Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 22

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                     Прокурор Г.Цолмонгэрэл

                                                      Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээгийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЗ/227 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр эрүүгийн 2026000450061 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Өндөрийнхөн овгийн А.Б

Монгол Улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигин овгийн Б.Б

Монгол Улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Нанжим овгийн Б.С

Монгол Улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Үст овгийн Б.М

А.Б, Б.Б, Б.С, Б.М нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 22 цагийн орчимд иргэн Ж.Б-н өмчлөлийн 3 тооны, иргэн Р.Б-н өмчлөлийн 1 тооны буюу нийт 4 тооны үхрийг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогдсон бөгөөд прокуророос А.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, Б.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

 

Анхан шатны шүүх, шүүгдэгч А.Б, Б.М, Б.С, Б.Б нарт холбогдох 2026000450061 дугаартай эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн прокурорт буцаан, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Портер маркын машины тээврийн хэрэгслийн 022620171 дугаартай гэрчилгээ, цагаан өнгийн бээлий 1 ширхэг, саарал өнгийн бээлий 1 хос, ундааны хуванцар сав 1 ширхэг, цэнхэр өнгийн асаагуур 1 ширхэг, 2 ширхэг хутга,  Портер маркын автомашин 1 ширхэг, улсын дугааргүй улаан өнгийн Даюун маркын мотоцикль 1 ширхэг, үхрийн толгой 4 ширхэг, үхрийн шийр 16 ширхэг, үхрийн шир 4 ширхэг зэргийг хэргийн хамт прокурорт хүргүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Цолмонгэрэл 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 04 дугаартай эсэргүүцэлдээ: Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд яллагдагч нарын яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан аль нь болох нь тодорхойгүй, Б.Мгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох мотоциклийг ашигласан эсэхийг яллах дүгнэлтэндээ тусгаагүй, Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийг журамласан нь ойлгомжгүй гэх 3 асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

1. Яллагдагч Б.Б, Б.М, Б.С нарыг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.

Яллагдагч нар нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд 2015 онд батлагдаж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхлэсэн эрүүгийн хуульд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 07 /1109/ дугаартай “Төрийн мэдээлэл” сэтгүүлд нийтлэгдсэн. Хууль тогтоомжийн тухай хуульд зааснаар 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 07 /1109/ дугаартай “Төрийн мэдээлэл” сэтгүүлд нийтлэгдсэн хууль 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.

2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэсэн
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүндрүүлэх нөхцөл
байдлуудыг илүү нарийвчлан буюу олон тооны мал, бүлэглэж, улсын хилээр
нэвтрүүлж, машин механизм ашиглаж, ноцтой хохирол, хор уршиг учруулж, гойд
ашиг шимт малыг хулгайлсан бол 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял
шийтгэхээр хуульчилсан.

Мөн “олон тооны мал”-ыг наймаг бог, хоёр бод түүнээс дээш малыг ойлгоно гэж өөрчилсөн. Иймээс яллагдагч нарыг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах цаг хугацаанд буюу 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нэмэлт өөрчлөлт орсон хууль үйлчилж байсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл “Хууль буцаан хэрэглэх”-ийн 1 дэх хэсэгт “... Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсаныг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн прокурорын тогтоолуудаар өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ “нэмэлт” гэдэг үгийг олсон хэсэгт бичиж бичиг техникийн алдаа гаргасан. Харин прокурорын тогтоолын “Тогтоох” хэсэг буюу ямар асуудлыг хэрхэн өөрчилж буйгаа дурьдах хэсэгт “өөрчлөлт оруулсугай” гэж бичсэн байгаа тул ойлгомжгүй байдал үүссэн гэж үзэхгүй байна. Мөн шинээр үйлчилж буй хуулинд олон тооны мал гэдгийг 8 бог, 2 бод байхаар хуульчилсан байх тул яллах дүгнэлтийнхээ хэргийн талаарх хэсэгт тоо дурьдсан бөгөөд хэрэгт цугларсан баримт хууль хэрэглээний талаарх дүгнэлтээ хийж ямар зүйл ангиар зүйчлэхээ бичсэн болно. Энгийн иргэдээс хуульч бидний ялгарах гол асуудал бол хууль хэрэглээ гэдгийг дурьдах нь зүйтэй.

2. Гэмт хэргийг бэлтгэх, завдах, гэмт хэрэг үйлдэхээс төгс татгалзах, төгсөх гэсэн ойлголтуудыг эрүүгийн хуульд нарийвчлан тодорхойлж өгсөн. Гэмт хэрэг төгссөн буюу “уг үйлдлийг туйлд нь хүргэсэн” үйл явцыг хийж гүйцэтгэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан баримтуудаар тогтоогдсон.

Харин яллагдагч Б.Мгийн эзэмшлийн улсын дугааргүй мотоциклийг гэмт хэргийг төгс үйлдэх үеэсээ өмнө унаж явсан байдал тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар “гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, завдсан техникийг хурааж улсын орлого болгуулахаар хэрэгт уг эд зүйлийн эзэмшигч, зах зээлийн үнэлгээг гаргуулан эд мөрийн баримтаар тооцсон байхад шүүгч урьдчилан дүгнэлт хийсэн байгаа захирамж хууль ёсны үндэслэлтэй байх шаардлагад нийцэхгүй байна.

3. Яллагдагч нар нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бусдын олон тооны буюу 4 тооны үхрийг бүлэглэн эзэмшигч, өмчлөгчид мэдэгдээгүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь “... Монгол Улсын иргэн, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг шударгаар олж авах, эзэмших, ашиглах, өв залгамжлах эрхтэй” гэснийг, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т “... өмчлөгч нь бусад этгээдэд хууль болон гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэм хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглан захиран зарцуулах эрхтэй” гэснийг зөрчиж бусдын өмчлөх эрхэд халдсан, энэ үйлдлээ хэрэгжүүлэхээр зориуд шөнийн 22 цагт очсон, уг эд зүйлийг хулгайлахдаа өөрсдийн үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор тээврийн хэрэгслийг урьдчилан бэлтгэж зориуд ашиглаж бусдын өмчлөлийн эд зүйлийг нууцаар, хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл тогтоогдож байна хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуульд заасанчлан тусгай ангийн 17.12 дугаар 2.1, 2.2, 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.

Уг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан зүйл анги нь 2 жилээс 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан бол 2015 онд батлагдаж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд 24 бог, 8 бодоос дээш малыг “олон тоо”-ны мал гэж ойлгож байсан бөгөөд 240 цагаас 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, 6 сараас 5 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл 6 сараас 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль буцаан хэрэглэх”-ийн 1 дэх хэсэгт “... Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”-ийг журамлан яллагдагч нарт ашигтай байдлаар зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн.

Иймд яллагдагч Б.Б, Б.М, Б.С, А.Б нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЗ/227 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив гэжээ.

 

Прокурор Г.Цолмонгэрэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Б.С нарт холбогдох хэргийг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гурван үндэслэлээр прокурорт буцаасан. Яллагдагч нарыг анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар бусдын олон тооны малыг бүлэглэж, техник хэрэгсэл ашиглан хулгайлсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Яллагдагч нарын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байдаг. 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн хуульд орсон өөрчлөлтөөр олон тооны мал гэдгийг 8 бог, 2 бодоос дээш гэж тусгасан. Төрийн мэдээлэл сэтгүүлд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хэвлэгдсэн. Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу 10 хоногийн дараа буюу 02 дугаар сарын 23-ны өдөр мөрдөгдөж эхэлсэн. Яллагдагч нарын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа болон эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан цаг хугацаанд өөрчлөлт орсон зүйл анги буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар зүйлчлэх нь зөв гэсэн агуулгаар анх яллагдагчаар татсан боловч хууль хэрэглээтэй холбоотой асуудал гарсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуулийг буцаан хэрэглэх талаар буюу эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэхээр заасан. Оногдуулах ял, эрх зүйн байдал дээрдүүлж байгааг харьцуулж үзээд хуучин хууль хэрэглэвэл яллагдагч нарт илүү ашигтай байсан учраас тогтоолд өөрчлөлт оруулсан. Өөрчлөлт оруулахдаа үндэслэх хэсэгт техникийн шинжтэй нэмэлт гэж бичсэн тогтоох хэсэгт өөрчилсүгэй гэж бичсэн нь техникийн шинжтэй асуудал учраас зөвтгөөд явах боломжтой. Яллагдагч Мөнх-Өлзийгийн гэмт  хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийг яллах дүгнэлтдээ дурдаагүй гэдэг. Гэмт хэргийг туйлд нь хүргэсэн, үйл явцаа хийж гүйцэтгэхдээ гэмт хэрэгт бэлтгэх, завдах гэмт хэрэг үйлдэхээс төгс татгалзах, төгсгөх гэх ойлголтууд байдаг. Энэ ойлголтын хүрээнд М-н тээврийн хэрэгслийг урьд нь Харин 4 тооны үхрийг тээвэрлэх явцад портер маркын машиныг ашигласан байсан. Эзэмшигчийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон. Харин М-н улсын дугааргүй мотоциклийг гэмт хэрэг төгс үйлдэхээс өмнө ашигласан гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар улсын орлого болгуулахаар эзэмшигчийг тогтоож, үнэлгээ гаргуулсан, энэ талаарх материалыг хэрэгт хавсаргасан байсан учраас яллах дүгнэлт хэрэг болсон процесстой холбоотой асуудлаар Мөнх-Өлзийгийн мотоциклийг дурдах шаардлагагүй байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг хэрэглэж байгаа нь буруу мөн хуулийн 1.8 дугаар зүйлийг хэрэглэх нь зүйтэй гэх асуудлыг ярьдаг. Яллагдагч нарын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа буюу эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан цаг хугацаанд одоо үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн байдаг. Уг гэмт хэрэг нь 2-оос 8-н жилийн хорих ялтай. Хуучин хууль үйлчлээд шинэ хууль мөрдөгдөж эхлээгүй завсрын цаг хугацаа байсан. Шинэ хуулиар яллагдагч нарын эрх зүйн байдал дордож байгаа. Тийм учраас эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг хэрэглэх нь зүйтэй гэж тогтоолдоо өөрчлөлт оруулсан. Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЗ/227 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Б.Б, Б.М, Б.С, А.Б нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхээс ...  Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоолд нэмэлт эсхүл өөрчлөлт оруулсан эсэх нь тодорхойгүй, шүүгдэгч Б.Мгийн эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн гэх тээврийн хэрэгсэл болох мотоциклийг уг гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан эсэхийг шалгаж тогтоогоогүй энэ талаар яллах дүгнэлтэд тусгаагүй, хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн гэж үзэхгүй дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн үндэслэлтэй байна.

Хэрэгт цуглуулж бэхжүүлсэн ажиллагаа нь анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг үгүйсгэх, няцаах нотлох баримт болж чадаагүй, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 04 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол нь ойлгомжгүй, өөрчлөлт орсон нь тодорхойгүй түүнийг техникийн шинжтэй алдаа гэж үзэх боломжгүй, мөн  Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан хууль ёсны байх, 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд 2026000450061 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЗ/227 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурорын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 04 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.