Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 1807

 

 

У.Ж-ны  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Туяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2018/01177 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч У.Ж-ны  нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Д-д холбогдох

 

Бусдын хууль бус эзэмшил, ашиглалтаас өөрийн эзэмшлийг газрыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Л.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2007 оны 6 дугаар сард Л.Мөнхбаяртай хамтран Төрийн өмчийн хорооноос зарлагдсан дуудлага худалдаанд оролцож хилийн цэргийн 0119-р ангийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй 324 м.кв талбайтай, 756 м.кв эдэлбэр газартай Соёлын төвийн барилгыг дуудлага худалдаагаар худалдан авсан. Төрийн өмчийн хорооны 2007 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 278 дугаартай тогтоолын дагуу хилийн 0119-р ангийн Соёлын төвийн барилга, уг барилгын эдэлбэр газар зэрэгт Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Газрын алба зэрэг байгууллагуудын бүртгэлд шилжиж хаяг, байршлын бүртгэл хийгдэж дугаар олгогдсон. Л.Мөнхбаярт Нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 612 дугаартай шийдвэрийг үндэслэж Нийслэлийн өмчийн харилцааны газар буюу Газрын албанаас 756 м.кв газрыг эзэмшүүлэхээр 0142750 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2007 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 324 м.кв талбай бүхий 756 м.кв эдэлбэр газартай Соёлын төвийн барилгын өмчлөгч болохыг баталсан 00470 дугаартай гэрчилгээ тус тус олгогдож Л.Мөнхбаяр болон У.Ж бидний өмчлөх эрх баталгаажсан. Үүнээс хойш миний бие 2011 онд Л.Мөнхбаяртай харилцан тохиролцож 2007 онд дуудлага худалдаагаар хамтран худалдан авсан газар болон үл хөдлөх эд хөрөнгөө тэнцүү байдлаар хуваан авахаар болж Улын бүртгэлийн Ерөнхий газраас 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр У.Жминий нэр дээр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Нарангийн Баянхошууны гудамж 38/1-р барилгын урд хэсгийн агуулахын зориулалттай 162 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоосон 000170897 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, У.Ж-ны  нэр дээр Нийслэлийн Газрын албанаас 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутагт орших 444 м.кв газрыг эзэмшигч болохыг тогтоосон 0351336 дугаартай гэрчилгээнүүд олгогдож У.Ж-ны  дангаар өмчлөх эрхийг баталгаажуулсан. Гэтэл миний эзэмших эрхийн гэрчилгээтэй газар дээр 2007 оноос хойш гэр бүлийн хамт амьдарч байсан Б.Д гэгч нь өнөөдрийг хүртэл газар чөлөөлж өгөхгүй хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн эрхийг удаан хугацаагаар ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг өөрийн эзэмшлийн газраас албадан чөлөөлж өгөх шаардлага бүхий нэхэмжлэлийг 2012, 2014 онуудад Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан байсан бөгөөд шүүх хаягийн давхцал бүхий асуудлыг шийдвэрлээгүй гэх үндэслэлээр удаа дараа хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2007 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч Б.Д-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 494 тоот захирамжийн У.Ж, 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 612 дугаар захирамжийн Л.Мөнхбаяр нарт холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 557 дугаартай шийдвэр гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгосон. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Б.Д-ын гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг 704 дугаартай магадлалаар хэвээр үлдээсэн, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Б.Д-ын гомдлоор хянан хэлэлцээд 511 дугаартай тогтоол гарган шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч У.Ж-ны  зүгээс бусдын хууль бус эзэмшил, ашиглалтаас өөрийн эзэмшлийг газрыг албадан чөлөөлүүлэх шаардлага гаргах, шийдвэрлүүлэх хууль зүйн үр дагавар үүссэн гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсгүүдэд заасныг үндэслэн хариуцагч Б.Д-ыг нэхэмжлэгчийн эзэмшил газраас албадан нүүлгэх, газар чөлөөлөх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У.Ж нь 2007 оны 6 дугаар сард иргэн Л.Мөнхбаяртай хамтран Төрийн өмчийн хорооноос зарлагдсан дуудлага худалдаанд оролцож хилийн цэргийн 0119 дүгээр ангийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 324 м.кв талбайтай 756 м.кв эдэлбэр газартай Соёлын төвийн барилгыг худалдан авсан газрын схем зураг нь тайлбарын хамт байгаа. Нэхэмжлэгчийн хэлээд байгаа 7 дугаар хороо Нарангийн /18140/ ба Баянхошууны гудамж 38/1 гэсэн хаяг манайд хамаарахгүй. Манайх Хилчний 1 дүгээр гудамж 19 тоот гэсэн хаягтай. Нарангийн /18140/ ба Баянхошууны гудамж 38/1 гэсэн хаяг манай энд одоо ч байхгүй. Манайх тусдаа хашаатай 330 м.кв талбайтай тус тусдаа өөр өөрийн хашаатай ба газартай. Харин кадастрын зургийн бага зэрэг давхцал бий. У.Жнь өөрийн газраасаа хасч манай газрыг оруулж зориуд кадастр давхцуулсан. Кадастр давхацсан зураг 1 гэр нь манайх, 2 гэр нь У.Ж-ны х, хар зураас нь хуучин байршил, одоо ч байгаа, цагаан зураг нь давхцуулсан юм. Өөрийн 2 гэрийн талаас авахуулаад манай гэрийг давуулаад зураг авахуулсан нь зургийн давхцал тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч У.Ж-ны  эзэмшилийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо,Нарангийн/18140/, Баянхошууны гудамж 38/1 тоот хаягт байрлах нэгж талбарын 1847/0043, 18636313029716 дугаар бүхий 444 м.кв талбай газрыг хариуцагч Б.Д-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч У.Ж-ны  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Д-с улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнд гомдолтой байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Б.Доржбал миний олон жил амьдарч байсан газар нэхэмжлэгчийн шаардаад байгаа газрын аль хэсэгтэй, ямар хэмжээ, кординатаар давхацсан эсэх талаар шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасан боловч шүүх хангаж шийдвэрлээгүй нь хууль бус байна. Анхан шатны шүүх шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ гомдол гаргах эрхийг хангалгүй зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1, 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт зааснаас үзэхэд шүүх тухайн хүсэлтийг хангах эсхүл хэрэгсэхгүй болгохдоо үндэслэл буюу эрх олгосон заалтыг хэрэглэх ёстой тул хариуцагчийн гаргасан хүсэлт нь гомдол гаргах эрхтэй захирамж байсан болно. Иймд Б.Д миний гомдол гаргах эрхийг зөрчсөнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 17816 дугаартай захирамжаар Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэргийг шүүхийн архиваас нотлох баримтаар гаргуулан авсан талууд тус хэргээс шинжлэн судалсан нотлох баримтуудыг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлсэн" гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Ийнхүү анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шийдвэрийнхээ үндэслэл болсон гол нотлох баримтаа өөр хавтаст хэргээс үнэлж шийдвэрлэсэн нь иргэний хэргийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, хариуцагчийн хууль ёсны ашиг сонирхолыг ноцтой хохироосонд туйлын гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч У.Ж нь хариуцагч Б.Д-д холбогдуулан бусдын хууль бус эзэмшил, ашиглалтаас өөрийн эзэмшлийн газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах маргаан бүхий 324 м.кв талбайтай, 756 м.кв эдэлбэр газартай Соёлын төвийн барилга нь хилийн цэргийн 0119-р ангийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй уг барилгыг Төрийн өмчийн хорооны 2007 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 278 тоот тогтоолоор дуудлага худалдаагаар худалдаж, дуудлага худалдааны ялагч Л.Мөнхбаярт барилгын өмчлөх эрхийг шилжүүлж, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 612 тоот захирамжаар нэгж талбарын 47/0035 дугаар бүхий 756 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар Л.Мөнхбаярт эзэмшүүлж гэрчилгээ олгосон болох нь тогтоогдсон байна.

Мөн У.Ж, Л.М нарын хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж Л.Мөнхбаяр нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёлын төвийн барилгын 756 м.кв талбай бүхий эзэмшил газрынхаа 444 м.кв газрыг У.Ж-д шилжүүлсэн, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 494 тоот захирамжийн дагуу 2011 оны 7 дугаар сарын 06-нд 0351363 дугаартай гэрчилгээгээр 444 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар нэхэмжлэгч У.Ж-д эзэмшүүлж, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Нарангийн /18140/, Баянхошууны гудамж 38/1 барилгын урд хэсгийн агуулахын зориулалттай 162 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр У.Жболохыг тогтоож 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 000170897 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон үйл баримт тогтоогджээ.

 

Дээрх үйл баримт болон хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан үзвэл У.Ж нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Нарангийн /18140/, Баянхошууны гудамж 38/1 тоот хаягт байрлах нэгж талбарын 1847/0043, 18636313029716 дугаар бүхий 444 м.кв талбай газрын хууль ёсны өмчлөгч тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Маргаан бүхий газар нь бусдын хууль бус эзэмшилд байгаа талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Хэргийн 147-157 дугаар талд авагдсан баримтаас үзвэл хариуцагч Б.Д-ын оршин суух хаяг болох Хилчний 1 дүгээр гудамж 19 тоот гэсэн хаягийг 2008 оны сонгуулиас өмнө “Хилчин” гэсэн түр хаяг өгч гудамж хаягжуулж байсан үйл баримт тогтоогджээ.

 

Хариуцагч Б.Д нь “нэхэмжлэгч У.Ж-ны  Сонгинохайрхан 7 дугаар хороо Нарангийн /18140/ ба Баянхошууны гудамж 38/1 гэх хаяг манайд хамааралгүй, одоо энэ хаяг байхгүй, манайх Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчний 1 дүгээр гудамж 19 тоот гэсэн хаягтай” гэж маргасан боловч дээрх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0557 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0704 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 511 дүгээр тогтоолоор Нийслэлийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 494 тоот захирамжийн У.Ж-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 612 тоот захирамжийн Л.Мөнхбаярт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий иргэн Б.Д-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.                          /хх12-21 дэх тал/

 

Дээрх Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь нийтийн эрх зүйн хүрээнд гарсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлох шаардлагагүй юм.

 

Иймд хариуцагч Б.Д нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн, тэрээр маргаан бүхий газрыг эзэмших эрхгүй болох нь тогтоогдсон тул Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Нарангийн /18140/, Баянхошууны гудамж 38/1 тоот хаягт байрлах нэгж талбарын 1847/0043, 18636313029716 дугаар бүхий 444 м.кв талбайтай газрыг хариуцагч Б.Д-ын хууль бус эзэмшлээс шүүх албадан чөлөөлж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан боловч шүүх маргаан бүхий газрын аль хэсэгт маргаж байгаа нь тодорхойгүй, маргаан бүхий газарт давхцал байгаа эсэх талаар захиргааны хэргийн А/131 тоот шинжээчийн дүгнэлт гарсан тул шинжээч томилуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй тул хариуцагчийн захирамжид гомдол гаргах эрхийг зөрчсөн гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 17816 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэргийг шүүхийн архиваас нотлох баримтаар гаргуулж, тус хэргээс нотлох баримт шинжлэн судалж тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь зөв боловч шинжлэн судалсан нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн ард үдсэн нь дарааллын хувьд буруу байгааг тэмдэглэх нь зүйтэй байна. Энэ талаарх өөр хэргийн нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

 Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2018/01177 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч Б.Д нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШЗ2018/08255 дугаар захирамжаар давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

 

                ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ