| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2020/03215/И |
| Дугаар | 101/ШШ2021/02001 |
| Огноо | 2021-07-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2021/02001
2021 07 05 101/ШШ2021/02001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид Б.Цолмонгэрэл, Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 2-р хороо, 2-р хэсэг, Их Дарь Эх 1-р гудамж, 194 тоотод оршин суух, Боржигон овогт Дашнямын Батчулууны /РД: ЧЖ70041335/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Жанжин 19-р гудамж, 393 тоот хаягт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Дунд Давааны 1-35 тоот хаягт түр оршин суух, Тайж овогт Жанжаадоржийн Отгондоржид /РД:ЦИ57062212/ холбогдох,
Гэм хорын хохиролд 8,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сансартуяа,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төмөрхүү,
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхбаатар,
Гэрч Б.Уламбаясах, Ц.Долгорсүрэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Батчулууны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмарсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сансартуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2019 оны 9 сарын 22-ны өдөр Ж.Отгондорж нь Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд давааны ам гэх газарт Д.Батчулууныг модоор цохиж биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн.
Уг шийтгэх тогтоолд хохирогч Д.Батчулууныг цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан шийдвэрлэсэн.
Үүний дагуу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар дараахь зардлыг хариуцагч Ж.Отгондоржоос нэхэмжилж байна.
Үүнд: 2019 оны 10 сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 сарын 10-ны өдрийг хүртэл Г.Сүхболд гэдэг хүнээр толгой, нурууны бариа засал хийлгэж, эмчилгээний зардалд нийт 2.000.000 төгрөг төлсөн.
Хөлөн тус газраа гэмтэл авсан боловч тэр нь толгой, нуруунд нь нөлөөлсөн. Ямар нэгэн эмчийн заавар байхгүй хэдий ч толгой, нуруу нь өвдөөд байсан тул сайн дураараа бариулсан. Амбулаторын карт байхгүй хэдий ч өөрөөс нь гарсан бодит зардал гэж үзэн нэхэмжилж байгаа.
Д.Батчулуун нь мал аж ахуй эрхэлж амьдардаг бөгөөд 2019 оны 9 сарын 22-ны өдөр Ж.Отгондоржид зодуулснаас болоод нэхэмжлэл гаргах үе хүртэл хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдсан гэж үзэж байгаа.
2019 оны 9 сарын 27-ны өдөр 21 тооны адууг Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Хонхор тосгоноос Дорноговь аймаг руу тээвэрлүүлсэн бөгөөд тээврийн хөлсөнд М.Сонинбилэг гэж хүнд 1.500.000 төгрөг өгсөн.
Уг 21 тооны адууг Дорноговь аймагт Ц.Батсүх гэх хүнээр 2019 оны 9 сарын 28-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2020 оны 6 сарын 25-ны өдрийг маллуулсан ба 1 сарын хөлс 300.000 төгрөг, нийт 2.700.000 төгрөг.
Төв аймгийн Баянчандмань суманд Л.Ариунаа гэж хүнээр 15 тооны үхрийг 2019 оны 10 сарын 01-ний өдрөөс хойш 9 сарын хугацаанд маллуулсан ба 1 сарын хөлс 300.000 төгрөг, нийт 2.700.000 төгрөг, бүгд 8.900.000 төгрөгийн хохирол Д.Батчулуунд учирсан.
Иймд Д.Батчулуунд учирсан бодит хохирол 8.900.000 төгрөгийг хариуцагч Ж.Отгондоржоос гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ж.Отгондорж шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төмөрхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Батчулууны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоолоор 560.317 төгрөгийг Д.Батчулуунд төлж барагдуулсан.
Ж.Отгондорж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль төлсөн. Д.Батчулууны эрүүл мэндийн хохирлын нотлох баримтыг шүүх хангалтгүй гэж үзсэн.
Д.Батчулуун өөрийн малаа хүнээр маллуулдаг нь энэ хэрэгт хамааралгүй. Учир нь энэ хэрэг болохоос үл хамаарч байнга хүнээр малаа маллуулдаг байсан бөгөөд тэрээр жил бүрийн хавар Баянзүрх дүүргийн 11-р хороонд ирж хаваржин, зусаж байгаад намар нь буцаж нүүдэг айл юм.
2019, 2020 онуудад мал тооллого хийх үеэр Баянзүрх дүүргийн 11-р хороо, Дунд даваа гэх газарт Д.Батчулууны мал байгаагүй, түүний амаар тооллого хийсэн.
Д.Батчулуун нь бөө, зайран бөгөөд хотод байдаг. Энэ хүн хэзээ ч өөрөө малаа маллаж байгаагүй ба малчнаа байнга сольж дарамтлан, цалингаа гүйцэд өгдөггүй хөөж явуулж байсныг Дунд даваанд амьдарч байгаа иргэд мэднэ.
Тэр хүний жил бүхэн тогтмол хийгдэг хавар, намрын хуваарьт нүүдлийн болон малчны цалин зардлыг төлөх боломжгүй гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Батчулуун нь хариуцагч Ж.Отгондоржид холбогдуулан гэм хорын хохирол 8.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Ж.Отгондорж нь 2019 оны 9 сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд давааны ам гэх газарт Д.Батчулууныг модоор цохиж биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон гэжээ.
Мөрдөн байцаах ажиллагааны явцад Д.Батчулууны биед учирсан гэмтлийн зэргийг тогтоох зорилгоор хийгдсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 сарын 24-ний өдрийн 11544 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
-Д.Батчулууны биед хоёр хөлийн тавхайн чигчий хурууны угийн шивнүүрийн ясны хөндлөн сэлтэрсэн далд хугарал, тархи доргилт, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зөөлөн эдийн няцрал, бүсэлхийд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хэвлийд зулгаралд гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлийн байдлаас хамаарна гэжээ.
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 сарын 20-ны өдрийн 475 дугаар бүхий шийтгэх тогтоолоор Жанжаадоржийн Отгондоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэн,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Төрийн сангийн 100900005406 дугаартай данснаас 360.000 төгрөг, Ж.Отгондоржоос 203.317 төгрөг тус тус гаргуулан нийт 560.317 төгрөгийг хохирогч Д.Батчулуунд олгон, Д.Батчулууныг цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан шийдвэрлэсэн ба шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч хэн аль нь гомдол гаргаагүй бөгөөд уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
/ХХ-ийн 6-9 дүгээр тал/
Хариуцагч Ж.Отгондоржийн дээр дурдсан үйлдлийн улмаас нэхэмжлэгч Д.Батчулуунд доор дурдсан хохирол учирсан хэмээн нэхэмжилж байна. Үүнд:
-2019 оны 10 сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд толгой, нурууны бариа засал хийлгэсэн 2.000.000 төгрөг,
-2019 оны 09 сарын 27-ны өдөр 21 тооны адууг Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Хонхор тосгоноос Дорноговь аймаг руу тээвэрлүүлсэн хөлс 1.500.000 төгрөг,
-Дорноговь аймагт Ц.Батсүх гэх хүнээр 21 тооны адууг 2019 оны 09 сарын 28-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах хүртэл маллуулсан хөлс 1 сарын 300.000 төгрөг, нийт 2.700.000 төгрөг,
-Төв аймгийн Баянчандмань суманд Л.Ариунаа гэх хүнээр 15 тооны үхрийг 2019 оны 10 сарын 01-ний өдрөөс хойш 9 сарын хугацаанд маллуулсан хөлс 1 сарын 300.000 төгрөг, нийт 2.700.000 төгрөг, бүгд 8.900.000 төгрөгийг нэхэмжилж байна.
Г.Сүхболд 2021 оны 3 сарын 22-ны өдөр шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ: Д.Батчулуун сар шахам бариулсан. Олон хүн ирдэг учир хэн хэдэн төгрөг тавьдгыг мэдэхгүй. Тэгэхээр Д.Батчулуун хэдэн төгрөг тавьсныг мэдэхгүй. 2-3 жилийн өмнө бариулж байсан. гэжээ.
/ХХ-ийн 77-79 дүгээр тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох үүрэгтэй ба хариуцагч Ж.Отгондоржийн үйлдлийн улмаас тэрээр толгой, нурууны бариа засал хийлгэсэн гэх боловч энэ нь түүний үйлдлийн улмаас үүдсэн нь болон эмчийн заавраар уг эмчилгээг хийсэн эсэх нь тодорхойгүй, мөн төлбөрт нь 2.000.000 төгрөг төлсөн гэж үзэхээргүй байна.
М.Сонинбилэгт 2020 оны 11 сарын 2-ны өдөр шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:
2019 оны 9 сарын 27-ны өдөр Налайхаас 10 унагатай гүү, 1 азарга Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу хүргэсэн. Хөлсөнд нь 1.500.000 төгрөг авсан. Д.Батчулууны дүү н.Батцогт хөлсийг нь өгсөн бөгөөд тэр адууг хүлээж авсан ... гэжээ.
/ХХ-ийн 67-68 дугаар тал/
Нэхэмжлэгч Д.Батчулуун нь Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд давааны ам гэх газарт тодорхой тооны үхэр, адууг бусдад хөлс төлөн маллуулж байсан нь гэрч Ц.Батсүх, Л.Ариунаа, Б.Уламбаясах, Ц.Долгорсүрэн нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд харин бусдад хөлс төлөн малаа маллуулж байсан болох нь хариуцагч Ж.Отгондоржийн үйлдэлтэй шалтгаант холбоогүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,
505 дугаар зүйлийн 505.1-т Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.
Хариуцагч Ж.Отгондоржийн дээрх дурдсан үйлдлийн улмаас нэхэмжлэгч Д.Батчулуунд 8.900.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч Ж.Отгондоржид холбогдох гэм хорын хохирол 8.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Батчулууны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэдийн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмарсүрэн нар шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.8-д заасныг үндэслэн зохигчийн хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ж.Отгондоржид холбогдох гэм хорын хохирол 8.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Батчулууны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Д.Батчулуун нь улсын тэмдэгийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН
ШҮҮГЧИД Б.ЦОЛМОНГЭРЭЛ
Д.ЯНЖИНДУЛАМ