Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 1817

 

 

“М-П” ХХК, Ц.Г нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/01201 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “М-П” ХХК, Ц.Г нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч К ХХК-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 23 215 110 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч “М-П” ХХК-ийн төлөөлөгч Ц.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Р,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани онцгой байдлын ерөнхий газраас 2008 онд зарласан "Улсын нөөцөд тэжээл худалдан авах" НБ-08-03 /БАГЦ-1/ тендерт шалгарч, Капитал банктай зээлийн болон барьцааны 331, 466, 495 тоот гэрээ байгуулан нийт 3 зээл авч, тендерийн ажлаа гүйцэтгэсэн. Гэтэл Капитал банк 466 зээлийн гэрээний төлбөрт нийт 124 929 076 төгрөг төлсөн байхад зээлийн хуулгууд дур мэдэн засварлан хамтран зээлдэгч П.Ичинхорлоогийн 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдөр зээлийн төлбөрт тушаасан 31 429 076 төгрөгийг зээлээс хасч тооцолгүй, 2012 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр үндэслэлгүй зээл, зээлийн хүү, алданги нэхэмжлэн 466 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 89 178 431 төгрөг гаргуулах, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 912 магадлал, Улсын дээд шүүхийн 2013 оны 104 тогтоол гаргуулсан. Үүний улмаас 31 429 076 төгрөг залилсан гэх гэмт хэрэгт захирал Ц.Гминий бие шалгуулж, "М-П" ХХК үндэслэлгүй 64 887 244 төгрөг төлөх болж хохирсон. Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2017 оны 74 тогтоолоор "31 429 076 төгрөг залилсан" гэх хэрэг 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар "гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй" гэж хэрэгсэхгүй болж, Улсын дээд шүүхийн 2017 оны 001/ХТ2018/00027 тогтоол хараат бус аудиторын дүгнэлт, Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.4 дэх хэсэг, төлбөр тооцоо үйлчилгээ үзүүлэх гэрээний үүргээ зөрчсөн Капитал банкны үйлдлийг тогтоон, Капитиал банк 466 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох 89 178 431 төгрөгийн төлбөрөөс 64 887 244 төгрөг хасч тооцох болсон. Иймд Иргэний хууль болон гэрээний үүргээ зөрчсөн Капитал банкны буруугаас захирал Ц.Г-ын гэмт хэрэгт шалгуулж, сэтгэл санаа, нэр хүндэд учирсан гэм хорын хохирол 7 500 000 төгрөг, "Монпасс интернэшнл" ХХК-ийн нэр төрд учирсан гэм хорын хохирол 7 500 000 төгрөг, өмгөөлөл хууль зүйн зөвлөгөө авсан 7 300 000 төгрөг, хараат бус аудиторын дүгнэлт гаргуулсан 400 000 төгрөг, давж заалдах шатны шүүхийн 2012 оны 912 магадлалд заасан улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийн 380 910 төгрөг, архив нотариатын үйлчилгээ авсан 134 200 төгрөг, нийт 23 215 110 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч "М-П" ХХК нь тус банктай зээлийн болон барьцааны 331, 466, 495 тоот гэрээнүүд байгуулж, зээл авсан байдаг. Нэхэмжлэгчийн банктай байгуулсан 331, 495 тоот зээлийн гэрээнүүд өнөөдрийн байдлаар хаагдсан ба одоогоор 120 000 000 төгрөгийн зээл буюу 466 тоот зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй байна. Иргэн Ц.Г болон "М-П" ХХК-ийн нэхэмжлэлийг хариуцагч "К" ХХК нь хүлээн зөвшөөрөх боломжгүй ба хууль зүйн үндэслэл талаасаа "К" ХХК нь гэм хор учруулсан гэх нөхцөл бий болоогүй байна. Иймд нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасны дагуу хариуцагч "К" ХХК-аас 741 798 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "Монпасс интернэшнл" ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 973 312 төгрөгийг болон нэхэмжлэгч Ц.Г-ын сэтгэл санааны гэм хорын төлбөр 7 500 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасны дагуу нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 22353 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 4-т "хэрэг маргаануудад нэр бүхий өмгөөлөгч нар хууль зүйн туслалцаа үзүүлсэн нь баримтаар хангалттай тогтоогдохгүйн зэрэгцээ нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарлаж байгаачлан өмгөөлөгч нарт хууль зүйн туслалцаа, зөвлөгөө авсны төлбөрт нийт 7 300 000 төгрөг "М-П" ХХК-иас төлсөн баримт хэрэгт авгагдаагүй байна" гэсэн нь үндэслэлгүй. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх "М-П" ХХК-ийн захирал Ц.Г намайг болон өмгөөлөгч Н.Тунгалаг, Н.Алтанцэцэг нарыг оролцуулахгүй шүүх хурал хийж, "М-П" ХХК-иас 100 473 035 төгрөг гаргуулж, Капитал банканд олгох 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1299 шийдвэр гаргасныг давж заалдах болон хяналтын шатны шүүх өөрчлөлт оруулсан бөгөөд уг хурлуудад оролцохын тулд захирал Ц.Г миний бие урьд байгуулсан гэрээний дагуу өмгөөлөгч Н.Тунгалаг, Н.Алтанцэцэг нараас хууль зүйн зөвлөгөө авч, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн гомдол бичүүлж, тус компани үйлчилгээний хөлсөнд 6 300 000 төгрөг төлсөн. Уг мөнгийг хүлээлгэж өгсөн миний болон хүлээж авсан өмгөөлөгч Н.Тунгалаг, Н.Алтанцэцэг нарын гарын үсэг, тамга тэмдэг бүхий баримтууд хэрэгт авагдсан байгаа. Мөн 466 зээлийн гэрээний төлбөр 31 429 076 төгрөг зувчуулж, завшсан Капитал банкны хууль зөрчсөн үйлдлийг шийдвэрлүүлэх 3 шатны шүүх хуралд өмгөөлөгч Ц.Р оролцсон Улсын Дээд шүүхийн 2017 оны 001 /ХТ2018/00027 тогтоол хэрэгт авагдсан. Үүнд тус компани үйлчилгээний хөлс 7 000 000 төгрөг төлсөн бөгөөд зөвхөн урьдчилгаа төлбөр болох 1 000 000 төгрөгийн баримт хэрэгт авагдсан бусад баримт орхигдсон байсан нь сая илэрсэн бөгөөд өмгөөлөгч Ц.Р-ийн хууль зүйн туслалцаа үзүүлсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр, магадлал, хяналтын шатны шүүхийн 2017 оны 001/ХТ2018/00027 тогтоолоор бүрэн нотлогдоно. Иймд үйлчилгээний төлбөрийн 7 300 000 төгрөгийн баримтуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, тус компанийг хохироож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Капитал банк 31 429 076 төгрөг зувчуулж, завшсан үйлдлийн улмаас тус компани болон захирал Ц.Г миний бие эрүүгийн хэрэгт шалгуулж, 7 500 000 төгрөг биш түүнээс их хэмжээний хохирол хүлээсэн. Энэ бүх хохирлыг миний бие тооцолгүй зөвхөн 7 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн болно.

Миний бие сард 1 000 000 төгрөгийн цалин авч, ахуй амьдралаа зохицуулж ирсэн талаар анхан шатны шүүх хурал дээр хангалттай тайлбарласан, цагдан хоригдсон тухай прокурорын байгууллагын тодорхойлт хэрэгт авагдсан зэрэг хангалттай нотолгоо, баримтууд байхад анхан шатны шүүх үүнийг анхаарч үзэхгүй, бүх талаас нь бодитой дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүх тус компани болон миний гэм хорын хохирол болох 15 000 000 төгрөгийг нотлох баримтыг хангалтгүй гэж үзсэн бол бодит байдалд дүгнэлт хийж, нотлох баримт бүрдүүлэх боломж олгон, шүүх хурлыг нэг удаа хойшлуулж өгөх боломжтой байсан. Иймд давж заалдах шатны шүүх эдгээр байдлуудыг хянаж үзэн, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах буюу хүчингүй болгож, дахин нотлох баримт бүрдүүлэх боломж олгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч “М-П” ХХК нь хариуцагч К ХХК-д холбогдуулан компанийн нэр хүндэд учирсан хохирол 7 500 000 төгрөг, өмгөөллийн хөлс 7 300 000 төгрөг, хараат бус аудитын дүгнэлт гаргуулахад гарсан зардалд 400 000 төгрөг, давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан улсын тэмдэгтийн хураамжид 380 910 төгрөг, нотариатын болон лавлагаа баримт гаргуулахтай холбоотой гарсан зардалд 134 200 төгрөг, нийт 15 715 110 төгрөгийг, нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч К ХХК-д холбогдуулан сэтгэл санаанд учирсан хохиролд 7 500 000 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хэрэгт авагдсан баримтаас үзвэл талуудын хоорондын 2008 оны зээлийн гэрээтэй холбоотой маргаанд Капитал банкны ажилтан зээлийн тооцооллыг буруу хийж 31 429 076 төгрөгийн эргэн төлөлтийн 13 787 340 төгрөгийг өөр зээлийн төлбөрт суутган авсан үйлдэл гаргасан үйл баримт хэргийн 34-39 дүгээр талд авагдсан Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2018/00027 тоот тогтоолоор тогтоогджээ.

 

            ДээрхК ХХК-ийн гаргасан гэх гэм буруутай үйлдлийн улмаас “М-П” ХХК-ийн нэр хүндэд 7 500 000 төгрөгийн гэм хорын хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул “М-П” ХХК-ийн нэр хүндэд учирсан хохирол 7 500 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнтэй холбоотой учирсан хохирлыг арилгуулахаар шаардах хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан бөгөөд ийнхүү учирсан хохирлын хүрээг Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тодорхойлсон.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч хөлсөлж оролцуулах, эрх зүйн туслалцаа авах нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсийг эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлого гэж тооцогдохгүй, шууд шалтгаант холбоотой үүссэн хохирол биш гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч “М-П” ХХК өмнөх иргэний хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч байсан болох нь хангалттай баримтаар тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэж нэхэмжлэгч нь 2012 онд хянан шийдвэрлэсэн иргэний хэргийн өмгөөллийн үйлчилгээний хөлс 6 300 000 төгрөг, 2017 онд хянан шийдвэрлэсэн иргэний хэргийн өмгөөллийн үйлчилгээний хөлс 1 000 000 төгрөг нийт 7 300 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

            Өмнө нь Капитал банкны ажилтны зээлийн эргэн төлөлтийг буруу хуваарилсан зөрчлийг илрүүлэхдээ нэхэмжлэгч “М-П” ХХК нь “Чадварлаг аудит” ХХК-д 400 000 төгрөг төлж аудитын дүгнэлт гаргуулсан болох нь хэргийн 41 дүгээр талд авагдсан нэхэмжлэх, кассын орлогын ордер зэрэг баримтуудаар тогтоогдсон тул анхан шатны шүүх хараат бус аудитын дүгнэлт гаргуулахад гарсан зардал 400 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

            2017 онд “М-П” ХХК-иас К ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн хянан шийдвэрлэхэд 2012 онд шүүхээр шийдвэрлэгдсэн иргэний хэргийн улмаас “М-П” ХХК-ийн төлөхөөр болсон улсын тэмдэгтийн хураамжийн асуудал хэлэлцэгдээгүй тул улсын тэмдэгтийн хураамжийн дүнгээс буруу тооцоолсон дүнд холбогдох хэсгийг нэхэмжлэгч “М-П” ХХК-д гэм хорын хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

            Мөн Капитал банкны ажилтан буруу тооцоолол хийсэн зөрчлийн улмаас нэхэмжлэгчийн нотлох баримт цуглуулахтай холбоотой гарсан зардлыг гэм хорын хохиролд тооцох боломжтой талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

            Иймд анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамж 315 095 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гарсан нотариатын зардал болон нотлох баримт цуглуулахтай холбоотой гарсан зардалд 26 700 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

 

            Нэхэмжлэгч Ц.Г нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байх үедээ цагдан хоригдсон үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон боловч Капитал банкны ажилтны хууль бус үйлдлийн улмаас түүнд 7 500 000 төгрөгийн сэтгэл санааны хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Ц.Г-ын сэтгэл санаанд учирсан гэм хорын хохиролд 7 500 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

            Анхан шатны шүүх дээрх үндэслэлээр хариуцагчК ХХК-аас 741 798 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М-П” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 973 312 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч Ц.Г-ын сэтгэл санааны хохирол 7 500 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн       167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/01201 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШЗ2018/06250 дугаар захирамжаар давж заалдах гомдол гаргахад төлөх 274 026 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                         ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ