Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 19

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                Прокурор Н.Өнөрбаяр /цахим сүлжээгээр/

                                                 Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЗ/66 дугаар шүүгчийн захирамжинд гаргасан прокурорын эсэргүүцлээр О.Д-д холбогдох эрүүгийн 1827002250036 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Монгол улсын иргэн, урьд 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 46 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт  зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзагдаж байсан Л овгийн О.Д

 

О.Д нь согтуурсан үедээ 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өнгийн “Даюун” маркын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Д.Д-н амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогдсон бөгөөд түүний үйлдлийг  Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын  прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ. 

 

Анхан шатны шүүх, хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг гүйцэтгээгүй дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэж дүгнэн О.Д-д холбогдох эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорт буцаан, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэх, эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн О.Д-н В ангиллын жолооны үнэмлэхийг хэргийн хамт прокурорт хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Дуламсүрэнд даалган, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Өнөрбаяр 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 05 дугаартай эсэргүүцэлдээ: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЗ/66 дугаартай захирамжийг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч танилцлаа.

О.Д нь согтуурсан үедээ 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд улсын дугааргүй ногоон өнгийн Даюун маркын мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж улмаар ард нь сууж явсан зорчигч Д.Д-н амь нас хохирсон гэх гэмт хэрэгт холбогдсон байна.

Тус прокурорын газраас О.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхээр шийдвэрлүүлэхээр 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн ердийн журмаар хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

Хархорин сум дахь Сум дундын шүүх хэргийг хүлээн авч 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаар хэлэлцээд 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2019/ДШМ/27 дугаартай Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 608 дугаартай Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолд заасан ажиллагааг гүйцэтгээгүй дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байна.

Уг хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь:

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаартай магадлалд “...прокуророос Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг зөвтгөлгүй...” гэж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 608 дугаартай тогтоолд “...О.Д нь өөрийн үйлдлийн нийгмийн аюул, үр дагавар, хор уршгийг зориуд хүсэж үйлдсэн эсхүл болгоомжгүй, хайхрамжгүй хандлагаар уг хор уршигт хүргэсэн эсэх талаар үйл баримтын дүгнэлт хийж хэрэгт авагдсан ямар баримтаар нотлогдож байгааг гэмт хэргийн шинж бүрээр тайлбарлан баталгаажуулах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, прокуророос О.Д-н үйлдлийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэж үзсэн үндэслэлийг тодорхойлоогүй гэсэн үг юм...” гэж хэргийг прокурорт буцаасан нь хэрэгт хийгдвэл зохих мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, харин хэрэгт цугларсан үйл баримтуудад бодитоор дүгнэлт хийсний эцэст хэргийг зүйлчлэх нь зөв юм гэж ойлгогдохоор байна.

Гэтэл прокуророос хэргийг хүлээн авч яллагдагч О.Д нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай, эсхүл болгоомжгүй аль хэлбэрээр үйлдсэн байж болох, мөн хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, үүний дүнд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягталж хянасны үндсэн дээр хэргийн үйл баримтыг бодитойгоор дүгнэн энэ талаараа яллах дүгнэлтэд тусгаж хэргийн зүйлчлэлийг өөрчлөн шүүхэд шилжүүлсэн.

Яллагдагч О.Д нь гэрч Г.Н, М.Т Д.А, талийгаач Д.Д нартай “Харзтай” нэртэй архи хуваан ууж эхлэх үедээ “тэс хөндлөн дайрна” гэж гэрч Г.Н-д агсарч байсан гэх хэдий ч яллагдагч, гэрч нар нь 2 мотоцикльтой хөдлөх үедээ уг маргаан нь төгссөн, хоорондоо ямар нэгэн байдлаар хэрэлдэж маргалдсан зүйлгүй байсан болох нь гэрч Г.Н-н “...би түүнтэй хэрэлдэж маргалдсан зүйл огт байхгүй..., ...Би араас мотоцикль ирж явааг хараагүй, мэдээгүй...” гэсэн, гэрч Д.А “...Д, Н хоёр гар бариад нэгнийгээ үнсээд байсан тэрнээс нэг нэгэн рүүгээ дайрч давшилж янз бүрээр хэлээгүй...” гэсэн, гэрч М.Т-н “...би араас мотоцикль ирж явааг мэдээгүй...” гэсэн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож, мөн гэрч Г.Н, М.Т нар нь яллагдагч О.Д-с зугтаж мотоцикль унаж яваагүй, яллагдагч О.Д, талийгаач Д.Д нарыг араас нь мотоцикльтой ирж явааг мэдээгүй байгаагаар давхар нотлогдож яллагдагч О.Д нь уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн болох нь тогтоогдож байна гэж дүгнэхээр байна.

Яллагдагч О.Д-н дээрх болгоомжгүй үйлдлийн улмаас талийгаач Д.Д-н амь нас хохирсон нь гэмт үйлдэл түүний үр дүнд учирсан бодит хохирол, хор уршгийн хоорондын шалтгаант холбоо тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл яллагдагч О.Д-н гэмт үйлдлийн улмаас учирсан бодит хохирол, хор уршиг нь талийгаач Д.Доржпаламын амь нас хохирсон байхад гэрч Г.Н-тэй архи уух явцдаа “тэс хөндлөн дайрна шүү” гэж хэлсэн үгнээс нь хамааран учраагүй хор уршгийг төлөө түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд үл нийцнэ.

Хэрэв шүүхээс яллагдагч О.Д-г гэм буруугийн санаатай хэлбэрээр өөрөөр хэлбэл гэрч Г.Н-г “дайрах” гэсэн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж дүгнэсэн тохиолдолд гэрч Г.Н, М.Т нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч тухайн хэргийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна, харин яллагдагч О.Д нь гэрч Г.Н-г дайрах шууд санаатай үйлдлийн дүнд талийгаач Д.Д-н амь насыг хохироосон гэж үзвэл уг үйлдэл нь хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэргийн шинжийг хангаж энэ тохиолдолд шүүхээс зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх боломжтой байсан юм.

Хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэр гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, хэрэгт ямар мөрдөн шалгах ажиллагаа хийх нь ойлгомжгүй, хийгдэх ажиллагаа нь тодорхойгүй, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2019/ДШМ/27 дугаартай Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 608 дугаартай Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолд тус тус заасан ямар ажиллагааг гүйцэтгээгүй болох, прокурор хэргийг хүлээн аваад ямар ажиллагаа хийх ёстой зэрэг ойлгомжгүй асуудлаас болж хэргийг прокурор буцаан хүлээн авлаа гэхэд шүүхийн захирамжийг хэрхэн яаж биелүүлэхэд эргэлзээ төрж байна.

Мөн анхан шатны шүүхээс прокурорт буцаасан захирамжийн удирдлага болгосон зүйл заалтууд нь хуулийг буруу хэрэглэсэн бөгөөд шүүх хэргийг хүлээн аваад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн захирамж гаргасан атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2 дэх хэсэг, 6 дахь хэсэг буюу “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх” явцад прокурорт буцаах процесс хуулийн заалтыг удирдлага болгосон, урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1, 1.2 дахь хэсгийг удирдлага болгон прокурорт хэргийг буцаасан нь тус тус шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Шүүхээс хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч өөрийн санаачилгаар хийх боломжтой байтал шүүх хуралдааны гэм буруугийн шатанд прокурорт хэргийг буцаасан нь ойлгомжгүй байна.

Иймд яллагдагч О.Д-д холбогдох хэргийг прокурорт буцаасан Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЗ/66 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус зааснаар давж заалдах шатны шүүх, О.Д-д холбогдох  хэрэгт хийгдсэн хянан шийдвэрлэх  бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзсэн болно.

2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 1 дүгээр багийн нутаг Улаан давааны өвөрт О.Д нь иргэн Г.Н, М.Т, Д.А, талийгаач Д.Д нартай 0.75 литрийн “Харзтай” нэртэй архи хуваан ууж байхдаа  иргэн Г.Н-г  “тэс хөндлөн дайрна” гэж агсран улмаар улаан хүрэн өнгийн Мустанг-5 маркын мотоциклийг, М.Т-г сундлан Г.Н жолоодон явсны араас, О.Д нь улсын дугааргүй, ногоон өнгийн “Даюун” маркын мотоциклийг  согтуурсан үедээ жолоодон иргэн Г.Н, М.Т нарын зорчиж явсан мотоциклийн араас мөргөж, онхолдон О.Д-тай мотоцикль дээр сундалж явсан Д.Доржпаламын амь насыг хохироож, иргэн Г.Н, М.Т нарт хөнгөн зэргийн хохирол учруулсан  байна.

Энэ үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан гэрч Г.Н, М.Т, О.Л, Д.А, Ц.М Ж.Б нарын мэдүүлгүүд /1-р хх-ийн 48-50х, 56-57х, 61-62х, 63-64х, 69х/, Цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 144-р шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 97-98х/, Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний  747, 748-р шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх-ийн 87-88х, 91-92х/, Шинжээч замын цагдаагийн ахмад Б.Алтансүхийн 03 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 76-79х/ зэргээр нотлогдож байна.

2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2019/ДШМ/27 дугаартай Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 608 дугаартай Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолд заасан ажиллагааг гүйцэтгээгүй дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэж дүгнэн О.Д-д холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэл бүхий болсон байна.

Прокурор нь О.Д-д холбогдох хэргийн шинжийг зөв тодорхойлох, ялангуяа  хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолд заасан, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд О.Д нь өөрийн үйлдлийн нийгмийн аюул, үр дагавар, хор уршгийг зориуд хүсэж үйлдсэн эсхүл болгоомжгүй, хайхрамжгүй хандлагаар уг хор уршигт хүргэсэн эсэх талаар үйл баримтад дүгнэлт хийж, эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд анхаарах нь зүйтэй юм.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн удиртгал болгосон заалтаас техникийн шинжтэй буруу бичигдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2, 6 дахь хэсэг буюу яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх тухай  хуулийн заалтуудыг хасан, шүүгчийн захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох  зүйтэй гэж давж заадах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЗ/66 дугаар шүүгчийн захирамжийн удиртгал болгосон заалтаас “33.1 дүгээр зүйлийн 1.2, 6” гэснийг хасан өөрчилсүгэй.
  2. Шүүгчийн захирамжийн тогтоох хэсгийн бүх заалтыг хэвээр үлдээн, прокурор Н.Өнөрбаярын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 05 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.