| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 145/2024/00097/И |
| Дугаар | 001/хт2024/00195 |
| Огноо | 2024-10-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 001/хт2024/00195
Г.Б-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 145/ШШ2024/00153 дугаар шийдвэртэй,
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 204/МА2024/00017 дугаар магадлалтай,
Г.Б-ийн нэхэмжлэлтэй
С.Ц-д холбогдох
Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол 7,144,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А, хариуцагч С.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Г.Б нь С.Ц-д холбогдуулан гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол 7,144,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 145/ШШ2024/00153 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.3, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар хариуцагч С.Ц-гаас 1,375,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 5,769,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч С.Ц-гаас 36,950 төгрөгийг гаргуулж орон нутгийн орлогод оруулж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Г.Б-ийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
3. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 204/МА2024/00017 дугаар магадлалаар: Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 145/ШШ2024/00153 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2024.06.05-ны өдрийн 204/MA2024/00017 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах гэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
2023.08.01-ний орой 19 цагийн орчим аймгийн шүүхийн байрны үүдэнд шүүгдэгч С.Ц нь нэхэмжлэгч Г.Б-ийг, хэл амаар доромжилж хүч хэрэглэн зодож, хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт 2024.01.24-ний 26 дугаар шийтгэх тогтоолоор анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500,000 төгрөгөөр торгуулж шийтгүүлсэн. Шүүх С.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд яллагч прокуророос, хохирогч Г.Б-ийн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэлийн талаарх баримтыг шүүхэд ирүүлэхдээ, сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэл тогтоолгохоор шинжилгээний байгууллагад хүргүүлсэн мөрдөгчийн албан тоотоо хавсаргаж ирүүлээгүйгээс, шүүх түүний сэтгэцэд учирсан хор уршигийн хохирлын нөхөн төлбөрийг хэлэлцэлгүй орхиж энэ талаарх баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн.
Иймд Г.Б тус анхан шатны шүүхэд сэтгэцийн хор уршигийн хохирол нэхэмжилж бүрдүүлэх шаардлагатай баримт болох Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн дарга хошууч Э.Өлзийжаргалын хохирогч Г.Б-ийн сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэлийг тогтоолгох тухай Шүүх шинжилгээний ерөнхий газарт явуулсан 2024.01.11-ний өдрийн 43г/203 албан тоотын хуулбарыг тус Цагдаагийн газраас авч, мөн сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Г.Б-ийн сэтгэцэд учирсан хор уршигийн 2 дугаар зэрэглэлийг тогтоов гэсэн Шүүх шинжилгээний байгууллагаас ирүүлсэн баримтыг С.Ц-гийн эрүүгийн хавтаст хэргээс авахаар шүүхэд хүсэлт өгч гаргуулан авч нэхэмжлэлдээ хавсарган өгсөн.
Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас Г.Б-ийн сэтгэцэд учирсан хор уршигийн хохирлын нөхөн төлбөрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023-07-31-ны өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023.07.03-ны 25 дугаар хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршигийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”, болон иргэний хуульд зааснаар буруутай этгээдээс тогтоогдсон хэмжээгээр хохирлыг бүрэн гаргуулах үндэслэл бүхий байхад шүүх эрүүгийн хэргийн тогтоогдсон нөхцөл байдалтай нийцээгүй, нотлох баримтаар тогтоогдоогүй yг хэрэгт хамааралгүй, “Хэрэгт хохиролын хэмжээ гарахад түүний үйлдэл нөлөөлсөн эрүүгийн болон зөрчлийн хэргээр /нэг ч удаа зөрчлийн шийтгэл аваагүй, байхад/харин Алтанцэцэг бид нарт халдаж зөрчлөөр 3, эрүүгээр 1 удаа, ээж нь 2 удаа зөрчлийн шийтгэл хүлээсэн/ удаа дараа шийтгэгдсэн гэх үндэслэлгүй дүгнэлт хийж хууль журамд заагаагүй заалтаар “Нөхөн төлбөрийн хэмжээг 50 хувь багасган гаргуулах” нь зөв гэж шийдвэрлэснийг хууль буруу хэрэглэж хохирогчийн эрхийг ноцтой хохироосон гэж үзэж нэхэмжлэгч шийдвэрийг зөвтгөж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж хохирлыг бүрэн гаргуулахаар давж заалдах гомдол гаргасан.
Давж заалдах шатны шүүх “…Сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар Эрүүгийн хуулийн 11.6 дугааp зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг Г.Б-ийн сэтгэцэд учирсан хор уршигийн 2 дугаар зэрэглэлийг тогтоов гэх баримт (хх-6) “хуулбарлав” Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44-р зүйлийн 44.4-т зааснаар “хуулбар үнэн” гэж тэмдэг дарж баталгаажуулна гэснийг зөрчсөн тухайн баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаасан.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021.10.01-ний өдрийн Журамд өөрчлөлт оруулах 56 дугаар тогтоолын Арав.Архивын үйлчилгээ үзүүлэх, 10.3-т “Шүүхээс гарсан эрх зүйн актаас бусад баримтын хуулбар дээр хуулбар үнэн, тэмдэг дарж гарын үсэг зурахгүй. Харин хэргийн оролцогчийн хүсэлтээр архивч, операторч хуулбарлав (маягт 19) дарж гарын үсэг зурна” гэж заасан. Иймд хохирогч Г.Б-ийн сэтгэцэд учирсан хор уршигийн 2 дугаар зэрэглэлийг тогтоов гэх баримт /хх-6/ “хуулбарлав” гэсэн дардастай байгаа нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т зааснаар “хуулбар үнэн” гэж тэмдэг дарж баталгаажуулна гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.
Энэ хэрэгт анхан шатны журмаар иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан шүүгч Б.Ц давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнд оролцон хэрэг шийдвэрлэснийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д анхан... шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд урьд оролцсон шүүгч гэж үзээгүй зэргийг хууль хэрэглээний зөрөөг арилгах шаардлагатай гэж үзэж байгаа тул магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.09.12-ны өдрийн 001/ШХТ2024/00992 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А-ын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч С.Ц-д холбогдуулан гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол 7,144,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ “...2023.08.01-ний өдөр Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн зөрчлийн шүүх хуралдаанаас эхнэртэйгээ гараад явж байхад шүүхийн гадна намайг отож зогсож байгаад С.Ц, С.Ц, А.Ц нар намайг зодсон. Энэ явдлаас хойш 3 хоногийн дараа эмнэлэгт үзүүлэхэд тархи доргилт, толгой зүүн тийшээ эргэхгүй татсан, баруун хацар хөхөрсөн, шанаа хэсэгт зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, дагз хэсэгт хаван хавдар гэсэн гэмтэл тогтоогдсон. Иймд С.Ц-гаас гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол 7,144,500 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэж тодорхойлжээ.
8. Хариуцагч С.Ц нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: “…Би хацар руу нь 2-3 удаа алгадсан хэдий ч би эмэгтэй хүн учраас сэтгэцэд хор уршиг учрах хэмжээний хохирол учруулаагүй.” гэж маргажээ.
9. Анхан шатны шүүх “...Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч С.Ц-гийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Г.Б-ийн биед хөнгөн гэмтэл учирсан нь нотлогдож байх тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023.07.03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч Г.Б-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (2023 он)-г 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 2,750,000 төгрөгөөр тооцох нь зүйтэй. ... Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаас нэхэмжлэгч Г.Б нь хариуцагчийн төрсөн дүүтэй таван жил амьдарсан, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэн тэдний дунд үл ойлголцол үүссэн, мөн эрүү болон зөрчлийн хэргээр удаа дараа шийтгэгдсэн зэрэг нөхцөл байдалд тогтоогдож байх тул шүүх Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.3-т зааснаар нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээ гарахад түүний үйлдэл (эс үйлдэхүй) нөлөөлсөн гэж үзэн нөхөн төлбөрийн хэмжээг 50 хувь багасган 1,375,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Г.Б-ид олгож шийдвэрлэх нь зүйтэй...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.
10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэхдээ “...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 6.1 дэх хэсгийн гэмт хэргийн улмаас хохирсон Г.Б-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэргээр тогтоов...” гэх баримт нь “хуулбарлав” тэмдэгтэй (хх-ийн 06) буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангаагүй буюу нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн. Учир нь Бичмэл баримт хуулбар бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна. Харин энэ журмыг зөрчсөн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох чадвараа алдах бөгөөд тухайн баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Гэтэл анхан шатны шүүх дээрх баримтыг Г.Б-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэг тогтоосон нотлох баримтаар үнэлэн хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн ...” гэсэн дүгнэлт хийжээ.
11. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг “...бичмэл нотлох баримтыг гаргаж өгөхдөө хуульд заасан журмыг зөрчөөгүй ...” гэсэн агуулгын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэлээ.
12. Давж заалдах шатны шүүх хэргийн 6 дугаар талд авагдсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар” баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан бичмэл нотлох баримтыг гаргаж өгөх журам зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу болжээ.
13. Нэхэмжлэгчээс ирүүлсэн “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар” нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан “хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээлэл ...” буюу бичмэл нотлох баримт байна.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх бөгөөд харин хуулийн 44.4-т зааснаар бичмэл нотлох баримтыг төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээдээс гаргуулан авах тохиолдолд тухайн байгууллага бичмэл нотлох баримтад өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна.
15. Хэрэгт авагдсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар” баримтаас үзэхэд “хуулбарлав” тэмдэг дарагдсан нь дээрх хуульд заасан журмыг зөрчөөгүйн гадна энэхүү баримтын эх сурвалжийн талаар буюу нотлох баримтыг хуурамч эсхүл хууль бус аргаар цуглуулсан эсэх талаар зохигч маргаагүй байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.
16. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх учиртай.
Улмаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагч татгалзал, үндэслэлээ нотолсон эсэхийг үндэслэж хэргийг шүүх хянан шийдвэрлэнэ.
17. Иймээс энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.
18. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “ ... анхан шатны журмаар иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан шүүгч давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнд оролцон хэрэг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасныг зөрчсөн...” тухай гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасан иргэний хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэхэд урьд нь оролцсон шүүгч уг хэрэг маргааныг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй гэсэн нь “ ...энэ хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 167 дугаар зүйлийн 167.1, 176 дугаар зүйлийн 176.2-т зааснаар шийдвэр, магадлал, тогтоол гаргасан ...”[1] байхыг ойлгоно.
Өөрөөр хэлбэл шүүгч анхан шатны журмаар хэргийг эцэслэн шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д зааснаар шийдвэр гаргасан тохиолдолд тухайн хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцохгүй бөгөөд энэ хэргийн хувьд ийнхүү шүүгч дахин оролцож болохгүй үндэслэл тогтоогдсонгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 204/МА2024/00017 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А-ын гомдлын заримыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
П.ЗОЛЗАЯА
[1] Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоол, 2023.01.12 №05 “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91, 92 дугаар зүйлийн зарим хэсэг заалтыг тайлбарлах тухай” https://www.supremecourt.mn/media/files/20232/0_1677651424.pdf