| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0179/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/185 |
| Огноо | 2024-07-05 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул
Улсын яллагч Д.Чулуунпүрэв
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2339002680228 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч ******* нь иргэн З.*******аас итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 1270 боодол өвсийг Дорнод аймгаас Улаанбаатар хот руу тээвэрлэх үүрэг хүлээж, хүлээн авч, тээвэрлэх явцдаа, Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд 650 боодол өвсийг 39 удаагийн үйлдлээр бусдад худалдан борлуулж, хувийн хэрэгцээндээ хэрэглэж, З.*******т нийт 16,250,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь иргэн З.*******аас итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 1270 боодол өвсийг Дорнод аймгаас Улаанбаатар хот руу тээвэрлэх үүрэг хүлээж, тээвэрлэх явцдаа Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд 650 боодол өвсийг 39 удаагийн үйлдлээр бусдад худалдан борлуулж, хувийн хэрэгцээндээ хэрэглэн завшиж, бусдад 16,250,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд өөрийн хуурай ах болох ******* гэх хүний надад итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 1270 боодол өвсийг Дорнод аймгаас Улаанбаатар хот руу тээвэрлэх явцдаа Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт 650 боодол өвсийг 39 удаагийн үйлдлээр бусдад худалдан борлуулж, мөнгийг нь хувийн хэрэгцээндээ хэрэглэж завшсан. ... Би ийм асуудал гаргасандаа маш их харамсаж байна. Ахиж ийм асуудал гаргахгүй. Би өөрийн үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 72-73),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч З.*******ийн: “...2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр би Дорнод аймгийн Чойбалсан суманд өвс худалдан борлуулдаг Мөнхжаргал гэх хүнтэй утсаар холбогдож тухайн хүнээс 1270 боодол өвсийг 13,500 төгрөгөөр худалдан авсан юм. Тэгээд өмнө өвс ачуулж байсан ******* гэх залуутай холбогдож өвс ачуулахаар болсон юм. Тэгээд 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тухайн ******* гэх залуу очоод миний өвсийг ачаад наашаа гарсан юм. Тэгээд хэд хоног утас нь холбогдохгүй байж байгаад 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр над руу холбогдоод “Би Хэнтий аймаг дээр ирсэн байна. Машин болохгүй байна. Өвсийг чинь өөр машинд ачаад явуулчихлаа” гэж хэлээд нөгөө шилжүүлж ачуулсан машины дугаарыг надад өгөхөөр нь би нөгөө жолооч руу залгаад “Хэдэн боодол өвс ачсан бэ?” гэж асуутал “620 боодол өвс ачуулсан. Танай жолооч өвсөө 28,000 төгрөгөөр зарчихаад буудалд согтуу байна лээ” гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нөгөө хүн над руу залгаад “Би Улаанбаатар хотод ирчихсэн байна” гэхээр нь би “361 гарам дээр наад өвс чинь бууна.” гэтэл “Би тийшээ явахгүй. Энэ өвсийг Улаанбаатар хотод буулгаарай гээд надад 900,000 төгрөг өгсөн” гэж хэлэхээр нь би тухайн хүнд нэмж 350,000 төгрөг төлөөд 361 гарам дээр буулгаж авсан. Би ******* гэх хүн рүү залгаж “Чи яагаад 650 боодол өвс дутуу явуулсан юм бэ?” гэж асуутал утсаа салгасан юм. Тэгээд би ******* гэдэг хүн рүү “Би очиж байна” гэж чат бичтэл “Ах аа дансаа үлдээгээрэй” гэж чат бичихээр нь би дансаа явуултал миний данс руу 7,000,000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд дахиж миний утсыг авахгүй, надтай холбогдохгүй байгаа учир цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж байгаа юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 43-44),
Гэрч Х.*******ийн мэдүүлэг (хх-ийн 55-56),
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШД-193 дугаартай “...боодолтой өвсний зах зээлийн үнэлгээг 16,250,000.0 (арван зургаан сая хоёр зуун тавин мянга) төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (хх-ийн 62-64), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 16), хохирогч З.*******ийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан “...ямар нэгэн төлбөр, тооцоо, нэхэмжлэх зүйл үгүй болно...” гэх хүсэлт (хх-ийн 116), шүүгдэгч *******ын Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 117) болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ын бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдлийн улмаас хохирогч З.*******т 16,250,000 (арван зургаан сая хоёр зуун тавин мянга) төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч З.*******ийн эд хөрөнгөд 16,250,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч З.******* нь Хэнтий аймгийн Цагдаагийн газарт шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч *******д прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч З.******* нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР