Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 10

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

“Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 10 дугаартай актыг хүчингүй болгуулахшаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******, Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбаатар нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдааннд гаргасан тайлбартаа: “...Өмнөговь аймгийн ******* сумын харьяат ******* овогтой *******ын тэтгэвэр тогтоогдсон эрх тодорхой хэмжээгээр зөрчигдсөн учраас нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа энэ маргаан бүхий актын Б.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодруулж байна.  Б.******* нь 1963 онд төрсөн, 1982 оны 06 дугаар сарын 07-нд цэргийн албанд татагдаж, цэргээс улиран ахлагч цолтой, хувцасны албанд ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдөж цэргийн албанаас халагдсан. 2009 онд 46 насанд хүрч, 1982 оноос 1991 оныг хүртэл төрийн байгууллагад тодорхой хэмжээгээр ажиллаж байсан боловч ямар нэгэн тэтгэвэр, тэтгэмж авч байгаагүй.

2009 оны 03 дугаар сарын 18-нд  цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохоор *******т болон өөрт хэрэгтэй баримтуудаа гаргуулахаар хилийн цэргийн архивт хандахад 1991 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хилийн цэргийн 0129 дүгээр ангийн захирагчийн гаргасан тоот тушаалаар 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр өөрийнх нь хүсэлтийг харгалзаж ажлаас чөлөөлсөн гэсэн тушаал олдсон. Энэ талаар Б.******* 1991 оноос хойш анх удаа л цэргийн тэтгэвэр хөөцөлдөж эхлэхдээ харж байна гэж хэлсэн. Б.******* өөрөө хүсэлт гаргаагүй байдаг. 1991 оны 06 дугаар сард хувцасны албанд энгийн хүн ажиллах болсон учраас ахлагч ажиллуулахгүй гэж хэлээд ажлаас нь халсан. 1984 оноос 1991 онийг хүртэл 7 жил ахлагчаар ажилласан. 1991 оны 06 дугаар сард ажлаас халсан боловч ажлаас халах тушаал нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гарчихсан байсан. Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газарт 2009 оны 03 дугаар сард хандахад 0129 дүгээр ангиас нь өөрийн гараар бичсэн өргөдөл гарч ирэхгүй бол тодорхой хэмжээгээр хэлмэгдүүлсэн байна.

Ийм учраас хэлмэгдсэн  байдлыг нь баталгаажуулсан хариу өгнө” гэж хэлсэн. Тухайн үед хилийн цэрэгт ажиллаж байсан хурандаа 0129 дүгээр анги руу залгаж ярихад энэ 98 тоот бичгийг явуулсан, Хил хамгаалах ерөнхий газрын бичиг дээр Б.******* нь орон тоо цомхотголоор ажлаас гарсан байна гэсэн лавлагаа байдаг. Ер нь бол 1991 оны 06 дугаар сард ажлаасаа гарсан ч энэ талаар баримт байхгүй, олдохгүй байгаа. 1991 оны 01 дүгээр сарын 09-нд халсан гэсэн тушаал байдаг. Өөр ямар ч нотлох баримт гарч ирээгүй. Тухайн үед байцаагчийн шаардсан бичгийг өгч, энэ бичгийн дагуу тэтгэвэр тогтоож, хянасан байцаагч болон баталсан дарга нар нь тэтгэврийг тогтоосон гэж ойлгож байгаа. Гэтэл 2017 оны 04 сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 10 дугаартай акт гарч хуурамч бичиг баримтаар тэтгэвэр тогтоолгосон зөрчил илэрсэн гэж үзэж миний тэтгэврийг зогсоосон.

Энэ 10 тоот акт гарснаар 3 жил гаруй хугацаанд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8.2-т заасан цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр авах эрхэд халдаж хуурамч бичиг баримтаар тэтгэвэр тогтоосон гэсэн үндэслэлгүйгээр зогсоож хуульд заасан цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр авах эрх, хууль ёсны ашиг сонирхолд маань халдах хуульд заасан үндэслэл байхгүй юм. Тухайн үед байцаагч чиглүүлж өгсөн бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй байсан, бидний зүгээс ямар нэгэн хуурамч баримт бичиг бүрдүүлсэн зүйл огт хийгээгүй. 2009 онд нийгмээрээ бүгдээр хямарсан, ядарсан байдалтай хүндхэн жилүүд байсан. Хилийн цэргийн ангийнхан таниад энэ хүн ингэж явах хүн биш гээд тэтгэвэр тогтоож өгсөн гэж бодож байгаа.

Хөндлөнгөөс оролцож янз бүрийн арга саам хийж хуурамчаар баримт бүрдүүлж энэ тэтгэврийг тогтоолгоогүй. Тэтгэвэр тогтоолгоод амьдрал дээшилж байх үеэр 2010 онд нөхөр маань сүрьеэ өвчин туссан. Сүрьеэ өвчин нь улам хүндэрч Хан уул дүүргийн эмнэлэгт 2010 оны 06 сараас удаа дараа эмнэлэгт хэвтэж, хагалгаанд орохоос өөр байдлаар зүгээр болохгүй гэж хэлсэн. Одоог хүртэл хагалгаанд орж чадаагүй, тэтгэврийн зээл аваад хагалгаанд орох гэж байхад энэ асуудал тулгараад одоог хүртэл сүрьеэгийн голомттой байгаа. Хамаагүй ажил хийж болохгүй, олон хүний дунд орж болохгүй ийм байдалтай байгаа учраас бид өмгөөлөгч аваад Нийгмийн даатгалын хэлтсийг буруутгаад байх сонирхол алга. Зөвхөн үнэн амьдрал ийм байгаа.

Иймд Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2017 оны 04 сарын 24-ний өдрийн 10 дугаартай актын Б.*******тай холбоотой хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагч ******* /дарга Б.*******/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/319 тоот тушаал, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/11 тоот “Аян зохион байгуулах тухай” тушаалын дагуу тус хэлтсийн ажлын хэсэг болон Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас томилогдсон ажлын хэсэг тус аймгийн нийт тэтгэвэр авагчдын тэтгэвэр тогтоолт, олголтыг 2017.01.16 -2017.03.15 -ны өдрийн хооронд шалгасан. Дээрх шалгалтаар ******* сумын иргэн Цэргийн өндөр насны тэтгэвэр хувь тэнцүүлэн тогтоолгон авч байсан ******* овогтой *******ын цэргийн байгууллагаас чөлөөлөгдсөн Хил хамгаалах ерөнхий газрын төв архивын 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/98 тоот бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөн тухай лавлагааг хуурамч гэж үзэж улсын байцаагчийн акт тогтоон тэтгэврийг зогсоосон.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн албан хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр, биөийн эрүүл мэндээр, цэргийн алба хаах нас хэтэрсэн гэсэн гурван шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авах эрхтэй байдаг. Б.*******ын манай хэлтэст анх 2009 онд тэтгэвэр тогтоолгохоор өгсөн архивын а/98 тоот лавлагаан дээр *******гийн *******ыг бүтцийн өөрчлөлтөөр 1994 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр чөлөөлөгдсөн гэж бичигдсэн байсан.

Хил хамгаалах ерөнхий газрын төв архиваас дээрх лавлагааг дахин гаргуулахад өмнөх лавлагаанаас өөр шалтгаанаар буюу өөрийн хүсэлтээр цэргийн байгууллагаас чөлөөлөгдсөн тухай Хил хамгаалах ерөнхий газрын төв архивын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/368 тоот лавлагааг ирүүлсэн юм. Дээрх лавлагаа нь нэг байгууллагаас, нэг өдөр, нэг дугаартай гарсан лавлагаа боловч ажлаасаа чөлөөлөгдсөн шалтгаан, огноо тус тус өөр байсан учир энэ хоёр лавлагааны аль нь бодит эсэхийг тогтоолгохоор 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Аймгийн цагдаагийн газарт хүсэлт гаргасан боловч Аймгийн цагдаагийн газраас хариу ирүүлээгүй, эрх бүхий байгууллагаар тогтоолгоогүй.

Иймд иргэн Б.*******ын анх тэтгэвэр тогтоолгохоор бүрдүүлж өгсөн материал дотор байсан Хил хамгаалах ерөнхий газрын төв архивын лавлагаа нь илт засвартай, тус архиваас нь дахин лавлагаа гаргуулахад ажлаас чөлөөлөгдсөн шалтгаан нь өөр байгаа зэргээс үзэхэд иргэн Б.******* нь архивын лавлагаа хүурамчаар үйлдэж өөртөө тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэж, үндэслэлгүйгээр 14 785 961 төгрөгийн тэтгэвэр авсан гэж үзэн буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн тус хэлтсийн улсын байцаагчийн тогтоосон 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 10 дугаартай актыг үндэслэлтэй гэж үзэж байна...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******, Д.******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...******* сумын иргэн Б.******* нь 2009 онд өндөр настны тэтгэвэр тогтоолгосон. 2017 онд тэтгэвэр тогтоолгосон иргэдийг шалгах тушаал гарч Өмнөговь аймагт ажлын хэсэг байгуулагдаж бүх хувийн хэргүүдийг шалгасан. Энэ шалгалтын явцад Б.*******ын 2009 оны 01 дүгээр сарын 30-нд гаргаж өгсөн архивын лавлагаагаар үндэслэлтэй биш байна, үүнийг дахин шалгах үүрэг өгсний дагуу Хил хамгаалах Ерөнхий газар руу албан тоот явуулж архивын лавлагааг гаргуулж авсан байдаг. 2017 оны 02 дугаар сарын 23-нд гаргасан тушаалаар Өмнөговь аймгийн хэмжээнд тэтгэвэр авч байгаа 7000 гаруй тэтгэвэр авагчийг бүгдийг нь шалгасан. 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хил хамгаалах Ерөнхий газраас архивын лавлагааг авахад 1991 оны 01 дүгээр сарын 09-ний Б/04 тоот тушаалд өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан гэсэн байдаг.

Гэтэл Нийгмийн даатгалын хэлтэст авчирч өгсөн тушаалд бүтцийн өөрчлөлтөөр 1994 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ажлаас халагдсан гэсэн байсан. *******ыг 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 11 жил 7 сар ажилласан гэж тэтгэвэр тогтоохдоо тооцсон байдаг. 1991 онд ажлаас халагдсан гэж тооцвол 8 жил 6 сар ажилласан ба ажилласан жил хүрэхгүй байгаа. Энэ хугацааг хуульд зааснаар алба хааж байгаа нэг жилийг 1 жил 4 сард дүйцүүлэн тооцвол нийт 10 жил 5 сар болж байна. Б.*******ын гаргасан өргөдөлд 1982 онд цэргийн албанд татагдсан, 1994 онд тоног төхөөрөмж хэрэглэлийн засварын ахлах цолтой ажиллаж байгаад орон тооны цомхотголд орж халагдсан учир улсад нэмэгдэлгүйгээр 10 жил ажилласан, ийм миний ажилласан жилийн хугацаанд тохируулан хуулийн дагуу хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоож өгнө үү гэсэн байдаг. Өргөдөлдөө нэмэгдэлгүйгээр гэж бичсэн байсан учраас 3 сарын хугацааг тооцоогүй, гаргаж өгсөн баримтуудыг бүгдийг шүүхэд өгсөн.

2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн архивын лавлагааг үнэн эсэхийг шалгуулахаар шүүхийн шинжилгээний албанд албан тоотоо явуулсан. Цагдаагийн хэлтэст өгснөөс хойш хариу ирээгүй. Хэрвээ бүтцийн өөрчлөлтөөр ажлаас халагдсан тохиолдолд цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ. Өөрийн хүсэлтээр халагдсан тохиолдолд эрх нь үүсэхгүй. Тэтгэвэр тогтоолгохоор өгсөн баримт нь хуурамч гэдэг нь нотлогдож байна гэж үзэж байна. Тэтгэвэр тогтоолгохоор авсан дундаж цалингийн тодорхойлолтод 1991 оноос хойш цалин байхгүй байсан.

Хэрвээ 1994 онд ажлаас халагдсан бол 1994 оныг хүртэл авсан цалингийн лавлагаа ирсэн байх ёстой. Ажилласан байдлын тухай 2009 оны 01 дүгээр сарын 30-нд нээсэн дэвтэр дээр 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдөр цэргийн албанд татагдсанаас халагдах хүртэлх тушаалыг нөхөж бичсэн гэж үзэж байгаа. Тухайн үед ажиллаж байсан улсын байцаагчийн буруутай үйл ажиллагаа байгаа ч засвартай хуурамч баримт бүрдүүлж тэтгэвэр тогтоолгосон тул акт тавьсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь *******т холбогдуулан “Улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Илүү олгосон тэтгэвэр төлүүлэх, дутуу олгосон тэтгэвэр нөхөн олгох тухай” 10 дугаартай актыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд анх гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 10 дугаар актыг хүчингүй болгуулах” гэж өөрчилсөн[1] бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс уг актын Б.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Маргаан бүхий захиргааны акт[2] /хавсралт 2-ын 23 дугаарт бичигдсэн/-аар *******гийн *******ыг Хуурамч бичиг баримтаар тэтгэвэр тогтоолгосон” гэсэн зөрчил гаргасан гэж үзэж 14,785,961 төгрөгийг Б.*******аар буцаан төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч талаас “Б.******* цэргийн тэтгэвэр тогтоолгоход шаардлагатай материалыг бүрдүүлж өгсөн, хуурамч баримт бичиг бүрдүүлээгүй, Хил хамгаалах газраас өгсөн лавлагааг өгсөн, хариуцагч байгууллага өөрсдөө шалгаж үзээд тогтоож өгсөн, одоо ******* өвчтэй, эмнэлгийн хяналтанд байнга байдаг, тэтгэврийг нь зогсоосноос эмчлүүлэхээр авсан тэтгэврийн зээлээ төлж чадахгүй байгаа, актыг зөвшөөрөхгүй, төлөх боломжгүй” гэж, хариуцагч талаас “Цэргийн байгууллагад ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр халагдсан, цэргийн тэтгэвэр тогтоолгох эрхгүй байхад хуурамч баримт бичиг бүрдүүлж, үндэслэлгүйгээр тэтгэвэр тогтоолгосон гэж тус тус маргасан.

Хавтаст хэрэгт авагдсан Б.Батбаярын “Тэтгэврийн хувийн хэрэг”[3] зэрэг баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзвэл Б.*******ын 2009 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандан гаргасан ...цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоож өгнө үү” гэсэн өргөдөл, Хил хамгаалах ерөнхий газрын төв архивын 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн а/98 тоот “Архивын лавлагаа”[4], Хөдөлмөрийн дэвтэр, 1986-1988 оны цалингийн тодорхойлолтын хуулбар зэрэг бусад баримтуудыг Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч, дарга, тасгийн дарга нар хүлээн авч хянан баталгаажуулж, тус баримтуудыг үндэслэн 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Зэсэн овогт *******гийн *******т цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэртогтоосон байна.

Хариуцагч нь маргаан бүхий актын үндэслэлээ тайлбарлахдаа “Б.******* манай хэлтэст Хилийн цэргийн Хилийн 0129 дүгээр ангийн захирагчийн 1991 оны 01 дүгээр сарын 09ий өдрийн “Б.*******ыг цэргийн албанаас халах тухай” Б-04 дүгээр тушаалыг[5] өгөөгүй, харин тэтгэвэр тогтоолгохдоо Хил хамгаалах ерөнхий газрын төв архивын 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн а/98 тоот архивын лавлагааг өгсөн. Энэ лавлагаан дээр Б.*******ыг бүтцийн өөрчлөлтөөр 1994 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр чөлөөлөгдсөн гэж бичигдсэн байсныг 2017 онд манайхаас тодруулж мөн газрын төв архиваас лавлагааг дахин гаргуулж авахад өмнөх лавлагаанаас өөр шалтгаанаар буюу өөрийн хүсэлтээр, 1991 оны 01 дүгээр сарын 09ий Б-04 дүгээр тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байсан тул манайх дээрх 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн а/98 тоот архивын лавлагааг засварлагдсан хуурамч бичиг баримт гэж үзэж, Нийгмийн даатгалын хуулийн 20 дугаар зүйлийн 2-т заасны дагуу 2009 оны 06 сараас тогтоосон цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэврийг зогсоож, улмаар энэ хугацаанд илүү олгогдсон 14,785,961 төгрөгийг буцааж төлүүлэхээр шийдвэрлэсэн, цэргийн албан хаагч өөрийнхөө хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн байхад цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгох үндэслэлгүй гэж тайлбарласан.

Нийгмийн даатгалын тухай хуулийн /2004 оны 05 дугаарын 13-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон/ 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хуурамч бичиг баримт бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэвэр...үндэслэлгүй, эсхүл илүү тогтоолгож авсан бол үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр...ийг нөхөн төлүүлж...торгох шийтгэл ногдуулна” гэж зааснаас үзэхэд үндэслэлгүй, илүү тогтоолгож авсан тэтгэврийг нөхөн төлүүлэх” үндэслэл нь хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэрэг зөрчлийг тухайн тэтгэвэр тогтоолгогч этгээд шууд санаа зорилготойгоор өөрөө үйлдсэн түүнийгээ нийгмийн даатгалын байгууллагад гаргасан болох нь эргэлзээгүйгээр тогтоогдсон бол “тэтгэврийг үндэслэлгүй, эсхүл илүү тогтоолгож авсан” гэж үзэхээр байна.

Тодруулбал, тухайн тэтгэвэр тогтоолгогчоос хуурамч баримт бичиг бүрдүүлснийг, худал мэдээлснийг эрх бүхий байгууллага, шалгаж тогтоосон тохиолдолд тэтгэвэр авагчийг тус зөрчлийг гаргасан гэж буруутгах үндэслэл бүрдэхээр байхаас гадна төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан тэтгэвэр тогтоолгогчийн бүрдүүлэн өгсөн баримт хүсэлтийг хянан шалгах, зөрчил илэрвэл арилгуулахаар шаардах, хэрэв тэтгэвэр тогтоох үндэслэлгүй тохиолдолд тэтгэвэр тогтоохоос татгалзах эрхтэй байна. Мөн “хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг бөгөөд хуурамч баримт бичиг үйлдэх гэдэг нь албан ёсны баримт бичгийг бүхий л арга хэрэгсэл ашиглан бүрэн дуурайлгаж буюу хэсэгчлэн өөрчлөхийг хэлнэ.

Гэтэл хариуцагч тал маргаан бүхий захиргааны актыг гаргахаас өмнө эрх бүхий байгууллагад гомдол, хүсэлт гаргаагүй, тодруулбал, тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэн өгсөн Хил хамгаалах ерөнхий газрын төв архивын 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Архивын лавлагаа” гэх а/98 тоот албан бичгийг засварлаж, хуурамчаар үйлдсэн эсэх талаар тогтоолголгүйгээр илүү олгогдсон гэх 14,785,961 төгрөгийг нэхэмжлэгчээр төлүүлэхээр шийдвэрлэж акт тогтоосон болох нь хэрэгт авагдсан маргаан бүхий акт, хариуцагчаас Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын даргад 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гаргасан хүсэлт,[6]  мөн аймаг дахь Цагдаагийн газрын 2020 оны 41а/605 тоот албан бичиг[7], шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...тухайн үед тэтгэвэр тогтоолгохоор өгсөн баримтуудыг Улсын байцаагч шалгаж аваад тэтгэвэр тогтоож өгсөн, Б.*******т цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоож болохгүй байна гэж хэлээгүй, тэр үед байцаагч биднийг чиглүүлж өгсөн бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй байсан...” гэх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “...тэтгэвэр тогтоолгохоор өгсөн баримтуудыг тухайн үед ажиллаж байсан байцаагч хянаж шалгаж аваагүй тэтгэвэр тогтоосон нь буруутай ажиллагаа байгаа байх, акт тавихаас өмнө Цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаагүй...” гэх агуулга бүхий тайлбар зэргээр тогтоогдож байхын зэрэгцээ энэ нь Нийгмийн даатгалын хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь заалттай нийцээгүй байна.

Мөн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2-т Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн албан хаагч дор дурдсан /орон тоо, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр, биеийн эрүүл мэндээр, цэргийн алба хаах нас хэтэрч гарсан/ шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй” гэж заасан ба тухайн үед нийгмийн даатгалын байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд нь нэхэмжлэгчээс анх өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргах үедээ бүрдүүлсэн түүний баримт материалыг хүлээн авч баталгаажуулахдаа Нийгмийн даатгалын ерөнхий газраас батласан “Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам”-д заасны дагуу түүний баримт бичгийн бүрдэл, баталгаажилтыг урьдчилан хянаж, илэрсэн зөрчлийг арилгуулах, баримт бичгийн бүрдлийг тэтгэврийн эрх үүсэх үед нь бүрэн хангуулах, мэргэжлийн зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлэх үүргээ биелүүлэх боломжтой байжээ.

Нөгөөтэйгүүр хэрэгт авагдсан Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн төв архивын 2017 оны 128 тоот албан бичиг, 2020 оны 83 тоот албан бичгээр ирүүлсэн баримт, хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2009 онд 02/148 тоот албан бичиг, мөн архивын 2020 оны 08/1808 тоот лавлагаа, түүнд хавсаргасан баримт[8], талуудын тайлбар зэргээс үзвэл Б.******* 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдөр цэрэгт татагдаж, Хилийн цэргийн 0129-р ангид алба хааж, 1984 оны 03 дугаар сарын 10-ны өдөр мөн ангид ахлагч цолтой, салаан даргаар улиран ажиллаж, 1989 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс хувцасны албаны тоног төхөөрөмж, зөөлөн эдлэлийн засварчнаар ажиллаж байгаад мөн ангийн захирагчийн 1991 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн тушаалаар “өөрийн хүсэлтийг нь үндэслэн” мөн сарын 01-нээс ажлаас чөлөөлөгдөж, цэргийн албанаас халагдсан байх бөгөөд нэхэмжлэгчийг тэтгэвэр тогтоолгох үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэргийн жинхэнэ алба хаасан хугацааг иргэний ажилласан, цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоох хугацаанд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “...хилийн суман, хороонд болон тэдгээртэй адил нөхцөлд ажиллаж байгаа...офицер, ахлагчийн алба хааж байгаа нэг жилийг 1 жил 4 сард дүйцүүлэн тооцно” гэж заасны дагуу түүний Хилийн 0129 дүгээр ангид ахлагчийн алба хаасан хугацааг тооцоход нийт 10 жил 5 сар ажилласан гэж үзэхээр байна.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд нь Б.*******т цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоох нөхцөл бүрдсэн эсэх, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл шаардлага хангагдсан эсэхийг хянан шалгах үүргээ биелүүлээгүй, түүнд цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэврийг буруу тогтоосон байхад 8 жилийн дараа тэтгэвэр авагчийг буруутгаж, илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэхээр акт тогтоосон нь үндэслэлгүй, хууль бус, хууль тогтоомжид нийцээгүй уг актыг улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

Түүнчлэн, хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 15, 24, 27 дүгээр зүйлд зааснаар захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд нэхэмжлэгчийг оролцуулж, оролцогчийн эрхийг эдлүүлээгүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, сонсох ажиллагааг явуулаагүй, оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангаагүй зэргээр хууль зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбар мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн /2004 оны 05 дугаарын 13-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон/ 20 дугаар зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ******* /хуучин нэршлээр Өмнөговь аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс/-ийн Улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 10 дугаар актын Б.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /Далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 70200 /Далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Батбаярт олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ОТГОНЦЭЦЭГ 


[1] Хавтаст хэргийн 127 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 49-51 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 106-122 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 46 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 64 дүгээр хуудас

[6] Хавтаст хэргийн 52 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 134 дүгээр хуудас

[8] Хавтаст хэргийн 16, 60, 63-67, 115-117, 131-133 дугаар хуудсанд авагдсан баримтууд