Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 06

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбаатарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “Говийн өндөр” ХК,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Мягмарцэрэн, С.Жавхлан нарт холбогдох,

“Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.Жавхлан, Б. Мягмарцэрэн нарын гаргасан 2019 оны 11 дугаар сарын 21-ний өдрийн 0174301 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч “Говийн өндөр” ХК-ийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, хариуцагч С.Жавхлан, хариуцагч Б.Мягмарцэрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугирсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “Говийн өндөр” ХК шүүхэд гаргасан гомдолдоо болон түүний өмгөөлөгч Б.Оюунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.Жавхлан нь манай компанийг 2015 оны 12 дугаар сарын 30-ний өдөр хуурамч, хий бичилттэй падаанаар “Монгол гранд эйнжил инвест” ХХК-аас 290.909.090 төгрөгийн худалдан авалт хийж Нэмэгдсэн өртгийн албан татварын татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчлийг гаргасан гэж зөрчлийн хэрэг нээн 29.090.909 төгрөгийн нөхөн татвар, 8.727.272 төгрөгийн торгууль, 12.945.454 төгрөгийн алданги нийт 50.763.635 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байгаа болно. Учир нь манай “Говийн өндөр” ХК нь 2015 оны 12 дугаар сард үйлдвэрийн байрандаа засвар хийж энэхүү засварын ажилдаа “Монгол гранд эйнжил инвест” ХХК-иас 290.909.090 төгрөгийн бараа материал худалдан авсан бөгөөд барилгын материал авсантайгаа холбогдуулан тус компаниас нэмэгдсэн өртгийн албан татварын падаан авсан юм.

Гэтэл зөрчлийн хэргийг шалгасан эрх бүхий албан тушаалтан нь тус падааныг хуурамч гэдгийг нь шалгаж тогтоолгүйгээр манай компанид 50.763.635 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж буй учир дутагдалтай бөгөөд манай компаний зүгээс “Монгол гранд эйнжил инвест” ХХК болон өгсөн падааныг шалгахад тус компани нь Татварын газарт нэмэгдсэн өртгийн албан татварын төлөгчөөр бүртгэлтэй, албан ёсны нууцлал бүхий дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг татварын байгууллага өөрөө олгосон байсан учраас манайх тус компаниас бараа материалаа авч үүнтэй холбоотой анхан шатны баримтаа авсан. Манай “Говийн өндөр” ХК-ий зүгээс зөрчлийн хэрэгт нотлох баримтаар авагдсан “Монгол гранд эйнжил инвест” ХХК-тай холбоотой асуудлыг огт мэдэхгүй учир энэхүү асуудалд хамруулан хуурамч падаанаар худалдан авалт хийж Нэмэгдсэн өртгийн албан татварын татвар ногдуулах орлогыг бууруулсан гэж зөрчлийн хэрэг үүсгэн шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.            Иймээс Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.Жавхлан, Б.Мягмарцэрэн нарын гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0174301 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.Жавхлан, Б.Мягмарцэрэн нарын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагч С.Жавхлан, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугирсүрэн нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Татварын Ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07/778 дугаартай албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10и-3/827 тоот албан бичгүүдийн дагуу татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч С.Жавхлан, Б. Мягмарцэрэн нар нь 2019  оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 2016311 тоот регистрийн дугаартай “Говийн өндөр” ХК-д Зөрчлийн тухай хуулийн дагуу 0174301 тоот дугаар бүхий шийтгэлийн хуудсыг үйлдсэн. Татвар төлөгч гаргасан гомдолдоо “Монгол гранд эйнжил инвест” ХХК гэдэг компанийг Татварын алба өөрөө Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгээд, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ олгоод, албан ёсны нууцлалтай дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг татварын байгууллага өөрөө олгосон. Ийм компаниас манай байгууллага анхан шатны баримт авсан байхад уг падааныг хуурамч гэдгийг шалгаж тогтоолгүйгээр хүчин төгөлдөр бус гэж үзсэн байна гэжээ.           

Уг падаан нь татварын албанд бүртгэлтэй хэдий ч Татварын Ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 07/778 дугаартай албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10и-3/827 тоот албан бичиг, Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 03 сарын 05-ны өдрийн 58 дугаар тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн мэргэшсэн шинжээч, цагдаагийн хошууч Д.Мөнхцэцэгийн 2018 оны 01 сарын 22-ны өдөр гаргасан 228 дугаартай дүгнэлтээр дээрх падаан нь хий бичилттэй болох нь батлагдсан, “Монгол гранд эйнжил инвест” ХХК нь борлуулалт хийсэн гэж тогтоогдоогүй байна.                                           

Хяналт шалгалтыг хийхдээ “Говийн өндөр” ХК-аас 2015 оны санхүүгийн баримтыг үндэслэн хийсэн ба тухайн падааны дүнгээр төлбөр төлөгдсөн харилцах болон кассын ямар нэгэн анхан шатны баримт байхгүй, тухайн падаанаар барилгын материал авсан гэж амаар тайлбарлаж байгаа боловч авсан барилгын материалын жагсаалт, бараа материалын тайлан гэх мэт санхүүгийн анхан шатны баримт байхгүй байна.                                                                                                                       

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-д “хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил гүйлгээг бүртгэхгүй байх” гэж заасан, мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь  нэхэмжлэл падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасныг тус тус зөрчсөн болох нь татварын тайлан, хөндлөнгийн мэдээлэл, холбогдогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдсон нь тогтоогдож байна.                                                                                          

Иймд 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 2016311 тоот регистрийн дугаартай “Говийн өндөр” ХК-д Зөрчлийн тухай хуулийн дагуу 0174301 дугаар бүхий шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөр нь хууль зүйн үндэслэлтэй болно...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Татварын хяналт шалгалтаар “Говийн өндөр” ХК нь 2015 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд  “Монгол гранд эйнжил инвест” ХХК-иас 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 0018958600 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 290,909,090 төгрөгийн бараа, материал худалдан авснаар тайлагнаж, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд  29,090,909 төгрөгийн нөхөн татвар, 8,727,272 төгрөгийн торгууль, 12,945,454 төгрөгийн алданги, нийт 50,763,635 төгрөгийн шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь  хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгч “Говийн өндөр” ХК-ийн “Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.Жавхлан, Б. Мягмарцэрэн нарын гаргасан 2019 оны 11 дугаар сарын 21-ний өдрийн 0174301 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь “...татварын албанаас тараасан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэж, хасалт хийсэн, ... хий бичилттэй хуурамч падаан гэдгийг мэдэх боломжгүй байсан” гэж тайлбарлан маргаж байх боловч энэ нь тухайн компанийг Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд худалдан авалт бодитойгоор хийгдээгүй, “Монгол гранд эйнжил инвест” ХХК-иас тараагдсан хий бичилттэй баримтыг тайландаа тусгасан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодит тоо, мэдээнд үндэслэх; зарчимд нийцээгүй байна.

Нэхэмжлэгчийн бараа, материал худалдан авсан гэх “Монгол гранд эйнжил инвест” ХХК-тай холбоотой үйл баримт /нийтэд илэрхий гэж болохуйц/ нь Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоол[1], Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас Татварын ерөнхий газрын татварын хяналт шалгалт, арга зүйн газрын дарга С.Баясгаланд хүргүүлсэн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10и-3/827 дугаар албан бичиг, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 01 дугаар сарын 22-ны өдрийн 228 дугаар шинжээчийн дүгнэлт[2] зэргээр “...2012, 2015-2016 онуудад нийт 1479 аж ахуйн нэгжүүдэд борлуулалт хийсэн гэж тайлагнаж, татвар ногдох орлогыг бууруулан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн...” гэж тогтоогдсон байна.

Мөн нэхэмжлэгч “Говийн өндөр” ХК нь 2015 оны 12 дугаар сард “Монгол гранд эйнжил инвест” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын 0018958600 дугаартай падаанаар 290,909,090 төгрөгийн худалдан авалтыг хийхдээ харилцах данс болон кассаар огт гүйлгээ хийгээгүй, орлого зарлагын баримтгүй /худалдан авалтыг нотлох нягтлан бодох бүртгэлийн ямар ч баримт байхгүй/  байгаа нь энэхүү худалдан авалт бодит бус болохыг давхар нотолно.

 Учир нь Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй”, шинэчлэн найруулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2015/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан  татварыг хасаж тооцохгүй” гэж заасан бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаас гадна бэлтгэн нийлүүлэгч талын бараа материал худалдсан зарлагын баримт, худалдан авагч талын орлого, зарлагын баримт, төлбөрийн нэхэмжлэл, төлбөрийн гүйлгээ бодитоор гарсныг нотлох дансны бүртгэлүүд, мөнгөн гүйлгээний тайлан зэргээр давхар нотлогдоогүй тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийхгүй гэж ойлгоно.

Хэдийгээр “Монгол гранд эйнжил инвест” ХХК-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон ч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтуудаар нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч бичилттэй  падаан ашигласан болох нь тогтоогдсон гэх дээр дурдсан нотлох баримтууд байх  тул Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татвар төлөгч нь татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд татвар төлөх үүрэг нь эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон эсэхээс үл хамаарч биелэгдэх учиртай.

Тодруулбал, гомдол гаргагчийг нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авсан гэж үзэх боломжгүй байгаагийн зэрэгцээ дээрх нэр бүхий  компанийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн гэх хий бичилттэй баримтуудыг үндэслэж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх үндэслэлгүй байх тул  хариуцагч татварын улсын байцаагч нарын “Говийн өндөр” ХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил гаргасан гэж үзэж, шийтгэл оногдуулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, шинэчлэн найруулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2015/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д  заасантай нийцсэн байна гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006/ 14 дүгээр зүйлийн 14.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015/ 14 дүгээр зүйлийн 14.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг тус тус баримтлан “Говийн өндөр” ХК-иас Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.Жавхлан, Б.Мягмарцэрэн нарт холбогдуулан гаргасан “Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.Жавхлан, Б.Мягмарцэрэн нарын 2019 оны 11 дүгээр сарын 21ий 0174301 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсгийг тус тус баримтлан “Говийн өндөр” ХК-иас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ч.БАЯРМАА


[1] Хэргийн 55 дахь тал

[2] Хэргийн 58-69 дэх тал