Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2021/03428

 

 

 

 

 

2021 10 28

101/ШШ2021/03428

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 0 байранд оршин байрлах, ******* ХХК /рд:0/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 0 тоотод оршин байрлах,******* ХХК /рд:0/-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,717,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ХХК нь 2014 онд байгуулагдсан бөгөөд хэвлэлийн цаасны бүтээгдэхүүн импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг. Манай компани нь анх байгуулагдахдаа******* ХХК гэх нэрээр байгуулагдсан бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хуулийн этгээдийн оноосон нэрээ Улаанбаатар Принт ХХК болгон өөрчилсөн. Манай компани нь******* ХХК-д 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэг хайрцаг бүр нь 20,200 төгрөгийн үнэ бүхий 17 хайрцаг буюу нийт 1,717,000 төгрөгийн үнэ бүхий бичгийн Double А брэндийн АЗ-ийн хэмжээтэй бичгийн цаасыг хүлээлгэн өгсөн. Гэвч хариуцагч******* ХХК нь өнөөдрийг хүртэл хугацаанд барааны үнийг төлөөгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийн дагуу барааны үнэ болох 1,717,000 төгрөгийг******* ХХК-иас гаргуулж өгнө үү.

Эс Пи Ар ХХК-ийн захирал Г.Ган-Очир нь эхэндээ удахгүй төлбөрөө төлнө гэдэг байсан. Сүүлдээ танай нэг ажилтан намайг доромжилсон болохоор төлбөрөө төлөхгүй гэдэг болсон. Хэн гэдэг, ямар ажилтан таныг доромжилсон юм бэ, энэ тухайгаа тодорхой хэлбэл бид танаас уучлалт гуйлгах арга хэмжээ авъя гэхэд юу ч хэлдэггүй.

Ердийн нөхцөлд байгууллагууд бичгийн цаас зээлээр аваад 7 хоног, эсвэл 1 сардаа багтааж төлбөрөө төлчихдөг. Эс Пи Ар ХХК шиг авсан бичгийн цаасныхаа төлбөр төлөхгүй 1 жил болж байгаа газар анх удаа тохиолдож байна гэв.

 

Хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй болно.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  ******* ХХК нь хариуцагч Эс Пи Ар ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1,717,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гардан авсан боловч шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Эс Пи Ар ХХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь 17 хайрцаг, нэг бүр нь 20,200 төгрөг, нийт 1,717,000 төгрөгийн үнэ бүхий бичгийн цаасыг Эс Пи Ар ХХК-д нийлүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зарлагын баримтаар тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

Хэргийн 8 дугаар талд авагдсан зарлагын баримтыг худалдагч Таван богд менежмент ХХК гэх нэрээр үйлдсэн байх ба Таван богд менежмент ХХК нь оноосон нэрээ 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өөрчилж, ******* ХХК гэх нэртэй болгосон болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын лавлагаагаар тогтоогдож байна. /хх-ийн 5-7 дугаар тал/

 

Иймд ******* ХХК нь хариуцагч******* ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,717,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба уг гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага тавигдаагүй тул талууд уг гэрээг амаар байгуулах эрхтэй.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалтад зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Худалдан авагч******* ХХК нь гэрээгээр хүлээсэн хэлэлцэн тохирсон үнэ болох 1,717,000 төгрөгийг худалдагч ******* ХХК-д төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. Нэхэмжлэгч ******* ХХК-иас нэгжийн үнэ 20,200 төгрөг, 17 хайрцаг бичгийн цаасны үнэ 1,717,000 төгрөгийг төлөх зарлагын баримтыг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр******* ХХК-д хүргүүлснийг тус компанийн ажилтан н.Чинбат хүлээн авчээ. /хх-ийн 8 дугаар тал/

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гардан авсан боловч шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн хувь гардан авсанаас хойш 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаан хүртэл хугацаанд хариу тайлбар бичгээр гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй.

 

Шүүх хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан эрх, үүргийг танилцуулж, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хэргийн материалтай танилцуулсан. Хариуцагчид хэргийн материал танилцулснаас хойш хэрэгт шинээр нотлох баримт авагдаагүй болно. /хх-ийн 12, 20 дугаар тал/

 

2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагч өвчний учир хойшлуулах хүсэлт ирүүлснийг хүлээн авч хойшлуулсан. 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн оршин байрлах хаягийн дагуу баталгаат шуудангаар хүргүүлэхэд хариуцагчийн төлөөлөгч Г.Ган-Очир нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсан байна. /хх-ийн 30-31 дүгээр тал/

 

Хариуцагч нь шүүх хуралдааны товтой танилцсан атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Эс Пи Ар ХХК-иас 1,717,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Эс Пи Ар ХХК-иас 1,717,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,422 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 42,422 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ