| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2020/05780/И |
| Дугаар | 101/ШШ2021/02107 |
| Огноо | 2021-07-19 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 101/ШШ2021/02107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэ,гч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 14-р баг, 2-р хороолол, 5-р байр, 4 тоотод оршин суух, Манжлхамын Хувьзаяагийн /РД: ИЗ80032401 нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Денверийн гудамж, Голден вилл хотхон, Монгол банкны Д байр, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалин 14.119.720 төгрөг гаргуулах тухай иргэний хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Уянга, Э.Мөнхзул,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Хувьзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
М.Хувьзаяа миний бие Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 4 сарын 10-ны өдрийн Б/162 тоот сахилгын шийтгэл ногдуулах тушаалаар Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн даргын тушаалаас чөлөөлөгдсөн.
Уг тушаал хууль бус байсан болох нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 8-ны өдрийн 778 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2 сарын 12-ны өдрийн 111 тоот магадлалуудаар тогтоогдсон.
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас дээрх шийдвэр, магадлалуудад хяналтын журмаар гомдол гаргасан хэдий ч Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүгч Д.Мөнхтуяагийн 2020 оны 4 сарын 29-ний өдрийн 209 тоот захирамжаар ... гомдол нь хуульд заасан журмыг баримтлаагүй ... гэх үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн.
Уг хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрүүдийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 9 сарын 30-ны өдрийн Б/506 дугаар тушаалаар миний бие Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон.
Анхан шатны шүүх М.Хувьзаяа миний гаргасан гомдлын дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ 2019 оны 4 сарын 10-ны өдрөөс 2019 оны 11 сарын 8-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагын даргад даалгасан.
Иймд хариуцагчаас миний ажилд эгүүлэн томилогдсон өдрийг хүртэлх буюу 2019 оны 11 сарын 9-нөөс 2020 оны 9 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны цалин болох 14.119.720 төгрөгийг гаргуулан надад олгуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалган шийдвэрлэж өгнө үү.
Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Учир нь намайг хууль бусаар ажлаас халсан болох нь шийдвэрүүдээр тогтоогдсон бөгөөд тухайн цаг хугацаанд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан бол нууц хариуцсан болон ЭБАТ-ны ажил үүргийг хариуцан ажиллаж тухайн нэмэгдлийг авах байсан. Улсын бүртгэлийн системийн хэмжээнд хэлтсийн дарга нар бүгд нууц хамгаалах болон ЭБАТ-аар томилогдон ажилладаг.
З.Ганцэцэгийг миний оронд уг ажлын байранд томилсон томилгоо Төрийн албаны тухай хуулийн 39.1.15 дахь заалтыг зөрчсөн томилгоо бөгөөд хууль бус томилгоонд ажлын байр, албан тушаалын цалинг олгож улмаар нэмэгдлийг уг хүнд олгож байсан тул цалингийн хүснэгтийг үндэслэн нууцын нэмэгдэл 2.340.287 төгрөгийг хасч тооцож өгнө үү гэсэн хүсэлтийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзул, О.Уянга нар шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч М.Хувьзаяагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох нэхэмжлэгч М.Хувьзаяагийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 778 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 111 дүгээр магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.
М.Хувьзаяаг 2019 оны 4 сарын 10-ны өдрийн Б/162 дугаар тушаалаар чөлөөлсөн бөгөөд уг асуудал шүүхээр шийдвэрлэгдэж, эгүүлэн томилох хүртэл хугацаанд З.Ганцэцэгийг 2019 оны 5 сарын 24-ний өдрийн Б/228 дугаар тушаалаар Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.
З.Ганцэцэгт Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар төрийн захиргааны албан хаагчийн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хүлээн авах, бүртгэх, хадгалах, хөрөнгө орлогын мэдүүлгийн журмын биелэлтийн талаарх тайланг холбогдох газар хүргүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтны ажил үүргийг хариуцан ажиллаж, 10 хувийн нэмэгдэл, нууцын ажилтны нэмэгдэл 10 хувийг тус тус олгосон.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2019 оны 11 сарын 9-ний өдрөөс 2020 оны 9 сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны цалин болох 14.119.720 төгрөгөөс цалингийн тооцооны хүснэгтийг үндэслэн нууцын нэмэгдэл 2.340.287 төгрөг, унаа, хоолны олговор 244.200 төгрөг, нийт 2.584.487 төгрөгийг хасч тооцож өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Хувьзаяа нь хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 14.119.720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
/2019.11.09-2020.09.30 хүртэл/
М.Хувьзаяа нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 4 сарын 10-ны өдрийн Б/162 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажил эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.
Дээрхи шийдвэрт хариуцагч тал давж заалдах гомдол гаргасан ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2 сарын 12-ны өдрийн 111 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн ба тус газрын хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн шүүгчийн 2020 оны 4 сарын 29-ний өдрийн 209 дугаар бүхий захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.4-т зааснаар хяналтын журмаар гаргасан гомдол нь энэ хуульд заасан журмыг баримтлаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байна.
Хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид хариуцагч тал гомдол гаргаагүй бөгөөд шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.
/ХХ-ийн 6-15 дугаар тал/
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 9 сарын 30-ны өдрийн Б/506 дугаар бүхий тушаалаар М.Хувьзаяаг Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2020 оны 10 сарын 1-ний өдрөөс томилон, М.Хувьзаяагийн албан тушаалын цалинг төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээний ТЗ-10-4-д хамааруулж, зэрэг дэвийн нэмэгдлийг 22, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 15 хувиар, хоол унааны нөхөх зардлыг холбогдох журмын дагуу тооцон олгохыг мөн аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст /ахлах нягтлан бодогч/ зөвшөөрсөн байна.
/ХХ-ийн 5 дугаар тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заажээ.
Нэхэмжлэгч М.Хувьзаяа нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 2019 оны 11 сарын 9-ний өдрөөс ажил албан тушаалд томилсон шийдвэр гарах хүртэл хугацааны буюу 2020 оны 9 сарын 30-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 14.119.720 төгрөг шаарджээ.
Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогч нь тус бүртгэлийн хэлтсийн дарга М.Хувьзаяагийн 2019 оны 11 сарын 9-ний өдрөөс 2020 оны 10 сарыг хүртэл хугацааны цалинг тооцоолон ирүүлсэн ба уг хугацаанд М.Хувьзаяа нь 14.119.720 төгрөгийн цалин авах байсан гэжээ.
/ХХ-ийн 4 дүгээр тал/
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар нь нэхэмжлэгч М.Хувьзаяа дээрх хугацаанд 14.119.720 төгрөгийн цалин авах байсан талаар маргаагүй бөгөөд гагцхүү М.Хувьзаяагийн оронд тус хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэж байсан З.Ганцэцэгт нууцын нэмэгдэл 2.340.287 төгрөг, унаа, хоолны олговор 244.200 төгрөг, нийт 2.584.487 төгрөгийг олгосон тул 2.584.487 төгрөгийг хасч цалинг олгоно хэмээн тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч М.Хувьзаяаг ажлаас чөлөөлсөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 4 сарын 10-ны өдрийн Б/162 дугаар тушаал нь үндэслэлгүй тул уг тушаалыг хүчингүй болгож, түүнийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулан шийдвэрлэсэн тул тус бүртгэлийн хэлтсийн даргыг үүргийг түр орлон гүйцэтгэж байсан З.Ганцэцэгт олгосон гэх 2.584.487 төгрөгийн цалинг М.Хувьзаяад олгох ажилгүй байсан хугацааны цалингаас хасч тооцох үндэслэлгүй.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас ажилгүй байсан хугацааны цалин 14.119.720 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Манжлхамын Хувьзаяад олгох нь зүйтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.4-т зааснаар нэхэмжлэгч М.Хувьзаяа суутгал тооцон цалин нэхэмжилсэн ба нэхэмжлэгчийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга болон харьяалах нягтлан бодогчид нь даалгах үндэслэлтэй.
Нэхэмжлэгч М.Хувьзаяа Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 4 сарын 10-ны өдрийн Б/162 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдөн үүнтэй холбоотой нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлэж, түүнийг ажилд нь эгүүлэн томилох хүртэл хугацаанд З.Ганцэцэгийг мөн газрын даргын 2019 оны 5 сарын 24-ний өдрийн Б/228 дугаар тушаалаар Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулсан талаар талууд маргаагүй тул З.Ганцэцэгийг ажилд томилсон тушаалыг нотлох баримтыг шаардлага хангасан хэлбэрээр өгөх талаар дүгнэх шаардлагагүй гэж үзсэн болно.
Нэхэмжлэгч М.Хувьзаяа нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас ажилгүй байсан хугацааны цалин 14.119.720 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Манжлхамын Хувьзаяад олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.4-т зааснаар нэхэмжлэгч М.Хувьзаяа суутгал тооцон цалин нэхэмжилсэн ба нэхэмжлэгчийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга болон харьяалах нягтлан бодогчид нь даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлйин 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрх нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас 228.548 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН