Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Нэргүйн Батчимэг |
Хэргийн индекс | 135/2023/00520/И |
Дугаар | 001/хт2024/00197 |
Огноо | 2024-10-01 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 001/хт2024/00197
Б.Д, М.Н, М.П
нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 135/ШШ2024/00370 дугаар шийдвэртэй,
Д аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 209/МА2024/00036 дугаар магадлалтай,
Б.Д, М.Н, М.П нарын нэхэмжлэлтэй
М.М-т холбогдох
Д аймгийн Ш сумын 0 дүгээр баг, Х 0 дүгээр байрны байрны 00 тоот орон сууцыг М.М-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,
хариуцагч М.М-ын Д аймгийн Ш сумын 0 дүгээр баг, Х 0 дүгээр байрны байрны 00 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, тус орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг М.М-ын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч М.М, түүний өмгөөлөгч Б.С нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.П, хариуцагч М.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Д, М.Н, М.П нар нь хариуцагч М.М-т холбогдуулан Д аймгийн Ш сумын 0 дүгээр баг, Х 0 дүгээр байрны байрны 00 тоот орон сууцыг М.М-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Д аймгийн Ш сумын 0 дүгээр баг, Х 0 дүгээр байрны байрны 00 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, тус орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг М.М-ын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 135/ШШ2024/00370 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 106 дугаар зүйлийн 106.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М.Н, Б.Д, М.П нарын гаргасан М.М-ын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч М.М-ыг Д аймгийн Ш сумын 0 дүгээр баг, Х 0 дүгээр байрны байрны 00 тоотод байрлах 00.0 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т зааснаар Ш сумын 0 дүгээр баг, Х 0 дүгээр байрны байрны 00 тоотод байрлах 00.0 м.кв талбай бүхий орон сууцны улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, өмчлөгчөөр хариуцагч М.М-ыг бүртгэхийг Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298,000 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Н, Б.Д, М.П нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, хариуцагч М.М-т олгож шийдвэрлэжээ.
3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 209/МА2024/00036 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 135/ШШ2024/00370 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын
“Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 106 дугаар зүйлийн 106.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М.Н, Б.Д, М.П нарын гаргасан М.М-ын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч М.М-ыг Д аймгийн Ш сумын 0 дүгээр баг, Х 0 дүгээр байрны байрны 00 тоотод байрлах 00.0 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.” гэснийг
“Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Н, Б.Д, М.П нарын гаргасан М.М-ын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Д аймгийн Ш сумын 0 дүгээр баг, Х 0 дүгээр байрны байрны 00 тоотод байрлах 00.0 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч М.М, түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, хариуцагч М.М-ыг Д аймгийн Ш сумын 0 дүгээр баг, Х 0 дүгээр байрны байрны 00 тоотод байрлах 00.0 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож,
Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298,000 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Н, Б.Д, М.П нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, хариуцагч М.М-т олгосугай.” гэснийг
“нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298,000 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.” гэж өөрчилж”, шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч М.М, түүний өмгөөлөгч Б.С нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Б.Д нарын нэхэмжлэлтэй, М.М-т холбогдох иргэний хэрэгт хариуцагч, түүний өмгөөлөгч Б.С нарын зүгээс давж заалдах шатны шүүхийн 2024.05.14-ний өдрийн 2069/МА2024/00036 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргах нь.
Тус хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүх Иргэний хээлийн 75 дугаар зүйлийн 75.1, 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаатай холбогдох заалтыг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй тайлбарлаж хэрэглэн хөөн хэлэлцэх хугацаа болон, хөөн хэлэлцэх хугацааг тоолох цаг хугацааг зөв тодорхойлсон учир анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байдаг.
Гэтэл давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсгийг өвлөх эрхийн гэрчилгээ гарсан өдрөөр буюу 2022.05.10-ны өдрөөс тоолно гэж дүгнээд уг маргаан нь үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь хэсэгт зааснаар 6 жил байна. Иймээс хөөн хэлэлцэх хугацаандаа шүүхэд хандсан хэмээн үзсэн нь үндэслэлгүй юм.
Учир нь тус үл хөдлөх хөрөнгө нь ганцхан М.м гэх хүний хөрөнгө бус гэрчилгээн дээр түүний эхнэр Б.Д болон 3 хүүхдийн нэр дээр байсан бөгөөд шаардах эрх нь нэхэмжлэгч тал тухайн орхиод явсан цагаас эхлэн тоологдох нь үндэслэлтэй юм.
Ийнхүү хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулийн холбогдох заалтыг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсний улмаас хэргийг буруу шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд гомдлыг хүлээн авч давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
5. Хариуцагч М.М, түүний өмгөөлөгч Б.С нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлүүдийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.07.04-ний өдрийн 001/ШХТ2024/00934 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Хариуцагч М.М, түүний өмгөөлөгч Б.С нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч Б.Д, М.Н, М.П нар нь хариуцагч М.М-т холбогдуулан Д аймгийн Ш сумын 0 дүгээр баг, Х 0 дүгээр байрны байрны 00 тоот орон сууцыг М.М-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...тус орон сууцыг 1999 онд хувьчлан авч, өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд энэ бүртгэл одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа. 2002-2003 онд тус байраа танил хүнд үлдээгээд явсан боловч энэ хүн М.М-т худалдсан байна. Иймд М.М нь бидний өмчийг хууль бусаар эзэмшиж байгаа тул түүнээс тус орон сууцыг гаргуулах үндэслэлтэй.” гэж тодорхойлжээ.
8. Хариуцагч М.М нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: “…Би тус байрыг 2007 онд Д.А гэх хүнээс 3,000,000 төгрөгөөр худалдан авч одоог хүртэл амьдарч байна. Энэ хугацаанд байрны асуудлаар маргаан гараагүй, энэ хүмүүс надтай огт уулзаж, ирж байгаагүй тул зөвшөөрөхгүй.” гэж маргажээ.
9. Хариуцагч М.М нь нэхэмжлэгч Б.Д, М.Н, М.П нарт холбогдуулан “Д аймгийн Ш сумын 0 дүгээр баг, Х 0 дүгээр байрны байрны 00 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, тус орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг М.М-ын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... тус орон сууцанд 16 дахь жилдээ амьдарч байна. Тухайн үедээ Д.А гэх хүнээс худалдан авсан бөгөөд түүнээс хойш зохих төлбөрийг шударгаар төлөөд эзэмшиж байна. Иймд тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлтэй.” гэж тодорхойлжээ.
10. Нэхэмжлэгч Б.Д, М.Н, М.П нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...нэгэнт өмчлөх эрхийн гэрчилгээгээр нэхэмжлэгч нарын өмч гэдэг нь тогтоогдож байгаа бөгөөд М.М нь анхнаасаа гэрчилгээн дээр энэ хүмүүс бүртгэлтэйг мэдсээр байж шилжүүлэн авсан. Өмчлөх эрхийг хязгаарлах үндэслэл байхгүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй…” гэж маргажээ.
11. Анхан шатны шүүх “...Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ямар шаардах эрхэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байхыг зөвхөн хуулиар тогтоох бөгөөд нэхэмжлэгч нарын бусдын хууль бус эзэмшлээс орон сууц гаргуулах шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар арван жил байна. … нэхэмжлэгч нар орон сууцаа бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд байсан, эрх зөрчигдсөнөө хожим мэдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нарын шаардах эрхээ хэрэгжүүлэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзнэ. Хариуцагч М.М нь тус орон сууцыг бусдаас худалдан авсны үндсэн дээр 2008 оноос хойш одоог хүртэл эзэмшиж байгаа болох нь тогтоогдож байгаа, нөгөө талаас нэхэмжлэгч нарын шаардах эрхээ хэрэгжүүлэх хуульд заасан хугацаа өнгөрсөн байх тул Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжид олж авах давуу эрхтэй байна” гэж заасны дагуу хариуцагч М.М-ын тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлт хийж, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.
12. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж шийдвэрлэхдээ “...Маргааны зүйл болж буй 2 өрөө орон сууцны өмчлөгчийн нэг болох М.М нас барж, хууль ёсны өвлөгчдийн нэг болох нэхэмжлэгч М.Нт уг 2 өрөө орон сууцны М.М-д ногдох хэсэг болох 20 хувийг өвлүүлэхээр 2022.05.10-ны өдөр өвлөх эрхийн 28 дугаар гэрчилгээг олгосон хугацаанаас нэхэмжлэгч М.Н-ийн шаардах эрх үүссэн гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байхаар хуульчилсан тул нэхэмжлэгч М.Н нь хуульд заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзнэ. ... Хариуцагч М.М нь маргааны зүйл болж буй орон сууцыг Б.А-гаас худалдан авсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа боловч энэ тухай бичгээр хэлцэл байгуулаагүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй, улмаар өмчлөх эрхийг хуульд зааснаар шилжүүлэн аваагүй, түүнд өмчлөх эрх хуульд заасны дагуу үүсээгүй байна. ... Б.Д нь Д.А-д 2000 онд тус орон сууцыг худалдан борлуулсан гэж гэрч Д.А мэдүүлж байгаа боловч тухайн үед маргаж буй орон сууцны бусад өмчлөгч, гэр бүлийн насанд хүрсэн гишүүдээс бичгээр зөвшөөрөл аваагүй байгаа нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасныг зөрчсөн. ... гэж дүгнэж, үндсэн нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангажээ.
13. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуульд заасан эд юмсыг эзэмшилд байх хугацаанаас хамаарч өмчлөх эрх олж авах үндэслэл, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар өөр өөрөөр дүгнэж, зөрүүтэй шийдвэр гаргасан ба энэ талаарх хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлүүдээр хүлээн авч, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
14. Хэрэгт цугларсан нотлох баримтаар маргаан бүхий Д аймгийн Ш сум 1-р баг, Хайрхан 11 байр, 00 тоот, 29,0 м.кв хэмжээтэй, орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү2001000524 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр М.М, Б.Д, М.Н, М.П, М.Н нар бүртгэлтэй, уг үл хөдлөх эд хөрөнгийг 2000-2007 хүртэл Д.А эзэмшиж байгаад, 2007 онд хариуцагч М.М-т худалдаж, тэрээр 2007 оноос хойш уг үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж, ашиглалтын зардлыг төлж байгаа тухай үйл баримт тогтоогдсон, зохигч энэ талаар маргаагүй байна.
15. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэхдээ маргаанд хамааралгүй, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт хамаарах хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэж, улмаар хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо нэхэмжлэгч М.Н-т өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон 2022.05.10-ны өдрөөс тоолж, шаардах эрх үүссэн үеийг буруу тодорхойлсон байх ба энэ дүгнэлт нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 76 дугаар зүйлийн 76.1-д нийцээгүй тул энэ үндэслэлээр магадлалыг хүчингүй болгоно.
16. Нэхэмжлэгч нь хариуцагч М.М-ын эзэмшлээс орон сууц гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг үндэслэж, улмаар энэ шаардлагадаа буюу өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардахад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж, хариуцагч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж тус тус мэтгэлцжээ.
17. Иргэн, хуулийн этгээдээс зөрчигдсөн эрхээ хамгаалуулахын тулд шүүх, арбитрт нэхэмжлэл гаргах эрх олгогдсон, хуулиар тогтоосон хугацааг хөөн хэлэлцэх хугацаа гэх бөгөөд Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна.
18. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан өмчлөгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т тусгайлан заагаагүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил хамаарна.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3-т зааснаар эдийн бус хөрөнгөд болон хуульд тусгайлан заасан бол эд хөрөнгийн зарим эрхэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй боловч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан өмчлөгчийн шаардах эрхэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй талаар хуульд тусгайлан заагаагүй тул дээрх хуульд зааснаар хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа үйлчилнэ.
19. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлж, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт хамаарах Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан 6 жил гэж үзэж хуулийг буруу хэрэглэсэн.
20. Түүнчлэн Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох буюу хуулийн 76.2-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсэх бөгөөд давж заалдах шатны шүүх энэ хугацааг буруу тоолсон.
Тодруулбал давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо шаардах эрх үүссэн үеийг өмчлөгчдийн нэг М.М нас барж, нэхэмжлэгч М.Н-т маргаан бүхий орон сууцны М.М-д ногдох хэсэг болох 20 хувийг өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон 2022.05.10-ны өдрөөс гэж тодорхойлсон нь үндэслэл бүхий болоогүй, Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т нийцээгүй.
21. Нэхэмжлэгч М.Н, М.П нарын эцэг болох М.М нас барснаар түүнд ногдох хэсгийг л өвийн журмаар хуваарилж, өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон, өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсоноор нэхэмжлэгч нарын эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан гэж үзэх үндэслэлгүй ба нэхэмжлэгч М.Н, М.П, Б.Д нар нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэлтэй байсан тул М.М нас барж, өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон үйл баримтаас шалтгаалахгүйгээр шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзнэ.
22. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын бусдын хууль бус эзэмшлээс орон сууцаа гаргуулах шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар 10 жил, энэ хугацааг нэхэмжлэгч нар хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаангүй буюу шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан, эрх зөрчигдсөнөө хожим мэдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
23. Маргаан бүхий орон сууцны хувьд нэхэмжлэгч нарын өмчлөх эрхийг улсын бүртгэлд 1999.01.08-ны өдөр бүртгэж, улмаар тэд тухайн орон сууцанд амьдарч байгаад 2000 онд өөр орон нутагт шилжин явахдаа гэрч Д.А-д орон сууцаа үлдээсэн, Д.А тухайн орон сууцанд 2007 он хүртэл амьдарч, оршин сууж байгаад 2007 онд хариуцагч М.М-т худалдаж, түүнээс хойш орон сууцыг М.М эзэмшиж ашиглаж байгаа нь тогтоогдсон, нэхэмжлэгч нарын зүгээс эдгээр хугацаанд орон сууцыг Д.А, М.М нарын эзэмшлээс шаардсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
24. Нэхэмжлэгч М.Н гадаадад олон жил амьдарсан, ээж М.Д нь эрүүл мэндийн шалтгааны улмаас тус тус шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан гэсэн тайлбар гаргаж, холбогдох баримтыг ирүүлсэн ба эдгээр баримтууд нь нэхэмжлэгч нар орон сууцаа бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд байсан, эрх зөрчигдсөнөө хожим мэдсэн гэх нөхцөл байдлыг нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь нотлох баримтыг үнэлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журамд нийцсэн.
25. Хариуцагч М.М-ын маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд хариуцагч нь орон сууцыг 2007 онд гэрч Д.А-гаас 3,000,000 төгрөгөөр худалдан авсан нь гэрч Д.А-гийн мэдүүлгээр тогтоогдсон ба тэд бичгээр гэрээ байгуулаагүй, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна.
Мөн Д.А нь уг орон сууцыг 2000 онд нэхэмжлэгч Б.Д-оос худалдан авсан гэснийг нэхэмжлэгч үгүйсгэхдээ маргаан бүхий орон сууцыг түүний эзэмшилд түр үлдээсэн гэж тайлбарласан ба үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар нь Д.А-д өгснийг Д.А хариуцагч М.М-т орон сууцыг худалдахдаа өгсөн тухай үйл баримт тус тус тогтоогджээ.
Улмаар орон сууц Д.А-гийн эзэмшилд шилжсэн үе болох 2000 оноос хойш 2022 он хүртэл хугацаанд улсын бүртгэлд бүртгэгдсэн өмчлөгч нар хариуцагч М.М болон Д.А-д холбогдуулан ямар нэгэн шаардлага гаргаагүй байна.
Хариуцагч М.М нь маргаан бүхий орон сууцыг 2007 оноос хойш эзэмших хугацаанд өөрийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх зорилгоор бүртгэлтэй өмчлөгч нарыг хайж үзсэн боловч олдоогүй, оршин суугаа хаягийг тодруулах гэхэд хүний хувийн мэдээлэлд хамаарч байгаа учраас мэдээлэл нь олдоогүй гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргасан.
Дээрх үйл баримтаас үзэхэд маргаан бүхий орон сууцыг хариуцагч М.М- нь Д.Агаас худалдан авч 2007 оноос хойш тасралтгүй эзэмшиж, ашиглалтын болон бусад зардлыг төлж байсан, ийнхүү худалдан авах үед орон сууц Д.А-гийн эзэмшилд байсан, Д.А түүнд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар нь өгсөн буюу тухайн үеийн бүртгэлийн систем боловсронгуй болоогүй онцлог зэрэг нөхцөл байдлаас шалтгаалж хариуцагч нь Д.А-г жинхэнэ өмчлөгч биш болохыг мэдээгүй байх боломжтой байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч Б.М-ыг Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэлтэй.
26. Иймээс хариуцагч М.М нь П.А-гаас орон сууцыг худалдан авсан үеэс нэхэмжлэгч нарын өмчлөх эрх дуусгавар болсон гэж үзэх ба нэхэмжлэгч нар эрхээ зөрчигдсөн гэж үзвэл энэ үеэс шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан. Гэтэл нэхэмжлэгч нар нь ийнхүү хэрэгжүүлээгүй хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн.
27. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч М.М-ын эзэмшлээс орон сууцыг гаргуулахаар шаардах эрхгүй тул сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасныг хэрэглэсэн нь оновчгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Д аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 209/МА2024/00036 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 135/ШШ2024/00370 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1” гэснийг “Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч М.М, түүний өмгөөлөгч Б.С нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч М.М 2024.06.13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА