| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0147/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/258 |
| Огноо | 2024-06-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/258
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул
Улсын яллагч Д.Чулуунпүрэв
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.*******
Шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******өд холбогдох 2439000000014 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ж.******* нь Хэнтий аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Хийдийн 3 дугаар гудамжид 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 19 цагийн орчим хохирогч П.*******тай маргалдаж, улмаар түүний цээж рүү цохиж, газар унагааж, түүний эрүүл мэндэд “толгойн хуйханд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 12 дугаар сарын 15-ны орой гэрээсээ хүүхдийнхээ цүнхтэй хувцсыг хүргэж өгөхөөр гараад *******той хамт явж байхад ******* гэдэг хүн араас ирээд архины шилээр цохисон. Архины шилийг нь авахдаа би халтирч унасан. Миний дээгүүр ******* гэх хүн давж ойчоод босож ирэхэд нь цус гарсан юм шиг байна лээ. Би тэгээд босоод явсан. ******* гэх хүн дэлгүүр явсан. Өөр зүйл болоогүй. ******* надтай хамт айлд мал ажиллахаар явах гэж байсан. Би архи уудаггүй. гэдэг хүнтэй муудаад тэрийгээ цохих гэж байгаад намайг цохисон гэж бодсон. ...би цохисон бол цохисон гэдгээ хэлнэ. Би зодоогүй учир хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.
Хохирогч П.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 12 дугаар сарын 14-ний орой ******* сумаас Хэнтий аймгийн төвд 22 цагийн үед гэрийн хаягийг сайн мэдэхгүй байна ******* сумаас ирсэн ******* гэх найзындаа очиж хоносон. Ингээд найзынхаа гэрээс 14 цагийн үед гараад буцаад очоод байж байтал нутгийн үл таних хоёр дүү , нар нь нэг шил 0,75 литрийн “Хараа” нэртэй архитай ирсэн. Тэгээд найзындаа архиа тал хүртэл нь уучхаад хагас шил архиа найзынхаа гэрээс аваад нутгийн 2 дүүгийн хамт аваад гарсан. Тухайн үед ******* найз маань гэртээ үлдсэн. Гэнэт ******* хаанаас гарч ирснийг бол сайн мэдэхгүй байна. Тэгээд “Оргил” нэртэй дэлгүүрийн хойд талд байх яг хаана гэдгээ мэдэхгүй байна дүү нарын араас явж байсан, хагас шил архиа оос аваад уух гэтэл ******* архи булааж аваад буцаад од өгсөн юм байна лээ. ******* бид хоёр муудалцсан зүйл байхгүй. Гэнэт яагаад тэгснийг нь бол сайн мэдэхгүй байна. ******* намайг нэг цохих шиг болсон. Тэгээд газар унахдаа замын боржур мөргөсөн юм шиг байна. Толгойноос цус гараад ойрхон байсан “Оргил” дэлгүүр лүү цусаа гоожуулж очоод дэлгүүрт ороод өөрийн утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Энэ болсон явдал гудамжинд болсон, яг эгнээг нь сайн санахгүй байна. Би толгойндоо 2 ширхэг оёдол тавиулсан. ... цээжинд цохисон, тэгээд унахдаа би замын боржур мөргөсөн. Газар унасны дараа зүүн бөөр хэсэгт хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн.
...Тэгээд гудамжны мухарт *******тэй таараад ******* миний толгойн тус газарт нэг удаа цохиод би газар унахдаа боржур мөргөөд унаад толгой хагарсан....” гэжээ. (хх-ийн 9-11, 14),
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 12 дугаар сарын 15-ны 19 цагийн орчим ах миний дугаар луу залгаж “яаралтай ир” гээд тасалсан. Би тухайн үед хүүхэдтэйгээ хоёулхнаа байсан болохоор очиж чадаагүй. Удалгүй буцаад залгасан чинь ах надад “ах нь хүнд толгойгоо шилээр цохиулчихлаа” гээд тухайн үед эмч нь үзэж байсан болохоор ёолж байгаад тасалсан...” гэжээ. (хх-ийн 17-18),
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ж.******* П.*******ыг архины шилээр цохисон гэж бодохгүй байна. *******ынхаас тал шил архиа авч гараад өвөртлөөд явж байсан. Тэгээд ах “нэг балгая” гэж аваад ахаас ******* нь аваад буцаад од өгсөн. Тэр архиа бид хоёр авч яваад уугаад дуусгаад харья гэж бодоод явж байтал цагдаа нартай таараад цагдаагийн байгууллага дээр ирсэн. Намайг харахад гудамжинд замын хажууд байдаг явган хүний явдаг зам дээр зодолдоод байсан. Боржур мөргөсөн байж магадгүй байх гэж бодож байна. Ойр хавьд шил байхгүй байсан хоорондоо ноцолдож унахдаа юм мөргөсөн байх гэж бодож байна...” гэжээ. (хх-ийн 22-23),
Гэрч О. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Бид нар дахин нэг 0,75 литрийн “Хараа” нэртэй архи авч очоод тэр архиа тал хүртэл нь уучхаад тал шилтэй архиа аваад ******* найзынхаас гарсан. Ингээд урд , нар нь явж байсан. Би гудамжинд бие засчихаад эргээд хартал ******* нь хаанаас гарч ирснийг нь мэдэхгүй байна, тэр хэд алхаж явж байснаа ах над дээр ирээд архинаас нэг балгая гэхээр нь архи өгсөн удалгүй тал шил архийг ******* байсан байхаа надад авчирч өгсөн шиг санаж байна. Нэг мэдсэн ах, ******* нар нь зодолдоод газар унацгаагаад байсан. Тэгээд ах цаашаа дэлгүүр лүү яваад өгсөн. ******* ч гэнэт алга болчихсон. Би тай хамт тал шил архиа уучхаад харих санаатай зам дээр такси барих гээд зогсож байтал цагдаа нар ирсэн. Ж.******* нь П.*******ыг яг хаашаа хэдэн удаа цохисныг нь бол хараагүй. Дээр доороо ороод л ноцолдоод газар унаад байсан. Тэр хоёр муудалцсан зүйл байхгүй. Гэнэт ******* гарч ирээд л газар унацгаагаад байсан. Архины шилээр цохисон гэж бодохгүй байна. Унахдаа замын боржур мөргөөд унасан байх. Ойрд хавьд шил байхгүй. Нөгөө тал шил архи нь надад явж байсан...” гэжээ. (хх-ийн 26-27),
Гэрч С.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр би ******* сумын 1 дүгээр баг Хийдийн 2-14 тоотод байдаг ******* ахынд 18 цагийн үед очсон. ******* ахынд хоол идчихээд ******* ахтай бид хоёр Хийдийн сууринд яг хэдийн хэдэд байдаг гэдгийг мэдэхгүй байна ээжийх рүү нь цуг явах гээд 19 цаг өнгөрөөгөөд 20 цагийн үед гэрээс нь гарсан. ******* ахынхаас гараад гудамж тойроод явж байтал ******* ах “Манай танил байна. Мэнд мэднэ ээ” гээд араас нь явж байсан. нь дахиад нэг залуутай хамт явж байсан. Тэгээд “Золжигүүр” дэлгүүрийн зүүн талаас зам гарах гэтэл ******* ахын хойноос гэнэт нэг хүн ирээд архины шилээр зүүн мөрөнд нь цохисон. Тэгээд эргэж хараад архийг нь булааж авахдаа ******* ах газар унасан. Тэгээд нөгөө танихгүй хүн дээрээс нь унасан. Нөгөө танихгүй ах унаад босоод ирэхдээ толгой хэсгээс нь цус гарсан байдалтай босоод ирсэн. Би тэр танихгүй ахыг “Та хүн андуураад байгаа юм биш үү?” гэж хэлтэл тэр танихгүй ах “Ингээд толгой хагалчихдаг юм байна” гэхээр нь би “Та өөрөө боржур мөргөчихлөө ш дээ” гэтэл цаашаа дэлгүүр лүү яваад өгсөн. ...би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ******* ах архи уугаагүй байсан. ******* ах *******ыг цохисон асуудал байхгүй. Хоёулаа хальтирч унасан...” гэжээ. (хх-ийн 35-36)
Гэрч С. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...0,75 литрийн “Хараа” нэртэй архи задлаад уугаад сууж байтал ах над руу дайраад олон юм яриад байхаар нь би гэх найзтайгаа түрүүлээд гараад явчихсан. Араас Баагий архиа аваад гарсан. Би тай урд нь явж байсан. ахыг араас гарч ирснийг ч мэдээгүй. бид хоёр явж байтал ******* нь дүүтэйгээ гэрээсээ гараад урагшаа явж байсан. Намайг араас нэг хүн дуудах шиг болохоор нь эргэж хараад очтол зам гараад явж байсан. Харин ******* нь дүүтэйгээ зогсож байсан. Тэгээд яасан гэтэл “ намайг шилтэй архиараа цохичихлоо” гээд ******* нь архийг нь өөрөө авчихсан д өгч байсан. Тэрнээс хойш ахтай би таараагүй яг юу болсон талаар мэдэхгүй байна... П.******* нь нэлээн согтолттой байсан...” гэжээ. (хх-ийн 38-39),
Шүүгдэгч Ж.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэртээ байж байгаад орой 19-20 цагийн хооронд байх яг хэдэн цагт гэдгээ мэдэхгүй байна. Танил дүү *******гийн хамтаар гэрээсээ гараад булан эргээд явж байтал араас гэнэт нэг хүн хашгирч ирээд намайг архиараа зүүн мөр лүү цохисон. Эргээд хартал нутгийн залуу байхаар нь би шилтэй архийг нь булааж аваад цуг явж байсан од нь өгсөн. Харин архийг нь авах гэтэл хоёулаа газар халтирч унасан. Хоорондоо маргалдаж муудсан болон зодоон болсон асуудал байхгүй. Би тэр хүний биед гар хүрээгүй. Тэгээд урагшаа дэлгүүр лүү явсан. Би танил дүүгийн хамтаар ээжийнхээ гэр лүү явсан...” гэжээ. (хх-ийн 60-61),
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 20 дугаартай “...1. П.*******ын биед толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 51-52),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 4)
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 118-119, 117)
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 120-121, 122)
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 123-124, 125)
Яаралтай тусламжийн хуудас (хх-ийн 47-50)
Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 64, 65)
Хэнтий аймгийн ******* сумын ******* багийн засаг даргын тодорхойлолт (хх-ийн 74)
Ж.*******ийн эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, (хх-ийн 72, 73)
Ж.*******ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 75-79) зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Ж.*******өд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.*******ийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 19 цагийн орчим Хэнтий аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Хийдийн 3 дугаар гудамжид хохирогч П.*******тай маргалдаж, улмаар түүний цээж рүү цохиж, газар унагааж, түүний эрүүл мэндэд “толгойн хуйханд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.
Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 19 цагийн орчим Хэнтий аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Хийдийн 3 дугаар гудамжид хохирогч П.*******тай маргалдаж, улмаар түүний цээж рүү цохиж, газар унагааж, түүний эрүүл мэндэд “толгойн хуйханд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтаар хөдөлбөргүйгээр нотлогдоогүй, эргэлзээ төрүүлхүйц байна.
Хохирогч П.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн удаа дараагийн мэдүүлэг нь эргэлзээтэй өөрөөр хэлбэл тэрээр анх удаа хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “... цээжинд цохисон, тэгээд унахдаа би замын боржур мөргөсөн. Газар унасны дараа зүүн бөөр хэсэгт хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн...” гэж, дахин өгсөн мэдүүлэгтээ “...******* миний толгойн тус газарт нэг удаа цохиод би газар унахдаа боржур мөргөөд унаад толгой хагарсан...” гэх зэргээр тогтворгүй, зөрүүтэй мэдүүлсэн. Гэвч хохирогчийн дээрх мэдүүлгийг үнэн зөв гэдгийг давхар нотолсон баримт хавтаст хэрэгт байхгүй (гэрч Б., О., С. нар нь Ж.******* нь П.*******ыг цохиж унагасан талаар мэдүүлээгүй), хэний, ямар санаатай үйлдлийн улмаас П.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн дүүрэн нотлогдохгүй байх тул түүний мэдүүлгийг дангаар нь нотлох баримт болгон үнэлэх боломжгүй байна гэж шүүх үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.******* мэдүүлэхдээ “...Тэгээд “Золжигүүр” дэлгүүрийн зүүн талаас зам гарах гэтэл ******* ахын хойноос гэнэт нэг хүн ирээд архины шилээр зүүн мөрөнд нь цохисон. Тэгээд эргэж хараад архийг нь булааж авахдаа ******* ах газар унасан. Тэгээд нөгөө танихгүй хүн дээрээс нь унасан. Нөгөө танихгүй ах унаад босоод ирэхдээ толгой хэсгээс нь цус гарсан байдалтай босоод ирсэн. Би тэр танихгүй ахыг “Та хүн андуураад байгаа юм биш үү?” гэж хэлтэл тэр танихгүй ах “Ингээд толгой хагалчихдаг юм байна” гэхээр нь би “Та өөрөө боржур мөргөчихлөө ш дээ” гэтэл цаашаа дэлгүүр лүү яваад өгсөн. ...би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ******* ах архи уугаагүй байсан. ******* ах *******ыг цохисон асуудал байхгүй. Хоёулаа хальтирч унасан...” гэж, мөрдөн шалгах ажиллгаанд болон шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.******* нь “...2023 оны 12 дугаар сарын 15-ны орой гэрээсээ хүүхдийнхээ цүнхтэй хувцсыг хүргэж өгөхөөр гараад *******той хамт явж байхад ******* гэдэг хүн араас ирээд архины шилээр цохисон. Архины шилийг нь авахдаа би халтирч унасан. Миний дээгүүр ******* гэх хүн давж ойчоод босож ирэхэд нь цус гарсан юм шиг байна лээ. ...би цохисон бол цохисон гэдгээ хэлнэ. Би зодоогүй учир хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэж тус тус мэдүүлж байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ж.******* нь хохирогч П.*******тай хальтиргаатай зам дээр давхралдаж унасан үйл баримт тогтоогдож байх боловч тухайн нөхцөл байдалд шүүгдэгч Ж.******* нь хохирогч П.*******ыг цохиж унагасны улмаас толгойн хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн дүүрэн тогтоогдохгүй байна.
Түүнчлэн прокурорын яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтэд “...түүний цээж рүү цохиж, газар унагааж, түүний эрүүл мэндэд “толгойн хуйханд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж бичсэн нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл хохирогч П.*******, гэрч С.******* нар нь боржур мөргөж гэмтэл авсан гэж мэдүүлсэн байхад дээрх гэмтлийг хэрхэн яаж учруулсан болох нь яллах дүгнэлтэд тодорхойгүй байна.
Иймд шүүгдэгч Ж.******* нь хохирогч П.*******ын биед толгойн хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдоогүй, дүгнэх боломжгүй, эргэлзээ төрүүлж байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн санал хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар шүүгдэгч Ж.*******ийн хохирогч П.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийг мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ж.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ж.*******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 6, 36.6, 36.9, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******өд холбогдох эрүүгийн 2439000000014 дугаартай хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.*******ийг цагаатгасугай.
2.Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.*******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн 2439000000014 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ж.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг хэрэгт хавсаргасугай.
5.Шүүгдэгч Ж.******* нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР