Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/180

 

 

 

                                      

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Хосбаяр даргалж, шүүгч М.Энхмандах, шүүгч Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул

Иргэдийн төлөөлөгч Ж.*******

Улсын яллагч Н.Амгалан

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2439000000125 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч  ******* нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний оройн 19 цагаас 22 цагийн хооронд Хэнтий аймгийн Дадал сумын *******- 4 дүгээр баг Бөөр булаг задгай тоотод төрсөн охин Б.*******тай “архи уулаа, хүүхдүүдээ асарсангүй” гэх шалтгаанаар маргалдаж хамран тус газар нь модоор цохиж “хамар ясны ил бяцарсан хугарал” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсны улмаас амьсгалын замд нь цусархаг агууламж орж бөглөрөн амьсгалын цочмог дутагдалд оруулж хүнийг алсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Ж.******* шүүх хуралдаанд бичгээр гаргасан дүгнэлтдээ: “...гэм буруутай гэж үзэж байна.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай ээж нягтлан бодогч мэргэжилтэй байсан. Хамгийн сүүлд Дадал сумын ЗДТГ-т ажиллаж байсан. Манай ээж сүүлийн 2-3 жил бөө, лам, ОХУ-д архины эмчилгээ, Монголд мөн адил архины эмчилгээнд явуулсан боловч архи уухаа болиогүй, аавын үгнээс зөрөөд байсан. Тэрэнд нь манай аав их дургүйлхээд байдаг байсан. Тэгээд ээж маань 2024 оны 03 дугаар сарын 12-13-ны өдрийн хооронд байх аа Улаанбаатар хот руу ирсэн. Тухайн үед манай аав эмнэлэгт хэвтэх гэж байсан болохоор ээж аавыг эмнэлэгт хэвтүүлэх гээд Дадал сумаас ирсэн нь тэр юм. Тэгээд ээж хотод 2-3 өдөр эмнэлэгт хэвтэх бэлтгэл ажил хийгээд 03 дугаар сарын 15-ны өдөр аавыг 1-р хороололд байдаг хувийн эмнэлэгт 15 цагаас хэвтүүлсэн. Тэгээд аав эмнэлэгт хэвтээд удалгүй 2-3 цагийн дараа эмнэлгийн карт /өвчний түүх/-аа авах гээд ээж рүү ярих гээд залгахад утсаа авахгүй болохоор нь эмнэлгээсээ гараад гэрт очиход ээж орон дээрээ тасарчихсан хэвтэж байна гэж надад хэлсэн. Би тэгээд тухайн өдөр хичээлээ тараад гэрт очиход ээж согтолттой, архи нь гараагүй ч гэрээ цэвэрлээд байж байсан. Харин аав бичгээ аваад эмнэлэгтээ очсон чинь эмнэлэг нь хаачихсан маргааш болъё гээд гэртээ буцаад ирсэн. Тэгээд тухайн оройноо бид хэд унтацгаасан. Маргааш нь ээжийг хажууд нь сахиж байгаад Дадал явах унаанд нь суулгаж өгөөд би гэртээ харьсан. Манай ээж 2020 онд байх аа тухайн үед архи уучихаараа гэрээсээ хэд хоногоор ч хамаагүй яваад өгчихдөг байсан. Тэгээд тухайн үед би ээжээс ямар учраас архи уугаад байдаг талаар асуухад надад “Бие өвдөөд байдаг юм, цаанаасаа болохгүй юм нь оролдоод, хөтлөгдөөд явчихдаг юм” гэж байсан....” гэжээ. (1-р хх-ийн 57-59),

 

Гэрч А. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өглөө босоод гэрийн гадаах цасаа цэвэрлээд өдөр 14 цагийн үед 15 цаг болох гэж байхад Дадал сумын төв рүү ШТС руу очиж бензин авсан. Тэгээд нэлээн оочирлоод бензинээ авчихаад буцаад харьсан. Гэрт ирэхэд манай хөгшин ******* ганцаараа байсан ба “Гадаа гоё байна. Алхахад сайхан байна” гээд гэрээсээ гараад явсан. Манай хөгшин ер нь өдөртөө талийгаач охин *******ын гэрээр эргэж тойроод хоол унд хийгээд, талийгаач *******ын 2 хүүхдийг хараад санаа тавиад өнждөг л дөө. Манай талийгаач архи, дарс уучихдаг болохоор ээж нь болсон хойно жоохон үр хүүхдэд нь санаа зовоод очдог байх. Тэгээд тухайн орой манай эхнэр намайг утсаар талийгаачийн гэрт дуудаад “Охины бие муудаад байна” гэхээр нь яваад очсон. Орой бараг 22 цаг байх аа цаг хараагүй ээ. Тэгээд сандраад яваад очиход талийгаач гэртээ шалан дээр хэвтэж байсан. Гэхдээ манай эхнэр хэлэхдээ талийгаач согтуу үүдний довжоо, таамбар дотор газарт шургаж унасан байсан. Арай гэж байшин руу оруулсан гэж байсан. Хааяа муудаад л байдаг. Ээж нь архи дарс уулаа, үр хүүхдээ харахгүй байна гээд хэдэн үг хэлэхэд талийгаач сөргөлдөөд байдаг байсан...” гэжээ. (1-р хх-ийн 61-62),

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэнтий аймгийн Дадал сумын Эрүүл мэндийн төвд их эмчээр ажилдаг. Өчигдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр жижүүр эмчээр ажиллаж байсан. Тэгээд өглөө ээлжээ хүлээж авчихаад орой болтол үндсэн ажлаа хийгээд ажлын цаг дуусаад ерөнхийдөө дуудлага ирэхгүй бол гэртээ очоод амраад байж байсан. Тэгээд орой 23 цаг 04 минутад манай ээлжийн сувилагч Энхзул над руу залгаад дуудлага ирээд байна гэсэн. Тэгээд уг дуудлагыг тодруулж асуухад “согтуу хүн унаад өнхрөөд байна” гэсэн дуудлага байсан. Тухайн үед орой эмнэлэг дээр талийгаачийн аав нь гэх настай хүн биеэр ирж манай сувилагчид дуудлага өгсөн байсан. Тэгээд ажил дээр очоод дуудлага өгсөн хүнийг дагаад 23:12 минутад эмнэлгийн гаднаас хөдлөөд тухайн айл руу явсан. Дуудлага өгсөн хаяг нь Бөөр булгийн задгай тоот хашаа байсан. Тэгээд уг айл руу ороход гэртээ шалан дээр дээш хараад хэвтсэн байдалтай, нүд нь аниастай эмэгтэй хүн байсан. Ерөнхийдөө “Согтуу хүн байна. Эмнэлэг рүү авчирч хяналттай хонуулъя” гэсэн бодолтой айл руу орсон. Гэрт нь хоёр хүүхэд нь орон дээрээ унтаж байсан. Ээж нь гэх хүн орон дээрээ сууж байсан. Тэгээд талийгаачийн гадна ерөнхий байдлыг хараад нүд, ам нь хөхөрсөн, хүнд зодуулсан шинж тэмдэг байхаар нь ээжээс нь энэ талаар тодруулж асуухад “Хүн амьтантай архи уудаггүй ээ. Ганцаараа уудаг” гэсэн. Тэгээд би шууд үзлэгээ хийж эхэлсэн ба эхлээд талийгаачийн нэр усыг нь асуугаад мөрнөөс нь гараараа сэгсрэхэд ямар нэгэн хариу өгөөгүй. Тэгээд гүрээний судсыг нь тэмтэрч үзсэн, чагнасан, даралт үзсэн, зүрхний пүлс үзсэн, хүүхэн харааг шалгасан. Ингэхэд тухайн хүн аль хэдийн нас барсан байсан. Цогцосны гар, хөл нь хүйтэн байсан. Тэгээд талийгаачийн гар нь ямар учраас хөхөрсөн талаар ээжээс нь асуухад ээж нь “Би босоорой гээд хоёр гар луу нь өшиглөсөн. Тэгээд сэргэг гээд дээрээс нь ус асгасан” гэсэн. Тэгээд талийгаачийн ээжээс би “Та ер нь хэр удаан хажууд нь байсан. Хэзээ ирсэн” талаар асуухад ээж нь “Утсаа авахгүй болохоор нь гэрт нь ирсэн” гэж байсан. Тэгээд үзлэгээ дуусгаад шууд цагдаа руу 23 цаг 24 минутад хэсгийн төлөөлөгч руу залгаад хэлсэн. Тэгээд би талийгаачийн гэрээс цагдааг иртэл байж байгаад 00 цаг гээд гараад явсан...” гэжээ. (1-р хх-ийн 66-67),

 

Гэрч С. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би талийгаачтай хамгийн сүүлд 03 дугаар сарын 18-ны өдөр 13 цаг өнгөрөөгөөд манай гэрт ирж намайг аваад нярав, нягтлан ажилчид нийлээд байгууллагын эрэгтэй ажилчидтайгаа хоолонд ороод цаг гаран л болоод, тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй тарцгаасан. Манай сум энэ жил улсын тэргүүний сум болохоор үзэж байгаа учраас ажлын ачаалал ихтэй байсан. Ажлаа хуваарилж аваад маргааш уулзахаар тохиролцоод тарцгаасан. Тэгээд би 2024 оны 03 дугаар сарын 19-ний өглөө 09 цагт ЗДТГ-т ирээд нягтлан буюу талийгаачийг ирэхгүй болохоор нь утас руу нь залгаад яасан талаар асуух гэхэд утсаа авахгүй байсан. Тэгээд эргээд удалгүй над руу залгаад “Утсаараа цацаад тайлангаа хийж байна. Өнөөдөр сүүлийн хугацаа учраас гэрээрээ юмаа хийж байна. Бас давхар хүний юм хийж байгаа” гэж байсан. Тэгээд нярваа сефны түлхүүр авхуулахаар талийгаачийн гэр лүү 10 цаг өнгөрөөгөөд явуулахад талийгаач няравын урдаас нь тосоод гэрээсээ гарч ирээд түлхүүр өгсөн гэсэн ба тухайн үед талийгаач архи, дарс хэрэглээгүй байсан. Тэгээд 12 цаг өнгөрөөгөөд 13 цагийн үед талийгаач руу залгахад утасаа авахгүй байсан. Тэгээд орой 17 цаг 32 минутад утсаар залгаж ярихад “Хөгшин чинь аймгийн хэдтэй холбогдоод юмаа янзалж л байна. Болохгүй байна” гэж байсан. Тэгээд орой 21 цаг 25 минутад залгахад утасаа аваагүй. Тэгэхээр нь 21 цаг 35 минутад чат биччихээд унтаад өгсөн. Тэгээд гэртээ унтаж байхад над руу 23 цагийн үед төрийн сангийн ажилтан залгаад “Чи нягтлангийнхаа гэрээр нь очоод алдаатай ч хамаагүй тайланг нь илгээгээдэх” гэсэн. Тэгээд би босоод талийгаач руу утсаар залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд төвийн засаг даргатай гэрийг нь олоод яваад очиход эмнэлэг ирчихсэн үзлэг хийж байсан. Талийгаач гэртээ шалан дээр дээш харсан байдалтай нүүр ам нь хавдчихсан байсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн...” гэжээ. (1-р хх-ийн 84-85),

 

Гэрч Э. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр үдээс хойш 15-16 цагийн орчимд гэж санаж байна. Манай дэлгүүрээр ганцаараа орж ирээд хорин есөн мянган төгрөгөнд архи, тараг, өндөг, печень зэрэг зүйлс зээлээр аваад явсан. Орой зээлээр авсан мөнгөө шилжүүлнэ гэж хэлээд явсан. Биеийн байдал нь зүв зүгээр байсан. Эрүүл ганцаараа явж байсан...” гэжээ. (1-р хх-ийн 88-89),

 

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 13 цагийн оримд гэрт нь очиж уулзсан. Учир нь утсаа авахгүй байхаар нь манай дарга намайг “гэрт нь очоод утсаар яриулаад өгөөч” гээд би очиж утсаар яриулсан. Тэр өдөр талийгаач тайлан гаргах байсан учир гэртээ тайлангаа гаргана гээд ажилдаа очоогүй. Би гэрт нь ороход ширээн дээрээ 2 комьпютер тавьчихсан ажлаа хийгээд сууж байсан. “Яагаад утсаа авахгүй байна вэ” гээд асуухад “дууг нь хаачихсан юм аа” гэсэн. Тэгээд би даргатай яриулаад буцаад гараад явсан. ...талийгаач Б.*******ын биед болон ил харагдах нүүр толгой хэсэгт ямар нэгэн шарх, гэмтэл байгаагүй. Зүв зүгээр байсан...” гэжээ. (1-р хх-ийн 92-93),

 

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Талийгаач 10 гаран жил архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа ба хэрэглэхээрээ алга болоод гэрээсээ явчихдаг байсан. Тэгээд талийгаач уул нь Улаанбаатар хотын харъяат ч гэсэн нөхөр нь талийгаачийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд яваад өгчихдөг болохоор нь хөдөө Дадал суманд байх ээж, аав хоёр луу нь явуулчихдаг байсан. Манай хүргэн өөрөө Өмнөговь аймагт ажилладаг болохоор тэр болгон талийгаачийн хажууд сахиад байдаггүй. Тэгээд талийгаачийг архинаас гаргах гээд бүхий л эмчилгээг хийлгэж байсан. Талийгаач ер нь хавар болохоор /хаврын синдром гэдэг шиг гэх/ гадуур тэнээд явчихдаг юм. Тэгээд талийгаач 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотоос нөхрөө эмнэлэгт хэвтүүлчихээд ирсэн. Тэгээд 03 дугаар сарын 18-ны өдөр бол ажилдаа ямар нэгэн асуудалгүй явчихаад ирсэн. Харин 03 дугаар сарын 19-ний өглөөний 11 цаг өнгөрөөгөөд миний гар утас руу залгаад “Би компьютерээ аваад гэртээ ирж явна. Өнөөдөр гэртээ сууж ажлаа хийнэ” гэхээр нь би “Ажил дээрээ хийж болдоггүй юм уу” гэхэд талийгаач “Ажил дээр олон хүмүүс шуугиад, тайлангийн юм зөрөөд байна” гэсэн утгатай зүйл яриад утсаа салгасан. Тэгээд би 14 цаг 10 минутын үед талийгаач руу бензин авах талаар, мөн ажил руугаа өдөр буцаад явах талаар асуух гээд залгахад “Би ыг урлагийн үзлэг рүү нь хүргэж явна. 14 цагаас цуглах юм гэсэн” гэж байсан. Би тухайн үед хоцорч байгаа талаар нь хэлсэн. Тэгээд жоохон байж байгаад талийгаач руу дахиж бензин авсан эсэх талаар, аав чинь колонк дээр байгаа талаар хэлэх гээд залгахад “Өө тийм байна. Аав колонк дээр урдаас хазганаад над руу ирж байна. Оочир ихтэй байна” гээд яаралтай утсаа салгасан. Тэгээд манай өвгөн бензинээ аваад 16 цагийн үед гэртээ ирэхээр нь би “яасан их удав аа” гэхэд манай хүн “колонк дээр оочиртой байна” гэж хэлсэн. Тэгээд гэртээ нэлээн байж байгаад 17 цагийн үед талийгаач руу залгахад утсаа авахгүй байхаар нь би дотроо утсаараа вифи цацаад ажлаа хийж байгаа юм байх гэж бодсон. Тэгээд удалгүй гадаа гарахад манай өвгөн хашааны хогоо цэвэрлэж байсан ба гадаа нар шингэсэн, гэгээ тасраагүй байсан. Тухайн үед цаг яг хэд болж байсан талаар мэдэхгүй байна. Тэгээд баруун хэд /талийгаачийн гэр/ утсаа авахгүй, хүүхдээ авсан, аваагүйг нь мэдээгүй болохоор нэг л сэжиг төрөөд дахиад архи уучихсан байхвий  гэж бодоод шалгамаар санагдаад гадаа гоё байсан болохоор баруун талийгаачийн гэр лүү алхсан. Талийгаачийн гэрт дөнгөж орж ирэхэд талийгаач байшингийн үүдний довжооны дотор толгой нь хойшоо хараад хөндлөнгөөрөө хэвтэж байсан. Тухайн үед гэрт талийгаачийн охин /10 нас/ сургуулиасаа дөнгөж ирчихсэн надад “эмээ та хар даа ээжийн байж байгааг, би аягүй баяртай ирсэн. Багш намайг сайн бүжиглэсэн гээд магтсан” гэж хэлж байсан. Тэгээд би талийгаач дээгүүр давж гэр лүү ороод үглээд талийгаачийг татаж өндийлгөөд гэрийн урд талд байх модон орыг түшүүлээд суулгасан. Тэгээд үглэнгээ гал түлээд, хоол бэлдээд, аяга шанага угааж байхад, талийгаач ар талд дэнжигнээд юм хум түшээд ор угаалтуураас татаж босоод баруун гараараа хаалганы хажуу ирмэгийг түшээд, зүүн гараараа угаалтуур бариад бие нь над руу буюу зүүн хойшоогоо харсан байдалтай надтай “Би зүгээр л байна ш дээ, би ямар архи уусан юм уу” гэх мэт хэрэлдэж байсан. Тэгээд би мөн адил маргалдаад “Ингээд ажил төрлөө алдаад, хүний ажил алаад” гэх мэт үглэнгээ бухимдаад гал түлэхээр барьж байсан модоороо мөр хэсэг рүү нь цохих гээд сарвайж байхад талийгаач согтуу дэнжигнэж байгаад толгойндоо миний барьж байсан модонд оногдсон. Сайндаа л 2-3 удаа цохисон байх, учиргүй их балбаж нүдээгүй ээ. Тухайн үед толгойноос нь учиргүй их цус гараагүй. Тэгээд би үргэлжлүүлээд цаашаа хараад гал тогоотойгоо ноцолдоод байж байхад миний ар талд учиргүй их дуу чимээ гараад тас няс гэхээр нь би арагшаа харсан чинь байхгүй болчихсон, гадагшаагаа үүд рүү уначихсан байсан. Чухам яг яаж унасан талаар мэдэхгүй байна. Би сандраад “үхэх чинь дутаа юу” гээд талийгаач руу яваад очиход үүд хэсэгт хэвтэж байсан ба “хүүе ээ” гээд татаж үзэхэд ямар ч босох ухаангүй байсан. Тэгэхээр нь таамбар хэсэг рүү цааш нь чангаагаад хүүхдийн унадаг дугуйны хажуу талд хана налуулж суулгахад амьсгаатай, гэхдээ толгойноос нь учиргүй их цус гоожоод битүү улаан болсон. Би тухайн үед гар арчдаг хуучин фудволкыг аваад толгойноос гарч байсан цусыг нь дарсан. Тэгээд би талийгаачийг сэргээх гээд толгойн дээр нь хоёр шанага ус асгасан. Тухайн үед талийгаач амьсгалж байсан. Би буцаад гэртээ орж хоолоо аваад коридорт тавиад тэр хавиар нэг хэсэг эргэлдсэн, яг хэдий хугацаа өнгөрсөн талаар хэлж мэдэхгүй байна. Гадаа оройн жавар ороод хүйтэн болчихсон талийгаач дээр ус асгасан байсан болохоор даарчихна гэж бодоод талийгаачийг янз бүрээр чирч, гулдчаад арай гэж гэр лүү оруулаад жаахан цааш нь татаад тэгш газар хэвтүүлсэн. Тэгэхэд талийгаач нээх сонин амьсгалаад ч байгаа юм шиг үгүй ч юм шиг байхаар нь талийгаачийн цээжин дээр массаж хийж үзсэн. Тэгэхэд ямар нэгэн хариу үйлдэл байхгүй байсан. Тэгээд би өвгөн рүүгээ өөрийн гар утсаараа залгаж дуудсан. Манай гэр талийгаачийн гэрээс тийм ойрхон биш учир бас хэдэн минут болсон байх. Тэгээд өвгөн маань гэрт орж ирэхээр нь “Энэ ийм хачин болчихлоо. Чи яаралтай эмч дуудаад ир” гээд явуулсан.” гэжээ. (1-р хх-ийн 120-121),

 

Гэрч О.ын мэдүүлэг (1-р хх-ийн 64),

 

Гэрч Э.гийн мэдүүлэг (1-р хх-ийн 70-71),

 

Гэрч гийн мэдүүлэг (1-р хх-ийн 74-75),

 

Гэрч Д.Болд-Эрдэнийн мэдүүлэг (1-р хх-ийн 78),

 

Гэрч Ц.-Эрдэнийн мэдүүлэг (1-р хх-ийн 80-81),

 

Гэрч Д.ын мэдүүлэг (1-р хх-ийн 96-97),

 

Гэрч П.ын мэдүүлэг (1-р хх-ийн 100-101)

             

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 35 дугаартай “...1. Талийгаач Б.*******ын цогцост баруун зүүн чамархайн булчин, хуйхны дотор гадаргуу, гавлын шар хальсны цус хуралт, хамар ясны ил бяцарсан хугарал, дух, зүүн чамархайн хуйх, зүүн хөмсөг, хамарт шарх, дух, баруун шанаа, баруун зовхи, баруун хацар, баруун чихний омог, зүүн чих, зүүн шанаа, хамрын үзүүр, дух, дээд, доод уруул, эрүү, баруун мөр, баруун тохой, баруун шуу, баруун 2-р хуруу, баруун, зүүн шагай, зүүн сарвуу, зүүн 4-р хуруу, зүүн шуу, зүүн тохой, зүүн бугалга, хүзүү, нуруу, зүүн мөр, зүүн тавхайд зулгаралт, дух, баруун, зүүн дээд, доод зовхи, хамар, эрүү, баруун мөр, баруун бугалга, баруун, зүүн шуу, баруун сарвуу, баруун тохойн хонхор, хэвлий, баруун өвдөг, баруун шилбэ, баруун, зүүн тавхай, баруун, зүүн шагай, зүүн өвдөг, зүүн шилбэ, зүүн гуя, зүүн бугалга, зүүн шуу, зүүн сарвуу. нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Талийгаач нь зүрхний булчингийн томрох хэлбэрийн эмгэгшил өвчтэй байжээ.

5. Химийн шинжилгээгээр спиртийн зүйл талийгаачийн цусанд 1,8 промилли, цөсөнд 4,8 промилли, ходоодны шингэнд 4,9 промилли илэрсэн байна. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолт мөн гуравдугаар бүлгийн цустай байжээ.

6. Талийгаач нь хамар ясны ил бяцарсан хугарал гэмтлийн улмаас амьсгалын замд цусархаг агууламж орсны улмаас амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 144-149, 152-159),

 

            Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 330 дугаартай “...1. ******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

            2. ******* нь хэрэг хариуцах чадвартай байна.

            3. ******* нь болсон үйл явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

            4. ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна.

            5. ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэх шинж тэмдэг илрээгүй байна.

            6. ******* нь одоо хэрэг хариуцах чадвартай байна.

            7. ******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. *******д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.” гэх дүгнэлт (1-р хх-ийн 162-164),

 

            Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2033 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газарт шалан дээр дуссан цус мэт зүйл гэх дээж нь шинжилгээнд тэнцэнэ.

            2. Шинжилгээнд ирүүлсэн дээж дээр цус илэрсэн.

            3. Илэрсэн цус нь хүний цус байна.

            4. Илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Шинжилгээнд ирүүлсэн дээж дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо Б.******* гэх хуруу шилтэй цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно, ******* гэх хуруу шилтэй цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй” гэх дүгнэлт (1-р хх-ийн 173-174),

 

            Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2035 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн хар, цагаан өнгийн шоотой цамц, эрээн өнгийн цэцэгтэй футболк, хар өнгийн тамирын өмд, хар өнгийн ноосон өмд нь шинжилгээнд тэнцэнэ.

            2. Хар, цагаан өнгийн шоотой цамц, эрээн өнгийн цэцэгтэй футболк, хар өнгийн 2 тамирын өмд дээр цус илэрсэн. Хар өнгийн ноосон өмд дээр биологийн ул мөр илрээгүй.

            3. Хар, цагаан өнгийн шоотой цамц, эрээн өнгийн цэцэгтэй футболк дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо 2033 дугаартай дүгнэлт дээр дурдсан Б.******* гэх хуруу шилтэй цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно.

            4. Хар, цагаан өнгийн шоотой цамц, эрээн өнгийн цэцэгтэй футболк дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо 2033 дугаартай дүгнэлт дээр дурдсан ******* гэх хуруу шилтэй цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй.” гэх дүгнэлт (1-р хх-ийн 186-187),

 

            Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2036 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн алчуур, бүдэг ягаан өнгийн футболк, түлээ 2 ширхэг нь шинжилгээнд тэнцэнэ.

            2. Цэнхэр өнгийн алчуур, бүдэг ягаан өнгийн футболк, түлээ 2 ширхэг дээр цус илэрсэн.

            3. Цэнхэр өнгийн алчуур дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо 2033 дугаартай дүгнэлт дээр дурдсан Б.******* гэх хуруу шилтэй цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно.

            4. Түлээ-2 дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо 2033 дугаартай дүгнэлт дээр дурдсан ******* гэх хуруу шилтэй цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно.

            5. Бүдэг ягаан өнгийн футболк дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо 2033 дугаартай дүгнэлт дээр дурдсан Б.*******, ******* гэх хуруу шилтэй цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй. Түлээ-1 дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо 2033 дугаартай дүгнэлт дээр дурдсан Б.*******, ******* гэх хуруу шилтэй цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно” гэх дүгнэлт (1-р хх-ийн 192-194),

 

            Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2037 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн футболк, цагаан өнгийн канттай хар өнгийн тамирын өмд, хар өнгийн ноосон өмд, хар өнгийн хос оймс, хар, ногоон алаг цамц нь шинжилгээнд тэнцэнэ.

            2. Саарал өнгийн футболк, цагаан өнгийн канттай хар өнгийн тамирын өмд дээр цус илэрсэн. Хар өнгийн ноосон өмд, хар өнгийн хос оймс, хар, ногоон алаг цамц дээр биологийн ул мөр илрээгүй.

            3. Саарал өнгийн футболкны энгэр хэсэг, цагаан өнгийн канттай хар өнгийн тамирын өмдний гуя дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо 2033 дугаартай дүгнэлт дээр дурдсан Б.******* гэх хуруу шилтэй цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно.

            4. Саарал өнгийн футболкны энгэр хэсэг, цагаан өнгийн канттай хар өнгийн тамирын өмдний гуя дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо 2033 дугаартай дүгнэлт дээр дурдсан ******* гэх хуруу шилтэй цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй” гэх дүгнэлт (1-р хх-ийн 201-203),

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 5),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 8-19),

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (1-р хх-ийн 21-22, 25-26, 33-34),

 

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 23, 27-30, 39-41),

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 45-47, 48-52),

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 122-127),

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 140-143, 104-112),

            Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 234, 235),

 

            Хэнтий аймгийн Дадал сумын *******- багийн Засаг даргын тодорхойлолт (1-р хх-ийн 219),

 

            Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллого (1-р хх-ийн 220-222),

 

            *******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Төрийн банкны харилцах дансны хуулга (1-р хх-ийн 225-227, 230-232),

            *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (1-р хх-ийн 214, 217, 218), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.гийн шүүхэд гаргасан хүсэлт болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн түлээний зориулалттай хагалсан 2 ширхэг мод, цус мэт зүйлээр бохирлогдсон фудволк 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгийн нүүр гарын алчуур 1 ширхэг, хүрэн саарал өнгийн фудволк 1 ширхэг, цагаан өнгийн канттай хар өнгийн тамирын өмд 1 ширхэг, хар өнгийн ноосон өмд 1 ширхэг, хар өнгийн оймс 1 ширхэг, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хар ногоон өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн урт хормойтой цамц 1 ширхэг, эрээн өнгийн цэцэгтэй фудволк 1 ширхэг, хар өнгийн тамирын өмд 1 ширхэг, хар өнгийн ноосон өмд 1 ширхэг зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байх тул  гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний оройн 19 цагаас 22 цагийн хооронд Хэнтий аймгийн Дадал сумын *******- 4 дүгээр баг Бөөр булаг задгай тоотод төрсөн охин Б.*******тай “архи уулаа, хүүхдүүдээ асарсангүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар хамран тус газар нь модоор цохиж “хамар ясны ил бяцарсан хугарал” гэмтэл учруулсны улмаас амьсгалын замд цусархаг агууламж орж амьсгалын цочмог дутагдалд оруулж алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******ын “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэх, түүний мэдүүлгийг нотолсон, шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон, мэдүүлгийн эх сурвалж нь тодорхой хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.гийн “...Манай ээж нягтлан бодогч мэргэжилтэй байсан. Хамгийн сүүлд Дадал сумын ЗДТГ-т ажиллаж байсан. Манай ээж сүүлийн 2-3 жил бөө, лам, ОХУ-д архины эмчилгээ, Монголд мөн адил архины эмчилгээнд явуулсан боловч архи уухаа болиогүй, аавын үгнээс зөрөөд байсан. Тэрэнд нь манай аав их дургүйлхээд байдаг байсан. Тэгээд ээж маань 2024 оны 03 дугаар сарын 12-13-ны өдрийн хооронд байх аа Улаанбаатар хот руу ирсэн. Тухайн үед манай аав эмнэлэгт хэвтэх гэж байсан болохоор ээж аавыг эмнэлэгт хэвтүүлэх гээд Дадал сумаас ирсэн нь тэр юм. Тэгээд ээж хотод 2-3 өдөр эмнэлэгт хэвтэх бэлтгэл ажил хийгээд 03 дугаар сарын 15-ны өдөр аавыг 1-р хороололд байдаг хувийн эмнэлэгт 15 цагаас хэвтүүлсэн. Тэгээд аав эмнэлэгт хэвтээд удалгүй 2-3 цагийн дараа эмнэлгийн карт /өвчний түүх/-аа авах гээд ээж рүү ярих гээд залгахад утсаа авахгүй болохоор нь эмнэлгээсээ гараад гэрт очиход ээж орон дээрээ тасарчихсан хэвтэж байна гэж надад хэлсэн. Би тэгээд тухайн өдөр хичээлээ тараад гэрт очиход ээж согтолттой, архи нь гараагүй ч гэрээ цэвэрлээд байж байсан. Харин аав бичгээ аваад эмнэлэгтээ очсон чинь эмнэлэг нь хаачихсан маргааш болъё гээд гэртээ буцаад ирсэн. Тэгээд тухайн оройноо бид хэд унтацгаасан. Маргааш нь ээжийг хажууд нь сахиж байгаад Дадал явах унаанд нь суулгаж өгөөд би гэртээ харьсан. Манай ээж 2020 онд байх аа тухайн үед архи уучихаараа гэрээсээ хэд хоногоор ч хамаагүй яваад өгчихдөг байсан. Тэгээд тухайн үед би ээжээс ямар учраас архи уугаад байдаг талаар асуухад надад “Бие өвдөөд байдаг юм, цаанаасаа болохгүй юм нь оролдоод, хөтлөгдөөд явчихдаг юм” гэж байсан...” гэх, гэрч А.гийн “...2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өглөө босоод гэрийн гадаах цасаа цэвэрлээд өдөр 14 цагийн үед 15 цаг болох гэж байхад Дадал сумын төв рүү ШТС руу очиж бензин авсан. Тэгээд нэлээн оочирлоод бензинээ авчихаад буцаад харьсан. Гэрт ирэхэд манай хөгшин ******* ганцаараа байсан ба “Гадаа гоё байна. Алхахад сайхан байна” гээд гэрээсээ гараад явсан. Манай хөгшин ер нь өдөртөө талийгаач охин *******ын гэрээр эргэж тойроод хоол унд хийгээд, талийгаач *******ын 2 хүүхдийг хараад санаа тавиад өнждөг л дөө. Манай талийгаач архи, дарс уучихдаг болохоор ээж нь болсон хойно жоохон үр хүүхдэд нь санаа зовоод очдог байх. Тэгээд тухайн орой манай эхнэр намайг утсаар талийгаачийн гэрт дуудаад “Охины бие муудаад байна” гэхээр нь яваад очсон. Орой бараг 22 цаг байх аа цаг хараагүй ээ. Тэгээд сандраад яваад очиход талийгаач гэртээ шалан дээр хэвтэж байсан. Гэхдээ манай эхнэр хэлэхдээ талийгаач согтуу үүдний довжоо, таамбар дотор газарт шургаж унасан байсан. Арай гэж байшин руу оруулсан гэж байсан. Хааяа муудаад л байдаг. Ээж нь архи дарс уулаа, үр хүүхдээ харахгүй байна гээд хэдэн үг хэлэхэд талийгаач сөргөлдөөд байдаг байсан...” гэх, гэрч ы “...2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр жижүүр эмчээр ажиллаж байсан. Тэгээд өглөө ээлжээ хүлээж авчихаад орой болтол үндсэн ажлаа хийгээд ажлын цаг дуусаад ерөнхийдөө дуудлага ирэхгүй бол гэртээ очоод амраад байж байсан. Тэгээд орой 23 цаг 04 минутад манай ээлжийн сувилагч Энхзул над руу залгаад дуудлага ирээд байна гэсэн. Тэгээд уг дуудлагыг тодруулж асуухад “согтуу хүн унаад өнхрөөд байна” гэсэн дуудлага байсан. Тухайн үед орой эмнэлэг дээр талийгаачийн аав нь гэх настай хүн биеэр ирж манай сувилагчид дуудлага өгсөн байсан. Тэгээд ажил дээр очоод дуудлага өгсөн хүнийг дагаад 23:12 минутад эмнэлгийн гаднаас хөдлөөд тухайн айл руу явсан. Дуудлага өгсөн хаяг нь Бөөр булгийн задгай тоот хашаа байсан. Тэгээд уг айл руу ороход гэртээ шалан дээр дээш хараад хэвтсэн байдалтай, нүд нь аниастай эмэгтэй хүн байсан. Ерөнхийдөө “Согтуу хүн байна. Эмнэлэг рүү авчирч хяналттай хонуулъя” гэсэн бодолтой айл руу орсон. Гэрт нь хоёр хүүхэд нь орон дээрээ унтаж байсан. Ээж нь гэх хүн орон дээрээ сууж байсан. Тэгээд талийгаачийн гадна ерөнхий байдлыг хараад нүд, ам нь хөхөрсөн, хүнд зодуулсан шинж тэмдэг байхаар нь ээжээс нь энэ талаар тодруулж асуухад “Хүн амьтантай архи уудаггүй ээ. Ганцаараа уудаг” гэсэн. Тэгээд би шууд үзлэгээ хийж эхэлсэн ба эхлээд талийгаачийн нэр усыг нь асуугаад мөрнөөс нь гараараа сэгсрэхэд ямар нэгэн хариу өгөөгүй. Тэгээд гүрээний судсыг нь тэмтэрч үзсэн, чагнасан, даралт үзсэн, зүрхний пүлс үзсэн, хүүхэн харааг шалгасан. Ингэхэд тухайн хүн аль хэдийн нас барсан байсан. Цогцосны гар, хөл нь хүйтэн байсан. Тэгээд талийгаачийн гар нь ямар учраас хөхөрсөн талаар ээжээс нь асуухад ээж нь “Би босоорой гээд хоёр гар луу нь өшиглөсөн. Тэгээд сэргэг гээд дээрээс нь ус асгасан” гэсэн. Тэгээд талийгаачийн ээжээс би “Та ер нь хэр удаан хажууд нь байсан. Хэзээ ирсэн” талаар асуухад ээж нь “Утсаа авахгүй болохоор нь гэрт нь ирсэн” гэж байсан. Тэгээд үзлэгээ дуусгаад шууд цагдаа руу 23 цаг 24 минутад хэсгийн төлөөлөгч руу залгаад хэлсэн. Тэгээд би талийгаачийн гэрээс цагдааг иртэл байж байгаад 00 цаг гээд гараад явсан...” гэх, гэрч С.ийн “...2024 оны 03 дугаар сарын 19-ний өглөө 09 цагт ЗДТГ-т ирээд нягтлан буюу талийгаачийг ирэхгүй болохоор нь утас руу нь залгаад яасан талаар асуух гэхэд утсаа авахгүй байсан. Тэгээд эргээд удалгүй над руу залгаад “Утсаараа цацаад тайлангаа хийж байна. Өнөөдөр сүүлийн хугацаа учраас гэрээрээ юмаа хийж байна. Бас давхар хүний юм хийж байгаа” гэж байсан. Тэгээд нярваа сефны түлхүүр авхуулахаар талийгаачийн гэр лүү 10 цаг өнгөрөөгөөд явуулахад талийгаач няравын урдаас нь тосоод гэрээсээ гарч ирээд түлхүүр өгсөн гэсэн ба тухайн үед талийгаач архи, дарс хэрэглээгүй байсан. Тэгээд 12 цаг өнгөрөөгөөд 13 цагийн үед талийгаач руу залгахад утасаа авахгүй байсан. Тэгээд орой 17 цаг 32 минутад утсаар залгаж ярихад “Хөгшин чинь аймгийн хэдтэй холбогдоод юмаа янзалж л байна. Болохгүй байна” гэж байсан. Тэгээд орой 21 цаг 25 минутад залгахад утасаа аваагүй. Тэгэхээр нь 21 цаг 35 минутад чат биччихээд унтаад өгсөн. Тэгээд гэртээ унтаж байхад над руу 23 цагийн үед төрийн сангийн ажилтан залгаад “Чи нягтлангийнхаа гэрээр нь очоод алдаатай ч хамаагүй тайланг нь илгээгээдэх” гэсэн. Тэгээд би босоод талийгаач руу утсаар залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд төвийн засаг даргатай гэрийг нь олоод яваад очиход эмнэлэг ирчихсэн үзлэг хийж байсан. Талийгаач гэртээ шалан дээр дээш харсан байдалтай нүүр ам нь хавдчихсан байсан...” гэх, гэрч Э.ын “...2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр үдээс хойш 15-16 цагийн орчимд гэж санаж байна. Манай дэлгүүрээр ганцаараа орж ирээд хорин есөн мянган төгрөгөнд архи, тараг, өндөг, печень зэрэг зүйлс зээлээр аваад явсан. Орой зээлээр авсан мөнгөө шилжүүлнэ гэж хэлээд явсан. Биеийн байдал нь зүв зүгээр байсан. Эрүүл ганцаараа явж байсан...” гэх, гэрч Б.гийн “...2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 13 цагийн оримд гэрт нь очиж уулзсан. Учир нь утсаа авахгүй байхаар нь манай дарга намайг “гэрт нь очоод утсаар яриулаад өгөөч” гээд би очиж утсаар яриулсан. Тэр өдөр талийгаач тайлан гаргах байсан учир гэртээ тайлангаа гаргана гээд ажилдаа очоогүй. Би гэрт нь ороход ширээн дээрээ 2 комьпютер тавьчихсан ажлаа хийгээд сууж байсан. “Яагаад утсаа авахгүй байна вэ” гээд асуухад “дууг нь хаачихсан юм аа” гэсэн. Тэгээд би даргатай яриулаад буцаад гараад явсан. ...талийгаач Б.*******ын биед болон ил харагдах нүүр толгой хэсэгт ямар нэгэн шарх, гэмтэл байгаагүй. Зүв зүгээр байсан...” гэх мэдүүлгүүд, Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 35 дугаартай гэх дүгнэлт, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 330 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2033 дугаартай,  2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2035 дугаартай, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2036 дугаартай, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2037 дугаартай  дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч ******* нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүгдэгч ******* нь амь хохирогч Б.*******ын хамран тус газар нь модоор цохиж “хамар ясны ил бяцарсан хугарал” гэмтэл учруулсны улмаас амьсгалын замд цусархаг агууламж орж амьсгалын цочмог дутагдалд оруулж алсан болох нь дээр дурдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул иргэдийн төлөөлөгчийн “шүүгдэгч гэм буруутай байна” гэх дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Хэнтий аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ийн *******ыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.гийн “...хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлт, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас Б.*******ын амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А. нь шүүхэд гаргасан хүсэлтдээ “...*******ийн *******д ямар нэгэн гомдолгүй. Эмээ ******* маань надаас уучлалт гуйсан тул би эмээ *******аас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдаж шийдвэрлэлээ.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн түлээний зориулалттай хагалсан 2 ширхэг мод, цус мэт зүйлээр бохирлогдсон фудволк 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгийн нүүр гарын алчуур 1 ширхэг, хүрэн саарал өнгийн фудволк 1 ширхэг, цагаан өнгийн канттай хар өнгийн тамирын өмд 1 ширхэг, хар өнгийн ноосон өмд 1 ширхэг, хар өнгийн оймс 1 ширхэг, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хар ногоон өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн урт хормойтой цамц 1 ширхэг, эрээн өнгийн цэцэгтэй фудволк 1 ширхэг, хар өнгийн тамирын өмд 1 ширхэг, хар өнгийн ноосон өмд 1 ширхэг зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А. нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн *******ыг 5 (тав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн  5.6  дугаар  зүйлийн  4  дэх  хэсэгт  зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 5 (тав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн түлээний зориулалттай хагалсан 2 ширхэг мод, цус мэт зүйлээр бохирлогдсон фудволк 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгийн нүүр гарын алчуур 1 ширхэг, хүрэн саарал өнгийн фудволк 1 ширхэг, цагаан өнгийн канттай хар өнгийн тамирын өмд 1 ширхэг, хар өнгийн ноосон өмд 1 ширхэг, хар өнгийн оймс 1 ширхэг, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хар ногоон өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн урт хормойтой цамц 1 ширхэг, эрээн өнгийн цэцэгтэй фудволк 1 ширхэг, хар өнгийн тамирын өмд 1 ширхэг, хар өнгийн ноосон өмд 1 ширхэг зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А. нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.