Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 20

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Урангуа даргалж,

Нарийн бичгийн даргаар: Б.Номинтунгалаг

Улсын яллагч: Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын ахлах прокурор Ц.Бямбадорж

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Л.Баасанжав

Шүүгдэгч: Н.Атардээж нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Н.Атардээжид холбогдох 201616010145 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.         

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1962 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Угтаал суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэргийн улс төрч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, 2 хүү, бэр, ач нарын хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо 2 дугаар хороолол, тээвэрчид гудамж 47-24 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Алаг адуун овогт Найдангийн Атардээж /РД:ЧП62092432/

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/:

Н.Атардээж нь 2016 оны 11 дүгээр сарын 23-ны шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад гэх газар нүүрс тээвэрлэлтийн засмал замд машины оочир дугаараас хохирогч Н.Эрдэнэхуягтай маргалдаж, улмаар зүүн нүдэн тус газар нь гараараа цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Атардээж мэдүүлэхдээ: “...2016 оны 11 сарын 23-ны шөнө нүүрс тээврийн машинтай оочерт явж байсан. Миний урд талд нэг машин эвдэрчихсэн байсан бөгөөд хохирогчийн машин миний баруун талд байсан. Би эвдэрсэн машиныг тойроод гарах гэж байтал Эрдэнэхуяг машинтайгаа гэнэт хурдтай зүүн гар тийшээ дараад орж ирэн миний машины толийг хагалсан. Мөн өөрийнхөө машины түгжээг эвдлээд чигээрээ яваад өгсөн. Би ардаас нь харахад машины номер байхгүй байсан учир толио төлүүлж чадахгүй байх гэж сандарсан. Миний машин эсрэг урсгал руу очихоор болсон байсан бөгөөд машинаа үлдээчхээд хохирогчийн машины урд талаас очиж машины номерийг харсан. Тухайн үед Эрдэнэхуягт анхааруулга өгч сигнал дарсан боловч тэрээр чигээрээ яваад өгсөн. Эрдэнэхуягийн машин дээр нь очиж машинаас нь гаргаж ирээд өөрийнхөө машины толийг үзүүлж чиний машины чиргүүлийн түгжээ эвдэрсэн байна гэж хэлсэн боловч тэр тоогоогүй “хятадын машины толь юм чинь ямар хамаатай юм” гэж хэлэхээр нь  миний уур хүрээд нүд орчимд нэг удаа алгадаж авсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Н.Эрдэнэхуягийн: “…2016 оны 11 дүгээр сарын 23-ны шөнө 02-03 цагийн үед байх машин дээрээ нүүрс ачаад Цагаан хадны Оюутолгойн машинууд явдаг уулзварын наад талд явж байтал нэг машин эвдрээд зогссон байсан. Тэр машиныг тойрч гарах гээд эсрэг урсгал руу машиныхаа толгойг хийгээд явтал араас ирж байсан машин намайг давхар гүйцэж түрүүлэх гээд ороод ирсэн. Тэр үед би нэгэнт гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн юм чинь гээд араас нь машины хажуугаар шахаж орж ирсэн машины урдуур машиныхаа толгойг хийгээд өмнөө зогсож байсан эвдэрсэн машиныг гүйцэж түрүүлсэн. Тэгээд өмнөө байсан оочирт ороод зогссон. Тэгсэн чинь нэг хүн миний машины хаалга дээр ирээд хамаг юм хамаад хаячихлаа хаалгаа онгойлго гэхээр нь хаалгаа онгойлгосон чинь цамцнаас татсан. Би машинаас буугаад очтол миний толгой руу гараараа нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь би тэр хүний ханцуйн дээрээс нь гараараа бариад уучлаарай гэж хэлсэн. Хамтдаа машин дээр нь очтол буруу талын толь хагарчихсан байсан. Би уучлалт гуйгаад өөрийнхөө машины толийг тайлаад өгье гэтэл тэрээр “даварсан бацаан бэ” гээд миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. Дахиж цохиогүй. Тэгээд би машиндаа суугаад толинд нүдээ харсан чинь хавдсан байсан. Цагаан хад орчим нүүрс тээвэрт явж байгаад танилцсан Орхон гэдэг ах руу утсаар “би нүдээ хүнд цохиулчихлаа хурдан хүрээд ирээч” гэж ярьтал удалгүй хүрээд ирсэн. Би машинаасаа тусгай түлхүүр аваад толио тайлах гэсэн боловч нүд юм харахгүй аймаар өвдөөд мөн толгой их өвдөж байсан. Орхон ах ирээд миний нүдийг хараад “чи сохорчихсон байна ш дээ”  гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө намайг цохисон ах харъя гэж хэлээд хараад шатахуун түгээх станц дээр яваад очъё толио тайлаад өгчих гээд байсан. Машинуудын урд цагдаагийн шүгэл дуугараад байхаар нь хартал замын цагдаа нар байж байсан. Тэгэхээр нь би цагдаа нар дээр очоод хүнд нүдээ цохиулчихлаа одоо яах бэ гэж хэлсэн. Цагдаа цохисон хүн чинь одоо хаана байна гэхээр нь тэнд байгаа гэж хэлээд дагуулаад очсон. Намайг цохисон ах 4 дүгээр постын гадаа байхдаа ахыгаа уучлаарай ах нь уурлаад дүүгийн нүдийг цохичихлоо хятад руу ороод эмнэлэгт үзүүлье гээд гуйгаад байхаар нь цагдаа нарт хэлэхдээ гомдол саналгүй, миний нүд зүгээр харж байна гэж хэлээд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл дээрээ торгуулийн арга хэмжээ авахуулаад нөгөө ах бид хоёр явсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-р хуудас/

Гэрч Ч.Энхбаатарын: “...2016 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 02-03 цагийн үед нүүрс тээврийн авто зам дээр хөдөлгөөн зохицуулалтын үүрэг гүйцэтгэж байтал нэг залуу хүрч ирээд “намайг нэг жолооч цохичихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь “таныг цохисон хүн хаана байна” гэж асуутал ойрхон байгаа гээд оочирт зогсож байсан машинуудын дунд Норд бенз машины кабинд сууж байсан хүнийг заасан. Тухайн хүнийг дуудаад бичиг баримтыг нь шалгаад түр хураан авсан. Өглөө 09 цагийн үед ахлах зохицуулагч Ж.Отгонбаяр шалган нэвтрүүлэх постын байранд бичиг баримтуудыг нь хүлээлгэн өгч байтал нөгөө хоёр жолооч ороод ирсэн. Тэгээд тэр хоёр жолооч хэн хэндээ санал гомдолгүй, цохиулсан жолооч нь нүд зүгээр байна бэртэж гэмтсэн зүйл байхгүй гэж хошууч Ж.Отгонбаярт хэлсэн. Тухайн хоёр жолоочийн маргалдах болсон шалтгаан нь оочирт зогсож байгаад эгнээ байраа эзлэх журам зөрчсөний улмаас маргалдаж нэгнийхээ нүдийг цохисон гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-р хуудас/

Гэрч Э.Уртнасангийн: “... 2016 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө цагдаагийн дэслэгч Ч.Энхбаатарын хамт үүрэг гүйцэтгэж байтал нэг залуу өөрийгөө бусдад зодуулчихлаа гээд хүрээд ирсэн. Таныг зодсон хүн хаана байна гэж асуутал “энүүхэнд машин дээрээ байгаа” гэж хэлсэн. Тэгээд Ч.Энхбаатарын хамт очиход “буурал толгойтой, махлаг биетэй 50 орчим настай эрэгтэй хүн” байсан. Юу болсон талаар асуухад тухайн хүн хэлэхдээ “энэ залуу гүйцэж түрүүлэхдээ миний машины толийг эвдсэн, тэгээд өөдөөс хэрүүл хийгээд байхаар нь нэг удаа цохисон” гэж хэлж байсан. Эрдэнэхуяг гэдэг залуу миний нүд өвдөөд байна гэж байсан. Түүний зүүн нүд хавдсан байсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-р хуудас/

Гэрч Д.Орхоны: “...2016 оны 11 дүгээр сарын 22-ноом 23-нд шилжих шөнө Цагаан хад дээр хилийн оочирт зогсож байтал Эрдэнэхуяг миний утас руу залгаад нэг хүн намайг цохичихлоо, нүд эвгүй болчихлоо гэхээр нь машинаасаа буугаад очсон. Эрдэнэхуяг миний машины хойно оочирт явж байсан. Тэгээд очоод яасан бэ гэж асуухад зүүн нүдээ гараараа дарчихсан зогсож байсан. Түүний хажууд нэг бүдүүн хүн байсан. Тэр хүн Эрдэнэхуягийн нүд рүү цохисон гэж байсан. Тэгэхээр нь би “яагаад цохисон юм бэ” гэж асуухад “наад залуу чинь миний машины толийг шүргэж хагалчихаад зугтах гэхээр нь уур хүрээд нэг удаа цохисон” гэдгээ хэлсэн. Тэгэхээр нь зам түгжрэлтэй байхад наад хүн чинь хаашаа зугтах бэ дээ, чиний машины тольноос хүний нүд  илүү биз дээ, эв зүйгээ олоод толио төлүүлж болно шүү дээ гэж хэлсэн. Эрдэнэхуяг цагдаад болсон асуудлыг очиж мэдэгдсэн. Тэгээд 2 цагдаа ирж бичиг баримтыг нь хурааж авсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр №276 дугаартай шинжээчийн: “...Н.Эрдэнэхуягийн биед зүүн нүдний алимны доргилт, торлог, шилэнцэрийн цус харвалт гэмтэл учирчээ. Дээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Одоо баруун нүдний хараа 1,0 зүүн нүдний хараа 0,6 байгаа нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад 5 хувь нөлөөлж байгаа тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Н.Эрдэнэхуяггийн зүүн нүд тухайн үед дээр гэмтлийн улмаас хараагүйдэлтэй байсан ба эмчилгээний үр дүнд сайжирч хараа сэргэж байна. Н.Эрдэнэхуягийн биед учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Урьд гаргасан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 204 тоот дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 76-р хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 31-р хуудас/

Хохирогчийн эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирол бэлэн мөнгө 4,200,000 төгрөг, “Тоёота приус 20” автомашиныг 7,800,000 төгрөгөөр үнэлж нийт 12,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт /хавтаст хэргийн 52-р хуудас/ зэрэг болно.

Дээрх баримтуудаас дүгнэхэд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Н.Атардээж нь 2016 оны 11 дүгээр сарын 23-ны шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад гэх газар нүүрс тээвэрлэлтийн засмал замд машины оочир дугаараас хохирогч Н.Эрдэнэхуягтай маргалдаж, улмаар зүүн нүдэн тус газар гараараа цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Н.Эрдэнэхуягийн “…Би машинаас буугаад очтол миний толгой руу гараараа нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь би тэр  хүний ханцуйн дээрээс нь гараараа бариад уучлаарай гэж хэлсэн. Хамтдаа машин дээр нь очтол буруу талын толь хагарчихсан байсан. Би уучлалт гуйгаад өөрийнхөө машины толийг тайлаад өгье гэтэл тэрээр “даварсан бацаан бэ” гээд миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. Дахиж цохиогүй. Цагдаа нар дээр очоод хүнд нүдээ цохиулчихлаа одоо яах бэ гэж хэлсэн. Цагдаа цохисон хүн чинь одоо хаана байна гэхээр нь тэнд байгаа гэж хэлээд дагуулаад очсон. Намайг цохисон ах 4 дүгээр постын гадаа байхдаа ахыгаа уучлаарай ах нь уурлаад дүүгийн нүдийг цохичихлоо хятад руу ороод эмнэлэгт үзүүлье гээд гуйгаад байхаар нь цагдаа нарт хэлэхдээ гомдол саналгүй, миний нүд зүгээр харж байна гэж хэлээд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл дээрээ торгуулийн арга хэмжээ авахуулаад нөгөө ах бид хоёр явсан.” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Энхбаатарын “...нүүрс тээврийн авто зам дээр хөдөлгөөн зохицуулалтын үүрэг гүйцэтгэж байтал нэг залуу хүрч ирээд “намайг нэг жолооч цохичихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь “таныг цохисон хүн хаана байна” гэж асуутал ойрхон байгаа гээд оочирт зогсож байсан машинуудын дунд Норд бенз машины кабинд сууж байсан хүнийг заасан. Тухайн хүнийг дуудаад бичиг баримтыг нь шалгаад түр хураан авсан. Өглөө 09 цагийн үед ахлах зохицуулагч Ж.Отгонбаяр шалган нэвтрүүлэх постын байранд бичиг баримтуудыг нь хүлээлгэн өгч байтал нөгөө хоёр жолооч ороод ирсэн. Тэгээд тэр хоёр жолооч хэн хэндээ санал гомдолгүй, цохиулсан жолооч нь нүд зүгээр байна бэртэж гэмтсэн зүйл байхгүй гэж хошууч Ж.Отгонбаярт хэлсэн. Тухайн хоёр жолоочийн маргалдах болсон шалтгаан нь оочирт зогсож байгаад эгнээ байраа эзлэх журам зөрчсөний улмаас маргалдаж нэгнийхээ нүдийг цохисон гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Уртнасангийн “...цагдаагийн дэслэгч Ч.Энхбаатарын хамт үүрэг гүйцэтгэж байтал нэг залуу өөрийгөө бусдад зодуулчихлаа гээд хүрээд ирсэн. Таныг зодсон хүн хаана байна гэж асуутал “энүүхэнд машин дээрээ байгаа” гэж хэлсэн. Тэгээд Ч.Энхбаатарын хамт очиход “буурал толгойтой, махлаг биетэй 50 орчим настай эрэгтэй хүн” байсан. Юу болсон талаар асуухад тухайн хүн хэлэхдээ “энэ залуу гүйцэж түрүүлэхдээ миний машины толийг эвдсэн, тэгээд өөдөөс хэрүүл хийгээд байхаар нь нэг удаа цохисон” гэж хэлж байсан. Эрдэнэхуяг гэдэг залуу миний нүд өвдөөд байна гэж байсан. Түүний зүүн нүд хавдсан байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Орхоны “...Эрдэнэхуяг миний утас руу залгаад нэг хүн намайг цохичихлоо, нүд эвгүй болчихлоо гэхээр нь машинаасаа буугаад очсон. Эрдэнэхуяг миний машины хойно оочирт явж байсан. Тэгээд очоод яасан бэ гэж асуухад зүүн нүдээ гараараа дарчихсан зогсож байсан. Түүний хажууд нэг бүдүүн хүн байсан. Тэр хүн Эрдэнэхуягийн нүд рүү цохисон гэж байсан. Тэгэхээр нь би “яагаад цохисон юм бэ” гэж асуухад “наад залуу чинь миний машины толийг шүргэж хагалчихаад зугтах гэхээр нь уур хүрээд нэг удаа цохисон” гэдгээ хэлсэн.” гэсэн мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр №276 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Н.Атардээж нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан ба хохирогч Н.Эрдэнэхуяг нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн /хавтаст хэргийн 52,86, 98-р хуудас/ тул хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Атардээжийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Н.Атардээж цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй болохыг дурдвал зохино.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Алаг адуун овогт Найдангийн Атардээжийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Н.Атардээжид холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Н.Атардээжийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Н.Атардээж нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.  

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

5. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.Атардээжийн бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.УРАНГУА