Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 19

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Солонго даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг,

Улсын яллагч Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаа

Шүүгдэгч С.Цогтбаатар /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн С.Цогтбаатарт холбогдох 201716010011 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймаг Есөн булаг суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Ханбогд сум, Баян 4 дүгээр баг, Гоёотын 8-1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Наран овогт Совдын Цогтбаатар /РД:ДЮ84052677/.

Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч С.Цогтбаатар нь 2017 оны 01 дүгээр сарын 06-ны орой 23 цагийн үед архидан согтуурсан үедээ тус аймгийн Ханбогд сум, Хайрхан баг, Цагаанхад гэх газар “Баялаг говь” гэх дэлгүүрийн хажууд тавьсан байсан иргэн Журжмаа овогтой Эрдэнэчимэдийн 02-86 УБХ улсын дугаартай ниссин блюберд маркийн тээврийн хэрэгслийг авч зугатаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Цогтбаатар мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлгүүд үнэн зөв. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 3-5 дугаар хуудас/

Автомашин үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/

Шүүгдэгч С.Цогтбаатарын согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл:”...Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор драгер багажаар шалгахад 0.50 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон...” гэх тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Ж.Эрдэнэчимэдийн өгсөн: “...Би 2017 оны 01 дүгээр сарын 06-ны орой 22 цаг өнгөрч байхад Санжпүрэв, танихгүй 3 залуугийн хамт Гашуунсухайт хилийн боомтоос Цагаанхаданд ирсэн. Тэгээд бид нар гуанзанд ороод хоол захиалж идчихээд гараад ирэхэд миний машин байхгүй байсан. Тэгээд Ханбогд сумын цагдаа руу яриад дуудлага өгчихөөд тэр хавиар хайгаад замын цагдаатай уулзаад байж байхад нэг танихгүй залуу нэг согтуу залууг дагуулаад бад нар дээр хүрээд ирсэн. Тэгээд тэр залуу Оюутолгой руу явдаг засмал замын хажууруу машинаа оруулчихаад Цагаанхад руу явдаг зам дээр гар өргөөд зогсож байхаар нь дагуулаад ирлээ гэсэн. Тэгээд бид нар тэр залууг дагуулаад машин дээр нь очиход миний машин мөн байсан. Тэр залуу миний машинаар замын хажуу талын шон мөргөөд эвдсэн байсан. …” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/

Хэрэг бүртгэлийн шатанд гэрч Н.Батзоригийн:”Оюутолгой ХХК-ийн засвар үйлчилгээг барилга инженерийн хэлтэс хариуцан ажилладаг. 2017 оны 01 сарын 06-ны орой Оюу толгой ХХК-аас Цагаанхад хүртэл замд зам тээврийн осол гарч 2 ширхэг бетонон шон /түмбэ/ хугарч хэмхэрсэн асуудал гарсан юм. Тэр 2 ширхэг бетонон шонг төлүүлэхээр манай компаниас намайг итгэмжилж иргэний нэхэмжлэгчээр оролцож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч О.Гандөлийн өгсөн: “....2017 оны оны 01 дүгээр сарын 06-ны орой 17 цагийн үед би Хятадаас нүүрс тээвэрлэлтийн машин жолоодож гарч ирээд Цагаанхаданд хонохоор болсон. Тэгээд 22 цагийн үед Ганбаттай хамт дэлгүүр орж хүнсний зүйл цуглуулах гээд “Баялаг говь” дэлгүүрийн гадаа очиход саарал өнгийн машиныг саарал куртиктэй согтуу залуу налаад зогсчихсон утсаар яриад байжбайсан. Тэгээд бид хоёр дэлгүүр орчихоод гараад иртэл нөгөө залуу машин дотор ороод суучихсан байсан. Тэгээд би тэр машины хажуугаар өнгөрөхдөө Улаанбаатар хотод надтай хамт цементний зах дээр ажиллаж байсан Эрдэнэчимэд ахын машин болохыг таниад Санжпүрэв ахруу утсаар ярьсан. Тэгээд Санжпүрэв ахыг хантэй явж байгааг нь асуухад Эрдэнэчимэд ахтай хамт цайны газарт байна гэсэн. Би Санжпүрэв ахад машин дотор чинь нэг хүн байна юун хүн юм бэ гэхэд аа тийм тийм гээд утсаа тасалчихсан. Тэгээд Ганбат бид хоёр машиных нь цонхыг тогшоод машины эзэн нь хаана байна гэж асуухад тэр согтуу залуу толгойгоо сэгсрээд хаалгыг нь онгойлгох гээд тодроос нь оролдоод байсан. Тэгээд Ганбат машиных нь хаалгыг онгойлгох гээд татахад дотроосоо түгжээтэй байсан. Тэгээд бид хоёр тэндээсээ машинлуугаа яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч П.Санжпүрэвийн өгсөн: “...2017 оны 01 сарын 06-ны орой Эрдэнэчимэд бид хоёр нүүрсний машины хилийн очерт зогсож байгаад хилээр гарч амжилгүй соёмботой хаалганы тэнд нүүрснийхээ машинуудыг орхичхоод Эрдэнэчимэдийн жижиг машиныг хилээс асааж унаад Цагаанхадан дээр хоол идэх гээд ирсэн. Би Эрдэнэчимэдийн машиныг жолоодоод Баялаг говь дэлгүүрийн гадна талын зогсоолд тавьчихаад автобустай хуушуур гэдгийн урд талын гэр гуанзанд ороод Эрдэнэчимэд бид хоёр хуушуур авч идээд сууж байтал Гандөл над руу утсаар яриад Эрдэнэчимэд ахын машины хажууд хүн зогсож байна гэхээр нь Эрдэнэчимэд бид хоёрын машинд хилээс хоёр хүн дайгдаж ирсний нэг нь зогсож байгаа юм байлгүй гээд нэг их тоолгүй ярьчихаад хоолоо идчихээд гараад иртэл Эрдэнэчимэдийн машин байхгүй байсан. Тэгээд бид нар Цагаанхаданд байсан цагдаа нартай уулзахад Ханбогдын цагдаагийн дугаарыг өгөхөөр нь Ханбогд сумын цагдааруу дуудлага өгчихөөд байж байхад танхигүй таксины жолооч нэг согтуу залууг дагуулаад бид нар дээр аваад ирсэн. Тэр жолооч хэлэхдээ энэ хүн Оюу толгойн зам дээр осол гаргачихаад зам дээр гар өргөөд зогсож байхаар нь аваад ирлээ гэсэн. Тэгээд бид нар тэр согтуу залууг дагуулаад осол гарсан газар нь очиход Эрдэнэчимэдийн машинаар замын хажуу талын хашлага шон мөргөөд эвдчихсэн байсан. Тэгээд тэр согтуу залуу би арын суудал дээр байсан нэг мэдэхэд осол болсон байсан гээд байхаар нь Гандөл, Ганбат нарыг дуудаад та хоёрыг анд хэлгүүрийн гадаа очиход машин дотор сууж байсан хүн мөн үү гэж асуухад мөн байна гэсэн. Тэгээд бид нарыг тэнд байж байхад Ханбогдоос цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлийн шатанд гэрч Ж.Ганбатын өгсөн:”...2017 оны 01 дүгээр сарын 06-ны орой би нүүрсний машин жолоодож Хятадаас Монгол руу орж ирээд 21 цагийн үед машинаа Санхиагийн хашаанаы үүдэнд оочерт тавьчихаад Гандөл бид хоёр хүнс цуглуулах гээд Цагаанхадны төв орсон. Тэгээд бид хоёрыг Баялаг говь дэлгүүрийн үүдэнд очиход Гандөл таньдаг хүний мшаин зогсож байна гээд машиных нь хажууд канттай куртиктэй, юүдэнтэй цамц өмссөн залуу зогсож байсан. Бид хоёрыг дэлгүүрд орчихоод гараад иртэл нөгөө залуу кабинд нь ороод суучихсан байсан. Бид хоёр тэр машин дээр очоод хаалгыг нь татахад дотроосоо түгжээтэй байхаар нь цонхыг нь тогсоод жолооч нь хаана байна гэхэд нөгөө залуу толгой сэгсэрсэн. Тэгээд тэр залуу машины дотор талаас түгжээгээр нь оролцоод байсан. Тэгээд бид хоёр хамт яваа хүмүүс юм байлгүй гээд явах үед Гандөл машины эзэн таньдаг ахруугаа ярьж байх шиг байсан.... “гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/

Хэрэг бүртгэлийн шатанд Б.Мөнхтуяагийн гэрчээр өгсөн:”...Манай нөхөр байнга архи уугаад байдаггүй. Цогтбаатарын эгчийнх нь бие нь өвдөөд, манай бага охин 2016 оны 09 сард бие нь өвдөөд Солонгос улс руу явж хагалгаа хийлгэсэн. Манай нөхөр тэрнээс болоод 1-2 удаа архи уусан. Цогтбаатар 2017 оны 01 сарын 06-ны орой 23 цагийн үед над руу архи уучихсан согтуу утсаар яриад би одоо сум руу гарлаа гээд утсаа тасалчихсан тэрнээс хойш залгахаар утас нь дуудаад авахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлийн шатанд гэрч Н.Батмөнхийн өгсөн:”...Би Цогтбаатарын архи уучихсан байхыг хараагүй. Архи уудаггүй байх. Цогтбаатар Цагаанхаданд машин янзалж байсан. Тухайн үед утсаа ярихад хүний машин эвдсэн янзалж байна гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/

Хэрэг бүртгэлийн шатанд гэрч З.Дэлгэрхүүгийн өгсөн:”...Би Цогтбаатарын архи ууж байхыг нь хараагүй. Би өөрөө архи уудаггүй болохоор мэдэхгүй байна. Би тэр талаар нь мэдэхгүй байна. Тухайн үед манай компани ажлын ачаалалтай байсан болохоор Цогтбаатарын хаана юу хийж явааг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/

2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн:”...С.Цогтбаатар нь ниссан блюберд маркийн 02-86 УБХ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад МУ-ын ЗХД-ийн 9.2-д заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, гэсэн заалтыг зөрчиж замын хажуугийн бетонон шон мөргөсөн. Мөн С.Цогтбаатар нь Му-ын ЗХД-ийн 2.7.1-д заасан “механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна, гэснийг тус тус зөрчсөн байна. ...С.Цогтбаатар нь жолооч биш, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байв” гэх дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/

Зам тээврийн осол тогтоосон акт /хх-ийн 35-38 дугаар хуудас/

2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Хөрөнгө Эстимэет ХХК-ийн №35/01 дугаартай “...Ниссан блюберд маркийн 1993 онд үйлдвэрлэгдсэн, Монгол улсад 2002 онд орж ирсэн автомашин нь өнгө үзэм, техникийн байдал зэргээсээ үалтгаалан манай өнөөгийн зах зээл дээр дунджаар 1.800.000 /нэг сая найман зуун мянга/- төгрөгийн үнээр худалдаалагдах боломжтой болохыг тодорхойлов...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42 дугаар хуудас/

2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн №2618 дугаартай:”...Уг автомашины баруун урд крело, капот чихэгдэн хунирч хэлбэр байдлаа алдсан, урд бупер, урд нүүр, баруун урд лонжром /рам/ гулзайсан, жагсаалтанд бичигдсэн эд ангиуд эвдэрснийг ослын үеийн фото зургууд, ТХГ-ний хуулбар, цагдаагийн газрын тогтоол зэргээс үндэслэн үнэлгээг хийв. Үнэлгээгээр тогтоогдсон дүн 825.000 /найман зуун хорин таван мянга таван зуун төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/

2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн №45/01 дугаартай :”...уг тогтоолын дагуу үнэлгээ хийлгэж засмал замын хязгаарлагч шонгийн зах зээл дээрх үнийн судалгаа, манай архивт бүртгэгдсэн байдал зэргээс үндэслэн дараах тайлбарыг өгч байсан. Эд зүйлийн нэр Засмал замын хязгаарлагч шон, тоо ширхэг 2, нэг бүрийн үнэ 35.000 төгрөг, нийт үнэ 70.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлийн шатанд С.Цогтбаатарын сэжигтнээр өгсөн:”...Би 2017 оны 01 сарын 06-ны орой Цагаанхаданд хамт ажилладаг байсан залуу Пүрэвдаваатай хамт Баян-Алтай буудалд 2 шил 0.5 л-ийн архи, нэг шил 0.75 л-ийн архи хувааж уусан. Тэгээд би архи ууж байгаад ундаа усны юм олж ирнэ гээд тэндээс гараад дэлгүүр лүү явж байгаад автобустай гуанканд ороод сууж байгаад тэндээсээ халбага хугалж авч гараад гадаа дэлгүүрийн хажуу талд тавьсан байсан саарал өнгийн машиныг хугархай халбагаар онгойлгож, тэр халбагаараа асаагаад Ханбогд руу сум руу гарч яваад Оюутолгой засмал зам дээр замын хажуу талын шон мөргөж зогссон. Тэгээд тэндээсээ буцаад замын машинд дайгдаад Цагаанхад орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн засаг даргын 2017 оны 01 сарын 17-ны өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 59-60 дугаар хуудас/

Шүүгдэгч С.Цогтбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр хуудас/

Шүүгдэгч С.Цогтбаатарын мэргэжлийн боловсролын үнэмлэх /хх-ийн 62 дугаар хуудас/

Шүүгдэгч С.Цогтбаатарын арилжааны банкуудад эзэмших дансны мэдээлэл /хх-ийн 67-72 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

С.Цогтбаатар нь 2017 оны 01 дүгээр сарын 06-ны орой 23 цагийн үед архидан согтуурсан үедээ тус аймгийн Ханбогд сум, Хайрхан баг, Цагаанхад гэх газар “Баялаг говь” дэлгүүрийн хажууд тавьсан байсан иргэн Журжмаа овогтой Эрдэнэчимэдийн 02-86 УБХ улсын дугаартай ниссан блюберд маркийн тээврийн хэрэгслийг авч зугатаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг, хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Ж.Эрдэнэчимэдийн өгсөн мэдүүлэг болон гэрч нарын мэдүүлэг, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн №2618 дугаартай шинжээчийн дүгнэлт, зам тээврийн осол тогтоосон акт, хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хохирогч Ж.Эрдэнэчимэд нь шүүгдэгч С.Цогтбаатар холбогдуулан нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол төлбөрт 2.000.000 төгрөг өгсөн, цаашид ямар нэгэн гомдол санал байхгүй, гэх /хх-ийн 19 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч Н.Батзориг хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй /хх-ийн 92 дугаар хуудас/ тухай баримт авагдсан тул С.Цогтбаатар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар С.Цогтбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Иймд түүнд ял халдаахдаа хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэргээ анхнаасаа үнэн зөв мэдүүлсэн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж шүүх үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Наран овогт Совдын Цогтбаатарыг авто тээврийн хэрэгслийг авч зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар С.Цогтбаатарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаас санаатайгаар зайлсхийсэн бол шүүх торгох ялыг нэгээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хугархай халбагыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Цогтбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Цогтбаатар урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.СОЛОНГО