Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 12

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбаатарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Наранхүү,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга,

“Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Өмнөговь аймгийн Ханбогд сумын газрын даамлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” тухай  нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Наранхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баттөр, хариуцагч Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газын дарга Ю.Энхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч И.Олонмөнх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Наранхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баттөр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/20 тоот тушаалаар намайг ажлаас халсан бөгөөд тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4.2. 27.5 дахь хэсэг, Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 4/3 дугаар зөвлөмж, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын “Дотоод журам’'-ын 9.6 дахь заалтыг тус тус үндэслэн намайг Төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг болон Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралт “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм’'-ийг удаа дараа зөрчсөн тул 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас халсугай гэжээ.

Мөн дээрх 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/20 тоот тушаалаа хүчингүй болгон, Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/31 дугаар тушаалаар намайг дахин ажлаас халсан бөгөөд тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг, 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3.3, 27.4.2, 27.5 дахь хэсэг, Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 4/3 дугаар зөвлөмж, 2019 оны 1/61 дугаар албан шаардлага, Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газрын “Дотоод журам”-ын 9.6 дахь заалтыг тус тус үндэслэн намайг ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн тушаалаар намайг ажлаас халсан бөгөөд түүнийгээ хууль бус гэдгийг мэдэн хүчингүй болгосон атлаа, дахин 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалаар ажлаас халсан нь намайг анхнаасаа ажлаас халах зорилготой байсан нь харагдаж байна.

Тушаалын үндэслэх хэсэг болсон Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт зааснаар ажлаас халсан бөгөөд тус хууль зүйн үндэслэл нь “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэжээ. Миний бие удаа дараа албан үүргээ хангалттай биелүүлж ирсэн бөгөөд үр дүнгийн гэрээний биелэлт 2016 онд 90. 2017 онд 85, 2016 онд 73 хувиар тус тус хангалттай биелүүлсэн гэж үзсэн болно. Иймд дээрх тушаалын үндэслэл нь хуульд нийцэхгүй байна.

Мөн тушаалын тушаах хэсэгт намайг Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн гэжээ. Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын “Дотоод журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт “...газрын үйл ажиллагааг хэвийн явуулахад чиглэгдсэн орон тоо бус хороо, зөвлөл ажиллана. Үүнд: Ёс зүйн зөвлөл, өмч хамгаалах байнгын зөвлөл, баримт бичиг нягтлан шалгах комисс тус тус байна. Зөвлөл, хорооны бүрэлдэхүүн ажиллах журмыг газрын даргын тушаалаар батална” гэж заасан бөгөөд Ёс зүйн зөвлөлийн хурал болоогүй, зөвлөлийн хуралд миний бие ямар нэг байдлаар оролцоогүй, ёс зүйн зөрчил гаргасан талаар надад албан ёсоор мэдэгдэж, ёс зүйн зөвлөлийн хурал болсон бол оролцох боломжоор хангаагүй болно.

2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/31 тоот тушаалд Захиргааны ерөнхий хуулийн 25, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийгээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт “оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах” буюу захиргааны акт гаргах нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгдээгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг ажлаас халсан тушаалын дараа гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн байна.

Мөн тушаалын үндэслэх хэсэгт Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын "Дотоод журам”-ын 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсгийг удирдлага болгожээ. Дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт “...Албан хаагчийг энэхүү журмын 13.6-д заасан ноцтой зорчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар ажлаас халах хүртэл хариуцлага тооцно” гэж заасан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасны дагуу “...Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна” гэж заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил байдлаар зохицуулсан байна.

Миний бие хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргаагүй бөгөөд дээрх ноцтой зөрчлийн үйлдэл тухай бүрийг тухайлан хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардах бөгөөд тухайлан нэрлэн заасан зөрчил Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/31 дүгээр тушаалд заасан зөрчил хамаарахгүй юм.

Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын “Дотоод журам”-ын 3 дугаар зүйлийн 3.3-т “Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн хууль, дүрэм, зааврын дагуу албан хаагчдыг томилж, чөлөөлөх ба байгууллагын үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар хангаж ажиллана. Өөрөөр хэлбэл, ажлаас халах, чөлөөлөх асуудлаар Төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлт гараагүй байхад тушаал гаргасан гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд ажлаас халсан тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэсэн байр суурьтай байгаа. Ажлаас халсан 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 5/41 дугаартай тушаалдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан заалтыг барьсан байдаг. Энэ заалтад төрийн албан хаагчид үүрэг болгосон ерөнхий 18 заалт байдаг. Нэхэмжлэгч Ж.Наранхүүгийн хувьд эдгээр 18 заалтаас аль хэсгийг нь яаж зөрчсөн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд ойлгомжгүй, ерөнхий хуулийн заалт барьсан. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан 3 ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлийг ажлаас халсан тушаалд зааж өгсөн. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд Ж.Наранхүү нь Ханбогд сумын газрын даамлаар ажиллаж байхдаа 3 ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн баримт, факт байдаггүй. Үр дүнгийн гэрээг хэрэгт нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан боловч үр дүнгийн гэрээ байхгүй гэсэн албан бичиг ирсэн.

Ханбогд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолууд 2014 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөө 65 хувь буюу хангалттай, 2015, 2016, 2017 онд 90 хувь буюу хангалттай биелэлтэй гэж дүгнэгдсэн хурлын тогтоолууд байдаг. Тэгэхээр Ханбогд сумын газрын даамал нь албан үүргээ хангалттай биелүүлж ажиллаж байсан, 3 жил дараалан 90 хувийн үнэлгээтэй ажлаа дүгнүүлсэн байна гэж харж байгаа. Маргаж байгаа үйл баримт нь өөрөө дур мэдэн газар олгоогүй, дээрээс чиглэл өгөөд үүнийг хуульд заасан журмын дагуу тухайн жилийн төлөвлөгөөгөө батлаад явдаг дүр зураг харагдаж байгаа. Өмнөговь аймаг дахь Төрийн Аудитын газрын 2019 оны 4/3 гэсэн зөвлөмжид 2015 оноос өмнө сонгон шалгаруулалт хийсэн газар, 2018 оноос хойш дуудлага худалдаа явуулсан газрын талаар дурдсан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4 дэх хэсэгт сахилгын зөрчил илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулж болохгүй гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Аудитын шалгалт хийгээд, зөвлөмж явуулсан цаг хугацааг нь аваад үзэхэд 2015 оноос өмнөх хугацаа байдаг. Ж.Наранхүү албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэж дүгнэлээ гэж бодоход хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй яригдах ёстой. Аль зөрчил дээр яаж арга хэмжээ аваад байгаа юм. Энэ асуудал нь хөөн хэлэлцэх хугацаа дотроо байгаа эсэх. 2019 оны 09 дүгээр сарын 30-нд ажлаас халагдсан тушаал гарсан. Тэгэхээр 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойших зөрчлийг хамарч байх ёстой.           

Гол асуудал нь 2019 оны 1/61 дугаартай хариуцлага тооцох албан шаардлага байгаа. Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газраас ирүүлсэн албан шаардлагыг үндэслэн ажлаас халсан. Энэ нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсгийг зөрчсөн байна. Газар эзэмшүүлэхдээ тухайн шатны засаг дарга дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг зөрчсөн байна. Тэгэхээр Төрийн аудитын дүгнэлтээс харахад газрын даамал Ж.Наранхүүд Засаг даргын эрх хэмжээний асуудлаар хариуцлага тооцсон логик зөрчил харагдаж байна. Газар эзэмшүүлэх эрх нь Засаг даргын бүрэн эрхийн асуудал. Газрын даамал нь Засаг даргын эрх хэмжээг эдэлдэггүй. Эдгээр шалтгаанаар Ж.Наранхүүг ажлаас халсан 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Хариуцагч Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Ю.Энхтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн өмгөөлөгч И.Олонмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”... Сумын газрын даамал нь өөрийн сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдэж байгаа газрын харилцаатай бүх эрх зүйн хэм хэмжээний актыг боловсруулах, хуулийн дагуу зохион байгуулах үүрэгтэй. Эдгээр нь газрын даамлын ажлын байрны тодорхойлолтод бүрэн тусгагдсан байдаг. Ж.Наранхүү нь 2015 оноос хойш Ханбогд сумын хэмжээнд газар олголтыг зохион байгуулахдаа Газрын тухай хуулийн холбогдох заалтыг удаа дараа зөрчсөн нь Аудитын шалгалтаар тогтоогдсон.

Авлигатай тэмцэх газраас Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газарт ирүүлсэн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 05/4518 дугаартай албан тоотод “...гомдол ирсний дагуу ... хяналт шалгалт явуулж байна Ханбогд сумын газрын даамал Ж.Наранхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж тогтоогдсон нөхцөл байдлын талаарх хариуг ирүүлнэ үү” гэсэн ба холбогдох мэргэжилтнүүд ажиллаж тайлан гарган Ханбогд сумын Засаг даргын 2018 оны Газрын тухай хууль зөрчиж гаргасан захирамжуудыг жагсаан дүгнэлт гаргаж явуулсан. Энэ хяналтаар илэрсэн хууль бус шийдвэрийг арилгахтай холбоотойгоор 2018 оны 08 сарын 29-ний өдөр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас боловсруулсан аймгийн Засаг даргаас Ханбогд сумын Засаг даргад “Зөрчил арилгуулах тухай”         1-2222 дугаартай албан тоотыг хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй, зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүйгээс гадна хариуцсан чиг үүргийн хүрээнд Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн дарга П.Золжаргалын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 02 дугаар сарын 25-ны өдрүүдэд Ханбогд сумын Засаг даргын 2017, 2018 оны газар олголттой холбоотой захирамжийг хянасан хяналтаар 2018 оны 10, 11 дүгээр сард дахин Газрын тухай хуулийг зөрчиж газар олголт хийсэн нь тогтоогдсон.

Аймгийн Засаг даргын 2019 оны А/272 тоот Захирамжаар томилогдсон ажлын хэсэг 2019 оны 04 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд Ханбогд сумын Цагаан хадны бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа Гаалийн хяналтын талбайн газар эзэмших гэрээг дүгнэх, Газрын тухай хуулийн хэрэгжилтийг шалгасан. Уг хяналтын явцад дахин 2019 онд Газрын тухай хуулийг зөрчин Цагаан хадны бүсэд 3 аж ахуй нэгжид нийт 50 га газрыг дуудлага худалдаа зохион байгуулалгүй шууд олгосон байсан ба Цагаан хаданд ажиллах явцад Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын мэргэжилтнүүд хамт ажиллаж байсан Ж.Наранхүүд заавар зөвлөмж өгч газар олголт хийхдээ холбогдох хуулийг зөрчихгүй байх цаашид анхаарч ажиллахаар хэлж сануулсан. Гэтэл энэ өдрөөс хойш буюу 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 22-ны өдрийн хооронд 16 захирамжийг алдаатай, Газрын тухай хууль зөрчиж гаргасан.

Ханбогд сумын Засаг даргын 2019 оны газар олголттой холбоотой захирамжуудыг 2019 оны 10 сарын 22-ны байдлаар авч үзэхэд нийт 74 захирамж гаргаснаас 41 захирамж нь ямар нэг байдлаар хууль, дүрэм, журам зөрчсөн, үг үсэг, бүрдлийн алдаатай байна.

Эдгээрээр 3 буюу түүнээс дээш удаа өөрийн албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь харагдаж байна. Иймд Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газрын даргын 2019 оны 09 сарын 30-ы өдрийн б/31 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.

Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газрын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 319 дүгээр албан бичгээр Ж.Наранхүүд мэдэгдэл хүргүүлсэн. 2019 оны 07 сарын 05-ны өдөр Ж.Наранхүү нь хариу тайлбар ирүүлсэн. Тайлбартаа эрхэлсэн ажлын хүрээнд ямар нэгэн хууль зөрчөөгүй гэсэн ба Аудитын байгууллагын болон бусад шалтгаанаар илэрсэн зөрчлүүдийг хүлээн зөвшөөрөөгүй байсан. 

Иймд 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Ж.Наранхүүг ажлаас халах тушаал гаргаж мэдэгдэл хүргүүлсэн. Ж.Наранхүү нь ээлжийн амралтыг биеэр эдлэхдээ 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс амарч байсан тул дээрх тушаалыг хүчингүй болгож, ээлжийн амралттай холбогдуулан цалинг хууль, журмын дагуу олгосон. Мөн тушаалыг мэдэгдлийн хамт хүргүүлсэн. Амралтын хугацаа дууссан тул Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газрын 2019 оны 09 сарын 05-ны өдрийн 414 дүгээр мэдэгдлийг Ж.Наранхүүд мөн хүргүүлсэн, хариу тайлбарыг 2019 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр ирүүлсэн. 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газрын дарга Ю.Энхтуяа, Газрын удирдлагын хэлтсийн дарга П.Золжаргал, Захиргаа, хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Нандинцэцэг болон Ж.Наранхүү нарыг байлцуулан сонсох ажиллагааг явуулахад ямар нэгэн хууль зөрчөөгүй, зөвхөн захирамжийн төсөл боловсруулдаг гэсэн тайлбарыг хэлсэн нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргээ биелүүлж чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрөөгүй. Иймд Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/31 дүгээр тушаалаар Ж.Наранхүүг ажлаас халсан нь Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй болно.

Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газрын дотоод журмын 9-д “албан тушаалд томилох, албан тушаалаас халах, чөлөөлөх” талаар журамласан байдаг ба 9.6-д “Албан хаагчийг энэхүү журмын 13.6-д заасан "ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар ажлаас халах хүртэл хариуцлага тооцно гэж заасан. Мөн журмын 13.6-д Дараах зөрчлийг ноцтой зөрчилд тооцно.  13.6.7-д “Бүх төрлийн албан бичиг, тайлан шийдвэрийг илтэд зөрүүтэй хуурамчаар гаргасан, бусдын үүрэгт ажилд хөндлөнгөөс дур мэдэм оролцож буруу шийдвэр гаргахад нөлөөлсөн, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан”, 13.6.8-д “Албан тушаалаа урвуулан ашигласан нь нотлогдсон бол ноцтой зөрчилд тооцно” гэж заасан. Ж.Наранхүү нь 2015 оноос хойш удаа дараа Газрын тухай хууль зөрчиж байснаар эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан, албан тушаалаа урвуулан ашигласан нь Аудитын байгууллагын дүгнэлт, байгууллагын холбогдох мэргэжилтнүүдийн хяналтаар тогтоогдсон.

2018 оноос хойш ажил үүргээ хэрхэн биелүүлж байсан талаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт сумдын газрын даамлын эрх үүрэг шилжиж ирсэнтэй уялдуулан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тушаалаар газрын даамал болоод ажиллаж байх явцдаа 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр сахилгын зөрчил гаргаж байсныг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хяналтын хэлтсийн дарга газар дээр нь очиж үзлэг шалгалт хийж тэмдэглэл үйлдэж ирсэн. 2019 он гарснаас хойших хугацаанд ажиллаж байсан үйл ажиллагааны талаар ямар зөрчил дутагдал гаргаж байсан бэ гэхээр 2018 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудсыг ажил олгогч болон ажил гүйцэтгэгч Ж.Наранхүү нар хоорондоо гэрээ дүгнэсэн байдаг. Энэ гэрээгээр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Ю.Энхтуяагийн үнэлснээр 51.98 хувиар дүгнэгдсэн.

Гэтэл Ж.Наранхүү нь 65.3 хувиар дүгнэгдсэн гэсэн үндэслэл бүхий нотлох баримтыг гаргаж өгсөн. 2019 онд ямар зөрчил, дутагдал гаргасан байдаг вэ гэхээр 2018 оны 03 дугаар сард сахилгын шийтгэл оногдуулсан арга хэмжээний улмаас зөрчил, дутагдлыг хэр зэрэг хариулж байсан бэ гэхээр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга 2019 оны 07 дугаар сарын 03-нд мэдэгдэл хүргүүлсэн. Энэхүү мэдэгдэлдээ Төрийн аудитын газраас шалгалт хийгээд эдгээр зөрчил, дутагдал илэрсэн байна. Энэ дээр арга хэмжээ авч, зохих хуулийн дагуу тайлбарыг ирүүлнэ үү гэсэн мэдэгдэх хуудсыг Ж.Наранхүүд явуулсан. Ж.Наранхүү 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хариу тайлбар ирүүлсэн. Үүнд ажлын ачааллаас үл хамааран ажил үүргээ сайн гүйцэтгэж байгаа гэсэн хариуг өгдөг. 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Засаг даргаас дээрх хүмүүст хариуцлага тооцох, зөрчил дутагдал илэрсэн байна. Эдгээрийг арилгах саналыг ирүүлсэн. Ж.Наранхүүгийн ажлыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас бүрэлдэхүүн очиж шалгалт хийсэн. Ийм учраас 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр зөрчил дутагдлуудыг арилгах, өгсөн үүрэг даалгавартай холбогдуулан 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дотор хариу тайлбараа ирүүлнэ үү гэсэн боловч хариу тайлбартаа би ажлаа сайн хийж гүйцэтгэж байгаа гэсэн байдаг. Зөрчил дутагдлыг хүлээн зөвшөөрч байгаагүй. Энэ асуудлаар Ж.Наранхүүг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар дуудаж сонсох ажиллагаа хийгдсэн. Сонсох ажиллагаатай холбогдуулан шалгалт хийж, Золжаргал даргын сонсох ажиллагааны тайланг хүлээн зөвшөөрөөгүй. Зөрчил илэрсэн талаар Ж.Наранхүүд 3 ба түүнээс дээш удаа мэдэгдэл хүргүүлсэн. Энэ ажиллагааны талаар ямар ажиллагаа хийсэн талаар мэдэгдэхэд хүлээн зөвшөөрөөгүй учраас ажлаас халах шийдвэр гарсан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэргийн оролцогчдын гаргасан тайлбартай харьцуулан дүгнэж, дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ”,   47 дугаар зүйлийн 47.1.1 “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн”  дэх заалт, Өмнөговь аймгийн Төрийн аудитын газрын 2019 оны 4/3 зөвлөмж, 2019 оны 1/61 дугаар албан шаардлага, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын “Дотоод журам”-ын 9.6 “Албан хаагчийг энэхүү журмын 13.6-д заасан “ноцтой зөрчил” гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар ажлаас халах хүртэл хариуцлага тооцно” дахь заалтуудыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, ёс зүйн дүрмийг зөрчиж, удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Наранхүүг үүрэгт ажлаас нь халсан байна.

Маргаан бүхий дээрх захиргааны актын хүрээнд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс...захиргааны акт гаргахдаа сумын Засаг даргын захирамжийн хууль зүйн үндэслэл, үг үсгийн алдааг газрын даамал ажлын байрны чиг үүргээрээ хариуцах ёстой гэж хууль бусаар хариуцлага тооцсон, ажлын байрны чиг үүргээ хэрэгжүүлээгүй эсхүл сахилгын шийтгэл ногдуулсан нь тодорхой бус... гэж, хариуцагчаасЖ.Наранхүү нь удаа дараа төрийн албан хаагчийн хуулиар болон ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй Ханбогд сумын Цагаан хад орчмын бүсэд дуудлага худалдаа зохион байгуулалгүй газар олгосон, Засаг даргын захирамж үг үсгийн алдаатай, засвартай гарсан, ёс зүйн зөрчил гаргасан тул хуулийн дагуу шийдвэрлэсэн” зэргээр шаардлага ба татгалзлын үндэслэлийг тодорхойлж, маргах тул тэдгээр үндэслэлд шүүхээс дараах байдлаар дүгнэлт өгөв.

Хариуцагч маргаан бүхий актыг[1] гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 47 дугаар зүйлийн 47.1.1, Өмнөговь аймгийн Төрийн аудитын газрын 2019 оны 1/61 дугаар албан шаардлага, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын “Дотоод журам”-ын 9.6 дахь хэсгийг үндэслэсэн нь өөр өөр ялгаатай эрх зүйн урьдчилсан нөхцөл, үр дагавар бүхий зохицуулалтыг хамтад нь хэрэглэсэн, бодит байдал дээр албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн урьдчилсан нөхцөл бүрдээгүй байхад нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас “халсан” нь хууль бус болжээ.

Хариуцагчийн татгалзлын үндэслэлийн талаарх үйл баримтыг дурдвал;

  1. Авлигатай тэмцэх газрын 2018 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн ”...гомдол мэдээллийн дагуу Ж.Наранхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, хариу өгөх...” гэсэн албан бичгийн дагуу ажилласан ажлын хэсэг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Ханбогд суманд ажиллан сумын Засаг даргын    2017, 2018 оны захирамжуудыг хянан, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй, газар эзэмшүүлэх журам зөрчиж олгосон газруудын эрхийг цуцлах үүргийг Засаг даргад өгөхөөр, гэрээний хэрэгжилтийг жил бүр тогтмол дүгнэж ажиллахыг сумын газрын даамалд, хяналт тавьж ажиллахыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус үүрэг болгохоор санал гаргаж байжээ.[2]
  2. 2019 оны 02 дугаар сарын 02 дугаар сарын 28-ны өдрийн Ханбогд сумын Засаг даргын захирамжид хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн тайланд мөн 2017, 2018 оны захирамжийг хянаж, дээрх ажлын хэсгийн /1 дэх хэсэгт дурдсан/  гаргасантай адил санал гаргасан байна.[3]

3. Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Цагаан хадны орчмын газар эзэмшил, ашиглалтад хяналт, шалгалт хийж, сумын Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн хэмжээнээс илүү газар ашиглаж байгаа газрыг чөлөөлөх, газар эзэмшүүлэх журам зөрчиж олгосон газруудын эрхийг цуцлах гэсэн дүгнэлт гаргажээ.[4]

4. Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1/61 дүгээр албан шаардлага, 2019 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн 4/3 дугаар зөвлөмжид “...2015-2018 оны газар олголтын байдалд нийцлийн аудит хийсэн...газрын тухай хууль тогтоомж зөрчсөн Ж.Наранхүүд холбогдох арга хэмжээ тооцох...” тухай дурджээ.

Дээрх үйл баримтууд нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулахэрхтэй бусад этгээдийн эрх буюу сумын Засаг даргын үйл ажиллагаанд хамаарахаас бус сумын газрын даамлын ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээнд заасан гүйцэтгэх чиг үүрэгт шууд чиглээгүй байна.

Товчлон дүгнэвэл, сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах эрх сумын газрын даамалд хуулиар олгогдоогүй, хууль хэрэгжүүлж ажиллахыг шаардсан дээд шатны Засаг даргын үүргийг / Зөрчил арилгуулах тухай 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1-2222 дугаар албан бичгээр 1 удаа явуулсан, бусад үед аймгийн Засаг даргаас амаар үүрэг өгдөг байсан гэж хариуцагч тайлбарладаг/ сумын Засаг даргаас хэрэгжүүлнэ.

Хэрэв хариуцагч “нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан тул хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй” гэж үзэж байгаа бол нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийн аль тохирохыг нь оногдуулах байжээ.

Тодруулбал, Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1/61 дүгээр албан шаардлагаар “...хууль, тогтоомж зөрчсөн Ж.Наранхүүд хариуцлага тооцохыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Ю.Энхтуяад даалгасан…байх бөгөөд нэхэмжлэгч энэхүү аудитын албан шаардлагатай маргаагүй, мөн хариуцагчийн зүгээс ч “нэхэмжлэгч нь зөрчил гаргасан, ёс зүйн хорооны дүгнэлт гарсан учир хариуцлага тооцсон” гэсэн утгатай тайлбар гаргадаг.

Үүнээс үзвэл, нэхэмжлэгч Ж.Наранхүү нь тодорхой хэмжээний сахилгын зөрчил гаргасан байх бөгөөд энэ тохиолдолд хариуцагч зүй нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн дагуу тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд заасан сахилгын шийтгэлийн аль тохирохыг нь ногдуулах байсан.

Гэтэл тэрээр Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсгээр нэхэмжлэгчид “хариуцлага тооцсон” нь буруу бөгөөд хуулийн уг зүйл, хэсэг нь сахилгын зөрчилд хүлээлгэх шийтгэл биш, харин захиргааны санаачлагаар төрийн албанаас халах үндэслэл юм.

Ж.Наранхүүг ажлаас халах шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход чиглэсэн ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 40 дүгээр зүйлийн 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна:” гэж заасныг бүрэн хэрэгжүүлээгүй ба 2019 оны Б/31  дүгээр тогтоолыг гаргахдаа тус хуулийн 29 дүгээр зүйлд заасан хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудсыг зохих журмын дагуу хөтлөөгүй байна.

Дээр дурдсан Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтуудын агуулга нь “тухайн шийдвэрийг гаргахад шууд хамааралтай, зайлшгүй ач холбогдолтой бодит нөхцөл байдлыг судлан тогтоох; шийдвэр гаргах ажиллагааны хугацааг тодорхойлох; бичгээр гаргасан захиргааны актад тавигдах шаардлагыг нэг бүрчлэн хангасан байх” нь шийдвэр хууль ёсны байх шаардлагыг илэрхийлнэ.

Гэтэл маргаан бүхий актын үндэслэлд тодорхойлсон “...хууль тогтоомж зөрчиж газар олгосон, аудитын шаардлага гарсан...” гэх асуудлаар нэхэмжлэгч Ж.Наранхүүд 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн б/20 дугаар тушаалаар ажлаас халах хариуцлага тооцож байжээ.

Уг шийдвэрээ 2019 оны 08 дугаар сарын 19-ны өдөр “...Ж.Наранхүү нь ээлжийн амралттай байсан...”  гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мөн дээрх үндэслэлүүдээр ажлаас халах болсон тухай мэдэгдлийг дахин өгсөн байгаа нь маргаан бүхий 2019 оны Б/31  дүгээр тушаал хууль бус байх үндэслэлд хамаарахыг дурдах нь зүйтэй.

Дээрх байдлаар маргаан бүхий захиргааны акт нь Ж.Наранхүүгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх;” гэсэн заалттай нийцээгүй, хууль бус шийдвэр байх тул энэ захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн гаргасан Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2019 оны Б/31  дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул  Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн 2019 оны цалингийн карт, нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн түүний ажилгүй байсан хугацааны буюу 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх  7 сар 19 хоногийн олговор болох  ( Сүүлийн гурван сарын  цалин хөлсний нийлбэрийн дундаж нь 3095773 төгрөг (ээлжийн амралтын олговрыг оролцуулан), нэг сарын дундаж цалин 1031924 төгрөг, нэг өдрийн цалин хөлсний дундаж нь 47996 төгрөг) 8135392 (найман сая нэг зуун гучин тав гурван зуун ерэн хоёр) төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ.” гэж зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд холбогдох шимтгэл, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрийн нөхөн бичилтийг зохих журмын дагуу хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1,  40 дүгээр зүйлийн 40.2, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 41 дүгээр зүйлийн 41.3, 62 дугаар зүйлийн 62.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ж.Наранхүүгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын  2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг  хүчингүй болгож, Ж.Наранхүүг Ханбогд сумын газрын даамлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 8135392 (найман сая нэг зуун гучин тав гурван зуун ерэн хоёр) төгрөг олгож, түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийхийг хариуцагч Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон  нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж Ж.Наранхүүд олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.БАЯРМАА


[1] Хэргийн 12 дахь тал

[2] Ажлын хэсгийн тайлан хэргийн 173-184 дэх талд авагдсан.

[3] Хэргийн 185-189 дэх тал

[4] Хэргийн 192-202 дахь талд