Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 18

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                               Прокурор Д.Алимаа /цахим сүлжээгээр/                                                                            Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.С-н даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЗ/61 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр Ц.Ө, Б.С, С.Г  нарт холбогдох эрүүгийн 1827002220103 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Монгол овгийн Ц.Ө

 

Монгол Улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Цэнгэл овгийн Б.С

 

Монгол Улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овгийн С.Г

 

Ц.Ө нь Б.С, С.Г нартай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хохирогч Г.Д-н эзэмшлийн 1 тооны мухар, ягаан, соёолон эр үхэр, хохирогч Б.Б-н эзэмшлийн 1 тооны улаан сартай шүдлэн үхэр, хохирогч Т.Дарханбатын 2 тооны эр үхэр, хохирогч Д.Д-н 1 тооны ягаан халзан үхрийг буюу нийт 5 тооны үхрийг,

Б.С-тэй бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрээс хохирогч Ё.Н-н 3 тооны адууг тус тус хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогдон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

 

Б.С нь Ц.Ө, С.Г нартай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хохирогч Г.Д-н эзэмшлийн 1 тооны мухар ягаан монголын соёолон эр үхэр, хохирогч Б.Б-н эзэмшлийн 1 тооны улаан сартай шүдлэн үхэр, хохирогч Т.Д-н 2 тооны эр үхэр, хохирогч Д.Д-н 1 тооны ягаан халзан үхэр буюу нийт 5 тооны үхрийг,

Ц.Ө-тай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө хохирогч Ё.Н-н 3 тооны адууг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогдон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,

мөн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч Д.Э-н хашаанаас үхрийн гуяны мах нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлахыг завдсан гэх гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

 

С.Г нь Ц.Ө, Б.С нартай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хохирогч Г.Д-н эзэмшлийн 1 тооны мухар ягаан монголын соёолон эр үхэр, хохирогч Б.Б-н эзэмшлийн 1 тооны улаан сартай шүдлэн үхэр, хохирогч Т.Д-н 2 тооны эр үхэр, хохирогч Д.Д-н 1 тооны ягаан халзан үхэр буюу нийт 5 тооны үхрийг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогдон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт прокуророос тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ. 

 

Анхан шатны шүүх Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Монгол овогтой Ц.Ө, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Цэнгэл овогтой Б.С, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан Боржгон овогтой С.Г нарт холбогдох эрүүгийн 1827002220103 дугаартай хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газарт буцаан, хэргийг прокурорт очтол яллагдагч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ц.Өын эзэмшлийн Портер маркын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, цагаан өнгийн 5 ширхэг мяндсан уяа зэргийг хэргийн хамт хүргүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2-т зааснаар захирамжийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.А гаргасан эсэргүүцэлдээ: ... Ц.Ө, Б.С, С.Г нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн нутаг дэвсгэрээс хохирогч Г.Д-н эзэмшлийн 1 тооны мухар ягаан монголын соёолон эр үхэр, хохирогч Б.Б-н эзэмшлийн 1 тооны улаан сартай шүдлэн үхэр, хохирогч Т.Д-н 2 тооны эр үхэр, хохирогч Д.Д-н 1 тооны ягаан халзан үхрийг нийт 5 тооны үхрийг хулгайлсан,

Ц.Ө, Б.С нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрээс хохирогч Ё.Н-н 3 тооны адууг хулгайлсан,

Б.С нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч Д.Э-н үхрийн гуяны махыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан үйлдэлд яллагдагч Ц.Ө-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, яллагдагч Б.С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, яллагдагч С.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 09 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЗ/61 дугаартай захирамжаар ...одоо Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ тусгай ангийн 17.12 дугаар зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар бүхэлд нь өөрчилсөн байна. Ингэхдээ бүлэглэж, машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэхээр хуульчилжээ. Түүнчлэн олон тооны мал гэдгийг найман бог, хоёр бод, түүнээс дээш гэж тайлбарласан байна.

Яллагдагч нар нь мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ бүлэглэж, машин механизм ашигласан гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг ба хуульд өөрчлөлт орохоос өмнө дээрх шинжүүд нь гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд ордоггүй байсан. Үүнтэй холбогдуулан яллагдагч нарт холбогдуулан үүсгэсэн гэмт хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх ба тэдэнд өөрчлөгдсөн зүйл ангиар ял сонсгож яллагдагчаар байцаах зэрэг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагатай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд хууль буцаан хэрэглэх талаар хуульчилсан ба 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн хуульд өөрчлөлт орж, уг өөрчлөлтийг Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж эхэлсэн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөх юм гэсэн үндэслэлээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна.

Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь: Яллагдагч Ц.Ө, Б.С, С.Г нар нь дээрх гэмт хэргийг 2018, 2019 онд үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж тус тус хуульчилсан.

Гэтэл шүүхээс 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт орсон нэмэлт, өөрчлөлтөөр “бүлэглэж, ... машин механизм ашиглаж, ...мөн олон тооны малын тоонд орох малын тоо нь өөрчлөгдөж” оногдуулах эрүүгийн хариуцлага болон зүйлчлэл нь хүндэрсэн өөрөөр хэлбэл яллагдагч нарын эрх зүйн байдлыг дордуулсан байхад яллагдагч нарын үйлдлийг уг хуулинд нийцүүлэн зүйлчлүүлэхээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн өөрчлөлт нь Төрийн мэдээлэл сэтгүүлийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн дугаарт нийтлэгдэж, түүнээс хойш 10 хоногийн дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байхад шүүхээс 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгатай нэгэн адил уг цаг хугацаанаас мөрдөгдөж эхэлсэн гэж дүгнэсэн нь буруу юм.

Иймд яллагдагч Ц.Ө, Б.С, С.Г нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЗ/61 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив гэжээ.  

 

Прокурор Д.Алимаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эсэргүүцэлдээ үндэслэлээ тодорхой дурдсан. Хууль зүйн үндэслэл болгосон зүйл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйл хууль үйлчлэх хугацаа болон мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн хуулийг буцаан хэрэглэх зохицуулалтын талаар эсэргүүцэлдээ дурдсан... Анхан шатны шүүх шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хэргийг прокурорт буцаасан. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар бүхэлд нь өөрчлөн бүлэглэж, машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэхээр, олон тооны мал гэдгийг найман бог, хоёр бод, түүнээс дээш гэж тайлбарласан. Ц.Ө, Б.С, С.Г нарыг мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ бүлэглэж, машин механизм ашигласан гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, хуульд өөрчлөлт орохоос өмнө дээрх шинжүүд нь гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд ордоггүй байсан, яллагдагч нарт холбогдуулан үүсгэсэн гэмт хэргийн зүйлчлэл нь өөрчлөгдөхөөр байгаа тул тэдэнд өөрчлөгдсөн зүйл ангиар ял сонсгох, уг өөрчлөлтийг Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж эхэлсэн буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөнө гэх үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэргийг 2018, 2019 онуудад үйлдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлохоор мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр тус тус хуульчилсан байна.

 

Гэтэл анхан шатны шүүхээс 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт орсон нэмэлт өөрчлөлтөөр шүүгдэгч нарын эрх зүйн байдал дордохоор байхад тэдний үйлдлийг уг хуулинд нийцүүлэн зүйлчлүүлэхээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

 

Мөн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлнэ гэж дүгнэж байгаа нь буруу байна.

 

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЗ/61 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц.Ө, Б.С, С.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

 

 

 

 

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЗ/61 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц.Ө, Б.С, С.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

            3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.