Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 201/МА2018/00026

 

Шон ийн нэхэмжлэлтэй Дорнод аймаг дахь П

коллежид холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран, нэхэмжлэгч Ш о н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн, хариуцагчийн төлөөлөгч Б.Эрдэнэсоёл, Х.Чулуунцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 16-ны өдрийн 138/ШШ2018/00627 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ш о нгийн давж заалдах гомдлоор Ш о нгийн нэхэмжлэлтэй, Дорнод аймаг дахь П кид холбогдох “П кийн захирлын 2018 оны 03 сарын 20-ны өдрийн Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан 64 хоногийн олговорт 2 174 552 төгрөг, амралтын мөнгөний тооцоо 3 460 000 төгрөг нийт 5 634 552 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийлгэх тухай” иргэний хэргийг 2018 оны 08 сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ш О Н шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 3 сарын 20-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөх тухай тушаал гарсан. Сургалтын алба болон захирал намайг хувийн эрх ашгийн үүднээс хууль бусаар ажлаас халсан гэж үзэж байна. Анх гэрээ байгуулахдаа гэрээний он, сар, өдрийг тавиагүй байсан. 5 жилийн тэтгэмжийн мөнгө авах талаар ярьж эхэлснээс хойш намайг хичээлээр их шахсан. Үр дүнгийн гэрээг 2018 оны 6 сарын 15-ны өдөр ажлыг дүгнэхээр заасан байдаг. Гэтэл намайг ажлаас халах талаар урьдчилан сануулахгүйгээр халсан. 2018 оны 9 сарын 14-ний өдөр багшийн үйл ажиллаагааны төлөвлөгөөгөө сургалтын албаар батлуулж тамга даруулсан байсан. Би 11 сараас эхлэн 5 жил ажилласан мөнгөө авахаар хөөцөлдөж эхлэхэд намайг ажлаас халах талаар яригдаж байсан. Сургуулийн захирал маань сургуулийнхаа үйл ажиллагааг сайн мэддэггүй. Сургалтын албаны ажилтнуудын яриагаар үйл ажиллагаагаа явуулдаг. Гэнэт миний хичээлийн цагийг шахаж хүүхдүүдийг залхтал хичээллүүлж эхэлсэн. Нэг ангид өдөртөө 6 цаг орос хэлний хичээл оруулж байсан. Намайг хичээлийн цаг дууссан ч гэсэн зохицуулж өгнө гэж байсан. Гэтэл надад 01 сарын 23-ны өдөр ажлаас халах талаар мэдэгдэх хуудас өгсөн. Манай сургууль хурууны хээ уншуулж ирцээ бүртгэдэг. Би сургуулиасаа хамгийн эрт ирдэг, огт хоцордоггүй ажилтан. Манай нөхөр сургуулийн захиралтай уулзахад намайг сургуулийн сайн багш. Монгол багш нараас илүү ажилладаг гэж хэлж байсан. Миний 2 хүүхэд Монгол Улсын иргэн бөгөөд Орос улсад тэтгэлэгээр суралцаж төгссөн. Үүнтэй адил би монгол хүүхдүүдэд Орос улсад тэтгэлэгээр суралцах боломж олгохын тулд Матерушка гэдэг клуб нээсэн. Ийнхүү клуб нээж сурагчдаа хөгжүүлж байхад сургалтын албанаас биднийг огт дэмждэггүй. Намайг сургуулийн удирдлагууд гадаад улсын иргэн гэдгээр маань дандаа ялгаварладаг. Миний шударга зан сургалтын албанд таалагдаагүй тул намайг ажлаас халсан гэж үзэж байна. Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байх хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр даалгуулах хүсэлтэй байна. Ажлын 64 хоног ажиллаагүй бөгөөд нэг хоногийн цалинг 33977 төгрөгөөр тооцож 2174552 төгрөгийн цалин, амралтын мөнгө 3460000 төгрөг нийт 5634552 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. П кийн захирлын 2018 оны 3 сарын 20-ны өдрийн ажлаас халсан тушаал нь хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.1, 42.1 дэх заалтуудыг тус тус баримтлан О багшийг ажлаас халсан байна. Мөн хамтын гэрээний 3.6а заалтыг баримталж ажлаас халсан байсан. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалтад орон тоог цөөрүүлсэн, орон тоо хасагдсан, орон тоо татан буугдсан гэдэг үндэслэлүүд байдаг. Дээрх үндэслэлийн алинаар нь О багшийг ажлаас халсан нь тодорхойгүй байна. Хариуцагч байгууллагын төлөөлөгч хүртэл ямар үндэслэлээр ажлаас халсан болохыг мэдэхгүй байна. Орон тоо цөөрүүлнэ нь гэдэг нь ижил хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хасахыг хэлж байгаа. Үйлдвэрчний эвлэлийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан хамтын гэрээний 3.6 а заалтыг үндэслэсэн гэж байгаа ч хамтын гэрээгээ хариуцагч тал биелүүлээгүй байна. Хамтын гэрээний 3.7-д заасан үйлдвэрчний эвлэлтэй зөвшилцөн ажлаас хална гэсэн заалтыг баримтлаагүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т ажил олгогчийн үүргийг заасан байдаг. Үүнд: Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй гэсэн байдаг. Энэ заалтаа биелүүлээгүй нь харагдаж байна. Ажилтны эрх, үүргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 6.2-т заасан байдаг. Үүнд: Ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хуулиар тогтоосон нууцад хамаарах ажил, үүрэгтэй нь холбоотой нууцыг хадгалах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй гэсэн байдаг. Ажил олгогч нь бүтэн жилийн гэрээ байгуулчихаад гэрээний хугацаа дуусахаас өмнө ажлаас халсан байна. Хөдөлмөрийн гэрээний хугацаа засагдсан, засагдаагүй талаар маргаантай байна. Гэрч А нь хөдөлмөрийн гэрээний хугацааг зассан байна гэж мэдүүлсэн байдаг. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.1-т заасан байдаг. Энэ заалтыг зөрчсөн тайлбар гаргаж байна. Хариуцагчийн ярьж байгаа зөвлөмж нь е-мэйлээр ирсэн байдаг бөгөөд ямар ч он, сар, өдөр байхгүй баталгаажаагүй бөгөөд үр дүнгийн гэрээний заалтыг үгүйсгэн давуу байдал тогтоосон байна. Үр дүнгийн гэрээгээр 2018 оны 6 сарын 20-ны ажлын үр дүнг дүгнэнэ гэж заасан байдаг. Нэхэмжлэгч үзэл бодлоо шударгаар илэрхийлсний төлөө, англи хэлний багш нар өөртөө илүү цаг авах гэж О багшийг ялгаварлан гадуурхаж ажлаас халсан байна. Хөдөлмөрийн гэрээний заалтыг аль нэг тал дангаараа өөрчилж болохгүй гэсэн байдаг. Гэтэл үйлдвэрчний эвлэлтэй зөвшилцөлгүйгээр яагаад хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж байгаа нь ойлгомжгүй байна. Ажлаас халсан тушаал дээр хамтын гэрээний 3.6а заалтыг баримталсан боловч хариуцагч нь хамтын гэрээгээ зөрчсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 21.3-т Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21.1-д заасан гэрээний гол нөхцлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй гэсэн байдаг. Хууль тогтоомж, хамтын гэрээнд заасан нөхцөлөөс дордуулсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж хуульд заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, бүтэн жилээр хийсэн гэрээгээ цуцалсан байна. Энэ бүхэн нь О багшийг гадаад хүн гэдгээр нь ялгаварлан гадуурхаж Үндсэн хуульд заасан ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн байна. Багшийн орон тоо нь байнгын орон тоо тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.1-т зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байх ёстой юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 21.5-т Хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт заасан нөхцөлөөс дордуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэж заасан байдаг тул Пийн захирлын тушаал нь үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн хууль бус шийдвэр байна. И-мейлээр ирсэн гэх тушаал нь тамга тэмдэг байхгүй, он, сар, өдөр байхгүй байгаа тул нотлох баримтаас хасуулах саналтай байна. Учир нь баталгаажаагүй сайдын тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халсан байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар батлагдаж байна. Хариуцагч нь хамтын гэрээний 3.6а-д заасныг үндэслэсэн юм бол үүнийгээ нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгөх ёстой байсан. Иймд 2018 оны 3 сарын 20-ны өдрийн Б/2 тоот ажлаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байх хугацааны цалин, амралтын мөнгийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгахыг хүсэж байна. О багшийн нэг өдрийн цалин 33977 төгрөг болж байгаа бөгөөд үүнийг ажиллаагүй ажлын 64 хоногоор үржүүлэхээр 2174552 төгрөг гарч байгаа бөгөөд үүн дээр амралтын мөнгө 3460000, нийт мөнгө 5634552 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Дорнод аймаг дахь П кийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дамдинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О нь Дорнод аймаг дахь П кид орос хэлний багшаар ажиллаж байсан. Сургуулийн жил бүрийн бүтэц орон тоог яамны сургалтын чиглэлийн заавар зөвлөмжийн дагуу хөтөлбөр, төлөвлөгөөг хөдөлмөр халамжийн ерөнхий газраар батлуулан ажилладаг. 2017-2018 оны хичээлийн жилд гадаад хэлийг англи хэл дээр заах болсон чиглэл бүхий төлөвлөгөөг батлан ирүүлсэн. Тус сургууль нь 2017-2018 оны хичээлийн жилээс өмнөх сургалтын төлөвлөгөөнд мэргэжлийн онцлогоос шалтгаалан Орос улстай хамтран ажиллах гэрээний дагуу багш оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэн ажилладаг байсан. Үүнд: Авто засварчин, малын бага эмч, санитар мэргэжлийн ангиудад орос хэлний хичээлийг тусган заалгадаг байсан. Гэтэл 2017 оны 9 сарын 5-ны өдөр Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар, Мэргэжлийн боловсролын бодлогын хэрэгжилтийн газрын мэргэжлийн болон техникийн боловсролын агуулга арга зүй хариуцсан мэргэжилтэн Эс е-мэйлээр 3 хавсралт зөвлөмж ирсэн. Зөвлөмжийн тавдугаарт хичээлийн нэршил, цаг товъёог өөрчлөхгүй байхыг анхааруулж байна гэсэн заавар ирсэн. Тус жишиг загварт гадаад хэлний хичээлээр зөвхөн англи хэлийг заахаар тусгасан байсан. Дээрх заавар зөвлөмжийг сургууль өөрчлөх эрхгүй юм. Зөвлөмжийн дагуу сургалтын төлөвлөгөөг боловсруулж 2017 оны 9 сарын 29-ний өдрөөр батлан мөрдүүлж эхлээд байна. Уг зөвлөмж нь 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн шинэ сургалтын төлөвлөгөөгөөр явах шаардлагатай байсан боловч Ш.О багшид 2017 оны 9 сарын 01-ний өдөр хуваарилсан 448 цагийн хичээлийг нэгэнт төлөвлөсний дагуу заалгахаар хэвээр үлдээсэн болно. Мөн Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн журам батлах тухай тушаалын дагуу тухайн багшийн хичээлийн жилийн цагийн хуваарилалт зэргийг харгалзахын зэрэгцээ Хөдөлмөр халамж, үйлчилгээний ерөнхий газраас баталж ирүүлсэн сургалтын төлөвлөгөөгөөр англи хэл заалгах сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөтэй учир орос хэлний хичээлийн цаг хасагдаж, хувиарлагдсан цагаа зааж дууссан болно. Ийм учир 2017-2018 оны хичээлийн жилд О багшид хувиарлагдсан багц цаг нь Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын журам батлах тухай тушаалд заасан шалгуурт хүрэхгүй байгаа тухай О багшид танилцуулж, ярилцсан. Мөн 2017-2018 оны хичээлийн жилд гадаад хэлийг Англи хэлээр орох чиглэл ирснийг бид хэлээд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах талаар танилцуулан 2018 оны 1 сарын 5-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар ярилцаж, хугацааны талаар тохирсон. Энэ өдрөөс хойш орос хэлний хичээл заалгахгүй, цаг нь дууссан болохыг ойлгуулан гэрээгээ хугацаатай байгуулсан. Үүнийг ч О багш хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан болно. Мөн 2017-2018 оны хичээлийн жилд сургалтын төлөвлөгөөгөө хуваарийн дагуу заах багшийн багц цаг нь 20 буюу нийт 810 цагтай байх ёстой байтал 448 цаг буюу багц цагийн журамд зааснаас бага цагтай байсан. Иймд уг багш нь 448 цагаа хичээлийн жилийн нэгдүгээр хагаст сургалтын төлөвлөгөөгөө заах хичээлийн цаг, хуваарийн дагуу зааж дуусгасан. Ингээд гэрээний хугацаа дууссан тухай мэдэгдлийг 2018 оны 1 сарын 23-ны өдөр Ш.Од хүлээлгэн өгсөн. Уг мэдэгдэлд хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан болох талаар мэдэгдэж, 2018 оны 2 сарын 22-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөх болсныг тусгаж бичгээр гардуулан өгсөн. Гэтэл О багш нь акт аваад биеэ үзүүлж байсан тул акттай хугацааг дуустал буюу өвчтэй үед ажлаас чөлөөлж болохгүй тул хуулийн дагуу актаа авчирч өгсний дараа буюу актны хугацаа дуустал ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй болно. Харин актаа гаргаж өгөөд тушаалаа гаргуулъя гэж хэлсэн хугацаанд буюу 2018 оны 3 сарын 20-ны өдөр тушаалыг гардуулан өгсөн. Ингээд хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул өөрт нь мэдэгдэх хуудас гардуулснаас 2 сарын дараа ажлаас чөлөөлсөн. О нь нэхэмжлэлдээ 5 жилийн тэтгэмж авсанд хувийн өс хонзон санасан гэж мэдүүлсэн байна. Манай коллежийн захиргаа нь мөнгө санхүүтэй холбоотой асуудал дээр дээд шатны байгууллага болох яам агентлаг, холбогдох байгууллагаас зөвшөөрөл авсны дагуу хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Гадаадын иргэн болох Од төрийн албанд хаагчид олгодог тэтгэмжийг олгох хуулийн заалт байхгүй, эргэлзээтэй байсан тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тодруулга, зөвшөөрөл хүссэн 2017 оны 11 сарын 16-ны өдрийн 209 дугаартай албан бичгийг хүргүүлсэн. Гэвч хариу тодорхой бус байсан тул Дорнод аймгийн төрийн албаны салбар зөвлөлд 2017 оны 12 сарын 12-ны өдрийн 225 дугаартай албан бичгээр дүгнэлт, зөвлөгөө хүссэн бөгөөд нэг хувийг нь Дорнод аймгийн Аудитын газарт хүргүүлсэн. Тус коллеж нь мөнгө, санхүүтэй холбоотой асуудлаар буруу шийдвэр гаргавал акт, төлбөр тавигдах тул холбогдох дээд шатны байгууллагаас зөвшөөрөл дүгнэлт хүссэн юм. Ингээд хариу албан бичгүүд ирсний дагуу хуулийн хугацаанд О багшид 5 жил ажилласны тэтгэмж олгосон. Үүнийг буруу ойлгож, хувийн өс хонзон санасан гэж үзсэн байна. Уг багшийн заадаг байсан хичээл төлөвлөгөөнөөс хасагдаж, хуваарилагдсан цаг нь дууссан учир цаашид орос хэлний багшийн орон тоо гаргах боломжгүй болсон. Мөн хуваарилагдсан цаг нь үндсэн багшийн багц цагт хүрэхгүй байх тул тус багштай 2017-2018 оны хичээлийн жилд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан. Энэхүү гэрээг өөрөө зөвшөөрсөн бөгөөд гарын үсгээ зурсан. Үүнийг О багш сайн ойлгож байгаа ч ойлгоогүй юм шиг дүр үзүүлж хүндрэл учруулж байна. Тус коллеж нь төсвийн захирагч нь батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажилчдын цалин хөлсийг тогтоох бүрэн эрхтэй гэсний дагуу мөн Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 198/215 дугаартай журам батлах тухай тушаалууд болон 2017-2018 оны хичээлийн жилд О багштай хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тул хуулийн хүрээнд шийдвэр гарсан гэж үзэж байна. Иймд тус коллеж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай коллеж нь О багшаас гадна олон гадаад багш нартай хамтран ажилладаг. Ийнхүү гадаад багш нартай хамтран ажиллахдаа ялгаварлан хандаж байгаагүй” гэжээ.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үр дүнгийн гэрээг бүтэн жилээр байгуулчихаад хууль зөрчиж гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. Хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж болохгүй гэсэн заалт хуульд байхгүй. Хугацаагүй гэрээ байгуулсан ажилтан тодорхой шаардлага үүссэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдах ёстой. Үүнийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан байдаг. Үүний дагуу 1 сарын өмнө ажилтанд мэдэгдэл өгч, тушаал шийдвэрээ гаргаж болох талаар хуульд заасан байгаа. О багшийн орос хэл заах ажлын байр тус коллежид байхгүй болчихоод байхад заавал үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай зөвшилцөх шаардлага байхгүй. О багш нь байнгын ажлын байранд ажиллаж байсан боловч 2017 оны 9 сарын 20-ны өдрөөс эхлэн англи хэлний хичээл заагдах болсон гэдэг нь хүн бүрт ойлгомжтой байсан. О багш өөрөө ч энэ талаар мэдэж байсан байна. Ингэж болох юм уу гээд асуугаад явж байснаа О багш өөрөө хэлж байна. О багшийг ялгаварлан гадуурхсан зүйл огт байхгүй. Ялгаварлан гадуурхаж байна гэдэг үг зөвхөн О багш болон түүний өмгөөлөгчийн амнаас л гарч байна. Гадаад хүнийг ялгаварлан гадуурхах зүйл Монгол Улсад байхгүй болсон. О багш нь өөрийнх нь эрх ашиг хөндөгдөөд ирмэгц ойлгохгүй байна гэчихээд өөрт нь ашигтай болонгуут эрх ашгаа хамгаалаад яваад байгаа нь харагдаж байна. Үнэхээр өөрийг нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж үзэж байгаа бол үүнийгээ нотлох баримтаар нотлох ёстой. Харин ч эсрэгээр коллежийн удирдлагууд 2017 оны 9 сарын 20-ны өдөр төлөвлөгөөгөө батлангуутаа О багшийг ажлаас халж болох байсан боловч 448 цагийн хичээлийг заах боломжийг олгосон байдаг. О багшийг халагдах асуудал яригдаж ажлаас халах тухай мэдэгдлийг өгөөд эхлэнгүүт О багш нь өвчилж 2, 3 акт авч ажлаас халах тушаал гаргаж болохгүй нөхцөл байдлыг үүсгэсэн. Ингээд хуульд заасан нөхцөл журмын дагуу О багшийг ажлаас халах асуудлыг шийдвэрлэсэн. 2017 оны 9 сараас О багш нь өөрийгөө халагдана гэдгээ мэдэж байсан. Орос хэлний багшийн орон тоо байхгүй болсон байгаа нь орон тоо цөөрүүлсэн бус орон тоо хасагдсан гэж үзэхээр байгаа. Энэ зөвлөмж нь зөвхөн Дорнод аймгийн П кид бус Монгол улс дахь бүх мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвд хамаарах хэм хэмжээ юм. Нэхэмжлэгч тал ярихдаа П кийн удирдлагууд хувийн ашиг сонирхлын үүднээс орос хэлний багшийн орон тоог байхгүй болгосон гэж ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулинд захиргааны санаачлагаар ажлаас халах үндэслэлийг заасан байдаг. О багш нь орос хэлний хичээлийг оруулахгүй байгаа талаар дээд шатны байгууллагаас асуусан, тодорхойлолт авсан, гомдол гаргасан зүйл байхгүй байна. Энэ бүхэн нь хуульд заасан үндэслэлээр халагдаж байгаагаа О багш мэдэж байсныг харуулж байна. Хөдөлмөрийн гэрээг 2 хувь үйлдэж, гарын үсэг зуруулсан. Нэг хувийг ажилтанд өгч, нөгөө хувийг байгууллагын захиргаа өөр дээрээ хадгалдаг. Байгууллагын захиргаанд хадгалагдаж байгаа хөдөлмөрийн гэрээнд О багшийн гарын үсэг, он, сар, өдөр нь тодорхой бичигдсэн байдаг. Өөрөөр хэлбэл 9 сараас хойш О багшийн ажлын байр байхгүй болно гэдгийг нь өөрт мэдэгдэж, хөдөлмөрийн гэрээнд хугацааг нь тавьсан байдаг. Нэгэнт тус коллежид орос хэлний хичээл байхгүй болсон тул О багшид сул цалин өгөөд байлгаад байх боломжгүй тул ажлаас халахаас өөр аргагүй болсон. Өмнөх жилүүдэд О багшийн багц цаг хүрэхгүй байхад нь сургуулийн захиргаанаас клуб ажиллуулдаг байдлыг харгалзан үзэж багц цаг нэмж өгч цалин хөлсийг нь бүтэн олгодог байсан. Улс даяар мөрдөх дүрэм, журмыг зөвхөн ганц багшаас болж зөрчих боломжгүй юм. О багш хэдийгээр намайг ажлаас халсан үндэслэлийг ойлгохгүй байна гэж байгаа ч үнэндээ бол бүгдийг ойлгож байсан. Тиймдээ ч О багш өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байдаг. Иймд ажлаас халсан шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 16-ны өдрийн 138/ШШ2018/00627 дугаар шийдвэрээр:

1/ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Дорнод аймаг дахь П кид холбогдуулан ажлаас үндэслэлгүйгээр халсан гэх П кийн захирлын 2018 оны 03 сарын 20-ны өдрийн Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан 64 хоногийн олговорт 2174552 төгрөг, амралтын мөнгөний тооцоо 3460000 төгрөг нийт 5634552 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Ш О Н-гийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2/ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, ...шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ш о н давж заалдах гомдолдоо: “...Дараах үндэслэлээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тухай дээд байгууллагаас гарсан ямар ч тушаал шийдвэр байхгүй. Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, Мэргэжлийн боловсролын бодлогын хэрэгжилтийн газрын мэргэжлийн болон техникийн боловсролын агуулга, арга зүй хариуцсан мэргэжилтэн Д.Эрдэнэбат гэдэг хүнээс ирсэн э-мэйл захидлыг үндэслэж орон тоог хассан гэсэн Политехникийн коллежоос өгсөн тайлбарыг шүүх нотлох баримтаар үнэлсэн нь буруу гэж үзэж байна. Цаг үеийн шаардлагаар э-мэйлээр албан бичиг хүргүүлж болох ч түүнийг дараа нь эрх бүхий албан тушаалтан тамга, гарын үсгээр баталгаажуулсан албан бичгээр хүргүүлсэн байх ёстой.

Сургалтын хөтөлбөрийг Политехникийн коллежоос боловсруулж дээд газартаа хүргүүлэн батлуулсан байх бөгөөд манай сургуульд орос хэлний багштай байх шаардлага одоо ч хүртэл байсаар байгаа нь олон баримтаар нотлогдож байна. Би зөвхөн орос хэлний багш биш техникийн инженерийн чиглэлээр магистрийн зэрэгтэй бөгөөд зайлшгүй шаардлагаар орос хэлний сургалтыг зогсоосон бол Хөдөлмөрийн тухай хуулийн 32.1, 33.1 дэх заалтын дагуу өөр ажилд томилон ажиллуулж болох байсан.

Мөн хуулийн 40.1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон тухай юуг үндэслэж тогтоосон болох нь ойлгомжгүй байна. Албан үүрэгтээ чин сэтгэлээр хандаж олон ажил үүргийг өөрийн санаачилгаар гүйцэтгэж ирсэн ба хөдөлмөрийн сахилга алдаж байсан удаа байхгүй. ...

Миний ажлын байр нь байнгынх бөгөөд надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.2-т заасан заалтуудыг зөрчин гарын үсэг зуруулсны дараа надтай тохиролцохгүйгээр хугацааг хуурамчаар тавьсан баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгснийг шүүхээс анхаарч үзээгүй. Шүүх хуралд хүний нөөцийн менежер Х.Чулуунцэцэгийг гэрчээр асуулгах талаар хүсэлт өгөхөд шүүх хуралд оролцуулж мэдүүлэг аваагүй.

Сургуулийн захирал, сургалтын менежер зэрэг хүмүүс байнга хавчин гадуурах үйлдэл гаргадаг. ...Орос хэлний хичээлийн цагийг багасгах, гадаад хэлний хөтөлбөрөөс хасах зэргээр миний ажлын орон тоог байхгүй болгох ажлууд хийгдсэн. ...Мөн ажлаас халахын тулд хичээлийн хуваарийг бямба гарагт хүртэл орсноор шахаж бүртгэл хөтлүүлэн хөтөлбөрийг дуусгаж тэр хугацаагаараа гэрээний он, сарыг сүүлд нь бичсэн. Намайг ажлаас халж, миний үүсгэн байгуулсан Матрёшка клубын нэрийг өөрчлөн Дружба болгон нээлтийн үйл ажиллагааг 2018 оны 04 сарын 18-нд хийсэн. Өөрсдийнх нь алдааг шударга үнэнээр хэлсний төлөө хүний нөөцийн менежер Х.Чулуунцэцэг, сургалтын менежер Б.Эрдэнэсоёл нар төрөл бүрээр хавчин гадуурхаж загнаж доромжилдог нь олон хүний нүдэнд ил байгаа.

Өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 1 жил 10 сар дутуу байсан бөгөөд өөр ажилд шилжүүлэн томилж ажиллуулах бүрэн боломжтой байсаар байтал ажлаас хохирол учруулж байгаа зэрэг хавчин гадуурхсан, хууль бус үйлдлүүд илт байхад хариуцагчийн өмгөөлөгч М.Энхтуяа сургуулийн зөв мэтээр тайлбар хийсэн зэрэгт гомдолтой байгаа тул шүүхийн шийдвэртэй холбогдуулан гаргаж буй дээрх татгалзал үндэслэлийг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 16-ны өдрийн 138/ШШ2018/00627 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Дорнод аймаг дахь П кийн захирал нь 2018 оны 03 сарын 20-ны өдрийн Б/02 дугаар тушаал гаргаж, багш Ш овогтой О Н-г багшийн ажлаас чөлөөлөхдөө Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Монгол Улсын Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/198/215 дугаар “Журам батлах” тухай тушаалаар батлагдсан 1 дүгээр хавсралтын “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам”-ын 1.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Дорнод аймаг дахь П кийн сургуулийн захиргаа Үйлдвэрчний эвлэлийн хороотой 2017 оны 02 сарын 02-ны өдөр байгуулсан хамтын гэрээний 3.6 А дахь заалтуудыг тус тус үндэслэл болгожээ. /хх-ийн 2 дахь тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт нь зохигчдын хооронд үүссэн маргаанд хамааралтай тул ажил олгогчийн тушаалын үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтад нийцсэн эсэхийг тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцалж болохыг зохицуулсан байна.

Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 сарын 27-ны өдрийн А/21 дугаар тушаалын хавсралтаар Дорнод аймаг дахь П кийн бүтэц, орон тоог 93 орон тоотойгоор баталж ирүүлсэн байна. /захиргаа, аж ахуйн алба 30, сургалтын алба 63, нийт 93, хх-ийн 27 дахь тал, нотариатаар гэрчлүүлээгүй, эх хувь биш/

Дээрх баримтаас үзэхэд тус коллежийн бүтэц, орон тоо 2017-2018 оны хичээлийн жилд батлагдсан орон тоо, түүн дотроо багшийн орон тоо өмнөх хичээлийн жилийн орон тооноос хасагдсан, цөөрсөн эсэх нь мэдэгдэхгүй байна.

Тухайн хичээлийн жилд ажилтан Ш О Н нь 448 цаг орос хэлний хичээл заахаар хичээлийн цагийн хуваарь, багшийн үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэгт тусгагдсан, мөн ажил олгогч коллеж нь ажилтантай үр дүнгийн гэрээ байгуулж, гэрээний 6.1-д зааснаар гэрээгээ 2018 оны 06 сарын 15-ны дотор дүгнэхээр заасан байна. /хх-ийн 6-9, 10-12, 41 дэх талууд/

Түүнээс гадна хариуцагч байгууллагын төлөөлөгчийн тайлбарт “Манай сургууль нь ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Хөдөө аж ахуйн дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг бөгөөд гэрээний дагуу тус сургуулиас 3 сар тутам 7-14 хоногийн хугацаатай дадлага хийхээр хүүхдүүд ирдэг. Багш О Н-г ажлаас чөлөөлсний дараа тус сургуулиас дадлага хийхээр багш оюутнууд ирсэн. Энэ үед гаднаас орчуулагч авч ажиллуулсан. Зарим тохиолдолд өөрийн сургуулийн гадаад хэлтэй багш нараар орчуулга хийлгэж дадлагын ажлыг явуулдаг” гэж тайлбар гаргасан ба энэ талаар гэрчээр асуугдсан О.Даваасүрэнгийн мэдүүлгээр нотлогдож байна. /хх-ийн 110-111 дэх тал/

Иймд хэрэгт авагдсан баримтуудаар П кийн орос хэлний багшийн орон тоог байнгын ажлын байр гэж үзэх үндэслэлтэй ба уг орон тоог хасагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн байнгын ажлын байранд ажиллаж байгаа ажилтантай ажил олгогч нь хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр ажилтанг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтуудыг ажил олгогч П к зөрчсөн байна.

Ийм учраас ажилтан О Н-г ажил олгогч П кийн орос хэлний багшийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, бичилт хийлгүүлэхийг ажил олгогчид даалгуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Ажилтан О Н нь 2018 оны 03 сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн ба түүний нэг сарын цалин тус коллежоос гаргаж өгсөн баримтаар 713525 төгрөг, нэг өдрийн цалин 33187 төгрөг болж байна. Ажилтан нь ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш нийт 134 хоног ажилгүй байсан ба ажилгүй байсан хугацааг нэг өдрийн цалин 33187 төгрөгөөр үржүүлэн тооцоход нийт 4 447 058 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж ажилтанд олгох нь зүйтэй байна. /2018 оны 03 сард 9 хоног, 4 сард 21 хоног, 5 сард 23 хоног, 6 сард 20 хоног, 7 сард 19 хоног, 8 сард 23 хоног, 9 сард 19 хоног, нийт 134 хоног/, /хх-ийн 88-89 дэх талууд/

Ажилтан О Н-гийн ажилгүй байсан хугацаанд түүний ээлжийн амралтын хугацаа таарч байгаа бөгөөд ажил олгогч тал ээлжийн амралтын цалин болон хугацааг тооцох боломжтой гэж шүүх үзэв.

Нэхэмжлэгч тал тус шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох ажилгүй байсан хугацааны цалингаа нэмэгдүүлж шаардлагаа 6 585 916 төгрөг болгосон ба уг шаардлыг зөрүү 2 138 858 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж тус шүүх дүгнэв.

Ажил олгогчийн шийдвэр /тушаал/ нь хууль зүйн факт болохын хувьд эрх зүйн үр дагавар үүсгэдэг учраас захирлын Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзнэ.

Ажлаас үндэслэлгүй халагдсан талаарх гомдол нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болно.

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан тул хариуцагч П коос улсын тэмдэгтийн хураамжид 86 106 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч Ш овогтой О Н-гийн давж заалдах гомдлыг хүлээн авч ханган, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 16-ны өдрийн 138/ШШ2018/00627 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Ш овогтой О Н-г Дорнод аймаг дахь П кийн орос хэлний багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт4 447 058 төгрөгийг хариуцагч П коос гаргуулж нэхэмжлэгч Ш овогтой О Н-д олгож, түүний эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 2 138 858 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О Н нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П коос улсын тэмдэгтийн хураамжид 86 106 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч О Н нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                  

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.НАРАНБАЯР

                  ШҮҮГЧИД                                                              Ж.ДОЛГОРМАА                                                                                                                                                       З.ЭНХЦЭЦЭГ