Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2021/01664

 

 

 

 

 

 

 

 

2021 06 02 101/ШШ2021/01664

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төв аймаг, Баян-Өнжүүл сум, 2-р баг, Цээлд оршин суух,*******гийн *******ийн /РД:/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, ХД-91-р байр, 26 тоотод оршин суух, Батболдын*******, /РД:/, Пүрэвцэенгийн /РД:/ нарт холбогдох,

Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, ХД-91-р байр, 26 тоот орон сууцнаас албадан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Өлзийбаяр,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ганбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ш.Дамбажанцан бол миний аав бөгөөд 2011 оны 11 сарын 19-ний өдөр 91 настайдаа нас барсан. Аавын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, ХД-91-р байр, 26 тоотын 1 өрөө орон сууцыг би 2014 онд өв залгамжлалаар өмчлөлдөө авсан.

Уг байрыг аав Ш.Дамбажанцан маань 2011 оны 6 сард авсан бөгөөд байрандаа амьдардаггүй, Төв аймгийн Бүрэн суманд амьдардаг байсан. Б.Мядагжанчив, түүний нөхөр П.Цэцэнбаяр нар амьдрах орон байргүй гэсэн тул тухайн оноос уг байранд амьдарсан.

Миний ээж Пунцагын******* намайг төрүүлээд бага байхад өвөө Ш.Дамбажанцанд үрчлүүлэн би*******гийн ******* болсон.

Б.Мядагжанчив миний дүү н.Долгорын охин бөгөөд н.Долгор бид хоёр эх нэгтэй, эцэг ондоотой хүмүүс. н.Долгор Төв аймгийн Бүрэн суманд амьдардаг.

Би өөрөө Төв аймгийн Баян-Өнжүүл суманд амьдардаг ба хотод орж ирэхээрээ байрандаа байдаг байсан ба хамаатан учраас Б.Мядагжанчивыг байрандаа байлгадаг байсан. Гэтэл Б.Мядагжанчив 2020 оны 9 сараас байранд охиныг маань оруулахгүй хөөн, хэл амаар доромжлох болсон.

П.Цэцэнбаяр уг байранд амьдрахгүй байгаа тул түүнээс татгалзсан. Б.Мядагжанчивыг байрыг маань чөлөөлж өг гэхэд чадахгүй, хуулиараа яв гэсэн. Иймд Б.Мядагжанчивыг миний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, ХД-91-р байр, 26 тоот орон сууцнаас албадан гаргаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Мядагжанчив шүүхэд гаргасан тайлбартаа:

Тус дүүргийн шүүхэд иргэн Д.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Өлзийбаяр нар Б.Мядагжанчив, П.Цэцэнбаяр нарыг орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Тэрээр нэхэмжлэлдээ Д.******* би 2014 оны 4 сарын 1-ний өдөр өөрийн эцэг Ш.Дамбажанцангаас өв залгамжлалын журмаар өөрийн нэр дээр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хорооллын ХД-91 дүгээр байр, 26 тоот орон сууцыг шилжүүлэн авсан. 2011 онд миний эцэг шинээр худалдан авч Б.Мядагжанчив, П.Цэцэнбаяр нар тухайн оноос эхлэн байранд үнэгүй суусан. Улмаар миний охин Т.Өлзийбаярыг гэрт оруулахгүй, 2020 оны 9 сараас хөөж биед нь халдсан байна. Мөн байрны 6 давхарт суудаг н.Долгормаа нар нийлж охиныг минь хөөн гаргасан тул албадан гаргуулж өгнө үү гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Өлзийбаяр гаргасан байгааг зөвшөөрөхгүй тул ийнхүү тайлбараа гаргаж байгааг хүлээн авна уу.

Батболдын******* миний бие 1992 онд төрсөн бөгөөд өвөө*******, эмээ******* нартайгаа хамт амьдарч байсан. Миний буурал өвөө Ш.Дамбажанцан нь 1 өргөмөл охинтой бөгөөд тэр эмээ маань бидэнтэй өнөөдрийг хүртэл хамт амьдарч, бид асарсаар байна.

н.Сугар эмээ 7 хүүхэд төрүүлсэн, Д.*******, Б.Долгормаа, Б.Дарьсүрэн, Б.Долгор, Б.Дариймаа, Б.Эрдэнэбилэг, Д.Эрдэнэсүрэн бөгөөд том охин Д.*******ийг бага насандаа төрүүлсэн тул буурал өвөөгөөр овоглосон билээ.

Ахмад дайчдад байр олгох үеэр миний ээж Б.Долгор нь эмээ н.Сугарын нэр дээр авах гэтэл өргөмөл учир овог таарахгүй, дээрээс нь нааш цааш явахаа төвөгшөөн үр дагаврыг нь мэдэхгүйгээс том эгчийнхээ Д.******* нэр дээр хялбарчлаад авсан байсан.

2010 оны зун энэ байрыг хөөцөлдөж аваад Ш.Дамбажанцанг ээж маань бидний хамт ирж амьдраад асарч, хамт амьдарч байгаад насан өөд болгосон. Мөн одоо өөрийн ээж Ш.Дамбажанцангийн охин н.Сугарыг асарсаар л өнөөдрийг хүрлээ.

Миний бие 2010 оноос хойш бага наснаасаа эхлээд энэ өвөөгийнхөө гэрт амьдарсаар ирсэн бөгөөд ээж маань 2019 онд манай хүүхдүүд сургуульд орсон, мөн өөрөө хүнд өвчтэй болсон тул байрны ордерийг шилжүүлж өгөхөөр Д.******* эгчид хэлсэн. Гэтэл Д.*******ийн охин Т.Өлзийбаяр ломбарданд удаа дараа тавьсан байсан бөгөөд чөлөөлж өгнө гэсэн арга саам хийгээд байсан ба одоо байсаар байтал орон гэрээс хөөж байна.

Бид ах, дүү хүмүүс учраас зээлээ төлөхийг харсаар байгаад өнөөдрийг хүргэсэн. 2020 оноос эхлэн үргэлж дарамтлан өдөр бүр мессэж бичин энэ байрны нэр манай ээж дээр байгаа тул зайл, хэрүүл маргаан хийж ирээд гарахдаа хулгай хийх, нөхрөөсөө өөр хүнтэй ирж хоноглохыг оролдох зэрэг бүдүүлэг авирлаж байсан тул ээжийн эгч н.Долгормаа хамт хөөж явуултал цагдаад гомдол гаргасан байна лээ.

Ийм арга хэрэглэж орон байрнаас хөөх арга хайж байгааг бид мэдээгүй. Байрыг булаалдах ямар ч үндэслэл байхгүй билээ.

Миний бие анх байранд орсноос хойш ээж Б.Долгорын хамт өвөө Ш.Дамбажанцанг 2011 оны 11 сарын 21-ний өдөр хүртэл асарч байгаад бурхан болгосон бөгөөд өнөөдөр ганц өргөмөл охин Ш.Дамбажанцангийн*******ыгаа бид асарсаар өнөөдрийг хүртэл хамт амьдарч байна.

Энэ хугацаанд би ханьтай болж 2 охин төрүүлсэн бөгөөд ээж маань байрны нэрийг шилжүүлэх гэтэл барьцаанд тавьсан байсан бөгөөд одоо байсаар байтал төрсөн эх, нялх нойтон хүүхэдтэй хүмүүсийг өвлийн хүйтэнд хөөж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ах дүүс нь бүгд амьд сэрүүн бөгөөд миний ээж Б.Долгор өвөөтэйгөө насан өөд болтол нь хамт амьдарч асарч байгаад өөд болгосон билээ. Д.******* охиныхоо буруу үйлдлийг дэмжиж төрсөн эх, төрсөн 6 дүү нь амьд мэнд байхад хүний ёсноос гажууд асуудал гаргаж, өөрөө биш өр тавиад ёс зүйгүй яваа охиноо урдаа барьж шүүхэд өвөөгөө эцэг мэтээр тайлбарлаж, зальдан нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бодит байдлыг үнэн зөвөөр тогтоож өгнө үү.

Төрүүлсэн эхээ гудамжинд гаргах, төрсөн дүүгээсээ нүүр буруулах нөхцөл байдал үүссэн бол бид шүүх дээр бүх байдлаа нотолж гэр бүлээрээ удмаараа гомдлоо гаргах шаардлагатай гэдгээ ойлгосон тул хөл хорио цуцлагдахаар хөдөөнөөс ахан дүүсээ цуглуулж нотолгоо баримт гаргах, өвөө Ш.Дамбажанцангийн ганц охин н.Сугарын лавлагааг авч байрны нэрийг охинд нь өвлүүлэх асуудлыг шийдвэрлүүлэх боломж үүсэх тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.Мядагжанчив, П.Цэцэнбаярт нарт холбогдуулан Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13374/, ХД-91 байр, 26 тоот хаягт байршилтай, 38.15 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцнаас Б.Мядагжанчив, П.Цэцэнбаяр нарыг албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал уг орон сууцанд П.Цэцэнбаяр оршин суудаггүй үндэслэлээр хариуцагч П.Цэцэнбаяраас татгалзсан болохыг дурдлаа.

Шархүүгийн******* /РД: НК21010110/ нь Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13374/, ХД-91 дүгээр байрны 26 тоот хаягт байршилтай, 38.15 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y2204036085 дугаарт бүртгэлтэй, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2011 оны 6 сарын 28-ны өдөр бүртгэгдсэн бөгөөд тэрээр 2011 оны 11 сарын 19-ний өдөр нас барсан гэжээ.

Дамбажанцангийн ******* нь 2014 оны 3 сарын 27-ны өдрийн 113 дугаар бүхий өвлөх эрхийн гэрчилгээний дагуу дээрхи орон сууцыг өвлөн авч 2014 оны 3 сарын 31-ний өдөр Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13374/, ХД-91 байр, 26 тоот хаягт байршилтай, 38.15 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.

/ХХ-ийн 4, 46-99 дүгээр тал/

 

Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 2 сарын 1-ний өдрийн 1955 дугаар захирамжаар зохигчийн хүсэлтийг үндэслэн Ш.Дамбажанцангийн өмчлөлд бүртгэлтэй байсан гэх Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, ХД-91-р байр, 26 тоот орон сууц Д.*******ийн өмчлөлд хэрхэн шилжсэн баримтуудыг холбогдох газруудаас нь гаргуулахаар шийдвэрлэсний дагуу баримтуудыг ирүүлжээ.

 

Нийслэлийн архивын газраас ирүүлсэн 2021 оны 2 сарын 18-ны өдрийн 04/108 тоот лавлагаа, баримтуудад тусгаснаар:

Үндэсний төв архивын 2014 оны 3 сарын 27-ны өдрийн 829 тоот лавлагаанд: Төв аймгийн Өнжүүл сумын 7 дугаар багийн 1956 оны 2 сард явагдсан хүн амын тооллогын бүртгэлийн 531 дүгээр хуудсанд: Пунцагийн Банди эрэгтэй 81 настай, Бандийн Должинсүрэн эмэгтэй 32 настай, Бандийн******* эмэгтэй 16 настай, Шарын******* эрэгтэй 35 настай гэж бүртгэгдсэн,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний баримтын хэлтсийн 2014 оны 3 сарын 27-ны өдрийн төрсний бүртгэлийн лавлагаанд: ...Дамбажанцангийн ******* 1959 оны 10 сарын 5-ны өдөр Төв аймгийн Өнжүүл суманд төрснийг 1959 оны 10 сарын 27-ны өдөр мөн сумын төрсний бүртгэлийн 78-д бүртгэсэн,

-Шархүүгийн******* /РД: НК21010110/ нь Төв аймгийн Бүрэн суманд 2011 оны 11 сарын 19-ний өдөр нас барсныг 2011 оны 11 сарын 21-ний өдөр мөн сумын нас барсны бүртгэлийн 21-т бүртгэсэн гэсэн байна.

Д.******* Баянзүрх дүүргийн тойргийн нотариатчид өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлт гаргасан ба түүнд 2014 оны 3 сарын 27-ны өдөр 113 дугаар бүхий өвлөх эрхийн гэрчилгээ олгосон бөгөөд Шархүү******* нь 2011 оны 11 сарын 19-ний өдөр нас барсан тул Иргэний хуулийн 520, 531 дүгээр зүйлд заасныг үндэслэн түүний өмчлөлд байсан Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13374/, ХД-91 дүгээр байр, 26 тоот орон сууцыг өвлүүлэгчийн охин*******гийн *******т өвлүүлэн өвлөх эрхийн гэрчилгээг олгожээ.

/ХХ-ийн 85-99 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-т Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй, 520.1.1-т нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх,

528 дугаар зүйлийн 528.1-т Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ,

528.2-т Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ,

528.3-т Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэж тус тус заасан болохыг дурдлаа.

Шархүүгийн*******гийн өвлөгч*******гийн ******* нь түүнд 2014 оны 3 сарын 27-ны өдөр олгосон 113 дугаар бүхий өвлөх эрхийн гэрчилгээний дагуу 2014 оны 3 сарын 31-ний өдөр Ш.Дамбажанцангийн өмчлөлд бүртгэлтэй байсан Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13374/, ХД-91 дүгээр байр, 26 тоотын 38.15 м.мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204036085 дугаарт бүртгэлтэй 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэгджээ.

/ХХ-ийн 46-84 дүгээр тал/

 

Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13374/, ХД-91 дүгээр байр, 26 тоотын 38.15 м.мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204036085 дугаарт бүртгэлтэй 1 өрөө орон сууцны өмчлөгч*******гийн ******* мөн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдлоо.

/ХХ-ийн 46-84 дүгээр тал/

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй,

106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй,

106.3-т Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж тус тус заасан бөгөөд өмчлөгч нь өөрийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13347/, ХД-91 байрны 26 тоот хаягт байрлалтай, 38.15 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцнаас хариуцагч Батболдын*******ыг албадан гаргах үндэслэлтэй гэж үзэв.

 

2021 оны 6 сарын 2-ны өдрийн 15 цагт шүүх хуралдаан болохыг хариуцагч Б.Мядагжанчив, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Өлзий нарт шүүх хуралдаан болохоос 14 хоногийн өмнө буюу 2021 оны 5 сарын 19-ний өдөр мэдэгдсэн бөгөөд хариуцагч тал шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13347/, ХД-91 байрны 26 тоот хаягт байрлалтай, 38.15 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцнаас хариуцагч Батболдын*******ыг албадан гаргасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч П.Цэцэнбаяраас татгалзсан тул хариуцагч П.Цэцэнбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мядагжанчиваас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН