| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 133/2023/00424/И |
| Дугаар | 001/хт2024/00196 |
| Огноо | 2024-10-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 001/хт2024/00196
Я.Б-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, танхимын шүүгч Г.Алтанчимэг, Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 133/ШШ2024/00140 дүгээр шийдвэртэй,
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 215/МА2024/00009 дүгээр магадлалтай,
ИХТ-д тус тус холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт зээл 26,000,000 төгрөг, алданги 13,000,000 төгрөг, нийт 39,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах хариуцагч ИХТ-ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагч ИХТ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Я.Б нь хариуцагч “Г” ОНӨААТҮГ, ИХТ-д тус тус холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 26,000,000 төгрөг, алданги 13,000,000 төгрөг, нийт 39,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч ИХТ зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
2. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 133/ШШ2024/00140 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч ИХТ-аас зээлийн гэрээний үндсэн үүрэгт 26,000,000 төгрөг, алданги 13,000,000 төгрөг, нийт 39,000,000 (гучин есөн сая) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х овгийн Я.Б-т олгож, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ИХТ-аас улсын тэмдэгтийн хураамж 352,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.Б-т олгож шийдвэрлэжээ.
3. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 215/МА2024/00009 дүгээр магадлалаар: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 133/ШШ2024/00140 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож Я.Б-ын нэхэмжлэлтэй, Г орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, ИХТ-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 39,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, ИХТ-ын Я.Б-т холбогдуулан гаргасан Г орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, Я.Б нарын хооронд 2021.08.01-ний өдөр байгуулсан 26,000,000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлийн хариуцагч ИХТ-ын давж заалдах гомдол гаргахдаа төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 352,950 төгрөгийг төлөх хугацааг шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх хүртэл хойшлуулах хүсэлтийг хүлээн авч, давж заалдах гомдол нь хангагдсан тул нөхөн төлөхөөс чөлөөлж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.05.28-ны өдрийн 215/МА2024/00009 дүгээр магадлалыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэж үзэж байгаа тул дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
4.1. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Я.Б-ын нэхэмжлэлтэй Г орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, ИХТ-д холбогдох зээлийн 26,000,000 төгрөг, алданги 13,000,000 төгрөг нийт 39,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 57.4-т анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд гомдол гаргаж байгаа этгээд шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлнө гэж заасан байхад хэргийг хүлээн авч хэлэлцэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлд давж заалдах гомдлын хэлбэр, агуулга байгаа. Мөн хуулийн 162.4-т “Давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа этгээдээс энэ хуулийн 57.1, 57.4-т заасан журмаар улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлүүлнэ” гэж заасан байгааг тус тус зөрчсөн байгаа.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байгаа талаар шүүх хуралдаан дээр хэлээд байхад үүнд ямар нэгэн тайлбар хэлэхгүйгээр шүүх хуралдаан орсон байгааг дурьдах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн магадлал танилцуулахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэхээр ирүүлсэн хүсэлтийг дурьдаж шийдвэрлэсэн талаар танилцуулаад шүүх хуралдаан хаасныг мэдэгдсэн боловч магадлалдаа хариуцагч байгууллагыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн байдлаар уншиж танилцуулснаасаа өөрөөр бичсэн байна. Үүнийг шүүх хуралдааны бичлэгээс тодруулж хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Хариуцагч байгууллага нь хүсэлт гаргаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжийг 2024.05.20-ны өдөр хүртэлх хугацаагаар хойшлуулсан, хойшлуулсан хугацаандаа төлөөгүй тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхгүй мөн хуулийн 164.3-т “Давж заалдах гомдол гаргахад энэ хуульд заасан журмыг баримтлаагүй бол шүүх гомдлыг хүлээн авахгүй бөгөөд энэ тухай шүүгч захирамж гаргана” гэж заасны дагуу уг хэргийг буцаахаар байжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлд Шүүхийн зардлыг нөхөн төлөхөөс чөлөөлөх үндэслэлийг заасан байдаг. Энэ хуулийн заалтаас харахад хариуцагч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх үндэслэл тогтоогдохгүй байгаа, чөлөөлөх үндэслэл ч байхгүй байна. Гэтэл Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь хариуцагч байгууллагаар улсын тэмдэгтийн хураамж төлүүлэхгүйгээр хэргийг хэлэлцэж байгаа нь нэг талаар хариуцагч байгууллагад үйлчилж, хариуцагч талд давуу байдал бий болгож байгаа нь харагдаж байна. Хэдийгээр хариуцагч байгууллага нь төрийн байгууллага боловч хариуцагч байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг заавал төлөхөөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулинд төлөхөөр хуульчилж өгсөн байдаг. Иймээс давж заалдах шатны шүүхээс үүнийг буруу тайлбарлаж хэрэглэж байна.
Мөн хариуцагч байгууллага болох ИХТ улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, хариуцагч байгуулагаас ирүүлсэн... улсын тэмдэгтийн хураамжийг тухайн шатны шүүхийн шийдвэр гарсны дараа буюу шүүхийн шийдвэрийг үндэслэн төлөхөөр хойшлуулж өгнө үү гэх утга бүхий хэргийн оролцогчийн биш өөрөөр хэлбэл Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдий Хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тоотоор хариуцагч байгууллагыг улсын тэмдэгтийн хураамжаас бүрэн чөлөөлж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн, хэтэрхий нэг талыг барьсан зөрчил харагдаж байгаа.
4.2 Мөн шүүхээс нэхэмжлэгч хэргийн харъяалал зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгааг шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэж үзэж байгаа.
ИХТ-ын 2023.05.29-ний өдрийн 20 дугаар тогтоолоор Д сумын эрчим хүч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгах шийдвэр гаргасан. Үүнээс үүдэлтэй эрх зүйн дагаврыг арилгах шийдвэр гаргасан гэж үзэхээр байгаа.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 23 дугаар зүйлд Төрийн өмчит хуулийн этгээдийг татан буулгахад Иргэний хууль болон бусад хуульд заасан үндэслэл, журмыг баримтлана гэжээ. Үүнээс үзэхэд татан буугдаж буй төрийн өмчит хуулийн этгээдэд холбогдох шаардлагыг хангах харилцаа нь иргэний эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдахаар байна. Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт “Татан буулгах ажлыг энэ тухай шийдвэр гаргасан байгууллагаас томилсон комисс эрхлэн гүйцэтгэнэ”, 32.5 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол татан буугдаж байгаа хуулийн этгээдэд холбогдох шаардлагыг дараах дарааллаар хангана”, 32.5.7 дахь хэсэгт “хууль тогтоомжид заасны дагуу бусад этгээдтэй хийх тооцоо” гэж тус тус заасан байтал Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь захиргааны хэргийн шүүхээр зохицуулагдах маргаан гэж шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэн дүгнэлт хийж шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Тухайн маргааныг давж заалдах шатны шүүхээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь хэргийн оролцогчийн шүүхэд мэдүүлэх, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Тухайлбал иргэний зээлийн гэрээтэй холбоотой маргааныг иргэний хэргийн шүүхэд хандсан байгаа, захиргааны хэргийн шүүхэд хандах шаардлагагүй гэж үзсэн байгаа, гэтэл уг иргэний зээлийн гэрээтэй холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр дүгнэж байгаа нь нэхэмжлэгчийн эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэж үзэж байна.
Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэн дүгнэлт хийж шийдвэрлэсэн Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.05.28-ны өдрийн 215/МА2024/00009 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.04-ний өдрийн 133/ШШ2024/00140 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье.” гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-гийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.09.16-ны өдрийн 001/ШХТ2024/01033 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч Я.Б- нь хариуцагч “Г” ОНӨААТҮГ, ИХТ-д тус тус холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26,000,000 төгрөг, алданги 13,000,000 төгрөг, нийт 39,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ “...Г орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар 2021.08.01-ний өдөр Я.Б-тай зээлийн гэрээ байгуулан 26,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 9 сарын хугацаатай зээлж авсан, зээлийн хугацаа хэтрээд нэг жил болсон ч зээлээс нэг ч төгрөг төлөөгүй байхад нь ИХТ-ын 2023.05.29-ний өдрийн 20 дугаар тогтоолоор Д сумын эрчим хүч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгах шийдвэр гаргасан. Уг үйлдвэрийн газрыг татан буулгах комисс томилж өр авлагын тооцоо нийлж барагдуулах үүрэг өгсөн. Гэтэл улсын бүртгэлийн байгууллагаас авсан баримтаас харахад татан буугдсан бүртгэл одоог хүртэл хийгдээгүй. Тиймээс уг зээлийн гэрээний үүрэг 39,000,000 төгрөгийг Г орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас гаргуулна. Мөн ИХТ нь уг үйлдвэрийн газрыг татан буулгах шийдвэр гаргахаасаа өмнө өр зээлийг нь шийдвэрлээгүй, шийдвэрийнхээ биелэлтийг бүрэн хангуулаагүй тул татан буулгах шийдвэр гаргасан байгууллага болох ИХТ Я.Б-т учирсан хохирлыг хамтран хариуцах ёстой.” гэж тодорхойлжээ.
8. Хариуцагч “Г” ОНӨААТҮГ-ыг төлөөлж Д.Ц нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Би 2022.08.05-нд Д сумын эрчим хүч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргаар томилогдож, 2023.03.09-нд чөлөөлөгдсөн. Намайг ажил хүлээж авахад энэ байгууллага албан ёсоор татварт 45,000,000 төгрөгийн, нийгмийн даатгалд 23,000,000 төгрөгийн, нүүрс тээврийн зардалд 16,000,000 төгрөгийн өртэй байсан. Өөр өр зээлийн асуудал яригдаагүй. ... Байгууллагын үйл ажиллагааг мэддэг хүний хувьд зээл авдаг асуудлыг ашиг сонирхлын зөрчил, мөнгө угаах арга байсан гэж харж байна. Д сумын эрчим хүч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь 2023.05.29-ний өдрийн Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгах тухай ИХТ-ын 20 дугаар тогтоолоор татан буугдсан. Энэ нэхэмжлэл надад хамаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэж маргажээ.
9. Хариуцагч ИХТ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Засаг даргын зөвлөлийн хуралд дээрх байгууллагатай холбоотой өр авлагын асуудал байхгүй, татан буулгахад харшлах шалтгаангүй гэж танилцуулагдсан байсан учраас ИХТ-аас 2023.05.29-ний өдрийн Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгах тухай 20 дугаар тогтоол гарсан. Д сумын эрчим хүч аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дансанд 26,000,000 төгрөг орсноос хойш нэхэмжлэгч Я.Б-ын дансанд 6,850,000 төгрөг, 4,066,000 төгрөгийг трубаны үнэ гэсэн утгаар буцаан шилжүүлсэн байгаа. Үүнийг тус байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байсан гэрч н.Г өмнө зээлж авсан 10,000,000 төгрөгийн эргэн төлөлтийг трубаны үнэ гэсэн утгаар шилжүүлсэн гэдэг боловч 26,000,000 төгрөг авахаас өмнө Я.Б-аас 10,000,000 төгрөгийн зээл авсан гэсэн ямар ч баримт байдаггүй. Түүнээс гадна Я.Б-ын дансанд 3,900,000 төгрөг, 1,300,000 төгрөгийг нийт 5,200,000 төгрөгийг зээлийн хүү гэсэн утгаар мөн шилжүүлсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь зээлийн эргэн төлөлтөд нэг ч төгрөг төлөөгүй гэж зээл, алдангид 39,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. ИХТ нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй” гэж маргажээ.
10. Хариуцагч ИХТ нь нэхэмжлэгч Я.Б-т холбогдуулан “2021.08.01-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ “…Д сумын эрчим хүч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, Я.Б нарын хооронд 26,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан гэх баримтыг нэхэмжлэгч тал гаргаж өгсөн. Хариуцагч байгууллагын санхүүгийн баримтад гэрээ байдаггүй. Зээлийн гэрээ байгуулагдахаас өмнө тус байгууллагын дансанд 26,000,000 төгрөг шилжиж орсон байдаг. Үгсэн хуйвалдаж, гэрээг хуурамчаар нөхөн хийсэн байж болзошгүй. Мөн орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь холбогдох эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хувь хүнээс өндөр хүүтэй зээл авсан тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй” гэж тодорхойлжээ.
11. Нэхэмжлэгч Я.Б сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Я.Б нь 07 дугаар сарын 28-ны өдөр 26,000,000 төгрөгийг шилжүүлээд 08 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээг байгуулсан. Зээлийн гэрээнд хариуцагч байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан. Гэрээг хуурамчаар хийж, тамгыг дараа нөхөж дарсан байх боломжгүй. Мөн төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд тухайн санхүүгийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр богино хугацаатай зээлийг холбогдох эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авахгүйгээр, хувь хүнээс авах эрхтэй байсан. Тиймээс уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй” гэж маргажээ.
12.1. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 26,000,000 төгрөг, алданги 13,000,000 төгрөг, нийт 39,000,000 төгрөгийг ИХТ-аас гаргуулахаар шийдвэрлэж, үндэслэлээ “...Талууд хүсэл зоригоо илэрхийлэн 2021.07.21-ний өдөр 26,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, хожим буюу 2021.08.01-ний өдөр гэрээг бичгээр үйлдэж, түүнд хэн аль гарын үсэг зурсан байх тул ... талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, ...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хууль буюу гэрээгээр тохирсон үүргээ гүйцэтгэхийг ... шаардах эрхтэй, ... Зээлийн гэрээний 2-т зээл авагч тал нь авсан зээл болох 26,000,000 төгрөгт 5 хувь буюу 1,300,000 төгрөгийн хүү төлнө гэж заасны дагуу 2021.08.01-ний өдрөөс 2022.05.01-ний өдөр хүртэл буюу 9 сарын хүүг тооцож, хүүгийн төлбөрт 1,300,000 төгрөг буюу 11,700,000 төгрөгийг зээлийн гэрээний хугацаанд бүрэн төлж барагдуулсан, … Хэдийгээр талууд зээлийн гэрээгээр хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 1.5 хувийн алданги төлнө гэж заасан боловч уг заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасныг зөрчиж хийгдсэн байх тул хуулиар тогтоосон хэмжээ буюу хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож нэхэмжлэх эрхтэй, ... Говь-Алтай аймгийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлын 2023.05.23-ны өдрийн 23 дугаартай тэмдэглэлд 100 хувь өр авлагыг барагдуулсан гэж тусгагдсан байгаа боловч Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны хяналт шалгалтын 2023.11.05-ны өдрийн 13 дугаартай танилцуулгад ... тусгагдсан нөхцөл байдлаар Г орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын өр төлбөрийг 100 хувь барагдуулаагүй болох нь тогтоогдож байна. ... ИХТ-ын 2023.05.29-ний өдрийн 20 дугаар тогтоолын 1 дэх заалтаар “Г” ОНӨААТҮГ-ыг өмчлөгчийн эрх шилжсэн өдрөөр тасалбар болгон татан буулгасан, ... Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газар нь дуудлага худалдааны ялагч болсон “И” хоршоотой 2023.03.21-ний өдөр 18 дугаар Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, “Г” ОНӨААТҮГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй багц эд хөрөнгийг 531,100,000 төгрөгөөр худалдсан ... тул зээлийн гэрээний үүргийг хариуцагч Г орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас гаргуулах боломжгүй, ...Г орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын өр авлагыг барагдуулах үүрэг бүхий ажлын хэсэг нь тус газрын өр авлагыг барагдуулах үүрэгтэй, ...Энэ тохиолдолд зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй этгээдийг Г орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар бус татан буулгах комисс гэж үзнэ. ИХТ нь “Г” ОНӨААТҮГ-ыг татан буулгах ажлыг зохион байгуулах комиссыг баталж, 3 дахь заалтаар татан буугдаж буй “Г” ОНӨААТҮГ-ын дуусгалтын балансыг гаргуулж, өр авлагыг барагдуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг (татан буулгах комисс) байгуулсан тул уг тогтоолын хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй байсан, ... Г орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгаж, өр төлбөрийг барагдуулах үүргийг биелүүлээгүй, ИХТ-ын 2023.05.29-ний өдрийн 20 дугаар тогтоолын биелэлтийн хангуулж ажиллаагүй байх тул нэхэмжлэгч Я.Б-ын өмнө хүлээсэн үүргийг ИХТ- биелүүлэх үүрэгтэй ...” гэжээ.
12.2. Хариуцагч ИХТ-аас гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 16 дахь хэсэгт Төрийн өмчит, төрийн өмч давамгайлсан хуулийн этгээд нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр зээл авч, үнэт цаас гаргана гэж заасны дагуу зохих этгээдийн зөвшөөрөлтэй хийх хэлцэл гэж үзэх боломжгүй, ... Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 18 дахь хэсэгт “Энэ зүйлийн 16-д заасан зөвшөөрөлд төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн тухайн санхүүгийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр богино хугацаанд авах зээл, үнэт цаас хамаарахгүй” гэж заасан байх бөгөөд талууд харилцан тохиролцож 2021.08.01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ нь 9 сарын хугацаатай буюу богино хугацааны зээл авсан байгааг шүүх буруутгах үндэслэлгүй, ... Иргэний хуульд зээлийн гэрээг нотариатаар батлуулах шаардлага тавигдаагүй тул талууд хүсэл зоригоо илэрхийлж, зээлийн гэрээний зүйл болох мөнгийг өгч, авалцсанаар гэрээг байгуулагдсанд тооцох бөгөөд дээрх гэрээнд талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурсан байх тул гэрээг байгуулагдсанд тооцох бөгөөд заавал нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй гэрээ, ...нэхэмжлэгч нь байгууллагын тамга тэмдэг ашиглан гэрээг нөхөж хийх боломжгүй. … Иймд ... зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй... гэсэн дүгнэлт хийсэн.
13. Давж заалдах шатны шүүх хариуцагч ИХТ-ын гомдлыг үндэслэн хэргийг хянаад хэргийн харьяалал зөрчсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үндэслэлээ “... ИХТ-ын 2023.05.29-ний өдрийн Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгах тухай 20 дугаар тогтоол гарснаар Г орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь бодит байдалд хуулийн этгээдийн үндсэн шинж, чадамжаа алдсан тодруулбал өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээх боломжгүй болсон, ...энэхүү маргаантай үүргийг хэн нэгэн этгээд залгамжлан авсан байдал тогтоогдоогүй, ...ИХТ-ын Г орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгах шийдвэрийн улмаас нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учирсан эсэхийг дүгнэхийн тулд татан буулгах шийдвэр, үйл ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан эсэхийг тогтоох шаардлагатай бөгөөд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын нийтийн эрх зүйн хүрээнд гаргасан захирамжилсан шийдвэр, үйл ажиллагаа, эс үйлдэхүй хуульд нийцсэн эсэх талаарх маргаан иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй, ... уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад тогтоогдсон байхад анхан шатны шүүх энэ байдлыг анхаарч үзэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй. ...Хэргийн харьяалал зөрчсөн үндэслэлээр ... хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй. ...Нэхэмжлэгч нь захиргааны байгууллага буюу ИХТ-ын Д сумын эрчим хүч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгасан шийдвэр, эс үйлдэхүй нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл эрх нь зөрчигдсөн этгээд тухайн шийдвэр, эс үйлдлийн талаар Захиргааны хэргийн шүүхэд, сөрөг нэхэмжлэлийн тухайд эрх бүхий этгээд Иргэний хэргийн шүүхэд хандаж хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэх эрхтэй...” гэсэн дүгнэлт хийжээ.
14. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг, маргааны үйл баримтын талаар өөр өөрөөр дүгнэж, зөрүүтэй шийдвэр гаргасан ба энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг “... давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан ...” тухай агуулгын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
15. Анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
16. Нэхэмжлэгч нь “Г” ОНӨААТҮГ-тай 2021.08.01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг “Г” ОНӨААТҮГ болон ИХТ-аас тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлдээ эдгээр байгууллагыг хариуцагчаар тодорхойлж ирүүлжээ.
Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд ИХТ-ын 2023.05.29-ний өдрийн 20 дугаар тогтоолоор “Г” ОНӨААТҮГ-ыг өмчлөгчийн эрх шилжсэн өдрөөр тасалбар болгон татан буулгасан, татан буулгах ажлыг зохион байгуулах комиссыг хавсралтаар баталж, татан буугдаж буй байгууллагын дуусгалтын балансыг гаргуулж, өр авлагыг барагдуулан ажиллахыг комисст даалгаж шийдвэрлэсэн, мөн ИХТ-ын 2022.12.05-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор худалдах хөрөнгийн жагсаалтыг баталж, хөрөнгийн балансын үнийг зах зээлийн үнэлгээнд нийцүүлэн тогтоож хувьчлахаар шийдвэрлэсэн ба уг тогтоолын 1 дүгээр хавсралтын нэг дэх хэсгийн барилга байгууламж хэсгийн 7-д “Г” ОНӨААТҮГ дурдагдсан, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2023.04.14-ний А/202 дугаар захирамжаар 2023.03.21-ний өдөр зохион байгуулсан нээлттэй дуудлага худалдаагаар худалдагдсан “Г” ОНӨААТҮГ-ын хөрөнгийг хүлээлцэх ажлын хэсгийг болон хаалтын баланс хийх комиссыг байгуулан, хөрөнгийн хөдлөл өөрчлөлтийг хийж ажиллахыг Орон нутгийн өмчийн газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, тайлагнаж ажиллахыг ажлын хэсэгт тус тус даалгаж шийдвэрлэснээр 2023.03.21-ний өдөр Орон нутгийн өмчийн газар болон “И” хоршооны хооронд “Г” ОНӨААТҮГ-ын хөрөнгөд бүртгэлтэй үйлдвэрийн газрын багц хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан тухай үйл баримт тогтоогдсон байна.
17. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь “орон нутгийн өмчийн хуулийн хуулийн этгээдийг ... татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих” эрхтэй ба Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.12-т “хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдийг татан буулгахад энэ зүйлийг баримтална” гэжээ.
Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т зааснаар татан буулгах ажлыг энэ тухай шийдвэр гаргасан байгууллагаас томилсон комисс эрхлэн гүйцэтгэх бөгөөд татан буулгах комисс нь хуулийн этгээд татан буугдсан тухай нийтэд мэдээлж, нэхэмжлэгчдийг өргөдөл хүлээн авах хугацааг зарлах, татан буугдаж байгаа хуулийн этгээдийн холбогдох шаардлагыг хангах дараалал, зарчим болон бусад журмыг зохицуулжээ.
18. Энд зааснаас үзэхэд татан буулгах ажлыг энэ тухай шийдвэр гаргасан байгууллагаас томилсон комисс эрхлэн гүйцэтгэх бөгөөд ИХТ-ын 2023.05.29-ний өдрийн 20 дугаар тогтоолоор “Г” ОНӨААТҮГ-ыг татан буулгах ажлыг зохион байгуулах комиссыг хавсралтаар баталсан байна.
Хэргийн баримтаар татан буугдаж байгаа хуулийн этгээдээс авлагатай этгээд нэхэмжлэлээ зохих журмаар гаргасан эсэх, дээрх комисс нь Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасан хуулийн этгээдийг татан буулгах ажлыг эрхлэн гүйцэтгэхдээ татан буугдаж байгаа хуулийн этгээдэд холбогдох шаардлагыг хүлээн авсан, эсхүл хангасан буюу өр төлбөрийг хэрхэн барагдуулсан зэрэг хэрэгт ач холбогдол бүхий үйл баримт тогтоогдоогүй, тодорхой бус байгааг хоёр шатны шүүх анхаараагүй.
Түүнчлэн татан буугдсан гэх хуулийн этгээдийн эд хөрөнгийг худалдаад олсон орлого хаана төвлөрсөн, уг орлогоос зохих өр төлбөрийг барагдуулах боломжтой эсэх асуудлаар дүгнэлт өгөх шаардлагатай.
Тодруулбал нэхэмжлэгч 2023.07.03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах үед хариуцагч “Г” ОНӨААТҮГ нь татан буугдсан байсан, ИХТ-ын 2023.05.29-ний өдрийн 20 дугаар тогтоолд зааснаар комисс 2023 оны 06 дугаар сард багтаан дуусгалтын балансыг гаргаж, өр авлагыг барагдуулах байсан ба комисс нэхэмжлэгч Я.Б-т холбогдох авлагын асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
Энэ тохиолдолд нэхэмжлэлд дурдагдсан хариуцагч “Г” ОНӨААТҮГ болон ИХТ-д холбогдуулан хэргийг шийдвэрлэх боломжгүй юм.
19. Харин давж заалдах шатны шүүхийн нэхэмжлэгчийг хэргийн харьяалал зөрчсөн гэж үзсэн дүгнэлт буруу бөгөөд нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардсан ба ийнхүү шаардахдаа хариуцагчаа зөв тодорхойлоогүй нөхцөл байдал нь хэргийн харьяалал зөрчсөнд хамаарахгүйн гадна нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нийтийн эрх зүйн субъектэд холбогдох хохирол гаргуулах тухай нэхэмжлэл гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.
20. Хариуцагч ИХТ- төсвийн байгууллага учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл, гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-гийн хариуцагч ИХТ-ыг давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй байна.
21. Иймээс хэрэг, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүйгээс шүүхээс маргааны талаар эцэслэн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 133/ШШ2024/00140 дүгээр шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 215/МА2024/00009 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Я.Б 2024.06.24-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 352,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА