Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2021/01706

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Б******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид Б.Цолмонгэрэл, Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б******* дүүрэг, -р хороо, С гудамж, - тоотод оршин суух, П*******ийн Н*******гийн /РД: / нэхэмжлэлтэй,

Хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол 24,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П*******,

Төрийг төлөөлж Б******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.М*******,

Иргэдийн төлөөлөгч Б.Оюунтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Н******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б******* дүүргийн 11 дүгээр хороо, Хөлийн голын задгай гэх газарт 2012 онд иргэн Г.И******* нь суурьшин амьдарч хөнгөн блокын үйлдвэрийн барилга барин үйл ажиллагаа явуулж байсан.

Уг оршин суугаа газраа эзэмших талаар Б******* дүүргийн засаг дарга, газрын албанд өргөдөл өгөхөд шийдвэрлээгүй эс үйлдэхүйн асуудлаар Г.И*******ы итгэмжлэлээр дүү Г.П******* Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүх нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 12 сарын 17-ны өдрийн 9 дугаар шийдвэрээр маргаан бүхий газар дээрээс блокын үйлдвэрийн барилгыг албадан нүүлгэх буюу газрын албадан чөлөөлүүлэх асуудлыг шийдвэрлээгүй, мөн энэ талаар ямар нэгэн заалт байхгүй байхад гуравдагч этгээд н.Б*******гийн хүсэлтээр шүүгч А.Н******* нь газрыг албадан чөлөөлөх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай дугаартай захирамжийг 2016 оны 06 сарын 30-ны өдөр гаргаж мөн энэ өдөр нь 110 дугаартай гүйцэтгэх хуудас олгосон байна.

Шүүгчийн энэхүү захирамж, гүйцэтгэх хуудаст үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэгч н.У*******, гуравдагч этгээд н.Б******* нар хүмүүсээр хөнгөн блокын үйлдвэрийн барилгыг ямар ч үг тайлбар хүлээж авахгүй, нураан, лантуугаар тоосго, блокыг эвдэж, эргээд хэрэглэх аргагүй болгон сүйтгэсэн.

Нийслэл дэх захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон болохоор уг газраас эд хөрөнгөө авах нь тодорхой боллоо гэж ярилцан үйлдвэрийн барилгаа мэргэжлийн хүмүүсээр буулгуулж Ж.Ж******* гэдэг хүнд 40,000,000 төгрөгөөр зарахаар тохирч гэрээ хийж урьдчилгаанд 5,000,000 төгрөг авсан байсан.

Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн шүүгч А.Н*******т хандан газар чөлөөлөхийг шаардсан хууль бус захирамжаа залруулж өгөх талаар өмгөөлөгчөөр дамжуулан хүсэлт гаргахад шүүгч Ц.Мөнхзул хүлээн авч тухайн захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шийдвэрлэх явцад шийдвэр гүйцэтгэгч н.У*******, гуравдагч этгээд н.Б******* нар хүмүүсийнхээ хамт Хөнгөн блокны үйлдвэрийн барилгыг эвдэн нурааж дууссан.

Шүүгчдийн буруутай ажиллагаанаас болоод барилгыг нурааж эхлэхээр нь Ж.Ж*******д хэлэх гэтэл ажлаар хөдөө явсан утас нь холбогдохгүй байсаар барилгыг нураасны дараа холбогдож хэлэхэд ирж үзээд буцааж барих боломжгүй болтол нь материалыг эвдсэн байна гээд авахаа больж гэрээгээ цуцлан урьдчилгаа төлбөрөө нэхсэн.

Шүүгчдийн хууль бус захирамжаас болж Ж.Ж*******тай байгуулсан Барилгыг буулгаж, худалдах, худалдан авах гэрээ цуцлагдаж урьдчилгаа төлбөрийг буцаан өгч хохирсон талаар дурдаж шүүгчид дахин хүсэлт гаргахад барилгыг эвдэж нурааснаас хойш 2016 оны 10 сарын 11-ний өдөр 8354 дугаартай захирамжаар 2016 оны 06 сарын 30-ны өдрийн дугаартай Газар чөлөөлөх захирамжийг хүчингүй болгосон.

Өмч хөрөнгө эвдэн нурааж иргэнд хохирол учруулах үндэслэл болсон шүүгчийн 2016 оны 06 сарын 30-ны өдрийн дугаартай захирамж илт хууль бус болох нь түүнийг хүчингүй болгосон 2016 оны 10 сарын 11-ний өдрийн 8354 дугаартай захирамжаар нотлогдсон.

Шийдвэр гүйцэтгэгч н.У*******, гуравдагч этгээд н.Б******* нарын тэргүүтэй хүмүүсийн эвдэж нураасан хөнгөн блокын үйлдвэрийн барилгыг мэргэжлийн хүмүүсээр буулгуулж зарах байсан үйл баримт нь Жамъяан-Осорын Ж*******тай байгуулсан гэрээ болон урьдчилгаа төлбөр авсан бичиг, гэрээ цуцалж урьдчилгааг буцаан олгосон баримт зэргээр нотлогдоно.

Хөрөнгийн үнэлгээний компанид хандан хөнгөн блокын үйлдвэрийн барилгын үнэлгээг хийлгэхэд 68,646,574 төгрөг болсон ба Ж.Ж*******д хямдаар бодож 40,000,000 төгрөгөөр зарах байсан бөгөөд эргэж ашиглаж болно гэж үзсэн материалын үнийг хасахад 24,500,000 төгрөгийн хохирол шүүгч нарын хууль бус захирамжаас шалтгаалан учраад байгаа тул энэ хохирлыг Засгийн газрын нөөцийн хөрөнгөнөөс гаргуулж өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Засгийн газрын төлөөлөгч Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга Р.Отгонжаргал шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Нэхэмжлэгч П.Н*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 9 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 160 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 160 дугаар тогтоолоор Б******* дүүргийн засаг даргын 2012 оны А/113 дугаар захирамжаар тус дүүргийн 11 дүгээр хороо, Туулын зөрлөг Хөлийн голд байрлах 9.228 м.кв газрыг иргэн Ц.Б*******д эзэмшүүлэх нөхцлийг бүрдүүлж, газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 93.1 дэх хэсэгт Захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэр / магадлал, тогтоол, шүүгчийн захирамж/-ийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 183-188 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу албадан биелүүлнэ, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 68.2 дахь хэсэгт Нүүлгэн гаргах гэдэгт гүйцэтгэх баримт бичигт заасан барилга, орон байрыг нүүн гарах этгээд, түүнтэй хамтран амьдарч байгаа гэр бүлийн гишүүн, тэдгээрийн эд хөрөнгө, тэжээвэр амьтдаас чөлөөлж нүүн гарсан этгээдэд чөлөөлөгдсөн барилга, орон байрыг ашиглахыг хориглох ажиллагаа хамаарна, 68.3 дахь хэсэгт Барилга, орон байрнаас нүүлгэн гаргах тухай хугацаатай мэдэгдлийг биелүүлээгүй бол шийдвэр гүйцэтгэгч албадан нүүлгэх өдөр, цагийг тогтоосон мэдэгдлийг нүүн гарвал зохих этгээдэд өгөх ба тухайн этгээд байхгүй байгаа нь шийдвэрийг биелүүлэхэд саад болохгүй гэж тус тус зохицуулсан.

Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа нь дээрх хууль тогтоомжийн хүрээнд явагдсан бөгөөд шүүхийн шийдвэрийг албадан биелүүлсэний дагуу нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Хэргийн материалд байгаа Барилга буулгаж, худалдах, худалдан авах гэрээ нь нотариатаар батлуулаагүй, хэзээ байгуулсан нь тодорхойгүй, нөхөж хийсэн байх боломжтой, урьдчилгаа 5.000.000 төгрөг өгсөн баримт байхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад хэргийн оролцогчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, мөн 40.2 дахь хэсэгт нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус зохицуулсан.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Засгийн газрын төлөөлөгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга А.Намсаманд шүүхэд гаргасан тайлбартаа:

Иргэн П.Н*******гаас гаргасан хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохиролд 24.5 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж, дараах тайлбарыг гаргаж байна.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 12 сарын 17-ны өдрийн 9 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 сарын 24-ний өдрийн 137 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 5 сарын 2-н өдрийн 160 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Ш.Б, П.Т, Б.Б, Г.И*******, Э.Э нарын Б******* дүүргийн засаг даргын 2012 оны 4 сарын 2-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрхийн хугацаа сунгах, талбайн хэмжээ өөрчлөн баталгаажуулах тухай захирамжийн 9-д заасан Ц.Б*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Б******* дүүргийн 11 дүгээр хороо, Туулын зөрлөг, Хөлийн голд байрлах, 186553077051 нэгж талбарын дугаар бүхий газрыг Б******* дүүргийн засаг даргын 2013 оны 12 сарын 24-ний өдрийн 241 захирамжаар Л.Хд олгосон гэх 2004 оны 11 сарын 10-ны өдрийн 0012-11-005 дугаартай газар эзэмшүүлэх гэрчилгээ илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Б******* дүүргийн засаг даргын 2010 оны 3 сарын 2-ны өдрийн 56 дугаар захирамжийн хавсралтын 7-д заасан Ц.Б*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарын газар хүссэн 20 оны 4 сарын 24-ний өдрийн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Б******* дүүргийн засаг дарга, Газрын албанд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Мөн шүүхийн шүүгчийн 2016 оны дүгээр захирамжаар дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр захирамжилж, Б******* дүүргийн засаг даргын 2012 оны 4 сарын 2-ны өдрийн А/113 дугаар захирамжаар иргэн Ц.Б*******д эзэмших эрх олгосон Б******* дүүргийн 11 дүгээр хороо, Туулын зөрлөг, Хөлийн голд байрлах 9.228 м.кв газрыг иргэн Ц.Б*******д эзэмшүүлэх нөхцөлийг бүрдүүлж, газрыг чөлөөлүүлэх тухай Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 6 сарын 30-ны өдрийн 110 дугаар гүйцэтгэх хуудас олгосон байна.

Дээрх гүйцэтгэх баримт бичгийг мөн шүүхээс 2016 оны 1/7635 дугаар албан бичгээр ирүүлсэнийг 2016 оны 7 сарын 22-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба /хуучнаар/ хүлээн авч, ахлах шийдвэр гүйцэтгэгч 2016 оны 8 сарын 2-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийсэн.

Гүйцэтгэх баримт бичигт заасан газрыг 2016 оны 8 сарын 19-ний өдөр сайн дураар чөлөөлөх мэдэгдлийг иргэн Б.Бт, Г.И*******, Э.Э, П.Т, Ш.Б нарт 2016 оны 8 сарын -ны өдөр мэдэгдсэн байна.

Шийдвэр гүйцэтгэгчээс тогтоосон хугацаанд нэр бүхий иргэд газрыг сайн дураар чөлөөлөөгүй тул 2016 оны 9 сарын 14-ний өдөр газар чөлөөлөх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг албадан гүйцэтгэжээ.

Газрыг албадан чөлөөлөх шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд иргэн Ц.Б*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхсайхан, хөндлөнгийн гэрчээр регистрийн дугаартай Д.Т, регистрийн дугаартай Т.Мөнхбаяр, иргэн Г.И******* нарыг оролцуулж маргаан бүхий газарт баригдсан төмөр каркас бүхий хөөсөн блокоор дүүргэсэн, дутуу өрлөгтэй барилгыг 2016 оны 9 сарын 14-ний өдрийн 164/10, 11 дүгээр тогтоолоор чөлөөлж газрыг эзэмшигчид шилжүүлсэн байна.

Маргаан бүхий газрыг чөлөөлж, шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 9 сарын 23-ны өдрийн 741 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, гүйцэтгэх баримт бичгийг хаасан.

Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж, тэдгээрийн үндсэн дээр олгосон гүйцэтгэх хуудсыг үндэслэн газар чөлөөлөх шйдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна.

Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2016 оны 6 сарын 30-ны өдрийн дүгээр захирамжийг 2016 оны 10 сарын 11-ний өдрийн 8354 дүгээр захирамжаар хүчингүй болгосонтой холбогдуулан хохирол шаардсан байх боловч нэхэмжлэгчид эрх бүхий байгууллагаас газар эзэмших эрх олгоогүй, хууль бусаар газар ашигласны улмаас учирсан хохирлыг шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Засгийн газрын төлөөлөгч Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа шүүхэд гаргасан тайлбартаа:

П.Н*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга А.Намсамандтай ижил тайлбар гаргаж байна. Нэмж өгөх тайлбар байхгүй гэжээ.

Б******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу буюу хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийн дагуу явагдсан. Нэхэмжлэгч тал байшингаа өөрийн эзэмшлийн бус газар барьсан байх ба уг байшинг нураасны дараа мэргэжлийн байгууллагаар үнэлүүлээгүй байна. Гуравдагч этгээдүүдийн байр суурийг дэмжиж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

Иргэдийн төлөөлөгч Б.Оюунтуяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ:

Нэхэмжлэгч П.Н*******гийн 24.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэгч талд байшингаа буулгах хугацааг олгож харж үзэх байсан бөгөөд хугацааг сунгах саналыг нь хүлээн аваагүй учраас нэхэмжлэгчийг хохирсон гэж үзлээ. П.Н*******гийн байшинг нураан хохирсон тул Засгийн газрын нөөц сангаас 24.500.000 төгрөгийг гаргуулах саналтай байна гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Н*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П******* нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол 24.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Гонгорболдын И*******, П*******ийн Н******* нар нь 2008 оны 8 сарын 26-ны өдөр гэр бүл болсноо 2009 оны 8 сарын 26-ны өдөр иргэний гэр бүлийн гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд Гонгорболдын И******* нь 32 настайдаа 2017 оны 4 сарын 3-ны өдөр ослоор нас барсныг 2017 оны 4 сарын 6-ны өдөр нас барсныг бүртгэх бүртгэлийн 1772 дугаарт бүртгэсэн бөгөөд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-т зааснаар тэрээр Г.И*******ы хууль ёсны өвлөгч мөн тул нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 6, 111, 192-195 дугаар тал/

Г.И*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П*******, Ш.Б, П.Т, Б.Б, Э.Э нар нь Б******* дүүргийн засаг даргад холбогдуулан:

-Б******* дүүргийн засаг даргын 2012 оны 4 сарын 2-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрхийн хугацаа сунгах, талбайн хэмжээ өөрчлөн баталгаажуулах тухай тус захирамжийн хавсралтын 9-д заасан Ц.Б*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

-Б******* дүүргийн 11-р хороо, Туулын зөрлөг Хөлийн голд байрлах 186553077051 нэгж талбарын дугаар бүхий газрыг Б******* дүүргийн засаг даргын 2003 оны 12 сарын 24-ний өдрийн 241-р захирамжаар Л.Хд олгосон гэх 2004 оны 11 сарын 10-ны өдрийн 0012-11-05 дугаартай газар эзэмшүүлэх гэрчилгээ илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх,

-Б******* дүүргийн засаг даргын 2010 оны 3 сарын 2-ны өдрийн 56-р захирамжийн хавсралтын 7-д заасан Ц.Б*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

-Нэхэмжлэгч нарын газар хүссэн 20 оны 4 сарын 24-ний өдрийн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Б******* дүүргийн засаг дарга, газрын албанд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 12 сарын 17-ны өдрийн 9 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.3, 38.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Г.И******* нарын нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Дээрх шийдвэрт нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргахад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 сарын 24-ний өдрийн 137 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл заалтыг баримталсан хэсгийг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.4, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасныг баримталж гэж, мөн заалтын тус гэснийг А113 гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Шийдвэр, магадлалд нэхэмжлэгч тал хяналтын гомдол гарган Улсын Дээд Шүүхийн 2016 оны 5 сарын 2-ны өдрийн 160 тоот тогтоолоор магадлалыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 8-28 дугаар тал/

Гуравдагч этгээд Ц.Б******* Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 12 сарын 17-ны өдрийн 9 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гарган тус шүүхийн шүүгч А.Н******* 2016 оны 6 сарын 30-ны өдрийн дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж болон мөн өдрийн 110 тоот гүйцэтгэх хуудсыг олгожээ.

2016 оны 6 сарын 30-ны өдрийн 110 тоот гүйцэтгэх хуудсанд Б******* дүүргийн засаг даргын 2012 оны 4 сарын 2-ны өдрийн А/113 дугаар захирамжаар иргэн Ц.Б*******д газар эзэмших эрх олгосон Б******* дүүргийн 11-р хороо, Туулын зөрлөг, Хөлийн голд байрлах 9228 м.кв газрыг Ц.Б*******д эзэмшүүлэх нөхцлийг бүрдүүлэх, уг газрыг чөлөөлөх гэж заан албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2016 оны 7 сарын 7-ны өдрийн 1/7635 тоот албан бичгээр хүргүүлсэн байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 139-144 дүгээр тал/

Дээрхи албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга, Б******* дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 8 сарын 2-ны өдрийн 16261260 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн Г.И******* нарт 2016 оны 8 сарын -ны өдөр 3/25818 тоот 2016 оны 8 сарын 19-ний өдрийн 10 цагт газрыг чөлөөлж, шийдвэр гүйцэтгэгчид хүлээлгэн өгөх мэдэгдлүүдийг хүргүүлэн тэмдэглэл үйлджээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 35, 145-3 дугаар тал/

Г.И*******ы төлөөлөгч Г.П******* 2016 оны 8 сарын 29-ний өдөр шийдвэр гүйцэтгэх байгууллагад Гүйцэтгэх баримт бичгийг мэдэж байгаа. Мэдэгдлийг хүлээн авч захиргааны хэргийн шүүхэд 2016 оны 8 сарын 19-ний өдөр хандсан байгаа гэх тайлбарыг гаргажээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 4 дүгээр тал/

Г.И*******ы өмгөөлөгч Ц.Дарьжав шийдвэр албадан гүйцэтгэх тухай 2016 оны 6 сарын 30-ны өдрийн дугаар захирамж, гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгох хүсэлтийг мөн шүүхэд гаргахад Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 8 сарын 31-ний өдрийн 1/9259 тоот албан бичгээр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй, хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэх хариуг өгсөн байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 31 дүгээр тал/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 12 сарын 17-ны өдрийн 9 дугаар шийдвэр, магадлал, тогтоолын дагуу Б******* дүүргийн 11-р хороо, Туулын зөрлөг, Хөлийн голд байрлах 9228 м.кв талбай бүхий газрыг чөлөөлөх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 9 сарын 14-ний өдрийн 10 цаг 43 минутанд эхэлжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэлд Г.И*******ы сэндвичэн барилгыг урд талаас нь буулгаж эхэллээ, газар чөлөөлөх ажиллагааг барилга нураадаг хүмүүс дуудан барилгыг буулгуулав.

Барилгын ханыг хөөсөн блокоор барьсан, зарим хэсгийн өрлөг дутуу, цонх, хаалгадутуу, хөөсөнцөр хавтан дээр дээврийн төмөр эрэгдэж тогтоосон, төмөр квадрат баганатай, төмөр нуруутай барилга байв. Дотор талдаа блокны зуурагч машин, төмөр хавтан зүйлс байсныг чөлөөлүүлэвгэжээ.

Уг ажиллагааны явцад Г.И******* тухайн газар байрлалтай барилгаа зарж борлуулах хэрэгтэй байна, 1 сарын хугацаа олгоно уу, Зар мэдээ сонинд зар өгсөн хэмээн хүсэлтийг гаргаж байсан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэлд тусгагдсан байна.

Г.И*******ы барилгыг буулган Б******* дүүргийн 11-р хороо, Туулын зөрлөг, Хөлийн голд байрлах 9228 м.кв талбай бүхий газрыг чөлөөлөн Ц.Б*******гийн төлөөлөгч О.Мөнхсайханд хүлээлгэн өгч тэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гарган ажиллагаа дуусгавар болжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 7-165 дугаар тал/

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нь 2016 оны 10 сарын 11-ний өдрийн 8354 дугаар захирамжаар Тус шүүхийн 20 оны 12 сарын 17-ны өдрийн 9 дугаар шийдвэрээр иргэн Ш.Б, П.Т, Б.Б, Г.И*******, Э.Э нарын Б******* дүүргийн засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрт газар чөлөөлөх асуудал хамааралгүй.

Уг 9 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай тус шүүхийн шүүгчийн 2016 оны 6 сарын 30-ны өдрийн дугаар захирамж илт үндэслэлгүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-т заасны дагуу хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэн дээрхи дугаар захирамжийг хүчингүй болгосон байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 32-34 дүгээр тал/

Иргэн Г.И******* 2016 оны 6 сарын 21-ний өдөр Барилга буулгаж худалдах, худалдан авах гэрээ-г Ж.Ж*******тай байгуулан түүнд Б******* дүүрэг, 11 дүгээр хороо, Хөлийн голын 3/25 тоот хаягт орших, 24 метр урттай, 3-3.5 метр өндөр, 12 м өргөнтэй, 1 давхар, 1 өрөө, блокон ханатай, төмөр бетон суурьтай, хөнгөн блок үйлдвэрлэх зориулалттай үйлдвэрийн барилгыг буулган худалдахаар, үнийг нь 40.000.000 төгрөгөөр тохирч худалдан авагч Ж.Ж******* түүнд 2016 оны 10 сарын 21-ний дотор уг үнийг төлж дуусгана гэжээ.

Худалдан авагч Ж.Ж******* гэрээ байгуулсан өдөр худалдагч Г.И*******д урьдчилгаа 5.000.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн нь мөнгө хүлээн авсан баримтанд тусгагдсан байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 36-39 дүгээр тал/

Шийдвэр гүйцэтгэх байгууллага Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 сарын 30-ны өдрийн дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, мөн өдрийн 110 тоот гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан Б******* дүүргийн 11-р хороо, Туулын зөрлөг, Хөлийн голд байрлах 9228 м.кв талбай дахь Г.И*******ы дээр дурдсан хөнгөн блокын үйлдвэрийн барилгыг буулгаснаар Ж.Ж*******д уг барилгыг худалдан борлуулах боломжгүй нөхцөл байдал үүсч Г.И******* нь урьдчилгаа төлбөрт хүлээн авсан мөнгөө буцаан төлөх хугацааг тогтоон, төлбөрийн зарим хэсгийг Ж.Ж*******д буцаан өгчээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 60 дугаар тал/

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2016 оны 11 сарын -ны өдрийн 16-196 тоот хөрөнгө үнэлсэн тухай тайлан ирүүлсэн ба уг тайланд Б******* дүүргийн 11-р хороо, Туулын зөрлөг, Хөлийн голд байрлах 9228 м.кв талбай дахь Г.И*******ы дээр дурдсан хөнгөн блокын үйлдвэрийн барилгын тухайн үеийн буюу 2016.11.02-ны байдлаархи зах зээлийн үнэлгээг 68.646.574 төгрөг гэж тогтоосон байна.

Г.И******* нь Б******* дүүрэг, 11-р хороо, Туулын зөрлөг, Хөлийн голд байрлах 9228 м.кв талбайд байсан хөнгөн блокын үйлдвэрийн барилгыг буулгасны дараагаар уг барилгаас үлдсэн ашиглаж болох барилгын материалыг барилга, байгууламжийн угсралт, засварын ажлын мэргэшсэн төсөвчин Г.Цогзолмаагаар тооцоолон тогтоолгоход 17 төрлийн .510.572 төгрөгийн барилгын материалыг ашиглах боломжтой гэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 49-59, 68-69 дүгээр тал/

Барилга үнэлсэн хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн тайлан болон мэргэшсэн төсөвчиний дээрхи тооцоотой холбоотой хэргийн бусад оролцогчидоос маргаагүй ба хөнгөн блокын үйлдвэрийн барилга болон уг барилгаас үлдсэн ашиглаж болох материалтай холбоотой шинжээч томилох хүсэлт гаргаагүй тул хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн тайлан болон мэргэшсэн төсөвчний тооцооллоор нэхэмжлэгч талд учирсан хохирлыг тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Б******* дүүрэг, 11-р хороо, Туулын зөрлөг, Хөлийн голд байрлах 9228 м.кв талбай дахь Г.И*******ы хөнгөн блокын үйлдвэрийн барилга 2016 оны 11 сарын 02-ны байдлаар 68.646.574 төгрөг хэмээн үнэлэгдсэн ба уг барилгыг мэргэжлийн хүмүүсээр буулгуулан бусдад 40.000.000 төгрөгөөр худалдах байсан нь, барилгыг нураасны дараа барилгаас үлдсэн материалаас 17 төрлийн .510.572 төгрөгийн барилгын материалыг ашиглаж болох нь дээрхи баримтуудаар тогтоогдлоо.

40.000.000 төгрөг-барилгыг мэргэжлийн этгээдээр буулгуулан худалдах үнэ,

.510.572 төгрөг-барилгыг нураасны дараа уг барилгаас үлдсэн ашиглаж болох материалын үнэ.

/40.000.000 төгрөг -.510.572 төгрөг=24.489.428 төгрөг/

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана,

510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан ба дээр дурдсан байдлуудаас дүгнэхэд төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэх явцад түүний үйл ажиллагааны улмаас бусдад хохирол учирсан гэж үзэхээр байна.

Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан Засгийн газрын нөөц сангаас 24.489.428 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Н*******д олгож, нэхэмжлэгч П.Н*******гийн нэхэмжлэлийн шаардлагаас 10.572 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч П.Н*******гаас улсын тэмдэгтийн хураамжинд 280.450 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан Засгийн газрын нөөц сангаас 280.397 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Н*******д олгох нь зүйтэй гэж үзэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Засгийн газрын төлөөлөгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга А.Намсаманд, Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа нар өөрсдийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн ба мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.П******* нь өмгөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул зохигчийн хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1, 1.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан Засгийн газрын нөөц сангаас 24.489.428 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Н*******д олгож, нэхэмжлэгч П.Н*******гийн нэхэмжлэлийн шаардлагаас 10.572 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч П.Н*******гаас улсын тэмдэгтийн хураамжинд 280.450 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан Засгийн газрын нөөц сангаас 280.397 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Н*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН

            ШҮҮГЧИД Б.ЦОЛМОНГЭРЭЛ

            Д.ЦЭРЭНДОЛГОР