Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2021/01924

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б******* дүүрэг, *******-р хороо, Э******* *******-р гудамж, ******* тоот хаягт оршин суух С******* овогт Ч*******ын Д*******гийн /РД: *******/ нэхэмжлэлтэй

Ажиллаж байсан байдал сэргээн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Д*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Д******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.Д******* миний бие 1987 оны 2 сараас 1990 оны 1 сарын 29-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ахуй үйлчилгээнд оёдолчин, 1990 оны 2 сарын 1-ний өдрөөс 1994 оны 08 сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн Дөрвөлжин сумын Хомын талын хүний их эмчийн салбарт асрагчаар ажилласан.

Хөдөлмөрийн дэвтэрт ажилласан талаар бичигдсэн боловч ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй, тушаалыг архивуудаас шүүлгэхэд баримт олдохгүй байна. Иймд намайг 1987 оны 2 сараас 1990 оны 1 сарын 29-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ахуй үйлчилгээнд оёдолчин, 1990 оны 2 сарын 1-ний өдрөөс 1994 оны 8 сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн Дөрвөлжин сумын хүний их эмчийн салбарт асрагчаар ажиллаж байсныг тус тус тогтоож өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Ч.Д******* нь 1987 оны 2 сарын 1-ний өдрөөс 1990 оны 1 сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд Завхан аймгийн Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний төвд оёдолчин, 1990 оны 2 сарын 1-ний өдрөөс 1994 оны 8 сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн Дөрвөлжин сумын Хомын талын хүний их эмчийн салбарт асрагчаар ажиллаж байсан болохыг сэргээн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Ч*******ын Д******* нь 1987 оны 2 сарын 1-ний өдрөөс 1990 оны 1 сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд Завхан аймгийн Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний төвд оёдолчин, 1990 оны 2 сарын 1-ний өдрөөс 1994 оны 8 сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн Дөрвөлжин сумын Хомын талын хүний их эмчийн салбарт асрагчаар ажиллаж байсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: Түүний шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

-БНМАУ-ын НААҮЯ-ны Боловсон хүчин, захиргааны газраас Ч.Д*******д 1985 оны 10 сарын 5-ны өдөр нээн олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-Ажиллаж байх үедээ авахуулсан гэрэл зургууд,

-Гэрч Жийн Аын 2021 оны 6 сарын 11-ний өдөр шүүхэд өгсөн ...1984 оноос Орос улсад 2 жил хамт суралцаад төгсөж ирээд Завхан аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээнд оёдолчиноор ажилд орсон ба 1994 он хүртэл хамт ажилласан. Сүүлд энэ хүн мэргэжлээ сольсон ...,

-Гэрч Сийн Дын 2021 оны 6 сарын 11-ний өдөр шүүхэд өгсөн ... Ч.Д******* 1990-1994 оны хооронд Завхан аймгийн Дөрвөлжин сумын Хомын талын их эмчийн салбарт асрагч хийж байсан. Би сувилагч байсан ба н.Ц, н.С гээд сувилагч нар байсан. 1994 оны намар Улаанбаатар явсан. Би үлдсэн ... гэх мэдүүлэгүүд,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 6 сарын 11-ний өдрийн 11/4922 тоот ... мэргэжил оёдолчин, Дөрвөлжин сум ... гэх лавлагаа болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул түүний дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь зүйтэй.

/ХХ-ийн 9-18, 24-36 дугаар тал/

Үндэсний төв архивын газрын 2021 оны 5 сарын 14-ний өдрийн 511, 512 тоот лавлагаануудад ... сан хөмрөгт Завхан аймгийн Дөрвөлжин сумын Хомын талын Хүний их эмчийн салбар байгууллагын бүгд оны баримт шилжиж ирээгүй тул Ч.Д*******д холбогдох лавлагаа гаргах боломжгүй,

.. сан хөмрөгт Завхан аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний төв байгууллагын бүгд оны баримт шилжиж ирээгүй тул Ч.Д*******д холбогдох лавлагаа гаргах боломжгүй,

Завхан аймгийн архивын тасгийн 2021 оны 4 сарын 8-ны өдрийн лавлагаанд Ч.Д******* нь 1987-1990 онд Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний төвд оёдолчин, 1990-1994 онд Дөрвөлжин сумын Хомын талын хүний их эмчийн салбарт асрагчаар ажиллаж байсан тухайгаа тодруулахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд 1987-1990 оны Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний төвийн даргын тушаалд холбогдох баримт олдоогүй, 1990-1994 оны Дөрвөлжин сумын Хомын талын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн тушаал архивт шилжигдэн ирээгүй байна гэжээ.

Дээр дурдсан байдлаас дүгнэхэд Ч.Д*******гийн ажиллаж байсан болохыг шүүхийн бус журмаар сэргээх боломжгүй болсон байна.

/ХХ-ийн 6-8 дугаар тал/

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ч*******ын Д*******гийн 1987 оны 2 сарын 1-ний өдрөөс 1990 оны 1 сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд Завхан аймгийн Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний төвд оёдолчин, 1990 оны 2 сарын 1-ний өдрөөс 1994 оны 8 сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн Дөрвөлжин сумын /Хомын талын/ хүний их эмчийн салбарт асрагчаар ажиллаж байсан байдлыг тус тус сэргээн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Д*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН