Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/143

 

 

 

 

 

                                         2024/ШЦТ/143    

 

 

 

 

                  М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Ж.Ц

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э

Шүүгдэгч: Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Архангай аймгийн Прокурорын газраас М Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Бы Бт холбогдох эрүүгийн 2412................ тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: М Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ............ аймгийн ...........сумын ............... дугаар баг, ................. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, нэмж нэгтгэн 4 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, М овогт Бы Б /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2024 оны 05 дугаар сарын 22-ны шөнө 00 цаг 14 минутын орчимд .............аймгийн ............. сумын .................. дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Малчин” буудлын урд төв магистрал зам дээр Тоёота приус 20 маркийн 78-81 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Б.Б нь дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч Б.М “...Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан даваа хорооллын малчны уулзварын урд төв зам дээр Тоёота приус 20 маркийн 78-81 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг цагдаа зохицуулагч Ө.Б хамт зогсоож тээврийн хэрэгсэл бичиг баримтыг нь шалгасан. Тэгээд согтолт хэмжих багажаар согтолтыг нь хэмжихэд 2,06% согтолттой байсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байсан. Иргэн Быг ар гэрт нь хүлээлгэж өгөөд тээврийн хэрэгслийг нь түр саатуулсан өөр зүйл болоогүй. Тухайн тээврийн хэрэгсэлд жолоочоос гадна 2 хүн зорчиж явсан, нэг эрэгтэй нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, нэг эмэгтэй нь эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/,  гэрч Н.Агийн “...З манай нөхөр Б нар Хараа гэсэн нэртэй 0,5тай архи хувааж уусан. Тэгээд З гэр рүүгээ явахаар болоод манай нөхөр өөрийн эзэмшлийн 78-81 УБТ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ замын цагдаагийн алба хаагчид зогсоож манай нөхрийг согтолт хэмжих багажаар шалгахад согтолтын зэрэг өндөр гарч тээврийн хэрэгслийг түр саатуулсан. Манай нөхөр сарын өмнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явж байгаад жолоодох эрхээ нэг жилээр хасуулсан. Манай нөхөр З гэх найзын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/, гэрч Э.Згийн “...2024 оны 05 дугаар сарын 21-ний орой өөрийн гэртээ байж байх үед манай найз Б, Монхор нар хамт ирээд Цэнхэр сумын Янгиртай хясаа гэх газар М ахын гэрийг нь бариад ирлээ гэж хэлээд бага зэрэг халамцуу ирсэн. Тэгээд тэр хоёр намайг авч яваад Бын гэрт ирсэн. Тэгээд тэр хоёр намайг авч яваад Бын гэрт ирсэн. Тэр үед нэг шил Хараа нэртэй архи авч гэрт орсон. Быг хүргэж ирсэн М гэх залуу Цэнхэр сум руу гэр рүү явсан. Би Б найзын хамт нэг шил 0,5тай Хараа нэртэй архи хувааж уусан. Тэгээд орой 23 цаг өнгөрсний дараа намайг хүргэж өгнө гээд Б өөрийн машинаа унаад эхнэрийнхээ хамт явж байгаад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан даваа хорооллын малчин буудлын урд төв зам дээр цагдаагийн алба хаагч нар зогсоож машины бичиг баримт шалгаж улмаар Бын согтолтыг хэмжихэд согтолттой гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуудас/, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Б.Бын мэдүүлэг,  

 

*Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч цагдаагийн дэд ахлагч Ө.Б 2024 оны 05 дүгээр сарын 22-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл” /хх-ийн 2-3 хуудас/,  

*Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “...2,06% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл /хх-ийн 4 дугаар тал/,

*Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ЗШ/367 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 05-07 дугаар тал/

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар тал/

*Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 44-75 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн байхаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Б нь Цагдаагийн эрх бүхий албан тушаалтны шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хамт оролцсон, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Иймд шүүгдэгч Б.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Б.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч Б.Б нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.             

 

           Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заасан.  Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

                                                                                                                                                                                        Шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн торгох ял нь хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлага, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул прокурорын саналын хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, түүнд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, шүүгдэгчид хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  М овогт Бы Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. М Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2900 /хоёр мянга есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.900.000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан 2900 /хоёр мянга есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.900.000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Б.Бт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 П.ГАНДОЛГОР

143