Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2021/01696

 

 

 

 

 

 

 

2021 06 07 101/ШШ2021/01696

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 19-р хороо, Цайзын 48-9 тоотод оршин суух, Жигжидын *******ийн /РД:*******/ нэхэмжлэлтэй

Ажиллаж байсан байдал сэргээн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.******* миний бие 1986 оны 3 сарын 1-ний өдөр Улаанбаатар хотын Ахуй үйлчилгээний удирдах газрын харъяа Хувцас захиалга засварын үйлдвэрийн Гачуурт сангийн аж ахуйн үйлчилгээний тасагт оёдолчноор ажилд орсон. 1989 оны 1 сараас тус ахуй үйлчилгээний Шар хадны тасагт, 1991 оны 10 сарын 13-ны өдрөөс 1993 оны 8 сарын 30-ны өдөр хүртэл Сансарын ахуй үйлчилгээнд тус тус оёдолчиноор ажилласан.

1988 оны сүүлчээр ахуй үйлчилгээний газрын нэр Найрамдлын районы Ахуй үйлчилгээний комбинат болж өөрчлөгдсөн бөгөөд комбинат 1992 оны 03 сард үйлдвэрлэл үйлчилгээний Ундрах ББХК нэртэй болсон. Ахуй үйлчилгээнд ажиллаж байсан талаар баримт шүүлгэхэд гарч ирэхгүй байгаа ба тэтгэвэрт гарах болоход ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна.

Иймд намайг дээрхи хугацаануудад ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ж.******* нь ажиллаж байсан байдал сэргээн тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

Жигжидийн ******* нь 1986 оны 3 сарын 1-ний өдрөөс 1991 оны 1 сарын 15-ны өдрийг хүртэл, 1991 оны 10 сарын 13-ны өдрөөс 1992 оны 3 сарын 10-ны өдрийг хүртэл, 1992 оны 3 сарын 11-ний өдрөөс 1993 оны 8 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газрын харьяа Хувцас захиалга засварын үйлдвэр, Улаанбаатар хотын Найрамдлын районы Ахуйн үйлчилгээний комбинат, Улаанбаатар хотын үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний Ундрах ББХК-д оёдолчноор ажиллаж байсан нь дараах баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: Түүний шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газрын харьяа Хувцас захиалга засварын үйлдвэрээс Ж.*******т олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-Ж.*******ийн ажиллаж байх үедээ авахуулсан гэрэл зургууд,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 5 сарын 3-ны өдрийн 11/3106 тоот ... Жигжид *******, ... Ахуй үйлчилгээ, оёдолчин, ажилд орсон 1986 ... гэх лавлагаа,

-Гэрч Балжиннямын Үүрцайхын 2021 оны 5 сарын 13-ны өдөр шүүхэд өгсөн ... Би 1985 онд Гачууртын сангийн аж ахуйд үсчинээр ажилд орсон ба Ж.******* 1986 онд ахуйн үйлчилгээнд оёдолчиноор орсон. Бид 1990 он хүртэл хамт ажилласан. Би 1990 онд ажлаасаа гарч хувиараа хөдөлмөр эрхлэх болсон... гэх мэдүүлэг,

-Гэрч Гомбосүрэнгийн Түмэнжаргалын 2021 оны 5 сарын 13-ны өдөр шүүхэд өгсөн Би 1979 онд Ахуйн үйлчилгээний удирдах газрын 12-р хорооллын тасагт ажилд орсон ба 1984 онд Төмөр замын ахуйн үйлчилгээний тасаг руу шилжсэн бөгөөд 1989 онд Шар хадны тасагт шилжин ажилласан. Ж.*******тэй ахуйн үйлчилгээний Шар хадны тасагт ажиллаж байх үедээ танилцсан. Ж.******* зөөлөн эдлэлийн оёдолчин, би савхин эдлэлийн оёдолчин байсан... гэх мэдүүлэг,

-Гэрч Алтангэрэлийн Энхбилэгийн 2021 оны 5 сарын 13-ны өдөр шүүхэд өгсөн ... Би 1988 онд Ахуйн үйлчилгээний удирдах газрын 12-р хорооллын тасагт ажилд орж 1989 онд Шар хадны тасаг руу шилжсэн. Намайг шилжин ажиллахаар очиход Ж.******* захиалгаар оёдол хийдэг байсан. 1990 онд Сансрын ахуй үйлчилгээ рүү шилжин ажилласан. ... гэх мэдүүлэг,

-Гэрч Тавхайн Гүндсамбын 2021 оны 5 сарын 13-ны өдөр шүүхэд өгсөн ... Би 1964 оноос Гачууртын сангийн аж ахуйд оёдлын мастераар ажилласан. Ж.******* 1986 оноос ажилласан ба Сансрын ахуй үйлчилгээнд мөн ажилласан. ... гэх мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

/ХХ-ийн 10-22, 28-31, 35-43, 45-48 дугаар тал/

 

Үндэсний төв архивын 2021 оны 3 сарын 3-ны 235 тоот, Нийслэлийн архивын газрын 2021 оны 3 сарын 3-ны өдрийн 168 тоот лавлагаануудад Тус архивын сан хөмрөгт Хувцас засвар захиалгын үйлдвэр байгууллагын бүгд оны баримт шилжиж ирээгүй тул Жигжид овогтой *******т лавлагаа гаргах боломжгүй гэжээ.

Дээр дурдсан байдлаас дүгнэхэд Ж.*******ийн ажиллаж байсан болохыг шүүхийн бус журмаар сэргээх боломжгүй болсон байна.

/ХХ-ийн 5-6 дугаар тал/

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Жигжидийн *******ийн 1986 оны 3 сарын 1-ний өдрөөс 1991 оны 1 сарын 15-ны өдрийг хүртэл, 1991 оны 10 сарын 13-ны өдрөөс 1992 оны 3 сарын 10-ны өдрийг хүртэл, 1992 оны 3 сарын 11-ний өдрөөс 1993 оны 8 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газрын харьяа Хувцас захиалга засварын үйлдвэр, Улаанбаатар хотын Найрамдлын районы Ахуйн үйлчилгээний комбинат, Улаанбаатар хотын үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний Ундрах ББХК-д оёдолчиноор тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН