Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 001/хт2024/00198

 

М.Э-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2024/01341 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2024/01187 дугаар магадлалтай,

М.Э-ы нэхэмжлэлтэй

“Ц” ХХК-д холбогдох

14,828,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н-гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч “Ц” ХХК-д холбогдуулан 14,828,100 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2024/01341 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.3, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан хариуцагч “Ц” ХХК-аас 7,689,138 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Э-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 7,138,962 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч М.Э-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ц” ХХК-аас 137,976 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч М.Э-д олгож шийдвэрлэсэн байна.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2024/01187 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2024/01341 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 138,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2 дахь заалтыг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.12-ны өдрийн 01341 тоот шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.06.03-ны өдрийн 01187 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд,

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.3, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан хариуцагч “Ц” ХХК-аас 7,689,138 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Э-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 7,138,962 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд үндэслэлээ тайлбарлахдаа: Хариуцагч “Ц” ХХК нь С маркийн 00-00  улсын дугаартай автомашиныг өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авч улмаар дээрх засвар үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа тухайн үеийн зах зээлийн ханшаар буюу 18,500,000 төгрөгөөр худалдан борлуулсан гэх тайлбарыг гарган уг тайлбараа нотлох зорилгоор “М” ХХК-ийн гаргасан үнэлгээний тайланг гарган ирүүлдэг. Уг тайлан нь цаг хугацааны хувьд зөрүүтэй, барьцааны зүйлийг худалдан борлуулахдаа тухайн үнэлгээг тогтоож гаргасан, зах зээлийн бодит ханш гэж үзэх боломжгүй гээд, Харин нэхэмжлэгч М.Э “... автомашиныг 2022.02.15-ны өдөр 25,000,000 төгрөгөөр худалдан авсан, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “И” ХХК-аар тухайн автомашинтай адил 2011 онд үйлдвэрлэгдсэн, 2020 онд манай улсад орж ирсэн, ижил маркийн автомашины үнэлгээг 2022 оны IV улирлын байдлаар 23,000,000 төгрөг гэж тодорхойлон ирүүлсэн байна”, иймд уг үнэлгээг талуудын тайлбар болон хэрэгт авагдсан үнэлгээний тайлан, автомашин худалдах, худалдан авах гэрээтэй нэмж, автомашины зах зээлийн бодит ханш хэмээн шүүх тогтоож харьцуулан дүгнэсэн нь үндэслэлгүй, маргааны үйл баримтад хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй гэж үзэж байна.

4.1. Учир нь, М.Э, гаргасан нэхэмжлэлдээ: “... миний автомашины одоогийн үнэлгээ 30,000,000 төгрөг байхад хариуцагч доогуур үнэтэй худалдан борлуулсныг, мөн зээлийн үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гээд автомашины урьдчилгаа төлбөрт тооцон Б.О-д төлсөн 10,500,000 төгрөг, зээлийн гэрээний хугацаанд төлсөн 3,782,000 төгрөг, зээл авахад зарцуулсан зардал (даатгал, хураамж, нотариатын зардал г.м)-д 546,100 төгрөг буюу нийт 14,828,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.” хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч нь автомашиныг худалдан борлуулсны зөрүү төлбөр шаардаагүй бөгөөд харин анх байгуулсан гэрээ (тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах, зээлийн болон фидуцийн гэрээ)-нүүдээс татгалзах агуулгатай буюу гэрээ байгуулахад өөрөөс гаргасан зардал, мөн гэрээний хугацаанд төлсөн зээлийн төлбөрөө шаардсан байхад үүнийг анхан болон давж заалдах шатны шүүх анхааран үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байдаг.

4.2. Мөн нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023.04.11-нд хөрөнгийн үнэлгээний “И” ХХК-д хандан автомашинаа үнэлүүлж 2022 оны IV улирлын дундаж үнийг тогтоолгосон бөгөөд уг үнэлгээг анхан шатны үндэслэл болгон хэргийн шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны уг үнэлгээ бодитой үндэслэл бүхий хэмээн дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

“И” ХХК-ийн тайланд “... 00-00 улсын дугаартай С маркийн тээврийн хэрэгсэлд судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр дараах дүгнэлтийг гаргаж байна.” гээд:

1. Уг 00-00 улсын дугаартай С маркийн автомашинд газар дээр нь үзлэг хийх боломжгүй,

2. Япон улсад 2011 онд үйлдвэрлэгдсэн, манай улсад 2020 онд орж ирсэн С маркийн тээврийн хэрэгсэл нь 2022 оны 4-р улирлын байдлаар манай зах зээл дээр үйлдвэрлэгдсэн он, өнгө үзэмж, техникийн байдал, монголд орж ирсэн хугацаа зэргээсээ шалтгаалан дунджаар 23,000,000 төгрөгийн үнээр худалдаалагдах боломжтой байсан болохыг тодорхойлов гэжээ.

Дүгнэж үзвэл, шинжээч Г.О нь хөрөнгийн үнэлгээний зүйл болох тээврийн хэрэгслийг бодитоор үзэж хараагүй, дүгнэлт гаргах үед автомашин эвдрэл, гэмтэлтэй байсан эсэхийг харгалзан үзэлгүйгээр шууд дүгнэлт гаргасан гэж болно. Иймд уг дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 4 дүгээр зүйлд заасан “шударга байх, бодитой байх, хууль тогтоомж, стандартад нийцсэн байх” зарчмыг баримтлаагүй, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3 дахь заалтад “хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх” шаардлага хангаагүйн зэрэгцээ ямар хандлага, арга ашигласан нь тодорхойгүй байхад үүнийг анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл болгосон нь үндэслэлгүй юм.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... “А” ХХК-аар хөрөнгийн үнэлгээг хийлгүүлэхээр шүүгчийн захирамжийг хүргүүлсэн боловч уг хөрөнгө хаана байгааг тодорхойлох боломжгүй, улмаар өөр этгээдэд дамжин худалдагдсан эцсийн өмчлөгчийг олох боломжгүй, биет байдлаар үзлэг хийх замаар үнэлгээ хийх боломжгүй болсон гэсэн үндэслэлээр үнэлгээг гаргах боломжгүй гэсэн тайлбар, хүсэлтийг шүүхэд гаргасан” гэжээ. Шүүгч уг дүгнэлтийг өгөхдөө хэрэгт авагдсан ямар нотлох баримтыг үндэслэл болгосноо тодорхой дурдаагүй байна. Энэ нь нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсгийг зөрчсөн бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүх зөвтгөн дүгнэж буйд гомдолтой байна.

Дүгнэвэл, нэхэмжлэгчийн үнэлгээ (30,000,000 төгрөг) болон хэрэгт авагдсан шинжээчдийн дүгнэлт өөр хоорондоо зөрүү (23,000,0000, 18.600,000 төгрөг)-тэй байхад шүүх зөвхөн “И” ХХК-ийн үнэлгээг зах зээлийн бодит ханш гэж үзээд уг үнэлгээнээс зээлийн гэрээний үүргийг хасаж үлдэх төлбөрийг ханган шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, мөн шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журам зөрчсөн гэж үзэхээр байна.

Хэрэв шинжээчийн дүгнэлт зөрүүтэй, бодитой бус, үндэслэлгүй, эсхүл эргэлзээтэй байна гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт зааснаар шүүгч дахин шинжээч томилох ёстой байсан ч энэхүү чиг үүрэг нь шүүгчид бус харин зохигчид хамааралтай мэтээр хуулийн илтэд буруу тайлбарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийг зөвтгөсөн шинжтэй болжээ. Магадлалын үндэслэлд “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн шүүгчийн захирамжид зохигч гомдол, дахин шинжээч томилуулах тухай хүсэлт гаргаагүй...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон байна.

Дээрх ажиллагааг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс нөхөн гүйцээж хийх боломжгүй, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н-гийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.09.16-ны өдрийн 001/ШХТ2024/01035 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч “Ц” ХХК-д холбогдуулан 14,828,100 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ “... “Ц” ХХК нь миний зөвшөөрөлгүйгээр 2022.12.04-ний шөнө ... машиныг ачуулаад аваад явсан байсан. Би өөрийн автомашиныг буцааж авах, үлдэгдэл төлбөрийг төлөх гэсэн боловч  “Ц” ХХК ... 25,000,000 төгрөгөөр худалдан авсан машиныг минь 16,000,000 төгрөгт худалдан борлуулж зээлийг чинь хаасан гэж хэлээд надад нэг ч төгрөг өгөхгүй байна, машины зах зээлийн үнэлгээ одоогоор 30,000,000 төгрөгөөр зарагдаж байхад зах зээлээс доогуур үнээр зарсан гэж худал хэлсэн, зээлийн үлдэгдэл 12,921,917 төгрөг гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, ... Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.3 дахь хэсэгт зааснаар Б.О-д төлсөн автомашиныг тооцож авсан мөнгөн дүн 10,500,000 төгрөг, зээлийн гэрээний хугацаанд миний буцаан төлсөн 3,782,000 төгрөг, зээл авахад даатгал, зээл олгосон төлбөр, нэр шилжүүлэхэд гарсан нотариат, улсын тэмдэгтийн хураамжийн зардалд нийт 546,100 төгрөг (341100 төгрөг даатгал, 30,000 төгрөг нотариат, 30000 төгрөг гэрчилгээ солиулахад гарсан мөн зээл олгохдоо шимтгэл гэж авсан 145 000 төгрөг улсын тэмдэгтийн хураамж) нийт 14,828 100 төгрөгийг хариуцагч “Ц” ХХК-аас гаргуулна.” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч “Ц” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “…барьцааны зүйл болох 00-00  улсын дугаартай С маркийн тээврийн хэрэгслийг талууд гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангах дүнг 14,500,000 төгрөг байхаар тохиролцсон ч 18,500,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Уг дүнгээс нэхэмжлэгч М.Э-тай байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт тооцон 15,310,862 төгрөгийг хасаж 2022.02.26-ны өдрийн ЗГ0500220229 дугаартай Зээлийн гэрээг дуусгавар болгож, үлдэх 3,189,138 төгрөгийг автомашиныг М.Э-ы эзэмшлээс шилжүүлэн авахад гаргасан ачилтын зардалд 150,000 төгрөг, автомашины түлхүүр хийлгэхэд гаргасан зардалд 150,000 төгрөг, автомашины торгууль, татварт тооцон 185,000 төгрөг, засварын зардалд тооцон 2,650,000 төгрөгийг тус тус суутган нийт автомашиныг худалдан борлуулсан орлогоор барагдуулж дуусгавар болгосон.” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба дүгнэлтдээ “...Нэхэмжлэгч М.Э нь 2022.02.26-ны өдөр Б.О-тай тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг байгуулан 00-00  улсын дугаартай С маркийн автомашиныг 25,000,000 төгрөгөөр худалдан авч, уг төлбөрөөс 10,500,000 төгрөгийг төлж, үлдэх 14,500,000 төгрөгийг “Ц” ХХК-аас зээл авч төлөхөөр тохиролцсон, ...талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу хүчин төгөлдөр, зээлдэгч үүргээ биелүүлсэн буюу мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5-т заасан үндэслэлээр зээлийг олгосон, ... зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор 2022.02.26-ны өдөр ЗБ0500220229 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх (фидуци)-ийн гэрээ байгуулагдсан, ...Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч нь үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг буцаан өгөх үүргийг хүлээх, мөн 235.3-т гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг үндсэн үүргийг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө үүрэг гүйцэтгүүлэгч захиран зарцуулсан бол үүргээ гүйцэтгэсэн үүрэг хүлээгч учирсан хохирлоо шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч автомашины ... үнэлгээнээс зээлийн гэрээний үүргийг хасаж тооцон илүү гарсан зөрүү мөнгийг нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэн зөрүү 7,689,138 төгрөгийг хариуцагчаас гаргуулан энэ хэмжээгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.” гэжээ.

10. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянаад “...Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа, мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан Фидуцийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг зөрчсөн тул фидуцийн зүйл болох тээврийн хэрэгслийг хураан авч худалдан борлуулсан хариуцагчийн үйлдлийг буруутгахгүй. Харин ийнхүү худалдан борлуулахад зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөл зохих мөнгөн төлбөрийн үүргээс илүү гарсан мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.3 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Зохигч нь фидуцийн гэрээ байгуулахдаа тээврийн хэрэгслийн үнэлгээг заагаагүй бөгөөд зөвхөн үүргийн гүйцэтгэлийг хангуулах мөнгөн дүнгийн хэмжээг заасан. Энэ тохиолдолд анхан шатны шүүх тээврийн хэрэгслийг худалдан борлуулах үеийн үнэлгээнээс мөнгөн төлбөрийн үүргийг хасаж тооцож, үлдэх мөнгөн хөрөнгийг хариуцагчид олгосон нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэж байна. ... Хариуцагч нь тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авахдаа биет байдлын доголдолтой байсан гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул тээврийн хэрэгслийг засварлахад гарсан гэх зардлыг худалдан борлуулсан нийт дүнгээс хасаж тооцохгүй.” гэсэн дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

11. Анхан болон давж заалдах шатны шүүх адил дүгнэлт, шийдэл гаргасан боловч зохигчийн хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.3, 235.4-т заасан буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болгосон  “үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний  (фидуци)” дагуу шилжүүлсэн хөрөнгийг захиран зарцуулснаас учирсан хохирол шаардах эрхийн талаарх зохицуулалтыг хуулийн агуулгаас зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн эсэхийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “... автомашиныг худалдан борлуулсны зөрүү төлбөр шаардаагүй байгааг шүүх анхаараагүй, ... шүүх эд хөрөнгийн үнэлгээг бодитой, үндэслэлтэй тогтоогоогүй ...” тухай гомдлын хүрээнд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хянан хэлэлцэв.

12. Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч “Ц” ХХК-д холбогдуулан нийт 14,828,100 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, нэхэмжлэлдээ шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.3-т заасан хохирол гэж тодорхойлоод машины үнэд Б.О-д төлсөн 10,500,000 төгрөг, зээлд гэрээний дагуу буцаан төлсөн 3,782,000 төгрөг, зээл авахад даатгал, зээл олгосон төлбөр, нэр шилжүүлэхэд гарсан зардал нийт 546,100 төгрөг гэж тооцооллоо тайлбарлажээ.

Эндээс үзвэл нэхэмжлэгч нь зээлд төлсөн мөнгөө болон зээл авахтай холбоотой гарсан зардлыг буцаан шаардсан, мөн машиныг худалдаж авахдаа худалдагчид төлсөн мөнгөө хохирол гэж нэхэмжилсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч шүүхэд гаргасан энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд оролцохдоо дэмжин оролцож, шаардлагаа өөрчлөөгүй атлаа шүүх хуралдаанд автомашины үнэлгээний талаар маргаж, зөрүү нэхэмжилсэн агуулга бүхий тайлбарыг гаргажээ.

13. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг буюу нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулалгүй Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.3-т заасныг хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс өөрөөр буюу автомашины үнэлгээнээс зээлийн гэрээний үүргийг хасаж тооцон, зөрүү төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

14. Тодруулбал хоёр шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуци байгуулагдсан гэж үзвэл энэхүү гэрээнээс үүдэлтэй хохирол шаардах эрхийг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.3, 235 дугаар зүйлийн 235.4-т заасан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.3-т “Гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг үндсэн үүргийг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө үүрэг гүйцэтгүүлэгч захиран зарцуулсан бол үүргээ гүйцэтгэсэн үүрэг хүлээгч учирсан хохирлоо шаардах эрхтэй.” гэж заасан.

Харин Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болох” буюу үүрэг болон фидуци зэрэг дуусгавар болдог зарчимтай хэдий ч энэ тохиолдолд хохирол шаардаж байгаа бол хохирлын агуулга, үндэслэл тодорхой байх ёстой.

15. Иймд нэхэмжлэлд дурдагдсан шаардлагууд энд заасан хохирлын аль нь болох нь тодорхойгүй, энэхүү нөхцөл байдлыг тодруулж, зохигчийг мэтгэлцүүлээгүй, дурдсан нөхцөл байдлыг тогтоогоогүйгээс хяналтын шатны шүүхээс зохигчийн хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт хийж, хууль хэрэглэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2024/01341 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2024/01187 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Ц” ХХК 2024.07.09-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 138,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                                    Н.БАТЗОРИГ

                                                                                         Н.БАТЧИМЭГ

                                                                                                      Н.БАЯРМАА

                                                                                          П.ЗОЛЗАЯА