| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Эрдэнэбилэг |
| Хэргийн индекс | 204/2020/00017/э |
| Дугаар | 17 |
| Огноо | 2020-04-08 |
| Зүйл хэсэг | 18.2.1., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 17
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Н.Өнөрбаяр
Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.С-н даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/60 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын гаргасан эсэргүүцлээр Ш.Жд холбогдох эрүүгийн 1927001740011 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Хайрхан овгийн Ш.Ж
Ш.Ж нь 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл засмал замын хажуу руу унаж зорчиж явсан Б.Б, Б.Д нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэх гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Прокурорын газрын хяналтын прокуророос түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн шүүгч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.13-т зааснаар хохирогч Б.Б шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол, хохирогч нарт шинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүй тэд нарын эрхийг хангаагүй, мөн мөрдөгчөөс баримт бичигт үзлэг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5-т заасан журмыг зөрчсөн, зам тээврийн осол гарахад тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Н.Д-н хохирол төлбөрийг хэрхэн барагдуулсан талаарх болон түүний эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоогоогүй, энэ талаар мөрдөгчөөс үйлдэн тэмдэглэлийг нотлох баримт гэж үзэх хууль зүйн боломжгүй, Хархорин сум дахь сум дундын прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр торгох ялын саналтай шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан нөхцөл хангагдсан эсэхийг тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийг мөрдлөг болгон ажиллахыг прокурор, мөрдөгчид анхааруулж, Ш.Ж-д холбогдох эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь зааснаар энэ захирамжийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.
Прокурор Н.Өнөрбаяр 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар эсэргүүцэлдээ: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Ш.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхээр шийдвэрлүүлэхээр 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллагдагч Ш.Ж ялын төрөл, хэмжээ, хэсэгчлэн төлөх хугацааны талаар саналыг гаргаж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх хэргийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд, Ш.Ж-д холбогдох хэргийг прокурорт буцаасан байна. Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлгүй байна. Учир нь: Ш.Ж-д холбогдох хэргийн шүүх хуралдааны шатанд хэргийн оролцогч нараас хэргийг прокурорт буцаах тухай хүсэлт гаргаагүй байхад прокурорт буцаасан захирамжийн удирдлага болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь ойлгомжгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.13-т хохирогч нь шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлтийн өөрт хамааралтай хэсэгтэй танилцах эрхтэй, хохирогч Б.Б шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоол танилцуулаагүй гэсэн бөгөөд хохирогч Б.Д, Б.Б нар хэрэг учрал гарсан өдөр Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт яаралтай очиж эмнэлгийн тусламж авсан, тус эмнэлгээс гарч Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд байрлах гэртээ харьсан байдаг. Хужирт сумын Цагдаагийн хэсгийн мөрдөгч Б.Түвшинжаргал шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол үйлдэж, прокурорын даалгавраар Дорнод аймгийн Цагдаагийн газрын мөрдөн шалгах байгууллагаар хохирогч Б.Д, Б.Б нарын эрүүл мэндэд учирсан хохирлыг тодорхойлуулахаар шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулж, хохирогч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар танилцуулсан.
Тус хуулийн заалтад шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоол танилцуулна гэж заагаагүй байсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.13 нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдаж мөн оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд дээрх мөрдөн шалгах ажиллагаа нь хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлсэн үеэс өмнө явагдсан бөгөөд Эрүүгийн эрх зүйн онолын хувьд процессын хуулийг буцаан хэрэглэх ойлголт байдаггүй харин хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш хуулийг хэрэглэх асуудал яригддаг.
Мөн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01 дугаартай замын дүгнэлтийг холбогдох оролцогч болох шүүгдэгч Ш.Ж-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар танилцуулсан бөгөөд тус хэсэгт “холбогдох оролцогчид” гэж заасан бөгөөд тухайн дүгнэлтийг хохирогч Б.Д, Б.Б нарт байгаа газрын онцлогоос шалтгаалж танилцуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн, мөн тус замын дүгнэлт шүүгдэгч Ш.Ж-д хамааралтай гэж үзсэний үндсэн дээр зөвхөн Ш.Ж-д танилцуулсан.
Мөн шүүхээс мөрдөгч нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр баримт бичигт үзлэг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзсэн. Яллагдагч Ш.Ж нь хохирогч нарт яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхэд худалдаж авч өгсөн эм болон бусад гарсан зардлын баримтыг хэрэгт хавсаргуулахаар мөрдөгчид өгсөн бөгөөд мөрдөгч Б.Түвшинжаргал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэмдэглэл үйлдэж хавтаст хэрэгт хавсаргасан. Харин мөрдөгчийн хувьд тухайн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл гэж буруу үгийн сонголт хэрэглэсэн нь шүүхээс үзлэг хийхэд хөндлөнгийн гэрч байлцуулах шаардлагатай байна гэж үзэх шалтгаан болсон. Тухайн мөрдөгчийн тэмдэглэл нь хэрэг шүүхээр шийдвэрлэхэд нөлөөлөхүйц нөхцөл байдал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл мөн эсэхэд эргэлзэж байна.
Тухайн хэрэг учрал гардаг өдөр тээврийн хэрэгсэлд жолоочоос гадна 4 иргэн зорчиж явсан бөгөөд Б.Д, Б.Б, Л.Төгс-Эрдэнэ нар нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын иргэд, Н.Долгорсүрэн нь Төв аймгийн Алтанбулаг сумын иргэн юм. 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр мөрдөгч Н.Д-с мэдүүлэг авахад “...Гомдолтой байна. Би өөрийн эрүүл мэндээр хохирсон учраас цаашид гарах зардлыг жолоочоос гаргуулах хүсэлтэй байна...” гэж мэдүүлсэн. Тухай өдөр мэдүүлэг өгсний дараа шүүгдэгч Ш.Ж бэлнээр 150.000 төгрөг өгсөн, дансаар 100.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд шүүгдэгч Ш.Жийн “Хаан банк”-ны 5557110504 тоот дансны хуулгаар тогтоогддог юм.
Н.Д хөдөө хэвтрийн өвчтэй нөхрөө сахидаг өөрийн 88979131 дугаартай гар утас нь холбогдох боломжгүй шалтгаанаар 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл мөрдөгч холбогдож чадаагүй бөгөөд мөрдөгч тухайн өдөр утсаар ярьж холбогдоход “тухайн үед жолоочийг зугтаачих байх гэж бодоод гомдолтой гэж мэдүүлэг өгсөн одоогоор гомдол, санал байхгүй гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлагагүй” гэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 28.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргасан.
Н.Д-н биед учирсан гэмтлийн зэргийг дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ч цаг хугацааны хувьд тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн, Мөн Н.Д нь шаардах эрх гаргаагүй тул иргэний нэхэмжлэгчээр тогтоох боломжгүй хэрэг учрал гарсан өдрөөс хойш ямар нэгэн санал, хүсэлт гаргаж байгаагүй тухайн иргэний эрхийг зөрчсөн гэх үндэслэл байхгүй Ш.Ж-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэхэд нөлөөлөхүйц нөхцөл байдал гэж үзэхгүй байна.
Шүүхээс прокурорт буцаасан захирамжид прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан нөхцөл хангагдсан эсэхийг тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжтой эсэх, торгуулийг төлөх чадвартай эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэх үндэслэл дурдсан бөгөөд Ш.Ж нь өөрийн эзэмшлийн 94-43 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан бөгөөд уг тээврийн хэрэгслийн гэрчилгээг хэрэгт хавсаргасан, Цагдаагийн Ерөнхий газрын мэдээллийн Азар сангийн тусламжтайгаар Ш.Ж-н үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг гаргаж мөн хэрэгт хавсаргасан, Ш.Ж-н “Хаан банк”-ны ***** тоот дансны хуулгаар дансны үлдэгдэл 1.526.265 төгрөг байгаа болох нь хэрэгт хавсаргасан, шүүгдэгчийн эхнэр Хужирт сумын цэцэрлэгийн эрхлэгч ажилтай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ш.Ж мэдүүлсэн, Шүүгдэгчийн хувьд 46 настай ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт тус суманд амьдардаг, шүүгдэгчийн прокурорт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтдээ ахынхаа жуулчны баазыг хариуцаж ажилладаг болохоо илэрхийлсэн, хохирогч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэх нөхцөл байдлыг харгалзан прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг “...ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан...” мөн 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон 450 нэгж буюу 450.000 төгрөгийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр гэмт хэрэгт хялбаршуулсан журмаар ял оногдуулах тухай прокурорын 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн саналд шинээр хэрэгжиж эхэлсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулж тухайн саналыг гаргасан.
Мөн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдаж мөн оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасан бөгөөд прокурорын зүгээс хэрэгт хийгдвэл зохих нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн тухайн хэргийн хохирогч, гэрч нарын эрхийг хангуулж мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байхад шүүхээс хэргийг прокурорт буцаасан шийдвэр нь шүүгдэгч Ш.Ж-н эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байгаа, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх ерөнхий зарчимд нийцүүлэх шаардлагатай байх тул Ш.Жд холбогдох Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/60 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив ... гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Ш.Ж нь Тоёота Приус-11 маркын машин жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл засмал замын хажуу руу унаж зорчиж явсан Б.Б, Б.Д нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх, Ш.Ж нь тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Н.Д-н эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар бүлэгт заасан эрхийг хангах үүднээс түүний хохирол төлбөрийг хэрхэн барагдуулсан талаарх болон түүний эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоогоогүй, энэ талаар мөрдөгчөөс үйлдэн тэмдэглэлийг нотлох баримт гэж үзэх хууль зүйн боломжгүй байна гэж дүгнэн Ш.Ж-д холбогдох хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон байна.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.13-т зааснаар хохирогч Б.Б-д шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол, хохирогч нарт шинжээчийн дүгнэлтийг танилцуулалгүй тэд нарын эрхийг хангаагүй, мөн мөрдөгчөөс баримт бичигт үзлэг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5-т заасан журмыг зөрчсөн гэж дүгнэсэн шүүгчийн захирамж нь үндэслэлтэй боловч дурдсан зөрчлийг арилгуулснаар Ш.Ж-д холбогдох хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөхүйц нөхцөл байдал бий болохгүй юм.
Мөн прокуророос Ш.Ж-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1.2-т заасан нөхцөл хангагдсан байх тул энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг удиртгал болгосон заалтаас техникийн шинжтэй буруу бичигдсэн “хүсэлтийг шийдвэрлэх” тухай хуулийн заалтыг хасан, шүүгчийн захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээн прокурорын эсэргүүцлийн иргэн Н.Д-н Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон эрхийг хангахтай холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/60 дугаар шүүгчийн захирамжийн удиртгал болгосон заалтаас “15.4 дүгээр зүйлийн 1” гэснийг хасч, захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Н.Өнөрбаярын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар эсэргүүцлийн зарим хэсгийг /магадлалын тодорхойлох хэсэгт дурдсан/ хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.