| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0168/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/175 |
| Огноо | 2024-06-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Анхбаяр |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул
Улсын яллагч Г.Анхбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.*******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2439001980197 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч ******* нь Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутагт наадмын талбайн хойд хэсэгт 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******тэй маргалдаж, улмаар хохирогчийн толгой хэсэгт 1-2 удаа цохиж, түүний эрүүл мэндэд “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр наадмын талбайн хойд хэсэгт *******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хохирогчийн толгой хэсэгт 1-2 удаа цохиж, түүний эрүүл мэндэд “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр наадмын талбайн хойд хэсэгт өөрийн найз *******ийг зодож, цохиж биед нь гэмтэл шарх учруулсан. Би ийм асуудал гаргасандаа харамсаж байна. Ахиж ийм асуудал гаргахгүй. Би өөрийн үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг (хх-ийн 62-64),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч *******ийн “...Би 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 13 цагийн үед Өлзийт тосгоны хөдөө хэсэгт байх гэрээсээ тосгоны төв рүү орж ирээд төрсөн дүү Үйтүмэн-*******ийн гадна ирэхэд бага ангидаа нэг ангид сурч байсан найзууд болох , ******* нар ирчихсэн байхаар нь очиж уулзтал “Хөгшөөн ******* сум руу хамт яваад ирэх үү?” гэхээр нь “тэгье” гээд хамт маркийг нь мэдэхгүй тээврийн хэрэгсэлд нь суугаад жолоочтой нь , ******* нарын тээврийн хэрэгсэлд суусан. Тэгээд хөдлөхөөсөө өмнө “Соёмбо” нэртэй 1 шил архи хоёр найзтайгаа хамт хувааж уучихаад хөдөлсөн. Хөдөлчихөөд ойр зуурын юм ярьж байгаад засмал зам руу орохдоо өөрийнхөө утсыг жолооч гэх залууд нь өгчихөөд цааш явсан. Тэгээд засмал зам руу ороод дахин Соёмбо нэртэй нэг шил архи задлаад байнга уулзаад байдаггүй болохоор хууч хөөрч сууж байхад , ******* нартай маргаан үүссэн. Тухайн үед ******* сумын наадмын стадионы харалдаа замаас хойш тээврийн хэрэгсэлтэйгээ буугаад бие засаж дуусаад өмдөө татах гэхэд ******* тээврийн хэрэгслээс бууж ирээд миний араас гараараа эсвэл нэг зүйлээр ч цохисон уу би унаад өгтөл дээрээс маань хэд хэдэн удаа өшиглөсөн яг хэн нь өшиглөснийг сайн хараагүй ээ. Өшиглөж эхлэхэд нь би хоёр гараараа толгойгоо дараад хэвтчихсэн юм. Тэгээд би “Хөгшөөн хэдүүлээ эндээ муудаад яах вэ? боль оо” гэхэд нь надад хандан “Чамайг дутуу алахгүй” гэж хэлсэн. Тэгээд тэд нар ч хөдөлсөн. Би ч зам руу алхаад замын унаанд суугаад ******* сумын төв рүү явсан. ...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 13-14, 25-26),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч А.ийн “... ахыг ******* ах цохисон гэж харсан. Араас нь татахыг жолоо барьж байсан учраас цохиод байна гэж харсан. Угаасаа сайн хараагүй л дээ. Жаргалтхаан сум өнгөрөөд явж байх үед ******* ах , ******* ах нарыг “*******ын хоёр шээс”, “*******” гэх зэргээр хэлэхэд нь ******* ах “Боль оо хөгшөөн нас барсан хүний яс өндөлзүүлж яах гээвээ” гэхэд нь “дуугүй бай” гээд байсан. Ер нь л “*******ын шээснүүд” гэх зэргээр хэлээд байсан. Тэгээд ******* сумын наадмын талбайн хойд талд харалдаа замаас хойшоо буугаад ******* ахыг шээж байхад нь ******* ах машинаас буугаад толгой руу цохиж унагаад унахад нь толгой руу өшиглөхөд нь ахын хамтаар машинаасаа яарч буугаад салгаад машиндаа суугаад ******* ахыг “та суугаад яв” гэхэд “үгүй” гээд цааш алхаад явсан. Сумын төв ч цаана харагдаж байхаар нь угаасаа дахин машинд суугаад зодолдоод унах байх гэж бодоод Улаанбаатар хот руу хөдөлсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 29-30),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч О.ийн “...Би 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өглөө эрт аав, ээж, ахынхаа шарилын газрыг эргэх гэж Улаанбаатар хотоос Өлзийт тосгон руу өөрийн ихэр *******, нарын хамтаар хөдөлсөн. Тэгээд Өлзийт тосгон руу 13 цагийн үед ороод шарилын газрууд дээр нь очоод Өлзийт тосгон руу 14 цагийн үед орсон. Монгол зан заншлаар газар гэсэж ханш нээгдэх үе нь тухайн өдөр болохоор очсон. Хэсэг хугацааны дараа Улаанбаатар хот руу буцах уу гэхэд ******* “Байж бай. Багын найз *******тэйгөө уулзах уу?” гэхэд нь “Өө нээрээ тэгье. Утасных нь дугаар байгаа бол залгачих” гэж хэлсэн. Удалгүй цэцэрлэгийн баруун талын дэлгүүр дээр зогсож байхад ******* манай тээврийн хэрэгсэлд орж ирэхэд нь мэндэлж нутаг усны настай хүмүүсээ асуучихаад “Соёмбо” нэртэй 1 шил архи гаргаж ирээд тээврийн хэрэгсэл дотроо гурвуулаа хувааж уусан. Хэсэг хугацааны дараа “Хөдлөх үү? эсвэл хоёр найзтайгаа Улаанбаатар хот явах уу?” гэж *******өөс асуухад “Өө тэгье” гээд Улаанбаатар хотын зүг хөдөлсөн. Өлзийт тосгоноос гараад шороон замаар явж байгаад засмал зам руугаа ороод дахин “Соёмбо” нэртэй 1 шил архи гаргаж ирж ууж байгаад юу юугүй Жаргалтхаан сумын урдуур явж байх үед ******* гэнэт “*******ын хоёр шээс минь” гээд байн байн “*******” гэхээр нь ******* уурлаад “Чи яах гээд нас барсан хүний нэр хэлж ясыг нь өндөлзүүлээд байгаа юм бэ? Чимээгүй болчих хөгшөөн” гэж хэлсэн. Тэгээд ******* сумын наадмын талбайн харалдаа замаас хойшоо гарч таарсан. Тэгээд зогсоход ******* шээх гээд тээврийн хэрэгслээс буусан. Удалгүй ******* араас нь буухаар нь араас нь харахад манай ихрийн өрөөсөн ******* *******ийг өмдөө татаж байхад нь араас нь цохиод унагаачихсан. Сандраад бид хоёр машинаасаа буухад ******* *******ийн толгой руу өшиглөж байхаар нь салгаж машиндаа суулгаад *******ийг “Явах уу? хөгшөөн. Та хоёр чинь юу болов оо” гэхэд ******* *******өд хандан “Уучлаарай хөгшөөн” гэхэд “Угаасаа би танай машинд суухгүй. Та нар яв. Ална шүү” гэхээр нь нээрээ ч машинд орж ирээд засмал дээр явж байхад зодолдвол баларсан юм болно гээд хөдөлсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 38-40),
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 186 дугаартай “...1.2. *******ийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....” гэх дүгнэлт (хх-ийн 54-55), зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 12), хохирогч *******ийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт (хх-ийн 84), шүүгдэгч *******ын Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 93) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...******* найздаа гомдол, саналгүй...” гэх хүсэлтийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч *******д прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******д 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР