Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 001/хт2024/00188

 

И.Б, Д.М, Б.А,

Б.П, Г.М

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2024/01047 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  

2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2024/01069 дүгээр магадлалтай,

И.Б, Д.М, Б.А, Б.П, Г.М нарын нэхэмжлэлтэй

“О” ХХК-д холбогдох

Нэхэмжлэгч И.Б-д нэмэгдэл хөлс 5,190,528 төгрөг, Д.М-д нэмэгдэл хөлс 6,166,608 төгрөг, Б.А-д нэмэгдэл хөлс 4,204,096 төгрөг, Б.П-д нэмэгдэл хөлс 10,257,017 төгрөг, Г.М-д нэмэгдэл хөлс 6,782,057 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Б.Х, өмгөөлөгч З.С, С.Б нарын шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч И.Б, Д.М, Б.А, Б.П, Г.М нар нь хариуцагч “О” ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч И.Б-д нэмэгдэл хөлс 5,190,528 төгрөг, Д.М-д нэмэгдэл хөлс 6,166,608 төгрөг, Б.А-д нэмэгдэл хөлс 4,204,096 төгрөг, Б.П-д нэмэгдэл хөлс 10,257,017 төгрөг, Г.М-д нэмэгдэл хөлс 6,782,057 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2024/01047 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.5 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч И.Б-ийн хариуцагч “О” ХХК-аас нийт 5,190,528 (таван сая нэг зуун ерэн мянга таван зуун хорин найм) төгрөгийг гаргуулах тухай, нэхэмжлэгч Б.П-гийн хариуцагч “О” ХХК-аас 10,257,017 (арван сая хоёр зуун тавин долоон мянга арван долоо) төгрөгийг гаргуулах тухай, нэхэмжлэгч Б.А-ийн хариуцагч “О” ХХК-аас 4,204,096 (дөрвөн сая хоёр зуун дөрвөн мянга ерэн зургаа) төгрөгийг тухай, нэхэмжлэгч Д.М-ийн хариуцагч “О” ХХК-аас 6,166,608 (зургаан сая нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун найм) төгрөгийг гаргуулах тухай, нэхэмжлэгч Г.М-ын хариуцагч “О” ХХК-аас 6,782,057 (зургаан сая долоон зуун наян хоёр мянга тавин долоо) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч И.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98,998 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч И.Б-д, нэхэмжлэгч Б.П-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 180,062 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.П-д, нэхэмжлэгч Б.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83,216 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.А-д, нэхэмжлэгч Д.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114,616 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Д.М-д, нэхэмжлэгч Г.М-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 124,462 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Г.М-д тус тус олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2024/01069 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2024/01047 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...И.Б, Д.М, Б.А, Б.П, Г.М нарын нэхэмжлэлтэй “О” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.05.20-ны өдрийн 210/MA2024/01069 магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;” мөн хуулийн 172.2.4-т заасан “эрх зүйн шинэ ойлголт, хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П миний бие энэхүү гомдлыг гаргаж байна.

2022.01.01-ний өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөж, тус хуулийн 92 дугаар зүйлд Уртын ээлжийн зохицуулалт шинээр нэмэгдсэнтэй холбоотой энэхүү Хөдөлмөрийн эрхийн маргаан үүссэн ба нэхэмжлэгч нар нь тус хуулийн 92.3 дах хэсэгт заасан илүү цагийн хөлсөө тооцуулан авах эрх нь зөрчигдсөн тул нэхэмжлэл гаргасан. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, ажилтны эрхийг зөрчсөн шийдвэр гаргаж, ажилтны хуулиар олгогдсон эрхийг дордуулсан гэж үзэж байна.

Энэхүү маргааныг шийдвэрлэсэн Магадлал нь бүхэлдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Тодруулбал,

Магадлалын 3.3-т “Нэхэмжлэгч нар нь уртын ээлжээр ажиллахдаа нэг ээлжинд 14 хоног ажил үүрэг гүйцэтгээд 14 хоног амарсан байх тул тухайн 4 цаг илүү ажилласныг амралтын 14 хоногийн хугацаанд нөхөн амраасан гэж дүгнэх тул тэдгээрт Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар илүү цагийн хөлс шаардах эрх үүсээгүй байна.” гэж дүгнэж нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахаас татгалзсан.

4.1 Магадлалын 3.3 дах хэсэг хууль зүйн үндэслэлтэй эсэхэд Хөдөлмөрийн тухай хууль (цаашид Хууль гэх)-н 92.3 дах хэсэгт “Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно” гэсэн заалттай нийцэж байгаа эсэх талаар тухайн хуулийн зохицуулалт, харилцан шүтэлцээ, логик уялдаа холбоог хуулийн системчлэлийн үүднээс авч үзвэл,

1. Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэлийг 12 цагаас илүүгүй байх гэж нэг өдөрт ажил гүйцэтгэх дээд хязгаарыг заасан (92.3)

2. 12 цагаар ажиллахыг зөвшөөрсөн боловч энэ тохиолдолд Хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан ээлжээр ажиллах ажлын цагийн үргэлжлэх хугацааг 8 цагаар тооцож зөрүү цагийг илүү цагаар олгохыг шууд зааж өгсөн (92.3, 87.2)

3. Хуулийн 87.2-т заасанчлан ээлжээр ажиллах ажлын нэг удаад ажиллах ажлын цагийг 8 цагаар тооцож зөрүү 4 цагийг 109.1-д заасны дагуу 1,5 дахин нэмэгдүүлж хөлс төлөхийг тодорхой заасан байна (92.3, 109.1)

Шүүхийн Магадлалд тайлбарласнаар авч үзвэл, Хуулийн 92.3 дах хэсэгт 87 болон 109.1 дэх хэсгийг шууд эш татаж оруулах шаардлагагүй ба Уртын ээлжийн ажилтны ажлын цагийн үргэлжлэлийг 12 цаг байхаар тогтоож, 92.4-өөр ажил амралтыг зохицуулах боломжтой байсан. Гэтэл хуулиар тусгайлан зохицуулсан нөхцөлийг дордуулж ажилтанд хуулиар олгосон буюу 92.4-т заасан амралтыг илүү цагаар ажилласан хугацааг нөхөн амраасан хугацаа гэж механикаар тооцож багтааж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Ажилтан 14 хоногт кемпэд байрлаж ажиллаад хуулиар олгосон амралтын хугацаандаа амарсныг ажил олгогчоос тогтоож өгсөн амралт мэтээр дүгнэх боломжгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 109.1-д заасан нөхөн амрах хугацаа нь ажил олгогчоос олгох амралт байдаг ба Хуулийн 92.4-т заасан амралт нь хуулиар ажилтныг амрахад зориулж тогтоосон амралт юм. Ажил олгогч ажилтныг амрах ёстой хугацаанд нь ажилуулснаа нөхөж амраах байдлаар ажилтны эрхийг хангах ойлголтыг 92.4-т заасан амралттай ижилсүүлж түүнд багтааж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

4.2 Магадлалын 3.3 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нар нь уртын ээлжээр ажиллахдаа нэг ээлжинд 14 хоног ажил үүрэг гүйцэтгээд 14 хоног амарсан байх тул тухайн 4 цаг илүү ажилласныг амралтын 14 хоногийн хугацаанд нөхөн амраасан гэж дүгнэх тул тэдгээрт Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар илүү цагийн хөлс шаардах эрх үүсээгүй байна.” гэж дүгнэсэн тухайд Хуулийн 109.1 дэх хэсэгт “Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно" буюу ажилтныг нөхөн амруулаагүй бол нэмэгдэл хөлс тооцож олгохоор зохицуулсан боловч мөн хуулийн 92.4 дэх хэсэгт “Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна" гэж Уртын ээлжээр ажиллах ажилтны ажил, амралтын цагийг хуулиар тусгайлан хатуу тогтоож өгсөн. Иймд уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтанд Нөхөн амраах зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм. Энэ нь ажилтанд Хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийн хөлсийг тооцож олгох талаар мөн Хуулийн 92.3 дах хэсгийн зорилго тодорхой харагдана.

Гэтэл давж заалдах шатны шүүх хуулиар Уртын ээлжийн тусгай зохицуулалтын хэм хэмжээ гэдгийг анхаарч үзэхгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна.

4.3 Давж заалдах шатны шүүх хуулийн зорилго, үзэл баримтлалыг анхаараагүй тухайд хууль тогтоогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулиар Уртын ээлжээр ажиллах ажлын цагийг зохицуулалтыг шинээр оруулж ирэхдээ ажил амралтын цагийн харьцаа тэнцүү байх зарчмыг баримталсан нь хуулийн 92.4, 92.5 дах хэсгээс тодорхой харагдана. Тодруулбал, ажилтан ажил үүргээ 14 хоног биечлэн гүйцэтгээд 14 хоног амрахаар зохицуулсан. Ажилтан кемпэд 14 хоног 12 цагаар ажиллахдаа дараагийн өдрийн ажлаа хийхийн тулд амарч байгаа буюу тухайн амралтын цагийг энгийн ажлын горимоор ажиллаж, амарч байгаа ажилтантай харьцуулан тооцох боломжгүй юм. Учир нь тухайн ажилтан кемпэд байх хугацаандаа дараах нөхцөл, хязгаарын хүрээнд байдаг. Зарим хэсгээс дурдвал;

1. Амралтын цагийг өөрийн хүссэнээр нийгмийн харилцаанд шууд орох, гэр бүл, найз нөхөддөө зарцуулах боломжгүй;

2. Ажлын газарт буюу кемпэд байгаа тул бусад хамтран ажиллагч, ажил олгогчийн өмнө дүрэм журмаар тогтоосон үүрэг хүлээх, зөрчсөн тохиолдолд Хөдөлмөрийн гэрээ цуцлах хүртэл үр дагавартай;

3. Зөвхөн дараагийн ээлжийн ажлаа гүйцэтгэхийн тулд хооллох, унтаж амрах, ажил олгогчоос гаргаж өгсөн чөлөөт цагаа өнгөрөөх нөхцөл боломжийн хүрээнд байх;

4. Кемпэд гаргасан аливаа зөрчлийг ажлын байранд гаргасан зөрчилд тооцдог бөгөөд кемп нь ажил олгогчийн хяналтын хүрээнд байдаг. Иймд Уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны ажил, амралтын цаг тэнцүү байх зарчмыг Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4-т зааж өгсөн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн үзэл баримтлалд ажилтны ажил, амралтын хугацаа өөрчлөгдөж байгаатай холбоотой ажилтны цалин хөлс буурах эрсдэлийг гаргахгүй байхыг анхааруулахын зэрэгцээ ажилтны илүү цагаар ажилласан ажлын цагийг хуульд заасан амрах хугацаанд нь багтааж зохицуулсан тухай тусгагдаагүйг дурдах нь зүйтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлд Уртын ээлжээр ажиллуулах зохицуулалт нь ажилтанд ажиллах, амрах хугацаа, илүү цагийн хөлсөө хуульд заасны дагуу авах эрхийг шууд заасан эерэг үр дагавар бүхий тусгай зохицуулалт юм. Уртын ээлжийн зохицуулалт нь ажилтан болон ажил олгогчид сөрөг үр дагаврыг үүсгээгүй харин тэдгээрийн хөдөлмөрийн харилцааг тодорхой болгож хуульчилж өгсөн. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.05.20-ны өдрийн 210/MA2024/01069 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.4-т заасан үндэслэлүүдийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.07.04-ний өдрийн 001/ШХТ2024/00938 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

 ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч И.Б, Д.М, Б.А, Б.П, Г.М нар нь хариуцагч “О” ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч И.Б-д нэмэгдэл хөлс 5,190,528 төгрөг, Д.М-д нэмэгдэл хөлс 6,166,608 төгрөг, Б.А-д нэмэгдэл хөлс 4,204,096 төгрөг, Б.П-д нэмэгдэл хөлс 10,257,017 төгрөг, Г.М-д нэмэгдэл хөлс 6,782,057 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ “...Хөдөлмөрийн тухай хуулиар уртын ээлжийн ажиллах, амрах хоногийг 14, 14 болгосноор нэг сард ажиллавал зохих цаг 112 цаг (8цаг*14хоног) тул түүнээс илүү гарсан 56 цаг (нэг өдөрт 4 цаг илүү*14 хоног)-т нэмэгдэл хөлсийг олгоогүй тул нэмэгдэл хөлс гаргуулна...” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч “О” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: “…ажилтны үргэлжлэн амрах амралтын 14 хоногт илүү цагийг нөхөн амраасан гэж үзэх тул хуульд заасан нэмэгдэл хөлс олгох урьдач нөхцөл хангагдаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн.” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх “...Нэхэмжлэгч нар нь ...Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь 14 хоногийн турш 336(14х24=336) цаг амран, илүү 56 цаг ажилласан илүү цагийг нөхөн амарсан ... тул хариуцагчаас илүү цаг ажилласан хөлс гаргуулах үндэслэлгүй, ...Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь ажлын 10 хоногт буюу 2023.03.28-ны өдөр Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан болох нь 2023 оны №01 Ирсэн өргөдөл, гомдлын бүртгэлийн хуулбараар тогтоогдсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023.04.28-ны өдрийн тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт буюу 2023.05.11-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан, ...нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан хугацаанд тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хариуцагчийн “нэхэмжлэгч нар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэх тайлбар үндэслэлгүй ...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ “...Уг маргаанд хамаарах шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмын талаарх шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.6, 154.8 дахь хэсэгт нийцсэн. ... Нэхэмжлэгч нар нь уртын ээлжээр ажиллахдаа нэг ээлжид 14 хоног ажил үүрэг гүйцэтгээд 14 хоног амарсан байх тул тухайн 4 цаг илүү ажилласныг амралтын 14 хоногийн хугацаанд нөхөн амраасан гэж дүгнэх тул тэдгээрт Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар илүү цагийн хөлс шаардах эрх үүсээгүй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. ...” гэсэн дүгнэлт хийжээ.

11. Хоёр шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох ажилтныг уртын ээлжээр ажиллуулах тохиолдолд илүү цагийн хөлсийг хэрхэн тооцож олгох тухай Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарласан эсэхийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдлын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.4-т заасан үндэслэлээр гомдлыг хүлээн авч, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

12. Нэхэмжлэгч нар нь илүү цагийн нэмэгдэл хөлс олгоогүй талаарх гомдлоо хуулийн хугацаанд гаргасан гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзэв.

13. Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон, зохигч маргаагүй байна.

13.1. Нэхэмжлэгч И.Б нь “О” ХХК-тай 2019.11.11-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээнд зааснаар Хөдөлгөөнт хүнд машин механизмын оператороор ажиллаж, сарын 830 ам.доллартай тэнцэх хэмжээний, үндсэн цалинтай,

13.2. Нэхэмжлэгч Б.П нь “О” ХХК-тай 2014.10.23-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээнд зааснаар Оператороор ажиллаж, сарын 1011 ам.доллартай тэнцэх хэмжээний, үндсэн цалинтай,

13.3. Нэхэмжлэгч Б.А нь “О” ХХК-тай 2023.02.01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээнд зааснаар Хөдөлгөөнт хүнд машин механизмын оператороор ажиллаж, сарын 1039.88 ам.доллартай тэнцэх хэмжээний, үндсэн цалинтай,

13.4. Нэхэмжлэгч Д.М нь “О” ХХК-тай 2016.06.02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээнд зааснаар Хөдөлгөөнт хүнд машин механизмын оператороор ажиллаж, сарын 750 ам.доллартай тэнцэх хэмжээний, үндсэн цалинтай,

13.5. Нэхэмжлэгч Г.М нь “О” ХХК-тай 2022.01.25-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээнд зааснаар Хөдөлгөөнт хүнд машин механизмын оператороор ажиллаж, сарын 858.5 ам.доллартай тэнцэх хэмжээний, үндсэн цалинтай,

13.6. Нэхэмжлэгч тус бүр нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллыг холбогдох хууль тогтоомж, хамтын гэрээ, ажил олгогчийн дотоод бодлого, журмын дагуу тооцож олгох, ажилтны ажил амралтын хуваарь, өдөр цаг нь ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног (өдөрт ажиллах цаг нь 8 цаг+ажлын шаардлагаар, ажил амралтын хуваарийг Go to Main and select relevant value)

14. Зохигчийн маргааны зүйл нь ажилтныг уртын ээлжээр ажиллуулахдаа 14 хоногийн хугацаанд үүрэг гүйцэтгүүлж, 14 хоног амрааж байгаа нь нөхөн амрааж байгаа эсэх буюу энэ тохиолдолд ажилтныг илүү цагаар ажиллуулсан гэж үзэж нэмэгдэл хөлс олгох эсэх асуудал болжээ.

15. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байх тул хяналтын шатны шүүхээс залруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

16. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно” гэж, 92.4-т “Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна” гэж заажээ.

Хуулийн энэхүү зохицуулалт нь “уртын ээлж” гэх ойлголтыг энгийн хөдөлмөрөөс ялгаатай онцлог байдлаар тодорхойлж өгсөн байх ба уг горимыг хэрэглэх ажил олгогч нь уул уурхай, олборлох салбар байхаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2-т зааснаар түүнд үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага хэрэглэж болохоор байна.

Улмаар мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.4, 92.5, 92.6-д хуульд заасан хугацааг багасгах тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх, амрах хугацаа нь тэнцүү байхаар ажил олгогч, ажилтны төлөөлөгч харилцан тохиролцох, уртын ээлж эхлэх болон дуусахад ажил олгогч ажилтныг ажлын байранд хүргэх, буцаах хугацааг ажилласан цагт тооцох, холбогдох зардлыг ажил олгогч хариуцах эрх зүйн асуудлуудыг зохицуулжээ.

17. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т зааснаар уртын ээлжээр ажиллуулж байгаа тохиолдолд илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгох талаар уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцохоор байна.

Энэхүү уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх тухай асуудал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.2-т нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байх, мөн хуулийн 87.3-т ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болохыг заасан ээлжийн ажлын цагийн журмыг тогтоосон үндсэн зарчимтай уялджээ.

Мөн Хөдөлмөрийн тухай 87 дугаар зүйлийн 87.3-т зааснаар ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж байгаа тохиолдолд ажилтан долоо хоногт 40 цагаас илүү ажилласан бол түүнд илүү ажилласан цагийн хөлсийг энэ хуулийн 109.1-д заасны дагуу нэмж олгохоор байна.

18. “Хуульд заасан дээрх хэм хэмжээний агуулгаас үзвэл ердийн ажил, уртын ээлжээр ажиллах аль аль тохиолдолд нэг өдөрт ажиллах илүү цагийн хязгаар нь дөрвөн цагаас илүүгүй байна гэж хуульчилсан нь ердийн эсвэл нэг ээлжийн ажлын цаг 8 цаг байхыг агуулгын хувьд давхар баталгаажуулж, илүү цагийн дээд хэмжээг 4 цагаас хэтрэхгүй болохыг тогтоосон гэж үзэхээс гадна уртын ээлжээр ажиллах горимд ердийн ажлын нэгэн адил өдрийн 8 цагийг баримтлах бөгөөд “уртын ээлж” гэх ойлголтод 12 цаг ажиллах горим хамаарахгүй учир хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл “12 цаг” гэж бус “12 цагаас илүүгүй байна” гэж томьёолсон байна.”[1] (С.Б ба “О” ХХК, 181/2023/02950/и УДШ (иргэний хэргийн танхим)001ХТ2024/00118)

19. Хэрэгт авагдсан хариуцагч “О” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.12.31-ний өдрийн 72 дугаар тушаалаар баталсан “ХН-Е.6.2: Ажлын цагийн тухай журам”-ын 9.2.3-т “Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байх ба сард 168 цаг дотор ажилласан илүү цагийг ээлжийн хуваарийн дагуу амрах 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно. Уртын ээлжийн ажилтан сард 168 цагаас дээш цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг Цалин хөлсний журамд заасны дагуу олгоно” гэж зааснаас үзэхэд энэ нь ажилтныг илүү цаг ажиллуулсан учраас нөхөн амруулсан тухай агуулгатай байх боловч тийнхүү үзэх үндэслэлгүй болно.

Учир нь дээр дурдсанаар хуулийн утга санаа нь нэг ээлжид 14 хоног ажиллуулах, ингэхдээ илүү цагаар ажиллуулах бол өдөрт 4 цагаас илүүгүй байх, харин амрах хугацааг 14 хоног гэж тогтоосныг илүү цагийг нөхөн амраах замаар тооцож 14 хоног гэсэн хугацааг тогтоосон гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгохоор тухайлан зохицуулах шаардлагагүй байсан.

Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасан “нөхөн амруулаагүй бол” гэх ойлголтыг уртын ээлжийн ажилтанд ажил амралтын цагийн харьцааг тоон утгаар нь /168:336/ тайлбарлаж хэрэглэх боломжгүй нь тус хуулийн 92.3-т заасан хуулийн агуулгаар тодорхойлогдоно.

Үүнийг “хуулийн системчлэлийн үүднээс авч үзвэл, хуульд уртын ээлжид 14 хоногийн амрах хугацааг заасан нь 14 хоногийн турш нэг ээлжээр ажилласантай холбоотой байх ба харин илүү цагийг нь нөхөн амруулаагүй учраас нэмэгдэл хөлс олгох үр дагаврыг тусдаа 92 дугаар зүйлийн 92.3-т заасан хэм хэмжээгээр хуульчилсан байх ба хуулийн 92.4-т нэг ээлжид 14 хоног тасралтгүй ажилласан учраас нөхөн амруулахыг зохицуулсан бол илүү цагийн үр дагаврыг хуулийн 92.3-т тус тус ялгамжтай зохицуулжээ.

Үүргийн эрх зүйн үндсэн зарчмуудын нэг болох солилцооны зүй ёсны зарчмын хүрээнд уртын ээлжийн ажилтны 14 хоногийн турш тусгай дэгийн хүрээнд ажиллах, амрах нөхцөл байдлыг 14 хоногийн амралтаар тэнцвэржин тооцогдох боломжгүй учраас хуулийн 92.3-т заасан зохицуулалтаар илүү цагийн асуудлыг давхар шийдвэрлэсэн байна.”[2] (С.Б ба “О” ХХК, 181/2023/02950/и УДШ (иргэний хэргийн танхим)001ХТ2024/00118)

20. Иймээс уртын ээлжээр ажиллах ажилтны амрах хугацаа 14 хоног байгааг илүү цагаар ажилласныг нөхөн амрааж байгаа гэж үзэх үндэслэлгүй буюу уртын ээлжээр ажиллаж буй ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байгаа нь сард ердийн ажлын, өдрийн 8 цагаар ажиллахтай адил, ажлын цагийн нормыг зөрчөөгүй, хэтрээгүй боловч энэ нь уртын ээлжээр ажилласан ажилтны илүү цагаар ажилласан нөхцөл байдлыг үгүйсгэхгүй ба илүү цагийн хувьд хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т заасан хэм хэмжээгээр нөхөн зохицуулсан гэж үзнэ.

21. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8-д “Уртын ээлжээр ажиллах ажилтны ажил, амралтын цагийн горим, уртын ээлжээр ажилласны нэмэгдэл зэргийг хамтын гэрээ, салбарын хамтын хэлэлцээрээр тогтооно” гэж заасан бөгөөд хариуцагчийн хувьд Хамтын гэрээ болон ХН-Г1.1:Цалин хөлсний журам зэргээр зохицуулж тухайлбал нэхэмжлэгчийн цалин хөлс нь үндсэн цалин, илүү цаг 1,5-олговор, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл, уртын ээлжийн нэмэгдэл, засвар үйлчилгээний зогсолтгүй үйл ажиллагааны олговор, уурхайн цогцолборт ирэх, буцах цагийн нэмэгдлээс бүрдэх, хамтын гэрээний 2.14, 2.15, 2.16-д шөнийн ээлжийн нэмэгдэл хөлс дундаж цалин хөлсийг 1,2 дахин, уртын ээлжийн ажилтан нийтээр амрах баярын өдөр ажилласан тохиолдолд үндсэн цалинг 2 дахин, уртын ээлжийн нэмэгдэл үндсэн цалингийн 13 хувиар, хоол унааны нэмэгдэл 500,000 төгрөг байхаар тохирчээ.

Нэхэмжлэгч нар нь илүү цагийн нэмэгдэл хөлсийг нэхэмжлэхдээ сард 112 цаг ажиллахаас 168 цаг ажилласан буюу сар бүр 56 цаг илүү ажилласан гэж үзэж, илүү цагийн хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж олгох ёстой тул үүний 1-ийг олгосон гэж үзээд, 0,5-ыг тооцож шаардсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт “Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно” гэж заасныг болон  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг хангав.

Тодруулбал нэхэмжлэгч И.Б-д 2022 оны 10, 11, 12 дугаар сарын илүү цагийн хөлсөнд бүгд 5,190,528 (таван сая нэг зуун ерэн мянга таван зуун хорин найм) төгрөгийг, нэхэмжлэгч Б.П-д 2022 оны 10, 11, 12 дугаар сарын илүү цагийн хөлсөнд бүгд 10,257,017 (арван сая хоёр зуун тавин долоон мянга арван долоо) төгрөгийг, нэхэмжлэгч Б.А-д 2022 оны 9, 10, 11 дүгээр сарын илүү цагийн хөлсөнд бүгд 4,204,096 (дөрвөн сая хоёр зуун дөрвөн мянга ерэн зургаа) төгрөгийг, нэхэмжлэгч Д.М-д 2022 оны 10, 11, 12 дугаар сарын илүү цагийн хөлсөнд бүгд 6,166,608 (зургаан сая нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун найм) төгрөгийг, нэхэмжлэгч Г.М-д 2022 оны 9, 10, 11 дүгээр сарын илүү цагийн хөлсөнд бүгд 6,782,057 (зургаан сая долоон зуун наян хоёр мянга тавин долоо) төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж олгох нь зүйтэй гэж үзлээ.

22. Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2024/01069 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2024/01047 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар “О” ХХК-аас нийт 32,600,306 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч И.Б-д 5,190,528 төгрөгийг, нэхэмжлэгч Б.П-д 10,257,017 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Ад 4,204,096 төгрөгийг, нэхэмжлэгч Д.Мд 6,166,608 төгрөгийг, нэхэмжлэгч Г.М-д 6,782,057 төгрөгийг тус тус олгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч “О” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 320,951 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.” гэж нэмж, тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Н.БАТЗОРИГ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                                     Н.БАТЧИМЭГ

                                                                                          Н.БАЯРМАА

                                                                                          Д.ЦОЛМОН