Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/157

 

 

 

 

 

 

                                                                                       2024/ШЦТ/157

 

 

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж,

Улсын яллагч: Ж.У

Шүүгдэгч: С.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сын Мад холбогдох эрүүгийн 2412........... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөдөө аж ахуйн механик мэргэжилтэй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт .............. аймгийн .............. сумын ........ баг ............. тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Сын М /РД:............../

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 05 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө ....... аймгийн .......... сумын ......... дугаар баг ............ тоотод оршин суух Т.Х нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь дээд уруулд язарсан шарх, цус хуралт, хоёр хацарт цус хуралт няцрал бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.      

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч С.М нь согтуурсан үедээ 2024 оны 06 дугаар сарын 11-ний орой 21 цагийн үед .......... аймгийн ........сумын ......... багийн .............. хороололд байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Аг бусадтай хардаж,  марган  улмаар Д.Агийн нүүр, гар хэсэгт нь гараараа 3 удаа цохиж баруун зовхи, баруун бугалга, шуунд цус хуралт, баруун шуунд зөөлөн эдийн няцрал гэмтлийг учруулж буюу  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Агийн “...Би 2024 оны 06 дугаар сарын 11-ний орой ажлаа тараад гэртээ ирсэн чинь манай нөхөр М архи уучихсан согтуу гэртээ унтаж байсан намайг гэртээ ирснээс хойш нэлээн унтаж байгаад манай нөхөр М сэрсэн. Тэгэхээр нь чи одоо яагаад архи уугаад байгаа юм бэ архи уухаа болиоч гэсэн чинь би чамайг мэдэж байгаа чамайг өмнөх нөхөртэйгээ суух гэж байгаа гэж хүмүүс ярьж байна лээ гэхээр нь би “юу яриад солиороод байгаа юм бэ хэн тэгж байна” гэсэн чинь хүн тэгж байна лээ гэхээр нь би тийм зүйл яриагүй би тэр хүний утасны дугаарыг ч мэдэхгүй утсаар ч ярьдаггүй гэсэн чинь манай нөхөр М миний баруун хацрын төвгөр яс руу цохисон, баруун чихний хойд хэсэг рүү нэг удаа цохисон, дахиад цохих гэхээр нь би баруун гараа өргөөд хаасан чинь миний гарын шууны ар хэсгийн зөөлөн мах руу цохисон. Тэгэхээр нь би өөрийн аав Дгийнд орж хоносон. Өчигдөр надаас уучлалт гуйсан болохоор нь би нэг их яриагүй, тэгсэн өөрөө бас л бага зэрэг архи уусан байсан. Гэхдээ хэрүүл маргаан хийгээгүй. Тэгээд өнөө өглөө гэртээ архи уугаагүй эрүүл байхад нь чи юу яриад байгаа юм бэ би тэр хүний чинь дугаарыг нь ч мэдэхгүй гэсэн чинь хүмүүс тэгж байна лээ үнэн гэсэн гэхээр нь чи өөрөө худлаа битгий санаанаасаа зохиогоод бай гэж хэлээд аавыг дуудаад аавд энэ намайг хуучин нөхөртэйгээ суух гэж байгаа гэсэн гээд уржигдар намайг зодсон гэсэн чинь аав цагдаад хэлнэ гэж хэлээд гарсан. Архи уугаагүй эрүүл байхдаа нэг их юм яриад байдаггүй. Архи уугаад согтохоороо л элдэв шалдавын юмыг өөрөө зохиож яриад байдаг юм. Намайг хуучин нөхөртэйгээ суух гэж байгаа гэж өөрөө л зохиож ярьж байгаа тэрнээс тэр талаар ярих хүн байхгүй. Би маргалдсан зүйл байхгүй чи яагаад архи уугаад байгаа юм бэ гэсэн чинь л намайг хуучин нөхөртэйгээ суух гэж байгаа гэж хүмүүс ярьж байна лээ гэхээр нь би юу яриад солиороод байгаа юм бэ хэн тэгж байна гэсэн чинь хүн тэгж байна лээ гэхээр нь тийм зүйл яриагүй би тэр хүний утасны дугаарыг ч мэдэхгүй утсаар ч ярьдаггүй гэсэн чинь босч ирээд намайг цохисон. Ямар хүн тэгж ярьсныг нь мэдэхгүй манай нөхөр чамайг хуучин нөхөртэйгээ суух гэж байгаа хүн ярьсан гэхээр нь хэн тэгж байгаа юм бэ гэсэн чинь хүмүүс тэгж байна гэхээр нь тэр хүний чинь утасны дугаарыг ч мэдэхгүй ярьдаг ч үгүй гэсэн чинь л намайг цохиод авсан. Гараараа миний бие рүү гурван удаа цохисон. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Миний баруун талын нүдний доод зовхи хөхөрч хавдсан, баруун гарын бугуйны хойд хэсэг хөхөрч хавдсан, баруун чихний хойд хэсэгт жаахан хөндүүр байгаад байна. Архи уучихсан согтуу унтаж байгаад босч ирээд намайг зодсон. Хуулийнх нь дагуу арга хэмжээ авахуулмаар байна...”  гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 хуу/, хохирогч Д.Агийн дахин “...миний биед учирсан гэмтэл бүрэн гүйцэт эдгэрч хэвийн болсон. Одоо нөхөр Мтай хоорондоо эвлэрч учирч зүгээ ололцсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 хуу/, гэрч Н.Дгийн “...2024 оны 06 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед хойд өрөөнд унтсан. Тэгээд 2024 оны 06 дугаар сарын 12-ны өглөө босоод ирсэн чинь манай эхнэр Б охин Аг манайд хоносныг хэлсэн. Тэгээд тэр өдөр нэг их юм болоогүй. Тэгсэн маргааш нь буюу 2024 оны 06 дугаар сарын 13-ны өглөө гэртээ байж байсан чинь манай охин А,  Б руугаа утсаар яриад та 2 манайд ороод ирээч гэхээр нь ойрхон болохоор байшинд нь яваад орсон чинь манай охины баруун талын нүдний доод зовхи нь хөхөрсөн, баруун гарын шууны арын хэсэгтээ өвчин намдаах лент наасан, нөхөр нь нэлээн согтуу эхнэртэйгээ маргалдаад зогсож байсан. Тэгсэн би охиноосоо юу болсон талаар асуусан чинь нөхөр М нь 2024 оны 06 дугаар сарын 11-ний орой зодсон, тэгээд би танайд хоносон гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүргэн Мыг чи ер нь яахаараа эхнэрээ зоддог юм гээд цагдаад хэлнэ гээд охиныгоо дагуулаад гэрээс нь гараад гэртээ орсон. Тэгээд ер нь цагдаад хэлж мэдэгдсэн нь дээр гээд сумын хэсгийн төлөөлөгчид гомдол гаргасан. Манай охины баруун талын нүдний доод зовхи хөхөрсөн, баруун -гарынх нь шууны ар хэсэгт хөхөрч хавдсан, өвчин намдаах лент наасан байсан.  2024 оны 06 дугаар сарын 11-ний орой зодуулаад танайд орж хоносон та хойд өрөөнд унтаж байсан гэж хэлсэн. Өмнө зоддог байсан үгүйг нь сайн мэдэхгүй байна. Манай нөхөр ингээд гээд хэрэлдэж маргалдаж байсан талаараа ярьж байсан аль хэрэлдэж маргалдахыг тэр гэх вэ. Ямар асуудлаас болж маргалдсаныг нь би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 хуу/, гэрч Л.Бын “...манай нөхөр түрүүлээд хүргэнийх рүү явсан, би нэлээн байж байгаад орсон чинь манай хүргэн цаад өрөө рүүгээ орж байсан манай охин баруун гараа бариад энэ гар хөдөлдөггүй өвдөөд байна гэж яриад өвчин намдаах лент наасан байсан. Тэгсэн манай нөхөр нэлээн ууртай цагдаад гомдол гаргана гээд гараад явсан би ч гэсэн араас нь дагаад гарсан. Манайд хоносон өглөө нь харахад баруун талын нүдний доод зовхи хөхөрсөн, баруун гарынх нь шууны ах хэсэгт хөхөрч хавдсан байсан. 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ороход баруун гарын шууны ар хэсэгтээ өвчин намдаах лент наасан байсан. Асуусан 2024 оны 06 дугаар сарын 11-ний орой архи уусан согтуу байсан, тэгээд маргалдсан миний баруун хацар руу нэг удаа, гарын шуу руу нэг удаа, толгойн ар хэсэг рүү нэг удаа цохисон гэж манайд хонохдоо надад хэлсэн.  Тэрийг нь би сайн мэдэхгүй байна. Манай нөхөр архи уугаад согтуу ирсэн маргалдсан гээд хааяа ярьдаг байсан. Ямар асуудлаас болж маргалдсаныг нь би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуу/, гэрч Д.Аийн “...2024 оны 06 дугаар сарын 13-ны өглөө би ажилдаа явах гээд байж байтал манай аав Д орж ирээд А эгчийг чинь М ах чинь зодчихсон байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би А эгчийн утас руу залгаад юу болсон талаар нь асуусан чинь М ах чинь 06 дугаар сарын 11-ний орой намайг зодоод гэж хэлж байсан. Манай аав ч нэлээн ууртай хэсгийн төлөөлөгчид өргөдөл өгч шалгуулна гээд гарсан. Тэгсэн хэсгийн төлөөлөгчид өргөдөл өгсөн аймаг руу шүүх эмнэлэгт үзүүлэх гээд явж байна гэж ярьж байсан. Би А эгчтэй угаасаа уулзаагүй манай аав орж ирээд зодуулчихсан байна гэхээр нь би утсаар ярьсан чинь энэ нэг юм чинь намайг зодоод гээд ярьж байсан. Би хэзээ нөхөртөө зодуулсан талаар нь асуугаагүй. Тэр өглөө нь би ажилдаа явах гээд яарч байсан болохоор асуугаагүй юм. Тэгээд 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр амралтын өдөр байсан болохоор М ахын гэрт орсон чинь А эгчийн баруун талын нүд нь хөхөрсөн байсан өөр ямар нэг хөхөрсөн хавдсан зүйл харагдаагүй. Тэгэхээр нь би нүд рүү нь цохисон юм байна даа гэж бодоод өнгөрсөн. Цохиж зодож байсан үгүйг нь сайн мэдэхгүй байна. Манай эгч нөхөртэйгээ маргалдлаа гээд ярьдаг байсан гэхдээ нэг их зодож цохидог талаар нь ярьж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/, гэрч Ц.Бын “...М нь урьд өмнө нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй, энэ асуудлаас болж анх удаа шалгагдаж байна. М нь өмнө нь ажил амьдралаа залгуулдаг байсан, одоо мал маллан амьдардаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 дүгээр тал/, яллагдагч С.Мын “...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар тал/,

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 216 дугаартай “...Д.Агийн биед баруун зовхи, баруун бугалга, шуунд цус хуралт, баруун шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

 Шүүгдэгч С.М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн эрүүл мэндэд баруун зовхи, баруун бугалга, шуунд цус хуралт, баруун шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.  

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан шүүгдэгч С.М нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр  Д.Аг зодож эрүүл мэндэд нь баруун зовхи, баруун бугалга, шуунд цус хуралт, баруун шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

   

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Мыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Иймд шүүгдэгч С.Мыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Д.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд “...надад ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч С.М нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч С.Мад Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын үр дагаварыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                                                                                                             ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овогт Сын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 

11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь шүүхээс оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч С.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийг хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.ГАНДОЛГОР