Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/166

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзандулам 

Улсын яллагч Н.Амгалан

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

 Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2439000000182 дугаартай хэргийг  2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 15-17 цагийн хооронд согтуугаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг *******ийн 11-18а тоот хашаан дотор С.*******той урьдын болон тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж, улмаар зодолдож, хохирогч С.*******ын нүүрэн тус газар нь гараараа цохисны улмаас түүний биед духанд шарх, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хохирогч С.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 11 цагийн үед ******* сумаас Хэнтий аймгийн төв рүү гарахдаа ганцаараа 1 том савтай пиво аваад замдаа уучихаад Хэнтий аймагт /13 цагийн үед байх, цагийг нь сайн санахгүй байна/ ирээд дүү гийнд очсон. гийнд орсон чинь хадам хүргэн дүү *******, *******ын эхнэр Оюунзул, дүүгийн нөхөр нар байсан. Хадам дүү ******* нэлээн согтуу байсан. Тэгээд ******* намайг хараад “аа энэ муу ирсэн байна” гэх мэтчилэн агсрах гээд байсан. Урьд нь 2-3 жилийн өмнө намайг ******* цохиж байсан болохоор тэрийг өс санаад бас би өөрөө уучихсан болохоор *******ыг 00 орох гээд гарахаар нь би ардаас нь гараад “чи намайг өмнө нь цохиж байсан” гээд уур хүрээд баруун гараараа 1 удаа зүүн шанаа хэсэгт цохисон. Тэгээд ******* намайг заамдаж аваад баруун гараараа миний зүүн хөмсөгний дээд талд 1 удаа цохисон. Цохисноос болоод миний хөмсөгний дээд талаас их хэмжээний цус гараад би доошоо суусан. Тэгээд би намайг илүү зодчих юм байна гэж бодоод айгаад хашаанаас гараад зугтаагаад яваад өгсөн. Хэсэг гадаа хашааны буланд байж байгаад хөмсөгнөөс их хэмжээний цус гараад байхаар нь буцаад дүүгийнх рүүгээ орсон чинь цагдаа нар ирчихсэн байсан. Ингээд цагдаа нартай эмнэлэг яваад очиж үзүүлтэл зүүн хөмсөгний дээд талд том задарчихсан 7 ширхэг оёдол тавиулсан...” гэжээ. (хх-ийн 14-15),

 

Гэрч Б.Оюунзул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр аав, ээжийндээ ирээд байж байсан. Өнөөдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 15 цагийн орчим байх, тэгж санаж байна. Нагац ах ******* нь Сүхбаатар аймгийн ******* сумаас ирсэн. Ингээд орж ирээд л манай нөхөр *******тай гэр дотор муудалцаж эхэлсэн. Тэгээд гадаа гарна гээд гарцгаасан. Би эхэндээ заамдалдаж авалцаад байхаар нь салгах гээд чадахгүй байхаар нь гэртээ орчихсон. Удалгүй гадаа гарч ирээд хартал газраар их хэмжээний цус байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн....” гэжээ (хх-ийн 18-19),

 

Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр том охин Оюунзул, хүргэн ******* нарын хамт байж байсан. Тэгээд Оюунзул нь юм угааж байсан. ******* нь гарч ороод байсан. Тэгсэн ганцаараа гадаа архи уугаад байсан юм шиг байна лээ. 15 цагийн орчим байх эхнэр гийн төрсөн ах ******* нь Сүхбаатар аймгийн ******* сумаас ирсэн. Тэгээд *******ыг дөнгөж орж ирээд байж байхад нь ******* аваад гарчихсан. Тэгээд гадаа тэр хоёр муудалцаад байсан. Би таягтай учир гарч чадахгүй байсан. Яг юунаас болж маргалдаж зодолдсоныг мэдэхгүй байна. Хоорондоо зодолдоод байхаар нь би салгаж чадахгүй юм чинь гээд гараагүй, охин Оюунзулыг “цагдаа дууд” гэж хэлээд дуудуулсан. Өөр мэдэх зүйл байхгүй байна...” гэжээ. (хх-ийн 22-23),

 

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. (хх-ийн 67-68),

 

Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 202 дугаартай “...1. С.*******ын биед духанд шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт  (хх-ийн 45-46),

 

Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 201 дугаартай “...1. *******ын биед зүүн дээд, доод зовхинд цус хуралт, баруун, зүүн нүдний алимд цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....” гэх дүгнэлт  (хх-ийн 57-58),

 

Гэрч Б.ийн мэдүүлэг (хх-ийн 32-33),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 32-33),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 7-8, 9-10),

Яаралтай тусламжийн хуудас (хх-ийн 37-44, 51-56),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 69, 70),

*******ын гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,  иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хх-ийн 72, 73, 74, 75),

*******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 76-82), хохирогч С.*******ын Хэнтий аймгийн прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 89)  болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 15-17 цагийн хооронд согтуугаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг *******ийн 11-18а тоот хашаан дотор С.*******той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зодолдож, хохирогч С.*******ын нүүрэн тус газар нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд нь “духанд шарх, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******ын “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч С.*******ын “...2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 11 цагийн үед ******* сумаас Хэнтий аймгийн төв рүү гарахдаа ганцаараа 1 том савтай пиво аваад замдаа уучихаад Хэнтий аймагт /13 цагийн үед байх, цагийг нь сайн санахгүй байна/ ирээд дүү гийнд очсон. гийнд орсон чинь хадам хүргэн дүү *******, *******ын эхнэр Оюунзул, дүүгийн нөхөр нар байсан. Хадам дүү ******* нэлээн согтуу байсан. Тэгээд ******* намайг хараад “аа энэ муу ирсэн байна” гэх мэтчилэн агсрах гээд байсан. Урьд нь 2-3 жилийн өмнө намайг ******* цохиж байсан болохоор тэрийг өс санаад бас би өөрөө уучихсан болохоор *******ыг 00 орох гээд гарахаар нь би ардаас нь гараад “чи намайг өмнө нь цохиж байсан” гээд уур хүрээд баруун гараараа 1 удаа зүүн шанаа хэсэгт цохисон. Тэгээд ******* намайг заамдаж аваад баруун гараараа миний зүүн хөмсөгний дээд талд 1 удаа цохисон. Цохисноос болоод миний хөмсөгний дээд талаас их хэмжээний цус гараад би доошоо суусан. Тэгээд би намайг илүү зодчих юм байна гэж бодоод айгаад хашаанаас гараад зугтаагаад яваад өгсөн. Хэсэг гадаа хашааны буланд байж байгаад хөмсөгнөөс их хэмжээний цус гараад байхаар нь буцаад дүүгийнх рүүгээ орсон чинь цагдаа нар ирчихсэн байсан. Ингээд цагдаа нартай эмнэлэг яваад очиж үзүүлтэл зүүн хөмсөгний дээд талд том задарчихсан 7 ширхэг оёдол тавиулсан...” гэх, гэрч Б.Оюунзулын  “...2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 15 цагийн орчим байх, тэгж санаж байна. Нагац ах ******* нь Сүхбаатар аймгийн ******* сумаас ирсэн. Ингээд орж ирээд л манай нөхөр *******тай гэр дотор муудалцаж эхэлсэн. Тэгээд гадаа гарна гээд гарцгаасан. Би эхэндээ заамдалдаж авалцаад байхаар нь салгах гээд чадахгүй байхаар нь гэртээ орчихсон. Удалгүй гадаа гарч ирээд хартал газраар их хэмжээний цус байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх, гэрч Г.Баттулгын “...2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр том охин Оюунзул, хүргэн ******* нарын хамт байж байсан. Тэгээд Оюунзул нь юм угааж байсан. ******* нь гарч ороод байсан. Тэгсэн ганцаараа гадаа архи уугаад байсан юм шиг байна лээ. 15 цагийн орчим байх эхнэр гийн төрсөн ах ******* нь Сүхбаатар аймгийн ******* сумаас ирсэн. Тэгээд *******ыг дөнгөж орж ирээд байж байхад нь ******* аваад гарчихсан. Тэгээд гадаа тэр хоёр муудалцаад байсан. Би таягтай учир гарч чадахгүй байсан. Яг юунаас болж маргалдаж зодолдсоныг мэдэхгүй байна. Хоорондоо зодолдоод байхаар нь би салгаж чадахгүй юм чинь гээд гараагүй, охин Оюунзулыг “цагдаа дууд” гэж хэлээд дуудуулсан...” гэх мэдүүлгүүд, Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 202 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч С.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 202 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 600,000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хувийн байдал зэрэгт тохирч байх тул улсын яллагчийн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч С.******* нь Хэнтий аймгийн Прокурорын газарт шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй талаараа хүсэлтийг бичгээр гаргасан (хх-ийн 89) байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******д 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Э.ХОСБАЯР