Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2024/ШЦТ/159

 

 

 

 

                                             2024/ШЦТ/159

 

 

 

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж,

Улсын яллагч: Ж.У 

Шүүгдэгч: О.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Оийн Гд холбогдох эрүүгийн 2412.............. дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ............аймгийн ........... сумын ................ гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Ц овогт Оийн Г /РД:............./  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар .......... аймгийн .......... сумын ......... баг “Х” гэх газарт 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 13-14 цагийн үед өдөр О.Г нь 4 ханатай гэрт гал асаах гэж гэрийнхээ хаяанд байсан мотоциклоос үлдсэн бензинтэй савыг гал руу хийсний улмаас гал гарч гэрт байсан түүний охин Г.Угийн биед хүнд хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.   

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Г нь 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 13-14 цагийн үед                            ........... аймгийн .......... сумын ........... баг “Х” гэх газарт өөрийн 4 ханатай гэрт гал асаах гэж гэрийнхээ хаяанд байсан мотоциклоос үлдсэн бензинтэй савыг гал руу хийсний улмаас гал гарч гэрт байсан түүний охин Г.Угийн биед нүүр, хуйх, хоёр гар, чих, хэвлий хэсгийг хамарсан биеийн нийт гадаргуугийн 30%-ийг хамарсан 3 АБ зэргийн түлэгдэл, нүүр, баруун бугалга, шууны арьсыг нөхөх мэс заслын дараах байдал буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:  

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Агийн “...Би Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газар хүүхдийн эрх хамгааллын мэргэжилтэн ажилтай. Уг хүүхдийн гэр бүлтэй холбоо барьсан. Аав, ээж нь ашиг сонирхлын зөрчилтэй байгаа тул манай байгууллагаас намайг хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулж байгаа. Г.Угийн гэр бүлийн гишүүдтэй утсаар холбоо барихад нүүр болон гар орчим газраараа түлэгдсэн байгаа. Манай гэр бүлийн зүгээс болон хүүхдийн зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй гэж ярьсан. Н.Угийн нүүрний арьс нөхсөн одоо эдгэрээд биеийн байдал гайгүй болж байгаа гэж аав нь ярьсан. Аав нь санамсаргүй байдлаас болж ийм асуудал үүссэн, бид нар одоо хүүхдээ л сайн эмчлүүлнэ, өөр гомдол санал байхгүй гэж мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Агийн дахин “...гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 124-125 дугаар тал/,

 

Гэрч Д.Бийн “...Би 2024 оны 03 дугаар сарын 17-ны орой 18 цагийн үед манай найз Оюунтуяа даага унасан байна гээд сумын төвөөс 2-3 км зайд босгох гээд явж байх замд надад танай багт айл шатсан гэнэ нөхөр хүүхэд нь түлэгдээд эмнэлэгт байна гээд хэлэхээр нь би эмнэлэг орж үзэхэд Г өөрийн төрсөн охин У нар түлэгдсэн яаралтай хот явсан байсан. Тэгээд би ирж цагдаад мэдэгдсэн. Миний сонссоноор гэртээ гал асаах үедээ бензинээр гал асаах гэж байгаад гал алдаад шатсан гэж сонссон. Надад бол тодорхой хүмүүс хэлээгүй эмнэлэгт ирэхдээ тэгж хэлсэн байх хүмүүсийн ярианаас би тэгж сонссон. Тухайн үед бага охинтойгоо байсан гэж сонссон. Би тэр талаар сайн мэдэхгүй намайг ажилд орсноос хойш бол гэр бүлийн маргаан бол гарч байгаагүй. 4 хүүхэдтэй надад багийн иргэдийн бүртгэл мэдээлэл байдаг. Тухайн үед эхнэр нь байхгүй, хот руу явах гээд сумын төвд байсан гэж сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/,

 

Гэрч Ч.Мийн “...Тухайн Г гэх эрэгтэй хүний нүүр болон толгойн хуйх хэсэг гарын ард урдаа түлэгдсэн байдалтай охин болох У нь мөн нүүр толгой 2 гар түлэгдсэн байсан түлэгдэлтийн зэрэг нь хүнд байсан болохоор би анхан шатны тусламж үзүүлж яаралтай Улаанбаатар хот руу явуулсан. Би тухайн 2 өвчтөнийг замын дундаас авсан.

Тухайн үед өвчтөн надад хэлээгүй надад дуудлага өгсөн бага эмч Хандаа хэлэхдээ гал асаах гэж бензин хийж байгаад гал алдаад түлэгдсэн гэж дуудлага ирсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/,

 

Гэрч Ж.Оийн “...Би тухайн өдөр гэрээс 7 орчим км зайтай нутгийн танил ах болох Н гэх айлд байхад Г ахынх шатсан гэнэ гэж мэдээд би өөдөөс нь явахад Г ах гэр байсан газраас З км орчим зайтай Приус машинтай явж байгаад цасанд суусан байсан. Тэгээд намайг очиход цаанаас манай сумын Д гэх хүн ирээд тэр хүний машинд суугаад сум руу хөдөлсөн. Би араас нь машинаа цаснаас гаргаад төв орж ирэхэд эмнэлгийн ажилчид боолт хийгээд яаралтай Улаанбаатар хот руу явуулна гэж байсан. Би тухайн үед байгаагүй яг нүдээр бол хараагүй би хүүхдээс нь сонсоход Г ах гал түлж байгаад гал нь асахгүй болохоор савтай бензин хийж асаах гэж байгаад гал алдсан гэсэн гэж хэлсэн. Тухайн үед бага насны охинтойгоо байсан гэсэн том 2 банди нар нь хаваржааны байшингаасаа нэгнийгээ авах гээд явсан байсан гэж сонссон. Г ахын эхнэрийн эгч нь Улаанбаатар хотод хагалгаанд орох гээд бие нь муу байсан болохоор тухайн өдрийн өглөө эхнэр нь Улаанбаатар хот явах гээд сумын төв рүү явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/

 

Гэрч Г.Нямсүрэнгийн “...Би 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр сумын спорт зааланд тоглож байхад манай дүү /Гийн эхнэр/ Жавзандолгор ярьсан. Манай хүн галаа асаах гэж зуух руугаа савтай бензин хийж байгаад гал алдаад өөрөө болон охин түлэгдсэн гэж байна эндээс эмнэлгийн машин явах гэж байна гэж ярьсан. Би тэгээд эмнэлэг ороод түргэний машиныг явуулсан. Тэгээд эмнэлэг дээр ирэхэд эмч нар үзээд яаралтай Улаанбаатар хот руу явах шаардлагатай гээд тэр өдрийн орой шууд хот руу яваад эмнэлэгт хэвтүүлсэн. Би маргааш өдөр нь араас нь яваад эмнэлэгт сахиж байгаад 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ирсэн. Би тухайн үед Г эмнэлэгт байх хугацаанд өөрөөс нь юу болсон талаар асуухад би галаа түлэх гээд гал асаадаг үүс /хус модны хальс/ дууссан байсан болохоор бензинээр галаа асаах гэж байгаад өөдөөс нь асаад хувцас нь шатахаар нь сандраад савтай бензинээ хаясан. Тэгээд охиноо аваад гарах хооронд түлэгдсэн гэж байсан. Тухайн өдрийн өглөө эхнэр нь Улаанбаатар хот руу явах гээд сумын төв рүү гарсан гэсэн. Г гурван хүүхдийн хамт үлдээд тухайн гэр шатсан гэх газраас 3 орчим км зайд байх хаваржааны байшиндаа байж байгаад гэртээ очиж хоол хийж идэх гээд очсон гэсэн өөрөө бага охин болон том бандитайгаа мотоциклтой оччихоод том бандиа дүүгээ аваад ир гээд морьтой буцааж явуулсан гэсэн. Тэгээд галаа асаах гэж байгаад ийм зүйл болчихлоо гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/

 

Насанд хүрээгүй гэрч Г.М “...Би дүүгийн хамт 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хөдөө гэрээ нүүлгэхэд нь туслах гэж очсон. Тэгээд тэр оройноо аав ээж 2 дүүгийн хамт хаваржааны байшиндаа бид нар хоноод маргааш өглөө нь ээж хот рүү явах ажилтай гээд сум руу явсан. Тэгээд аав болон манай 2 дүү бид нар өлсөөд байхаар нь дээд өвөлжөөнд байдаг гэртээ очиж хоол хийж идэх гээд мотоциклтой явах гэсэн бид 4 багтахгүй байсан болохоор аав болон 2 настай дүү бид 3 дээд гэртээ очоод аав дүү охины хамт гэртээ үлдээд галаа асааж байя гээд намайг мориор дүүгээ аваад ир гэсэн. Би дүүгээ аваад буцаж явахад манай гэр шатаж байсан аав дүү охины хамт гараад хажуу айл руу алхаж байсан. Нэлээд түлэгдсэн байсан, тэгээд хажуу айлын машинаар сумын төв рүү явсан. Намайг очиход гал нэлээн ассан, би унтраах гээд дийлдэхээргүй байсан. Тухайн үед аав надад юм хэлээгүй, би юунаас болж гал гарсан талаар мэдэхгүй. Манай аав архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/,

 

О.Гийн яллагдагчаар “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 118-119 дүгээр тал/,

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 156 дугаартай “...Г.Угийн биед нүүр, хуйх, хоёр гар, чих, хэвлий хэсгийг хамарсан биеийн нийт гадаргуугийн 30%-ийг хамарсан  3 АБ зэргийн түлэгдэл, нүүр, баруун бугалга, шууны арьсыг нөхөх мэс заслын дараах байдал тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.17-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтийн байдлаас хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 84-87 дугаар тал/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 161 дугаартай “...О.Гийн биед толгой, нүүр, хоёр чих, хоёр гарын сарвуу хэсгийн биеийн нийт гадаргуугийн 15-18 хувийг хамарсан 3 АБ зэргийн түлэгдэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.17-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтийн байдлаас хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 84-87 дугаар тал/

 

Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 08 дугаартай “...Гэрийн халуун цогтой, үнс нурам дээр хялбар авалцан асах, шатах шингэн асгасан тохиолдолд гал түймэр гарах боломжтой. Гал түймэр нь хүний оролцоогүй гарах бүрэн боломжтой. Энэ нь хүчилтөрөгч дулааны эх үүсвэр /ил гал, халуун гадаргуу, оч, цахилгааны эх үүсвэр, үрэлт, даралтат хий/ шатах материал түлш /хатуу биет, мод цаас, нүүрс, хуванцар, хөөс гэх мэт/ эдгээр 3 хүчин зүйлийн нөлөөгөөр гал түймэр гардаг...” гэх дүгнэлт /хх-ийн 90-91 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Гийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Иймд шүүгдэгч О.Гийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Насанд хүрээгүй хохирогч Г.Угийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн байцаалтын шатанд “...ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Харин иргэний нэхэмжлэгч Ч.М нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...Г.У нь 8.107.000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс гаргуулж, нийт 8.107.000 /найман сая нэг зуун долоон мянга/ төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100.............. тоот дансанд төлбөрийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 143-144 дүгээр тал/ авагдсан байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч О.Гээс 8.107.000 /найман сая нэг зуун долоон мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100........... тоот дансанд олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч О.Г нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч О.Гд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд  анх удаа болгоомжгүй  гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдалд тооцож, прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын үр дагаварыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогт Оийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гийг 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г нь шүүхээс оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт  тус тус зааснаар шүүгдэгч О.Гээс 8.107.000 /найман сая нэг зуун долоон мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б овогт Ч М/РД: /-д буюу Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100............... тоот дансанд олгосугай.

 

6. Шүүгдэгч О.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       П.ГАНДОЛГОР