Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2021/02064

 

 

 

 

 

 

 

2021 07 08 101/ШШ2021/02064

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Жанжин 24-р гудамж, 562 тоотод оршин суух, Өлзиймаагийн Буяндэлгэрийн /РД: ЕЭ66032579 нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, Энх тайваны өргөн чөлөө 16а, Засгийн газрын 9-р байр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин 41.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Буяндэлгэр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Буяндэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 сарын 27-ны өдрийн 1480 дугаар шийдвэрээр намайг Хөдөө аж ахуйн биржийн Зохицуулах зөвлөлийн хурал, шийдвэр болон орон нутгийн оролцогчдын асуудал, тээвэр, логистикийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 19.189.580 төгрөгийг олгож шийдвэрлэсэн.

2019 оны 4 сард намайг яаман дээр дуудсан ба би холбогдох утасны дугаараа өгч анкет бөглөсөн бөгөөд эргээд дуудна гэсэн ч дуудаагүй. Би 2-3 сар орчим хүлээсэн. Ярихгүй болохоор найзтайгаа Дундговь аймагт жоншны уурхайд 27-28 хоног ажиллаад ирсэн бөгөөд энэ хооронд залгасан байсан. Би зүгээр суугаад байж болохгүй биз дээ, амьдрахын тулд мөнгө олно. Ингээд ажил руугаа залгахад өөр хүн авсан гэсэн.

Би өнгөрсөн хугацаанд 2 ч удаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргатай уулзах гэж оролдоод чадаагүй. Уулзах гээд цаг авахаар ийм асуудлаар уулзахгүй гэдэг. Шүүхийн шийдвэрийг төрийн яам биелүүлэх ёстой үзэж байна.

Намайг урьд эрхэлж байсан ажилд маань эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр одоог хүртэл бүрэн хэрэгжихгүй байгаа бөгөөд би өнөөг хүртэл ажилдаа орж чадаагүй. Иймд 2017 оны 5 сараас 2020 оны 11 сар дуустал 43 сарын цалинтай тэнцэх олговорт 41.000.000 төгрөгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ө.Буяндэлгэрийн ажилгүй байсан хугацааны цалин 41.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэрийн дагуу түүнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа газар Хөдөө аж ахуйг дэмжих санд томилохоор 2019 оны 4 сард дуудсан ч ирээгүй.

Шаардлагатай үед холбоо барих хүн болох эгчтэй нь холбогдож ажилдаа орохыг утсаар мэдэгдсэн боловч Ө.Буяндэлгэр одоог болтол Хөдөө аж ахуйг дэмжих сантай холбогдоогүй байна. Ө.Буяндэлгэртэй хамт чөлөөлөгдсөн Н.Бямбасүрэн дуудахад хүрэлцэн ирж ажилд орсон ба одоо ажлаа хийж байгаа. Ө.Буяндэлгэрийг ажилд томилохоор дуудахад тэрээр ирэхгүй байгаа нь ажилдаа буцаан томилогдох хүсэл зориггүй байгааг харуулж байна. Иймд Ө.Буяндэлгэрийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Буяндэлгэр нь хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 41.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 сарын 27-ны өдрийн 1480 дугаар бүхий шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Хөдөө аж ахуйн Биржийн зохицуулах зөвлөлийн ажлын албаны А/8 тоот тушаалыг хүчингүй болгож,

нэхэмжлэгч Ө.Буяндэлгэрийг Хөдөө аж ахуйн Биржийн Зохицуулах зөвлөлийн хурал, шийдвэр болон орон нутгийн оролцогчдын асуудал, тээвэр, логистикийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож,

хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 19.189.580 төгрөгийг олгож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрт зохигч хэн аль нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

/ХХ-ийн 5-11, 51-54 дүгээр тал/

Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул нэхэмжлэгч Ө.Буяндэлгэр шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба 2017 оны 11 сарын 27-ны өдөр 223 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 1903 дугаар бүхий гүйцэтгэх хуудсыг олгон шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэжээ.

/ХХ-ийн 48-50 дугаар тал/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Р.Цэнд-Аюушийн 2017 оны 11 сарын 30-ны өдрийн 17262253 дугаар бүхий тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн тус шүүхийн 2017 оны 4 сарын 27-ны өдрийн 1480 дугаартай шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна.

/ХХ-ийн 55 дугаар тал, 55 дугаар хуудасны ар тал/

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэрээр тогтоосон ажилгүй байсан хугацааны цалин 19.189.580 төгрөгийг нэхэмжлэгч Ө.Буяндэлгэрт олгосон нь төлбөрийн баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба уг мөнгийг авсан талаараа нэхэмжлэгч Ө.Буяндэлгэр маргаагүй.

/ХХ-ийн 56 дугаар тал, 56 дугаар хуудасны ар тал/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг 2019 оны 1 сарын 15, 2019 оны 1 сарын 25, 2019 оны 5 сарын 16, 2019 оны 9 сарын 9, 2019 оны 10 сарын 31-ний өдрүүдэд тус тус хүргүүлж байжээ.

-2019 оны 1 сарын 15-ны өдрийн 2/2580 тоот мэдэгдэлд ... Төлбөр авагч Ө.Буяндэлгэрийг ... гүйцэтгэх баримт бичигт дурдсан ажилд эгүүлэн томилж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийн 2019 оны 1 сарын 22-ны дотор хариу ирүүлнэ үү,

-2019 оны 1 сарын 25-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд ... яамны хуулийн хэлтсийн дарга н.Цолмонжаргалтай уулзан ярилцлага хийв. ... Шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэв....,

-2019 оны 5 сарын 16-ны өдрийн 2/11917, 2019 оны 9 сарын 9-ний өдрийн 2/19602, 2019 оны 10 сарын 31-ний өдрийн 2/24013 тоот мэдэгдлүүдэд:

...Ө.Буяндэлгэр нарыг ... албан тушаалд эгүүлэн томилохыг даалгасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Шүүхийн шийдвэрийг биелүүлж шийдвэрлэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг баримт бичгийн хамт ирүүлнэ үү гэжээ.

/ХХ-ийн 57-60 дугаар тал/

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн 2020 оны 10 сарын 14-ний өдөр 01/3614 дугаар бүхий Хариу хүргүүлэх тухай албан бичигтээ ... Ө.Буяндэлгэр нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилд орох асуудлаар хүсэлт гаргасан, ирж уулзсан зүйл одоогоор байхгүй байна гэжээ.

/ХХ-ийн 61 дүгээр хуудасны ар тал, 62 дугаар хуудас/

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор ... гомдлоо гаргах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ө.Буяндэлгэр 2020 оны 11 сарын 3-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн нэхэмжлэл гаргасан ба тэрээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэх нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Шүүхийн хүчин төгөдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т Ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараах тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй, 36.1.2-т Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж зааснаас үзэхэд тус шүүхийн 2017 оны 4 сарын 27-ны өдрийн 1480 дугаар шийдвэрийг биелүүлж ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах нь хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны үүрэг болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй.

Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2017 оны 5 сараас 2020 оны 11 сарыг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 41.000.000 төгрөг шаарджээ.

Тус шүүхийн 2017 оны 4 сарын 27-ны өдрийн 1480 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ө.Буяндэлгэрийн 1 сарын үндсэн цалин 955.037 төгрөг, нэг өдрийн цалин 44.420 төгрөг гэж тооцон шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримтыг дахин нотлохгүй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ө.Буяндэлгэр нь 2017 оны 5 сараас 2020 оны 11 сарыг дуустал хугацаанд 41.066.591 төгрөгийн цалин авах байсан ба тэрээр 41.000.000 төгрөгийг шаардсан тул уг хэмжээгээр нь шийдвэрлэсэн болно.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ажилгүй байсан хугацааны цалин 41.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Өлзиймаагийн Буяндэлгэрт олгох нь зүйтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.4-т зааснаар нэхэмжлэгч Ө.Буяндэлгэрийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд даалгах үндэслэлтэй.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ажилгүй байсан хугацааны цалин 41.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Өлзиймаагийн Буяндэлгэрт олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.4-т зааснаар нэхэмжлэгч Ө.Буяндэлгэрийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлйин 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ө.Буяндэлгэрийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 362.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 362.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Буяндэлгэрт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН