи 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бурхны жижиг авдар эвдэж нийт 172000 /нэг зуун далан хоёр мянга/ төгрөгийн,

 

      2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Б.Б хүн байнга амьдрах зориулалттай гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч 0.5 литрийн Сэнгүр нэртэй пиво 2 ширхэг, 0.5 литрийн Ерөөл нэртэй архи 1 ширхэг, 0.75 литрийн Варварис нэртэй дарс 1 ширхэг, 5 оролттой уртасгагч 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч авдрын цүү төмөр, тоононы модон рам зэрэг эд зүйлүүдийг гэмтээж нийт 54000 /тавин дөрвөн мянга/ төгрөгийн,

 

      2019 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хооронд иргэн Д.Д-н хүн байнга амьдрах зориулалттай гэрийн хаалганы цоожийг эвдэж хууль бусаар нэвтрэн 130.000 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүд, эмэгтэй хүний булган малгай 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, 0.75 литрийн Чингис архи 1 ширхэг, 0.5 литрийн Орос цагаан архи 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 269500 /хоёр зуун жаран есөн мянга таван зуун/ төгрөгийн,

 

      2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр иргэн Ө.О-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн вакум цонхыг хагалан, хууль бусаар нэвтэрч 4 килограмм бууз, дунд гарын чулуун хөөрөг 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 282000 /хоёр зуун наян хоёр мянга/ төгрөгийн,

 

      2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хооронд иргэн Б.Б-н хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч тасдагч, торго, виски, архи, байгалийн мана чүнчигноров, замагт мана зэрэг чулуу тус бүр 1 ширхэг, 500 грамм өнгөт чулуу, дөрөө 1 хос, 1 грамм байгалийн алт, Алтангэрэл нэртэй судар зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 914000 /есөн зуун арван дөрвөн мянга/ төгрөгийн,

 

2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 11-14 цагийн орчимд иргэн Ц.Ц-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч, халтар манан хөөрөг 1 ширхэг, хурган дотортой дээл 1 ширхэг, Самсунг J-3 маркын гар утас 1 ширхэг, гоёлын цүнх 1 ширхэг, хүүхдийн төрсний гэрчилгээ 2 ширхэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2544800 /хоёр сая таван зуун дөчин дөрвөн мянга найман зуу/ төгрөгийн,

 

      2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 14-19 цагийн хооронд Г.Э хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхыг хагалан, хууль бусаар нэвтэрч 4 килограмм ямааны борц, 10 литрийн 2 ширхэг бетон зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 190000 /нэг зуун ерэн мянга/ төгрөгийн,

 

2019 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 03 дугаар сарын 14-ний өдрийн хооронд иргэн С.Б-н хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цонхыг хагалж хууль бусаар нэвтэрч, гар аргаар урласан гутал 2 ширхэг, булган малгай эрэгтэй, эмэгтэй 4 ширхэг, эрэгтэй хүний саравчтай малгай 1 ширхэг, торгон өнгөтэй дээл 1 ширхэг, мөнгөн чимэглэлтэй бүс 1 ширхэг, зэс аяга 2 ширхэг, хутаг 1 ширхэг, алт мөнгөн хэрэгслийн багаж 1 ширхэг, хөөрөгний өнгөлөгч багаж 1 ширхэг, хуурай багаж 1 ширхэг, хөөрөгний толгой 5 ширхэг, хөөрөгний нуух 12 ширхэг, хөөрөг 8 ширхэг, бугуйн цаг 2 ширхэг, мөнгөн гагнуур 1 ширхэг, дээлийн торго 1 ширхэг, дурдан 1 ширхэг, офицер ногоон цамц 1 ширхэг, 60 метрийн уртасгагч 1 ширхэг, тасдагч багаж 1 ширхэг, өрөм 1 ширхэг, гар багаж 1 ширхэг, iрhone-4 маркын гар утас 1 ширхэг, энгэрт зүүдэг цаг 1 ширхэг, мөнгөн, гоёл чимэглэлийн тээг 1 ширхэг, 20 литрийн сав 1 ширхэг, багаж 2 ширхэг, хос бээлий 1, хөөрөгний чулуу 6 ширхэг, лаамбан тень 1 ширхэг, хүлэмжний үр 10 төрлийн, фото будаг 1 ширхэг, ноолууран дээл 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3546000 төгрөгийн, гэр доторх эд хогшлыг эвдэж 615500 төгрөгийн, нийт 4161500 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

 

Анхан шатны шүүх, Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Жумдаан овогт Ц.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 211 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч Б.Б нь 54000 төгрөгийн үнэлгээ бүхий 0.5 литрийн Сэнгүр пиво 2 ширхэг, Ерөөл архи 0.5 литр 1 ширхэг, Варварис нэртэй дарс 0.75 литр 1 ширхэг, уртасгагч 1 ширхэг зэрэг эд зүйлээ буцаан авсан гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Б.Б нь 60000 төгрөгийн үнэлгээ бүхий улаан өнгийн тасдагчаа буцаан авсан, хохирогч Ө.О, Г.Э, иргэний нэхэмжлэгч Г.Д, Г.Ц, О.С, Х.Г нар нь эд зүйлээ нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдан, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.С-с хохирогч Б.С-д 122000 төгрөгийг, хохирогч Д.Д-д 269500 төгрөгийг, хохирогч Б.Б-д 854000 төгрөгийг, хохирогч Ц.Ц-д 1844800 төгрөгийг, хохирогч С.Б-д 4161500 төгрөгийг тус тус гаргуулж олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн архины жижиг мөнгөн аяга 1 ширхэгийг хохирогч Б.С-д, Самсунг J-3 маркын шаргал өнгийн гар утас 1 ширхэг, өнгөлөөгүй хурган дээл 1 ширхэгийг хохирогч Ц.Ц-д буцаан олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.С гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү.

 

Миний бие нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчиж байна гэж үзэж дараах тайлбарыг гаргаж байна. 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаан дээр Энхжаргал прокурор Өийг хулгайн хэрэгт ямар ч холбогдолгүй гэсэн. Ө-н хулгай хийсэн хулгайн хэргийг надад халдаан, шударга ёсны зарчмыг зөрчиж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнд гомдолтой байна. Би шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ганцаараа үйлдсэн 6 үйлдэл байгаа. Харин Б, А гэх айлуудаас эд зүйл хулгайлах гэмт хэргийг Ө-тай хамтран үйлдсэн болохоор дангаараа энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй, хамт шийдүүлмээр байна. Ө намайг гэрчилчихээд өөрөө ял завших гэж байна, түүний намайг гэрчилж байгаа нь худлаа. 2019 оны 02 дугаар сарын сүүлээр Ө намайг дагуулж хулгай хийсэн, тэр шөнө бид хоёр Б-н гэрт хамт байсан. Мөн А-д ч хамт орсон. Энэ хоёр айлд орсон хулгайн үйлдлийн хохирлыг төлж өгнө гэж тохирсон. Би анх гэрчийн мэдүүлэг өгөхөөсөө өмнө Ө-тай уулзсан. Нөгөө 2 үйлдэл чинь баригдсан гэж хэлэхэд ярьж тохирсноороо чи даагаад гарчих, тэр 2 айлаас авсан юмнууд надад байгаа. Би чамд авчирч өгье, чи цагдаад буцаагаад өгчих, үлдэгдэл хохирлыг нь би барагдуулж өгнө гээд байхаар нь найдаад нэрийг нь дурсаагүй. Ө энийг буруугаар ашиглаж намайг гэрчилж, 2019 оны 02 дугаар сараас 05 дугаар сар хүртэл хөдөө айлд мал малласан гэж худлаа гэрч нар гаргаж ирээд мэдүүлэг өгүүлж, ял завших гэсэн арга хэрэглэж байна. Энэ 2 айлаас хулгай хийх санаачлагыг Ө өөрөө гаргасан, хулгай хийсэн юмаа такси дуудаад аваад явсан. Хамт хулгай хийчихээд намайг гэрчилж байна. Би анх гэрчийн мэдүүлэг өгөхдөө Ө-тай ярьж, үг тохирсны дагуу гэрчийн мэдүүлэг өгсөн гэдгийг ярьсан.

 

Би хулгай хийхийг гол зорилгоо болгоогүй, архи ууж яваад бусдын нөлөөнд автаж хулгай хийсэн нь үнэн. Би гарын ураар хийсэн зүйлээ зохих үнээр нь борлуулдаг. Бусад үед нь өдөрт 5000-10000 төгрөгний ажил хийж, олсон мөнгөө ахуйн хэрэгцээндээ зарцуулдаг байсан. 2019 оны 10 дугаар сарын 30-нд мөрдөн байцаах тасгийн дарга хошууч Мөнхбат надаас Ө-н талаар нэмэлт мэдүүлэг авсан. Би энэ мэдүүлэг дээрээ 2019 оны 02 дугаар сарын сүүлээр Өтай орой зах тарахын үед захын баруун хаалган дээр таарсан, бид хоёр хэн хэн нь согтуу байсан. Ө 2-лаа нэг айлаар орьё гээд намайг дагуулаад явсан. Нилээн алхаад нэг хашааны хажууд ирээд энэ айлаас юм авъя гээд хүн багтах зайтай торон хашааны завсараар орж байшингийн хаалгыг нь эвдэж орсон. Би миний таньдаг айл байна гэхэд хулгай хийх гэж орж ирсэн юм чинь хоосон гарах гэж юу байсан юм гэж надад уурласан. Тэгээд цоожтой авдарыг нь ухаж эд зүйлсийг нь аваад, одон тэмдэгтэй дээлийг нь гаргаж ирээд одонтой хэсгийг нь огтолж авсан. Би Өийг эзгүй айлд орж ирчихээд дээл, хувцасыг нь хутгаар огтолж хаядаг хэн бэ гээд хоолны халуун саваар цохиж авсан. Үүнээс болж Ө надад уурлаж Б-н гэрт зодолдон гэр доторх зарим эд зүйлсийг эвдсэн. Би ганцаараа хулгай хийсэн бол эд зүйлсийг нь эвдэхгүй, авах юмаа аваад гарах байсан. Б-н гэрээс 61 төрлийн эд зүйл алдагдсан гэх мэдүүлэг байдаг. Би үүнийг ганцаараа авч явах ямар ч боломжгүй. Би Ө-тай хамт хулгай хийсэн гэдгээ мөрдөгч Батзул, байцаагч Мягмар, прокурор Батзориг нарт хэлж танилцуулсан боловч саналыг хүлээн авч, шалгаж өгөөгүй татгалзсан. 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр болсон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ Бын гэрээс Өийн хулгай хийж авсан хөөргөө надаар А гэдэг хүнд заруулсан талаар, мөн тасдагчийг цагдаагийн хошууч Б-д 2019 оны 04 дүгээр сард хураалгасан гэсэн. 2019 оны 10 дугаар  сарын 30-ны өдрийн өгсөн мэдүүлэг дээр байгаа. Байцаагч өөрийн санаачилга гаргаж хохирогч Бд тасдагч болон хөөрөгний талаар таньж оруулах ажиллагаа хийлгээгүй. Ө-тай 2013, 2016 онд хамт хулгай хийсэн боловч орхигдуулж байсан. 2019 оны хулгайн хэрэг дээр хамт хулгай хийсэн нь үнэн. Ө энэ хүнийг өмнө нь танихгүй гэж яагаад ингэж мэдүүлээд байгааг нь мэдэхгүй байна гэдэг үгээр өөрийгөө өмгөөлж, өөрийнхөө хулгай хийсэн хоёр үйлдлийг надад тохож, гэмгүй хүн болж зүгээр явж байна.

Ө-г 2019 оны 02 дугаар сараас 05 дугаар сар хүртэл аймагт байсныг гэрчлэх хүмүүсийг гэрчээр асууж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргаж өгсөн. Мөн 2019 оны 12 дугаар сарын 26, 30-ны өдрүүдэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийлгэх хүсэлтийг гаргасан. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр өмгөөлөгч бид хоёр гаргасан хүсэлтийнхээ дагуу хэргийг мөрдөн байцаалтанд буцааж шалгаж өгөхийг хүссэн боловч Энхжаргал прокурор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаагаад бүтэн хоёр сарын хугацаа өнгөрч байхад хүсэлт гаргаж шалгуулж байхгүй яасан юм бэ, шүүхэд шилжүүлэх гэхээр янз бүрийн юм гаргаж ирээд хэрэг удаашруулах гээд байна. Ө-г шүүх хуралд оролцуулна гэх тайлбарыг өгсөн. Би шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Ө-г гэм буруугаа хүлээх байх гэж бодсондоо гэрч асуулгах хүсэлтийг өгсөн.

 

1. Ч.Энхжаргал прокурорыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр өмгөөлөгч бид хоёрын гаргасан тайлбарын дагуу авч үзэж Ө-г Хайрхандулаан суманд мал маллаж байсан гэж гэрч гаргаж ирсэн нь үнэн гэдгийг, С-н гаргасан хүсэлтэн дээр Ө-г 2019 оны 02 дугаар сараас 05 дугаар сарын хүртэл аймагт байсныг гэрчлэх хүмүүс надад байгаа гэдгийг санаачилга гаргаж хоёр хүний хэн нь үнэн, хэн нь худлаа ярьж байгааг нарийвчлан шалгаж өгье гэсэн санаачилгыг гаргаагүй, Ө-н хийсэн хулгайн хэргийг надад халдаан тулгаж байна. Энэ хоёр айлаас хулгай хийсэн үйлдлийг Ө надтай хамт хийснийг олж тогтоож, хэргийг эргэлзээгүй болгож шийдвэрлэж өгөх нь прокурорын үүрэг. Гэтэл энэ хэрэг дээр прокурорын зүгээс Өийг ямар ч холбогдолгүй гэж үзсэнд гомдолтой байна.   

2. Байцаагч Мягмар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж мэдүүлэг авсан. 2019 оны 11 сард Мөнхбаатараас дахин мэдүүлэг авч, 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр анх гэрчээр өгсөн мэдүүлгийг зориуд өөрчлүүлж өгүүлсэн байна. Би Б ахын гэрийг 2019 оны 02 дугаар сарын эхээр цагаан сар дөнгөж өнгөрч байхад эргэж очсон. Түүнээс хойш эргэж очоогүй байж байгаад 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр эргэж очиход хулгай орсон байсан гэх мэдүүлгээр сольж зориуд өөрчилж засварласан байна. Гэрч Мөнхбаатар нь би өмнө өгсөн мэдүүлгээ буруу өгсөн байна гэж 240 хоногийн дараа цагдаа дээр ирээд зогсож байх уу, найман сарын дараа. Гэрч М-н анхны өгсөн мэдүүлэгт би Б ахын гэрийг 2019 оны 03 дугаар сарын 06-нд эргэж очиход зүгээр байсан. 2019 оны 03 дугаар сарын 14-нд эргэж очиход хулгай орсон байсан гэх мэдүүлэг нь үнэн зөв өдөр хоногийн зөрүү байхгүй мэдүүлэг байсан юм. Бид хоёрын хулгай хийсэн өдөр хоногийг би сайн мэдэж байгаа. Энэ 6 хоногийн зөрүүг ашиглаж гэрчийн мэдүүлгийг зориуд өөрчилж засварласан байна гэдэгт гомдол гаргаж байна.

 

3. 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр цагдаагийн хошууч ахлах мөрдөгч Мягмарт би хүсэлт гаргасан. Энэ хүсэлтэн дээрээ би гарын ураар юм хийдэг юм. Үүнийг мэдэх Д, Ш гэх хүмүүсээс тайлбар авч хэрэгт баримт болгон оруулж өгнө үү гэсэн хүсэлтийг цагдан хорихын тоо бүртгэлд бичиж өгсөн. Цагдан хорихын тоо бүртгэгч албан бичиг хавсарган байцаагч Мягмарт өгсөн байгаа юм. Энэ хүсэлт хэрэгт ач холбогдолтой нотлох баримт байсан. Гэтэл энэ хүсэлт хэрэгт байхгүй байна, энэ хүсэлтийг байцаагч зориуд устгасан гэж үзэж байна. Иймд энэ хүсэлтийг шалгаж өгнө үү, гомдолтой.

 

4. Мөрдөгч Батзул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.3-т заасныг зөрчиж мэдүүлэг авсанд гомдолтой байна. 2019 оны 03 дугаар сарын 21-нд Б-н гэрээс эд зүйл алдагдсан хулгайн хэрэг дээр гэрчийн мэдүүлэг авах гэж надад эрх үүрэг танилцуулсан. Би бичиг үсэг мэдэхгүй, муухан уншиж чадна, уусан архи гараагүй байна гэж үнэнээ хэлж, маргааш өмгөөлөгч авч байгаад өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэхэд би өмгөөлөгч олж өгнө гэж надаас мэдүүлэг авсан. Мэдүүлэг авсны дараа надаас өгсөн мэдүүлэг чинь үнэн зөв үү гэж асууж тэмдэглэл үйлдээгүй, мөн уншиж танилцуулаагүй гарын үсэг зуруулсанд гомдолтой байна.

 

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бодит байдалтай гэрчүүдийн мэдүүлгүүд нийцэхгүй зөрдөг.

Гэрч М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр намайг очиход гэр нь зүгээр байсан. 2019 оны 03 дугаар сарын 14-ний өглөө очиход хаалганы дээд цонх нь хагарч монгол цоож нь онгойсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Би Б ахын гэрийг 2019 оны 02 дугаар сарын эхээр цагаан сар дөнгөж өнгөрч байхад эргэж очсон. Би өмнө нь өгсөн мэдүүлгээ буруу өгсөн байна гэж мэдүүлэг өгсөн. Гэрч Ө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ би яг сар, өдрөө сайн санахгүй байна. 2019 оны 02 дугаар сарын сүүлээр санагдаж байна. Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг 48 айлын орон сууцны урьд талд явж байтал С ганцаараа  явж байсан. Надтай уулзаад чи энэ хуучин монгол гутал авчих эсвэл зараад өг гэхээр нь би цагдаа дээр шалгагдаж байгаа авахгүй гэж хэлсэн. Мөн Ө шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ 2019 оны 02 дугаар сарын 13-ны орой 1 цагийн орчим энэ хүнтэй 4 замын хажууд таарсан. Би эхнэрээ хүргэж өгчихөөд ээжийн даралт ихсээд байна гэхээр нь ээжийнд очих гээд буцаад алхаж явсан чинь энэ хүнтэй таарсан. Монгол гутал, малгай, хутгатай явж байсан, би мөнгө байхгүй гэж хэлсэн. Ө-н орой гэж яриад байгаа нь шөнийн 01 цагийн үед эд зүйл зарах гээд явж байх уу. Чи айлд  мал маллаж байхдаа аймгийн төв рүү орж ирсэн үү гэж асуухад би аймаг руу орж ирсэн. Сургуулийн хүүхдийн хоол өгөх гэж 2 хоноод буцаж явсан гэх мэдүүлэг өгсөн байсан.

Ө аймаг руу орж ирээд 2 хоноод буцаж явсан гэх мэдүүлгийг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгснийг шийтгэх тогтоол дээр бичилгүй орхигдуулсан байна.

Гэрч Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ 2019 оны 02 дугаар сарын дундуур Хайрхандулаан сум руу айлын мал маллахаар явсан. Тэгээд 2019 оны 05 дугаар сард гэртээ ирсэн. Мал маллаж байх хугацаандаа гэртээ ерөөсөө ирээгүй,

гэрч Ш мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ 2019 оны 02 дугаар сард Өийг сарын 250000 төгрөгөөр мал маллуулахаар аймгийн төвөөс авч ирсэн. Манайд 20 гаран хоног мал маллаж байгаад явсан... гэх,

гэрч М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ манай аав Шийлэгбат малчин авна гэж зар өгч байгаад 2019 оны 02 дугаар сарын дунд үеэр Ө гэх хүнийг авч ирж мал маллуулсан. 2019 оны 05 дугаар сард гэрлүүгээ буцсан. Мал маллаж байх хугацаандаа Арвайхээр сум руу яваагүй гэх,

гэрч Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ манай хүү 2019 оны 02 дугаар сарын сүүлээр Хайрхандулаан сум руу айлын мал маллахаар явсан. Ямар айлд мал маллахаар явсан талаар мэдэхгүй байна,

гэрч А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ 2019 оны 10 дугаар сарын сүүлээр үл таних намхан биетэй хөгшин эрэгтэй хүнээс хөөрөг авсан. Би хөөргийг 20000 төгрөгөөр худалдаж авсан. Ө Бын гэрээс хулгайлсан хөөргөө надтай хамт явж байгаад надаар А гэх хүнд заруулсан гэх мэдүүлгүүд /2019 оны 10 дугаар сарын сүүлээр гэхэд би мөрдөнд хоригдоод 4 сар болж байсан/.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Гандулам нь 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг бүрэн гүйцэт бичээгүй орхигдуулсан байна. Ө-н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг шийтгэх тогтоолд зарим нэг үг, өгүүлбэрийг бичээгүй орхигдуулсан.

Жишээ нь: Өаас чи айлд мал маллаж байх хугацаандаа аймаг руу орж ирсэн үү гэхэд? Би аймаг руу сургуулийн хүүхдийн хоол өгөх гэж орж ирсэн. 2 хоноод буцаж явсан гэх мэдүүлэг шийтгэх тогтоолд бичигдсэн, мэдүүлгэнд байхгүй байна. Өийн талаар гэрч гаргаж өгье гэсэн хүсэлтийг гаргасан. Мөн Бын гэрээс Өийн хулгайлж авсан хөөрөг болон тасдагч эд зүйлсийн талаар шалгуулах гэсэн боловч хэт нэг талыг барьж шалгаж өгөхгүй байна. Иймд миний дээр дурьдсан 5 үндэслэлээр гаргасан гомдлыг хэлэлцэж, хэргийг прокурорт буцааж өгнө үү. Би цагдан хоригдоод нилээдгүй хугацаа өнгөрч байгаа тул биеийн байдал тааруу, даралт ихсэж, даралтны эм ууж байна гэжээ.

 

Прокурор Ч.Энхжаргал шүүгдэгчийн гомдолд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Ц.С-с гаргасан ... гомдолд дараах тайлбарыг гаргаж байна.

Ц.С-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлснийг Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолоор хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа боловч амьжиргааны эх үүсвэр болгосон гэдгийг нотлоогүй, тухайн этгээд тодорхой төрлийн гэмт хэрэг үргэлжлүүлэн үйлдсэн хугацаа болон учруулсан хохирлын хэмжээг анхаарч үзэж, хулгайлж авсан эд хөрөнгөөр амьжиргаагаа залгуулж байсан гэж дүгнэхэд хангалттай үндэслэл болохгүй байна гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн яллагдагч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасныг үндэслэн шүүгдэгчид ашигтайгаар зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг шүүхийн хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрхэн үнэлэх дотоод итгэлийн, эрх хэмжээний асуудал тул буруутгах үндэслэлгүй гэж үзэж байгаа.

 

Шүүгдэгчийн мэдүүлгүүдээс харахад мэдүүлэг авах болгонд нэмэлт мэдүүлэг өгөх болгондоо худал үнэн нь мэдэгдэхгүй мэдүүлэг өгдөг. Хэрэгт мөрдөн байцаалтын бүхий л ажиллагаа явуулахад Ө энэ хэрэгт холбогдолтой нь эргэлзээтэй байсан учир түүнийг яллагдагчаар татаагүй, хэргийн бодит байдлыг тогтоохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлсэн яллагдагч Ц.Сын хүсэлтийн дагуу Ө гэгчийг хэрэгт холбогдуулан шалгах ажиллагаа хийгдсэн. Шүүгдэгч Ц.С, С.Н нар нь мөрдөн байцаалтын ажиллагаа дуусгаж хэрэгтэй танилцаад ямар нэг хүсэлт гаргаагүй бөгөөд яллагдагч Ц.Сын мэдүүлгүүд зөрүүтэй байдаг. Ц.Сын мэдүүлгийг туйлын үнэн ямар ч эргэлзээгүй гэж үзэх үндэслэлгүй. Яллагдагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй гэж заасан. Иймд Ц.Сын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, шийдвэр гаргах, эрх бүхий этгээд шийдвэрийнхээ үндэслэл болгох үндэслэлгүй, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй. Ц.С нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах гэсэн санаа зорилго агуулсан хүсэлт гомдол байнга гаргаж байгааг дурьдах нь зүйтэй байна. Ц.Сын мэдүүлгийг үндэслэж энэ хэрэгт гэрч Өийг Ц.Стай бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал гаргаж ирүүлснийг прокурор хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, хангалттай тогтоогдохгүй байгаа үндэслэлээр мөрдөгчийн саналыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэх заалтын дагуу шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэж, шүүхийн хэлэлцүүлгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар шалгаж үнэлсний эцэст хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

 

Гомдолд хавсаргасан хүсэлтийн тухайд дээрх хүсэлт нь хэрэгт авагдаагүй байгааг дурьдах нь зүйтэй байна. Мөрдөгчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг тусд нь гэмт хэрэг эсэхийг шалгах боломжтой, түүнчлэн дээрх хүсэлтийг хэрэгт хавсаргаснаар одоо хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх, хөнгөрөх, хүндрэх, Ц.Сын эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулах, хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөх үндэслэл болохгүй болно.

 

Иймд Ц.Сын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож Өвөрхангай аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Ц.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Давж заалдах шатны шүүхэд дараах 5 үндэслэлээр гомдол гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг прокурор Энхжаргал зөрчсөн гэж дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна. Өийн хулгай хийсэн үйлдлийг надад тулгаж, түүнийг энэ хэрэгт ямар ч холбогдолгүй гэсэн дүгнэлт гаргаж, надад халдаан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж шударга ёсны зарчмыг зөрчсөн. Миний ганцаараа үйлдсэн 6 үйлдэл, Өтай үйлдсэн хоёр хулгайн үйлдэл байгаа. Би Б, Амгалангэрэл гэх айлуудаас Өтай хамтран хулгайн гэмт хэрэг үйлдсэн болохоор дангаараа энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй, энэ хэрэг дээр Өийг шалгасан төдий хэргийг нарийвчлан шалгаагүй. Миний ярьж хэлсэн үг, өгүүлбэрийг огт тоож авч үзэхгүй байгаа. Хүсэлт гаргасан боловч ийм байдалтай миний хэрэг шийдэгдэж байна. 2019 оны 02 дугаар сарын сүүлээр Ө намайг дагуулж хулгай хийсэн, тэр шөнө бид хоёр Бын гэрт хамт байсан. Ө надтай тохиролцож, хоёр айлаас хулгайлсан эд зүйлийн хохирлыг төлж өгнө гэсэн. Би Өтай тохирч гэрчийн мэдүүлэг өгсөн нь үнэн. Ө бид хоёр 48-н айлын орон сууцны тэнд таарсан гэх мэдүүлэг үндэслэлгүй. Би Өтай хамт хулгай хийсэн гэдгээ 2019 оны 08 дугаар сард мөрдөгч Батзул, байцаагч Мягмар, прокурор Батзориг нарт хэлсэн боловч шалгаж өгөөгүй. Би хулгай хийхийг гол зорилго болгоогүй. Архи ууж яваад бусдын нөлөөнд автаад хулгай хийсэн нь үнэн. Ажил хийж, гарын ураар хийсэн зүйлээ зохих үнээр нь борлуулдаг. Бусад үед нь өдөрт 5000-10000 төгрөгийн ажил хийж, олсон мөнгөө ахуйн хэрэгцээндээ зарцуулдаг байсан. Энэ хэргийн талаар мөрдөгч, прокурорын зүгээс хэт нэг талыг барьж миний буруу болгож, хамт хулгай хийсэн хүний хэргийг надад тулгасан. Өийг 2019 оны 02 дугаар сараас 05 дугаар сар хүртэл аймагт байсныг нь мэдэх хүмүүс байдаг. Өийг би 2019 оны 02 дугаар сараас мөн оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл аймгаас огт гараагүйг мэдэж байна, энэ хугацаанд цагдан хоригдоогүй байсан юм. 2019 оны 11 дүгээр сард гэнэт шалгагдаад ирэнгүүтээ би Хайрхандулаан суманд айлын мал маллаж байсан гэж гэрч гаргаж ирж, худал мэдүүлэг өгүүлж өөрөө гэм буруугүй хүн болж, намайг гэрчилж 48-н айлын орон сууцны урд шөнийн 1 цагийн үед таарсан гэх мэдүүлэг өгсөн. Өийн айлын мал маллахаар явсан гэх мэдүүлэг үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Ч.Энхжаргал прокурор 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр өмгөөлөгч бид хоёрын гаргасан хүсэлтийг авч үзэж Өийг Хайрхандулаан суманд айлд мал маллаж байсан гэж гэрч гаргаж ирсэн нь үнэн юм гэдгийг, мөн  Өийг 2019 оны 02 дугаар сараас 05 дугаар сарын хүртэл аймагт байсныг гэрчлэх хүмүүс надад байгаа гээд байхад санаачилга гаргаж энэ хоёр хүний хэн нь үнэн, хэн нь худлаа ярьж байгааг олж тогтоох гэж дахин нарийвчлан шалгаж өгье гэсэн санаачилгыг гаргаагүй. Би Өийн талаар гэрч гаргаж өгье гэсэн хүсэлт гаргасан. Бын гэрээс Өийн хулгайлж авсан хөөрөг, тасдагч зэргийг гаргаж өгч шалгуулах гэсэн боловч тодорхой үр дүнд хүргээгүй хэт нэг талыг барьж шалгаж шийдэж өгөөгүй. Энэ хэргийн үнэн зөвийг олж өгч тогтоох, хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, эргэлзээгүй болгож өгөх нь прокурорын хуулийн өмнө хүлээсэн эрх, үүрэг нь юм. Гэвч Ч.Энхжаргал прокурор хүний хийсэн хулгайн хэргийг надад тохож ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнд гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг байцаагч Мягмар зөрчиж мэдүүлэг авсан. 2019 оны 11 дүгээр сард гэрч М-с дахин мэдүүлэг авч мэдүүлгийг зориуд өөрчилж, засварласан. Гэрч М би өмнө нь буруу мэдүүлэг өгсөн байна гэж мэдүүлгээ өөрчилсөн. Гэрч М 240 хоногийн дараа буюу 8 сарын дараа мэдүүлгээ буруу өгсөн байна гээд цагдаа дээр ирээд зогсож байх уу? 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ  өдөр хоногийн зөрүү байхгүй үнэн зөв мэдүүлэг өгсөн байсан. Ө бид хоёр хулгай хийсэн өдөр хоногийг сайн мэдэж байгаагийн хувьд энэ гомдлыг гаргаж байна. Байцаагч Мягмар миний гаргасан хоёр хүсэлтийг нэгийг нь ч шалгаж өгөөгүй, нэгийг нь устгасан гэж үзэж байна. 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр бичсэн хүсэлтийг шалгаж өгөөгүй. 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр цагдаагийн хошууч ахлах мөрдөгч Мягмарт хүсэлт гаргасан. Энэ хүсэлтдээ би гарын ур дүйгээр юм хийдэг юм. Үүнийг мэдэх хүмүүсээс тайлбар авч хавтас хэрэгт баримт болгож өгөхийг хүссэн хүсэлтийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр цагдан хорихын тоо бүртгэлд бичиж өгсөн. Тоо бүртгэлийн ажилтан хүлээн авч албан тоотоор цагдаагийн дарга, хурандаа Ганбатад өөрөө хүргэж өгөх гэсэн боловч цагдаагийн дарга тусгай ажилтай, байхгүй байсан гэсэн. Тоо бүртгэлийн ажилтан Мягмар байцаагчтай таараад учрыг ярьсан чинь надад үлдээчих даргыг ирэхээр би танилцуулъя гээд аваад үлдсэн. Энэ хүсэлт хавтас хэрэгт байхад надад ач холбогдолтой хүсэлт байсан юм. Гэтэл энэ хүсэлт хэрэгт байхгүй байна, энэ хүсэлтийг байцаагч зориуд устгасан гэж үзэж байгаа. Байцаагч өөрийн санаачилга гаргаж Бын гэрээс хулгайд алдагдсан хөөрөг, тасдагчийг Бд таньж олуулах ажиллагаа хийх санаачилга гаргаагүй гэдэгт гомдол гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.3-т заасныг мөрдөгч Батзул зөрчсныг дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна. 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Бын гэрээс эд зүйл алдагдсан хулгайн хэрэг дээр гэрчийн мэдүүлэг авах гэж надад эрх, үүрэг танилцуулсан. Би бичиг үсэг мэдэхгүй, муухан уншиж чадна, уусан архи гараагүй байна. Би маргааш өмгөөлөгч авч байгаад өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэхэд би өмгөөлөгч олж өгнө гэж надаас мэдүүлэг авсан. Би үнэнээ хэлээд байхад өмгөөлөгчгүй гэрчийн мэдүүлэг авсанд гомдолтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан нь зөрчигдөж байна. Хэргийн бодит байдалтай гэрчүүдийн мэдүүлгүүд нийцэхгүй, зөрүүтэй байна. Ө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ би яг сар, өдрөө сайн санахгүй байна. 2019 оны 02 дугаар сарын сүүлээр санагдаж байна. Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр 48 айлын орон сууцны урьд талд ганцаараа 09 дүгээр хороо руу алхаад  явж байтал Цэцэнбуугийн С ганцаараа  явж байсан. Надтай уулзаад чи энэ хутга, монгол гутлыг авчих эсвэл зараад өг гээд шар өнгөтэй, улбар өнгийн угалзтай эрэгтэй хүний монгол гутал, орос хутга тус тус үзүүлэхээр нь би цагдаа дээр хэрэгтэй байгаа авахгүй гэж хэлсэн. Тэгээд гутал дотроосоо толгойгүй хоёр чулуун хөөрөг гаргаж засмал зам дээр шидсэн. Би тэндээсээ цаашаа алхаад гэр рүүгээ явсан. Хаанаас ирсэн талаараа хэлээгүй, хэний эд зүйл байсан талаар мөн хэлээгүй... Гэрч Ө мөрдөн байцаалтын шатанд би яг сар өдрөө мэдэхгүй байна, 2019 оны 02 дугаар сарын сүүлээр санагдаж байна, С ганцаараа явж байсан гэж мэдүүлдэг. Гэрч Ө шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 2019 оны 02 дугаар сарын 13-ны орой 01 цагийн орчимд энэ хүнтэй 4 замын орчим таарсан, ээжийн даралт ихсээд байна гэхээр нь ээжийнд очих гэж яваад энэ хүнтэй таарсан. Би цаашаа яваад ээжийнд очиж хоносон. Энэ хүнийг өмнө нь танихгүй, Ө аймгийн төв рүү орж ирээд сургуулийн хүүхдийн хоол өгөх гэж ирсэн, 2 хоноод буцсан гэх мэдүүлгүүд зөрүүтэй. Шийлэгбат мэдүүлэгтээ Ө манайд 20 хоног мал маллаж байгаад явсан. Ахиж ирнэ гээд явсан эргэж ирээгүй гэж мэдүүлсэн байдаг. Гэвч Ө аймгийн төв рүү орж ирээд 2 хоноод буцаж очсон. Гэрч М мэдүүлэгтээ Ө 2 сарын дундуур мал маллахаар ирсэн, 5 дугаар сард гэр рүүгээ буцсан. Мал маллаж байх хугацаандаа Арвайхээр сум руу яваагүй гэж мэдүүлэг. Гэрч Б манай нөхөр 2019 оны 02 дугаар сарын дундуур айлын мал маллахаар явсан, 05 дугаар сард ирсэн. Мал маллаж байх хугацаандаа гэртээ ерөөсөө ирээгүй. Ө хулгайн хийж авсан хөөргөө Алтангадаст надаар 2019 оны 03 сарын дундуур заруулсан. Гэвч А би хөөргийг 2019 оны 10 дугаар сарын сүүлээр худалдаж авсан гэж мэдүүлэг зөрдөг. Би ямар ч гэм буруугүй хүнийг хулгайн хэрэгт татаж, шалгуулна гэж байхгүй. Харин Өийн хулгай хийж авсан эд хөрөнгө болон энэ хоёр айлын хулгайд алдагдсан юмыг би төлж барагдуулах, дээр нь 4 жилийн хорих ял авч байна. Энэ нь прокурорын зүгээс хийгдэж байгаа асуудал юм. Ө энэ хэрэгт ямар ч холбогдол байхгүй болох нь дараах гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна гэж үзэж байна. Гэрч Б, Ш, Ц, М, Алтангадас нарын зөрүүтэй мэдүүлгээр надад ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хуульд заасныг зөрчиж байна. Ө намайг цөл гэдэг нэрээр сайн мэдэж байгаа боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт би энэ хүний танихгүй, яагаад ингээд байгааг нь мэдэхгүй байна гэсэн мөртлөө мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ С цөл ганцаараа явж байсан гэж мэдүүлсэн. Энэ мэдүүлгийн зөрүүг гаргах санаачилга гаргахгүй байна. Ө миний сул талыг 3 дахь удаагаа ашиглаж байна. Би анх гэрчийн мэдүүлэг өгөхөөсөө өмнө Ө-тай уулзсан. Нөгөө хоёр үйлдэл чинь баригдсан гэж хэлэхэд Ө урьд ярьж тохирсноор болъё чи даагаад гарчих, тэр хоёр айлаас авсан эд зүйлс надад байгаа. Би чамд өгье чи цагдаад буцаагаад өгчих, үлдэгдэл хохирлыг би барагдуулж өгнө гээд байхаар нь би Ө-г хулгайн хэрэг дээр шалгуулаагүй, гэрчийн мэдүүлэгтээ Өийн нэрийг дөнгөж оруулаад орхигдуулсан нь үнэн. Би Өийн ярьж хэлсэн үгэнд хууртагдаж хорих ялаар шийтгүүлж байна. Анхан шатны шүүхээс мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүгдэгч, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримт агуулгын хувьд зөрүүгүй гэж үзсэн. Шүүгдэгч Ц.С-н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Б, Б нарын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ гэрч Ө-тай бүлэглэн үйлдсэн гэж байгаа боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтас хэрэгт авагдсан гэрч Б, Ц, М, Ш, Ө, А нарын мэдүүлгээр няцаагдаж байна. Анхан шатны шүүхээс Өийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зөрүүтэй байхад үүнийг яагаад анхаарч үзэхгүй байгаа юм. Өийг гэрчилж байгаа хүмүүсийн мэдүүлэг зөрүүтэй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчөөгүй гэсэн. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Өийн хэргийг дахин шалгаж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгч Ц.С нь анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах гомдлыг өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд дэмжиж оролцож байна. Ц.Сын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгөхийг хүсч байна гэв.

 

Прокурор Ч.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Ц.С нь 2019 оны 02 дугаар сараас 05 дугаар сарын хооронд нийт 8 удаагийн үйлдээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн. Анхан шатны шүүхээс прокуророос шилжүүлсэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Ц.Сын эрх зүйн байдлыг дээрдүүлж 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 4 жилийн хугацаагаар хаалттай хорих ангид хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч 5 үндэслэлээр гомдол гаргасан. Уг 5 үндэслэл хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй. Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж Ц.Сын гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Жумдаан овогт Ц.С нь 2019 оны 03 дугаар сарын 17-ноос 19-ний өдрийн хооронд иргэн Б.С-н гэрийн хаалганы цоожны даруулгыг эвдэн нэвтэрч мөнгөн аяга 2 ширхэг, Ерөөл нэртэй архи 1 ширхэг, Соёрхол нэртэй архи 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, бурхны жижиг авдар эвдэж нийт 172000 /нэг зуун далан хоёр мянга/ төгрөгийн,

 

      2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Б.Б гэрийн тооноор нэвтэрч 0.5 литрийн Сэнгүр нэртэй пиво 2 ширхэг, 0.5 литрийн Ерөөл нэртэй архи 1 ширхэг, 0.75 литрийн Варварис нэртэй дарс 1 ширхэг, 5 оролттой уртасгагч 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, авдрын цүү төмөр, тоононы модон рам зэрэг эд зүйлүүдийг гэмтээж нийт 54000 /тавин дөрвөн мянга/ төгрөгийн,

 

      2019 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хооронд иргэн Д.Д-н гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 130.000 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүд, эмэгтэй хүний булган малгай 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, 0.75 литрийн Чингис нэртэй архи 1 ширхэг, 0.5 литрийн Орос цагаан архи 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 269500 /хоёр зуун жаран есөн мянга таван зуун/ төгрөгийн,

 

      2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр иргэн Ө.О-н байшингийн вакум цонхыг хагалан нэвтэрч 4 килограмм бууз, дунд гарын чулуун хөөрөг 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 282000 /хоёр зуун наян хоёр мянга/ төгрөгийн,

 

      2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хооронд иргэн Б.Б-н байшингийн цонхыг хагалан нэвтэрч тасдагч, торго, виски, архи, байгалийн мана чүнчигноров, замагт мана зэрэг чулуу тус бүр 1 ширхэг, 500 грамм өнгөт чулуу, дөрөө 1 хос, 1 грамм байгалийн алт, А нэртэй судар зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 914000 /есөн зуун арван дөрвөн мянга/ төгрөгийн,

 

2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 11-14 цагийн орчимд иргэн Ц.Ц-н байшингийн цонхыг хагалан нэвтэрч, халтар манан хөөрөг 1 ширхэг, хурган дотортой дээл 1 ширхэг, Samsung Galaxy J3 маркын гар утас 1 ширхэг, гоёлын цүнх 1 ширхэг хүүхдийн төрсний гэрчилгээ 2 ширхэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2544800 /хоёр сая таван зуун дөчин дөрвөн мянга найман зуу/ төгрөгийн,

 

      2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 14-19 цагийн хооронд иргэн Г.Э байшингийн цонхыг хагалан нэвтэрч 4 килограмм ямааны борц, 10 литрийн 2 ширхэг бетон зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 190000 /нэг зуун ерэн мянга/ төгрөгийн,

 

            2019 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 03 дугаар сарын 14-ний өдрийн хооронд иргэн С.Б-н байшингийн хаалганы цонхыг хагалан нэвтэрч, гар аргаар урласан гутал 2 ширхэг, булган малгай эрэгтэй, эмэгтэй 4 ширхэг, эрэгтэй хүний саравчтай малгай 1 ширхэг, торгон өнгөтэй дээл 1 ширхэг, мөнгөн чимэглэлтэй бүс 1 ширхэг, зэс аяга 2 ширхэг, хутаг 1 ширхэг, алт мөнгөн хэрэгслийн багаж 1 ширхэг, хөөрөгний өнгөлөгч багаж 1 ширхэг, хуурай багаж 1 ширхэг, хөөрөгний толгой 5 ширхэг, хөөрөгний нуух 12 ширхэг, хөөрөг 8 ширхэг, бугуйн цаг 2 ширхэг, мөнгөн гагнуур 1 ширхэг, дээлийн торго 1 ширхэг, дурдан 1 ширхэг, офицер ногоон цамц 1 ширхэг, 60 метрийн уртасгагч 1 ширхэг, тасдагч багаж 1 ширхэг, өрөм 1 ширхэг, гар багаж 1 ширхэг, iрhone-4 маркын гар утас 1 ширхэг, энгэрт зүүдэг цаг 1 ширхэг, мөнгөн, гоёл чимэглэлийн тээг 1 ширхэг, 20 литрийн сав 1 ширхэг, багаж 2 ширхэг, 1 хос бээлий, хөөрөгний чулуу 6 ширхэг, лаамбан тень 1 ширхэг, хүлэмжний үр 10 төрлийн, фото будаг 1 ширхэг, ноолууран дээл 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3546000 төгрөгийн, гэр доторх эд хогшлыг эвдэж нийт 4161500 /дөрвөн сая нэг зуун жаран нэгэн мянга таван зуу/ төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.С, Б.Б, Д.Дуламсүрэн, Ө.О, Б.Б, Ц.Ц, Г.Э нарын эд зүйлээ хулгайд алдсан талаар мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Б.Н, С.Б, Ж.П, Т.О, О.Г, С.Ч, П.А, Ч.Г, Г.А, Г.Д, Ц.Ц, О.С, Х.Г, А.М, О.Ө, Ц.Б, А.Ц, Ш.М, Б.Ш, Г.А нарын мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний тайлангууд, эд зүйл түр хураан авч үзлэг хийсэн, эд зүйл хүлээлгэн өгсөн, эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлүүд, Ц.С-н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Ц.С нь хохирогч С.Б, Б.Б-н нарын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ О.Ө-тай бүлэглэн үйлдсэн гэж мэдүүлж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан гэрч Ц.Б, А.Ц, Ш.М, Б.Ш, О.Ө нарын мэдүүлгүүдээр няцаагдаж байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн шүүгдэгч Жумдаан овогт Ц.С-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байна.

 

            Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/10 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.С-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

 

          Шүүгдэгч Ц.С-н анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 81 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/10 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.С-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар Ц.С-н 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 81 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14  хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.