| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2021/00738/И |
| Дугаар | 101/ШШ2021/02106 |
| Огноо | 2021-07-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 101/ШШ2021/02106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид Д.Батцэцэг, Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 20-р хороо, 10 айл, 21Б тоот хаягт оршин суух, Ваанжилын Нарантуяагийн /РД: ХЛ69051526/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 22-р хороо, Өлгий 12-р гудамж, 163 тоотод оршин суух, Элбэгбаярын Билгүүнд /РД: НЭ99080433/ холбогдох
8,840,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Билгүүний 1.900.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.Нарантуяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
В.Нарантуяа миний бие Гачууртад байрлах 180 м.кв хувийн сууцаа 2020 оны 10 сарын 31-ний өдөр 1 өдрийн 500.000 төгрөгөөр хөлслөхөөр тохирч хувийн сууцандаа очтол 21 нас хүрээгүй хүүхдүүд байсан тул оруулахгүй гээд 500.000 төгрөгийг нь буцаах гэтэл багш ирж байгаа гэсэн.
99188968 гэсэн дугаараас Э.Билгүүн гэж хүн залгасан бөгөөд өөрийгөө эдгээр хүүхдүүдийн багш нь гэж танилцуулан байшинг 100 хувь хариуцна гээд надад бичиг баримтаа барьцаалан байрыг хүлээн авсан.
Гэтэл Э.Билгүүн байшинг орхин явж тэр орой байшинд маань зодоон болсныг ар талын хөрш цагдаад мэдэгдэн би өглөө очтол хаалга, цонх, тавилга эвдэрсэн байдалтай байсан.
Хүүхдүүдийн багш Э.Билгүүнтэй холбогдоход тэрээр багш нь биш байсан бөгөөд надад учирсан хохирол 6.650.000 төгрөгийг хариуцна гэдгээ илэрхийлээд тоёота приус 30 маркийн УАЕ 47-08 улсын дугаартай машинаа үлдээгээд явсан.
Алга болчихоор нь Э.Билгүүний аав н.Элбэг, ээж н.Гэрэлмаа нартай холбогдон учир байдлыг хэлж байшингаа бодитоор нь харуулсан. Ингээд 2020 оны 11 сарын 3-ны өдөр надад учирсан хохирол 6.650.000 төгрөгийг төлөхөө илэрхийлэн 1.900.000 төгрөгийг төлсөн.
Надад нийт 10.940.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнд:
2020 оны 11 сарын 7-ны өдрөөс 17-ны өдөр хүртэл засвар хийсэн, уг хугацаанд байраа хөлсөлж чадаагүй, 10 өдрийн 4.000.000 төгрөг,
Хаалга 1 ширхэг 450.000 төгрөг, 4 ширхэг хаалга 1.800.000 төгрөг,
Солонгосчуудад 3 өдөр хөлслөх байсан 1.500.000 төгрөг,
Диван эвдэлсэн байсан ба 450.000 төгрөг,
Шкаф эвдэлсэн байсан, 2 ширхэг шкаф 800.000 төгрөг,
2 цонх эвдэлсэн байсан бөгөөд 1 цонхыг 55.000 төгрөгөөр, нийт 110.000 төгрөгөөр засуулсан,
Эмульс 5 ширхэг, нийт 300.000 төгрөг,
Цавуу 60.000 төгрөг,
Ханын цаас 12 ширхэг, 1 ширхэг нь 45.000 төгрөг, нийт 540.000 төгрөг,
Засварын ажлын хөлс 1.380.000 төгрөг, нийт 10.940.000 төгрөгийн хохирол учирсан. Э.Билгүүнээс 1.900.000 төгрөг, 200.000 төгрөг, нийт 2.100.000 төгрөг авсан. Үлдэх 8.840.000 төгрөгөө нэхэмжилж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гал-Очир шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
В.Нарантуяагийн нэхэмжлэлтэй Э.Билгүүнд холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.Гал-Очир би оролцож байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гал-Очир шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Э.Билгүүн миний бие нь 2020 оны 10 сарын 31-ний өдөр нэхэмжлэгч В.Нарантуяагийн Гачууртад байрлах хувийн байшинг хөлслөх гэсэн хэсэг хүүхдүүдийн гуйлтаар байшингийн эзэн гэх В.Нарантуяатай утсаар ярьж тохиролцон уг байшинд хүүхдүүдийг оруулсан юм.
Гэтэл маргааш өглөө нь байшингийн эзэн эмэгтэй над руу утасдаж дуудсанаар очиход уг байшинг хөлсөлсөн хүүхдүүд хоорондоо маргалзаж зодолдсоны улмаас байшингийн доторхи эд зүйлсийг эвдэж гэмтээн хохирол учруулсан байсан, энэ тухай нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой дурдсан байна.
Уг байшингийн эзэн нэхэмжлэгч В.Нарантуяа хохирол төлбөрийг надаас нэхэж, элдвээр загнан 6.650.000 төгрөгийн хохирол барагдуулахыг шаардан миний авто машиныг барьцаалсан. Би уг байшинг хөлсөлсөн Ч.Анхзул, Э.Ариунзаяа, н.Оюунчимэг нартай ярьж тэд хохирлыг барагдуулахаар тохирсон тул тэдэнд итгэн хохирол төлөгдсөн тохиолдолд авто машинаа буцааж авахаар өөрийн өмчлөлийн тоёота приус 30 маркийн УАЕ4708 улсын дугаартай авто машиныг бичиг баримтын хамт барьцаанд үлдээгээд явсан.
Гэтэл дээрх хүүхдүүд хохирол төлөөгүй, В.Нарантуяа байнга мөнгө нэхэж байсан тул авто машинаа авахын тулд эцэг, эхээсээ 1.900.000 төгрөг зээлж 2020 оны 11 сарын 3-ны өдөр В.Нарантуяад өгч авто машинаа авсан.
Э.Билгүүн би тухайн өдөр В.Нарантуяагийн байшинд хоноогүй, нэхэмжлэгчийн эд зүйлийг нь эвдэж гэмтээгээгүй, хохирол учруулаагүй тул байшинг хариуцан үлдэж хоносон, эд зүйлд нь хохирол учруулсан хүмүүс хариуцах учиртай. Иймд 1.900.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт В.Нарантуяагаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч В.Нарантуяа сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Э.Билгүүний сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2020 оны 10 сарын 31-ний өдөр Э.Билгүүн нь өөрийгөө тухайн хүүхдүүдийн багш гэж надад танилцуулан бичиг баримтаа барьцаалж хөрөнгийг маань хариуцна гэж хүлээн авсан.
Үүнийгээ өөрөө ч тайлбартаа тусгасан байна. Байрны захиалга өгсөн хүүхдүүдийг би та нар насанд хүрээгүй байна гээд 500.000 төгрөгийг нь буцаах гэхэд Э.Билгүүн надад иргэний үнэмлэхээ өгч би багш нь байна, хариуцна гэсэн тул байшингийнхаа түлхүүрийг өгсөн. Тэрнээс биш насанд хүрээгүй хүүхдүүдэд байшин түрээслэхгүй байсан.
2020 оны 11 сарын 1-ний өглөө байшиндаа ирэхэд хаалга үүд эвдэрсэн, тавилга ийш тийш шидэгдсэн, шалаар нэг цус болсон байдалтай байсан. Э.Билгүүнтэй холбогдон байшингаа үзүүлэхэд уучлаарай, таны хохирлыг 100 хувь барагдуулна гээд тоёота приус маркийн УАЕ 47-08 улсын дугаартай авто машинаа үлдээсэн.
Э.Билгүүн миний байшинд учирсан хохирлыг өөрөө харсан бөгөөд бодит хохирлыг 6.650.000 төгрөг гэж тохирсон.
Би Э.Билгүүний аав, ээжтэй Гачуурт хамт явж байшингийн нөхцөл байдлыг харуулсан. Аав, ээж нь 1.900.000 төгрөг байна, үлдсэн 4.750.000 төгрөгийг нь 3-4 хоногоос шилжүүлье гээд машиныг нь авч явсан. Би 1.900.000 төгрөг авсан.
Э.Билгүүн насанд хүрээгүй хүүхдүүдийг уруу татаж миний эд хөрөнгөнд хохирол учруулсан. 6.650.000 төгрөг бол тавилга эвдэрснийг тооцоогүй үнийн дүн байсан. Хүний хөдөлмөрөөр бий болсон зүйлийг эвдчихээд тохирсондоо байж чадахгүй байгаад нь маш их гомдолтой гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В.Нарантуяа нь хариуцагч Э.Билгүүнд холбогдуулан 8.840.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Э.Билгүүн нь 1.900.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч В.Нарантуяа нь Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Гачуурт тосгонд байрлах хувийн сууцаа 2020 оны 10 сарын 31-ний өдөр бусдад 1 өдрийн 500.000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон байсан гэх бөгөөд байрыг түрээслэхээр тохирсон иргэд нь 21 нас хүрээгүй байсан тул түрээслэхээс татгалзахад хариуцагч Э.Билгүүн өөрийгээ тэдний багш хэмээн танилцуулан хувийн сууцыг хариуцан үлдэж, түлхүүрийг нь хүлээн авсан гэж тайлбарласныг хариуцагч Э.Билгүүн маргахгүй байна.
2020 оны 10 сарын 31-ний өдрийн 23 цаг 57 минутын орчим Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Туул ферм дэх хажуугийн байшин түрээслэсэн хүмүүс согтуу зодолдоод байна гэх дуудлагыг 80344737 дугаарын утаснаас цагдаад өгсөн ба уг мэдээллийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Х.Баасанхүү шалган 2020 оны 11 сарын 1-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан прокурорт хүргүүлсэн нь мөн цагдаагийн газрын 2021 оны 6 сарын 21-ний өдрийн 26ж3/2258 тоот, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2021 оны 6 сарын 25-ны өдрийн 1/3231 тоот тодорхойлолтуудаар тогтоогдлоо.
/ХХ-ийн 73-90, 95-96 дугаар тал/
В.Нарантуяагийн хувийн сууцыг түрээслэсэн иргэд нь хоорондоо маргалдан зодолдсоны улмаас уг хувийн сууцны доторхи эд зүйлсийг эвдэж гэмтээн В.Нарантуяад хохирол учруулсан талаар хариуцагч Э.Билгүүн маргаагүй бөгөөд гагцхүү тэрээр уг хохирлыг төлөхгүй, байрыг түрээслэсэн Ч.Анхзул, Э.Ариунзаяа, н.Оюунчимэг нар барагдуулах ёстой гэж маргаж байна.
2020 оны 11 сарын 1-ний өдөр хариуцагч Э.Билгүүн нь нэхэмжлэгч В.Нарантуяагийн эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлэн тоёота приус 30 маркийн УАЕ 47-08 улсын дугаартай авто машинаа холбогдох бичиг баримтын хамт түүнд үлдээсэн ба 2020 оны 11 сарын 3-ны өдөр түүний эд хөрөнгөд учирсан хохиролд 6.650.000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч, уг өдрөө 1.900.000 төгрөг төлж, өөрийн эд зүйлээ буцаан авсан нь талуудын тайлбар болон мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдлоо.
/ХХ-ийн 10, 12-15, 57 дугаар тал/
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,
510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр төлнө гэж тус тус заажээ.
Хариуцагч Э.Билгүүн нь нэхэмжлэгч В.Нарантуяагийн хувийн сууцыг түрээслэх гэсэн иргэдийн хүссэнээр хувийн сууцны өмчлөгч В.Нарантуяатай тохиролцон хувийн сууцыг нь бусдад түрээслэн өгч, тэдгээр иргэд байрыг түрээслэх явцдаа нэхэмжлэгч В.Нарантуяагийн эд хөрөнгөд хохирол учруулсан тул хариуцагч Э.Билгүүн уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд түүний урьд өмнө хохирол хэмээн төлсөн 1.900.000 төгрөгийг буцаан олгох үндэслэлгүй болно.
Талууд 2020 оны 11 сарын 3-ны өдөр В.Нарантуяад учирсан хохирлыг 6.650.000 төгрөг хэмээн тохиролцон тогтоосон тул уг хэмжээгээр гэм хорын хохирлыг тооцох нь зүйтэй бөгөөд үүнээс урьд өмнө төлсөн 1.900.000 төгрөг, 200.000 төгрөг, нийт 2.100.000 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Э.Билгүүнээс 4.550.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.Нарантуяад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4.290.000 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Э.Билгүүний 1.900.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Э.Билгүүн өөрт хохирол учирсан гэж үзвэл хувийн сууцыг түрээслэсэн гэх Ч.Анхзул /РД: УХ03260260/, Э.Ариунзаяа /РД: УД03210104/ нараас нэхэмжлэх эрхтэй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гал-Очир, өмгөөлөгч Ё.Энхбулган болон иргэдийн төлөөлөгч Г.Алтанхуяг нарт 2021 оны 7 сарын 19-ний өдрийн 13 цаг 30 минутанд шүүх хуралдаан болохыг хуралдаан болохоос 12 хоногийн өмнө мэдэгдсэн хэдий ч тэдгээр нь тодорхой шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.8-д заасныг үндэслэн нэхэмжлэгч талын хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Э.Билгүүнээс 4.550.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.Нарантуяад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4.290.000 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Э.Билгүүний 1.900.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч В.Нарантуяагийн улсын тэмдэгийн хураамжид урьдчилан төлсөн 158.350 төгрөгийг болон хариуцагч Э.Билгүүний сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 46.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Билгүүнээс 87.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.Нарантуяад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН
ШҮҮГЧИД Д.БАТЦЭЦЭГ
Б.ЦОЛМОНГЭРЭЛ