Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/156

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул 

Улсын яллагч Д.Чулуунпүрэв

Шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох 2439000000153 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Т.******* нь 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Нэгдсэн эмнэлэгт үйлчлүүлж байхдаа 1 давхарт орхисон иргэн М.*******ын эзэмшлийн “Samsung galaxy” А34 загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

 

Хохирогч М.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт үйлчлэгч хийдэг бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 16 цаг 30 минутын үед нэгдсэн эмнэлгийн амбулаторын нэг давхарт ажлаа хийж байгаад нийтийн эзэмшлийн сандал дээр өөрийн Самсунг А-34 маркийн гар утсаа тавиад мартчихсан байсан. Тэгээд ажлаас гарах гэж байгаад гар утсаа байхгүй байгааг мэдээд хамт ажилладаг олон хүнээр өөрийнхөө 95525885 дугаар луу залгуулахад миний гар утас дуудаад авахгүй байж байгаад утсыг маань хаачихсан. Тэгээд хяналтын камер шүүхэд хар өнгийн куртиктэй үл таних эмэгтэй сандал дээр тавьсан гар утсыг маань аваад явсан дүрс бичлэг үлдсэн байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Би Самсунг А-34 маркийн гар утсаа Мобикомын салбараас 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1,299,000 төгрөгөөр авч байсан. Би гар утсаа бүрэн бүтэн ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй буцааж авсан тул надад гомдол санал байхгүй...” гэжээ. (хх-ийн 28-29)

 

Шүүгдэгч Т.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй...” гэжээ. (хх-ийн 71-72)

Гэрч С.*******ийн мэдүүлэг (хх-ийн 42-43)

Гэрч Х.*******гийн мэдүүлэг (хх-ийн 46-47)

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1)

Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-4, 5-8)

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 9-10, 11-12)

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 13-14)

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (хх-ийн 16-17)

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хх-ийн 18)

Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШД-94 дугаартай “...Самсунг А34 маркийн гар утасны зах зээлийн үнэлгээг 800,000 /найман зуун мянга/ төгрөг байх боломжтой..” гэх дүгнэлт (хх-ийн 52-56)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 99, 100-102)

Т.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хх-ийн 75, 77, 78, 79)

 Т.*******гийн Төрийн банкны харилцах дансны дэлгэрэнгүй хуулга, Хас банкны харилцах дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 80, 81, 82-91) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Нэгдсэн эмнэлэгт үйлчлүүлж байхдаа 1 давхарт орхисон иргэн М.*******ын эзэмшлийн “Самсунг галакси А-34” загварын гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч М.*******ын “...Би Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт үйлчлэгч хийдэг бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 16 цаг 30 минутын үед нэгдсэн эмнэлгийн амбулаторын нэг давхарт ажлаа хийж байгаад нийтийн эзэмшлийн сандал дээр өөрийн Самсунг А-34 маркийн гар утсаа тавиад мартчихсан байсан. Тэгээд ажлаас гарах гэж байгаад гар утсаа байхгүй байгааг мэдээд хамт ажилладаг олон хүнээр өөрийнхөө 95525885 дугаар луу залгуулахад миний гар утас дуудаад авахгүй байж байгаад утсыг маань хаачихсан. Тэгээд хяналтын камер шүүхэд хар өнгийн куртиктэй үл таних эмэгтэй сандал дээр тавьсан гар утсыг маань аваад явсан дүрс бичлэг үлдсэн байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Би Самсунг А-34 маркийн гар утсаа Мобикомын салбараас 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1,299,000 төгрөгөөр авч байсан. Би гар утсаа бүрэн бүтэн ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй буцааж авсан тул надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШД-94 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд хуваагддаг. Гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг.

 

Шүүгдэгч Т.******* нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 800,000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

 

Шүүгдэгч Т.*******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т.*******г гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бусдад 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Т.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Т.*******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Т.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.*******ын эд хөрөнгөд 800,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч М.******* нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “...гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч Т.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Т.******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий DVD-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******г 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий DVD-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ХОСБАЯР