Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/136

 

 

 

 

                                             2024/ШЦТ/136

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж,

Улсын яллагч: Ж.Ц

Шүүгдэгч: С.Ч 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Сын Чт холбогдох эрүүгийн 2412........... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр, 2 хүүхдийн хамт ....... аймгийн ........сумын ......... багийн ............. гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, А овогт Сын Ч /РД......./    

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 05 дугаар сарын 07-ны орой 17 цагийн үед .... аймгийн .......... сумын ....... багийн ............ иргэн Л.Ц нь бусдад хутгаар баруун гуя, зүүн өгзөг хэсэгтээ хутгалуулж, эрүүл мэндэд нь баруун гуя, зүүн өгзөгт зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.   

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.Ч нь 2024 оны 05 дугаар сарын 07-ны орой 17 цагийн үед ......... аймгийн ............... сумын .............. тоотод байрлах Ж.Пийн гэрт орж ирэх үедээ Ж.Птой маргалдаж улмаар шалтгаангүйгээр тэднийд унтаж байсан хохирогч Л.Цын баруун гуя, зүүн өгзөг хэсэгт нь хутгаар хутгалж түүний биед баруун гуя, зүүн өгзөгт зүсэгдсэн шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:  

 

Хохирогч Л.Цын “...2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүнд хутгалуулаад цагдаад хандсан. Тэр өдөр би бензин авах гээд явж байсан чинь Птэй таарсан түүнтэй хамт гэрт нь очоод 1 шил архи хувааж уугаад хоол унд идэж уучихаад орон дээр нь буруу хараад хэвтэж байсан чинь гаднаас нэг хүн орж ирж байх шиг байсан. Би хэсэг зуурт унтаж байсан чинь орж ирсэн хүн нь гараад явсан. Удалгүй буцаж орж ирээд учиргүй миний баруун гуя зүүн талын өгзөг хэсэгт нэг нэг удаа хутгалсан. Би босоод ирсэн чинь миний цээж хэсэгт дахин хутгалах гээд дайрсан. Би хутганаас нь барьж аваад үүд рүү түлхэж явж байгаад түлхэж гаргаад үүдээ түгжсэн. Тэгээд цус гараад байхаар нь эмнэлэг дээр ирсэн эмч үзээд цагдаад хандсан.  Тэр үед миний хажууд П байсан өөр хүн байгаагүй. Намайг ямар шалтгаанаар хутгалсан талаар би мэдэхгүй байна. Дараа нь П тэр хүнийг Ч гэдэг хүн л гэж хэлсэн. Би тэр хүнтэй хэрүүл маргаан зодоон цохион хийгээгүй. Өмнө нь харж байгаагүй танихгүй хүн байсан. Би өмнө огт таарч байгаагүй тэр өдөр Птэй л хамт архи уусан. Тэр хүн бид хоёртой хамт архи уугаагүй дараа нь намайг аймгийн эмнэлэгт хэвтэж байхад өөрөө ирээд ах нь чамайг хүнтэй андуураад хутгалсан байна ахынх нь буруу бүх хэргээ хүлээнэ гэж хэлж байсан. Миний шөл цайг 4 хоног зөөж байгаад би эмнэлгээс гарсан. Тэгээд дахин уулзаагүй байна. Эрээн цоохор иштэй харагдсан тэр хутга нь одоо өөрт нь байгаа байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар тал/,

 

Хохирогч Л.Цын дахин өгсөн “...Надад сэтгэцэд учирсан хор уршиг тогтоолгох шаардлага байхгүй. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Ч бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Ч надад хохирол болгож 10 сая төгрөгийг манай эхнэр Ж.Нэргүйн Хаан банкны дансанд хийж өгсөн байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар тал/,  

 

Гэрч Ж.Пийн “...Тэр өдөр би сумын төвд гудамжинд явж байгаад Цтой таараад юм ярьж байгаад дэлгүүрээс 0,5-тай Хараа архи аваад манайд очсон. Тэгээд бид хувааж уугаад дуусаад бэлэн хоол дэвтээж идээд Ц орон дээр унтах гээд хэвтсэн. Би бас унтах гээд хэвтэж байсан чинь гаднаас Ч орж ирсэн юм. Тэгээд юм ярьж байгаад надаас архи пиво нэхээд бас надад 1000 төгрөг өгөөд архи олоод ир гээд байсан. Би чадахгүй гэж хэлсэн чинь өгсөн 1000 төгрөгөө буцааж аваад та нар гай болов гээд гараад явсан. 1-2 цагийн дараа буцаж орж ирсэн юм билээ. Би тэр зуурт унтсан байсан. Тэгсэн гэнэт хүн ёоёо гээд орилох чимээгээр цочоод сэрсэн чинь Ц түрүүнд орж ирсэн хүн орж ирээд хутгалчихлаа гэсэн би хаалгаар шагайхад Ч хашаа гараад явж байсан. Би Цод Ч гэдэг юм гэж хэлээд Цыг сумын эмнэлэг дээр хүргэж ирж эмчид үзүүлсэн. Өөр зүйл болоогүй. Би тэр талаар нь мэдэхгүй. Дараа нь Ц нь Чыг танидаггүй гэж хэлж байсан бас надаас хэн билээ гэж асууж байсан. Тэгэхээр танидаггүй нь үнэн байх, тэр хоёр тэр өдөр хэрүүл маргаан хийгээгүй Чыг өмнө орж ирээд надаас архи пиво нэхээд байхад нь Ц гараад бид нар унтах гэж байна гээд хэлсэн. Ч гарсан хэрүүл маргаан хийгээгүй. Ц бид хоёр архи уусан байсан бас Ч бас архи уусан согтуу харагдаж байсан. Ямар шалтгаанаар хутгалсан талаар мэдэхгүй, гуя өгзөг хэсэгт нь хутгалсан байсан цус гарсан байсан. Өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/,

 

            Иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн “...Л.Ц нь 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 330.427 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100........... тоот дансанд төлбөрийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар тал/, Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Отгонжаргалын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 178 дугаартай 1. Л.Цын биед баруун гуя, зүүн өгзөгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.Ч нь хохирогчийн эрүүл мэндэд баруун гуя, зүүн өгзөгт зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.   

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Иймд шүүгдэгч С.Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршигийн талаар:

 

Хохирогч Л.Цын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд “...Надад сэтгэцэд учирсан хор уршиг тогтоолгох шаардлага байхгүй. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Ч бид хоёр сайн дураараа эвлэрсэн...” гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д дэх хэсэгт заасны дагуу тус хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Эрүүл мэндийн даатгалын газраас холбогдох баримтын дагуу нэхэмжилсэн 330.427 /гурван зуун гучин мянга дөрвөн зуун хорин долоо/  төгрөгийг шүүгдэгч С.Чоос гаргуулж иргэний нэхэмжлэгч Б овогт Ч М /РД:....... /-д буюу Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100..............тоот дансанд олгох нь зүйтэй байна.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч С.Ч нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч С.Чт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд  анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдалд тооцож, прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын үр дагаварыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт Сын Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Чыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч нь шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч С.Чоос 330.427 /гурван зуун гучин мянга дөрвөн зуун хорин долоо/  төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б овогт Ч М /РД:/-д  буюу Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100............  тоот дансанд олгосугай.

 

6. Шүүгдэгч С.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        П.ГАНДОЛГОР