Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2021/02230

 

 

 

 

 

 

 

2021 07 28 101/ШШ2021/02230

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 9-р хороо, 15-275 тоотод оршин суух, Сутай овогт Хандсүрэнгийн *******ын /РД:*******, 94118859/ нэхэмжлэлтэй

Ажиллаж байсан байдал сэргээн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цолмон, Б.Дима,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х.******* миний бие 1982 оны 09 сарын 01-ний өдрөөс Ойн яамны харъяа 1-р авто баазад засварчин жолоочоор ажилд орсон. 1992 онд өмч хувьчлалын комиссын 66 тоот тогтоолоор Авто тээврийн 1-р авто бааз нь Олз компани болж өөрчлөгдсөн.

1993 оны 07 сарын 01-нд Олз компани татан буугдаж жолооч нар эзэмшиж байсан авто машинаа хувьчлан авч бааз тарсан. 1995 онд гэр маань шатаж бүх бичиг баримт галд өртсөн.

Тэтгэвэрт гарах болоод дээрх газарт ажиллаж байсантай холбоотой баримт архивт шүүлгэхэд олдохгүй байна. Иймд намайг 1982 оны 09 сарын 01-ний өдрөөс 1993 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл Авто тээврийн 1-р бааз болон Олз компанид жолоочоор ажиллаж байсан болохыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.******* нь Авто тээврийн 1-р бааз болон Олз компанид 1982 оны 9 сарын 1-ний өдрөөс 1993 оны 7 сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд жолоочоор ажиллаж байсан болохыг сэргээн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хандсүрэнгийн ******* Улаанбаатар хотын Авто тээврийн 1-р баазад болон Олз компанид 1982 оны 9 сарын 1-ний өдрөөс 1993 оны 7 сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд жолоочоор ажиллаж байсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: Түүний шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 4 сарын 7-ны өдрийн 11/2518 тоот ...Хандсүрэн *******, ... Хөнгөн үйлдвэр авто бааз ... лавлагаа,

-Сосорын Нямдаваагийн 2021 оны 7 сарын 5-ны өдөр шүүхэд өгсөн Х.*******ыг танина. 1982 оноос 1992 он хүртэл 1-р авто баазад хамт ажиллаж байсан. Х.******* цэргээс халагдаж ирээд жолоочоор ажилд орж байсан. 1-р авто бааз 1992 онд хувьчлагдан Олз компани болсон. ... Ягаан тасалбараар авто машинаа аваад ажлаас гарсан ...,

-Баадайн Дүгэржавын 2021 оны 7 сарын 5-ны өдөр шүүхэд өгсөн ...Х.*******ыг танина. 1-р авто баазад хамт ажиллаж байсан. Х.******* цэргээс халагдаж ирээд манай баазад ажилд ороод эхлээд засварчинаар ажиллаж байгаад жолооч болсон. Би бригадын дарга нь байсан. ... Манай баазыг хувьчлаад ажлаасаа гарсан гэх мэдүүлэгүүд,

-Х.*******ын ажиллаж байх үедээ авахуулсан гэрэл зургууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул түүний дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь зүйтэй.

/ХХ-ийн 7-12, 25-29, 44-47, 50-51 дүгээр тал/

 

Үндэсний төв архивын газрын 2020 оны 11 сарын 9-ний өдрийн 1766, 2021 оны 4 сарын 6-ны 03/375 тоот лавлагаануудад ... сан хөмрөгт Ойн яамны харьяа 1-р бааз, ...Олз компанийн баримт шилжиж ирээгүй тул Х.*******т холбогдох лавлагаа гаргах боломжгүй,

Нийслэлийн архивын газрын 2020 оны 11 сарын 9-ний өдрийн 1159, 2021 оны 4 ссарын 9-ний 04/219 тоот лавлагаануудад ...сан хөмрөгт Ойн яамны харьяа 1-р бааз байгууллагын бүгд оны баримт шилжиж ирээгүй тул Х.*******т холбогдох лавлагаа гаргах боломжгүй,

Тус архивт Ойн удирдах газрын /Ой модны аж үйлдвэрийн яам/ харьяа 1-р авто бааз, Олз компанийн баримт хадгалагдаагүй,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 4 сарын 7-ны өдрийн 11/2509 тоот лавлагаанд ... Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа 1-р авто бааз нь Олз компани болж нэр, хэлбэрээ өөрчилсөн баримт архивт байхгүй гэжээ.

Дээр дурдсан байдлаас дүгнэхэд Х.*******ын ажиллаж байсан болохыг шүүхийн бус журмаар сэргээх боломжгүй болсон байна.

/ХХ-ийн 4-5, 22-24 дугаар тал/

 

Батлан хамгаалахын төв архивын 2021 оны 5 сарын 10-ны өдрийн 4082 тоот лавлагаанд Хандсүрэнгийн ******* БХЯ-ны сайдын 1979 оны 6 сарын 11-ний өдрийн н/147 дугаар тушаалаар Улаанбаатар хот /Найрамдлын район/-оос 1979 оны 6 сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 187 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1982 оны 6 сарын 9-ний н/235 дугаар тушаалаар 1982 оны 8 сарын 19-ний өдөр 382965 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэжээ.

/ХХ-ийн 41 дүгээр тал/

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хандсүрэнгийн *******ын /Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа/ Авто тээврийн 1-р баазад болон Олз компанид 1982 оны 9 сарын 1-ний өдрөөс 1993 оны 7 сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд жолоочоор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН