Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/189

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул 

Улсын яллагч Д.Чулуунпүрэв

Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох 2439000880116 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч М.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “******* жонон” зочид буудлын 209 тоот өрөөнд 2024 оны 02 дугаар сарын 03-ны шөнө 01 цагийн орчим М.*******тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар 1 удаа алгадаж, үсдэх зэргээр зодож, түүний эрүүл мэндэд “тархи доргилт, зулай, дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хохирогч М.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би уул нь Улаанбаатар хотод оюутан юм. 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс аймгийн Мал эмнэлгийн газарт оюутны дадлага хийж байгаа юм. Дадлага хийх хугацаандаа 1 сар ажил хийе гэж бодоод “******* жонон” зочид буудалд ресепшнээр ажилд орсон юм. Тэгээд ажлын эхний өдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 02-оос 03-ыг шилжих шөнийн 01 цагийн үед ажил дээрээ байж байхад урьдын танил эмэгтэй ******* нэг эрэгтэй, эмэгтэй хүнтэй гурвуулаа орж ирээд “Өрөө байгаа юу?” гэж асуусан. Би “Өрөө байгаа” гэж хэлсэн ба тэр хэд надад бүртгүүлээд *******г нэг эрэгтэй хүнтэй нь 209 тоот өрөөнд оруулсан. Ажлын чиг үүргийнхээ дагуу буудлынхаа эд зүйлийг ийм юмнууд байгаа гэдгийг нь хэлэхэд ******* “Наад өрөөний чинь юмыг би эвдчихгүй” гээд агсрах гээд байсан. Тухайн үед өрөөний ширээн дээр байсан залгуур газар уначихсан байсан болохоор би тухайн залгуурыг аваад ширээн дээр тавихад “Танай эмээ чинь байгаа юу?, танай эмээ чинь ер нь янхан ш дээ. Танайх ядуу биз дээ. Танай эмээ, манай өвөөтэй суугаад баяжсан биз дээ. Чи миний өвөөгийн тэтгэврийн мөнгөөр оюутныхаа төлбөрийг төлүүлсэн биз дээ” гээд намайг янхан гичий гээд над руу агсраад байсан. Тэгэхээр нь би “Чамтай юм ярихгүй” гээд өрөөнөөс гарах гэж байхад ******* миний үснээс зулгаагаад тавихгүй байсан. Тэгсэн миний үсийг тавьснаа намайг алгадаад ор луу унагаасан. Тэгснээ мөн миний үснээс зулгаасан. Тэгэхэд *******тай хамт явсан нөгөө охин нь манай үйлчлэгч эгчтэй гаднаас орж ирээд *******гийн найз нь гэх эмэгтэй салгасан...” гэжээ. (хх-ийн 15),

 

Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би найз болох *******гийн хамт 2024 оны 02 дугаар сарын 02-ны орой “Эзэнт гүрэн” зочид буудлын бааранд орж суусан юм. Баар хаахын өмнөхөн *******гийн найз гээд нэг залуу ирсэн. Тэгээд бид гурав баарнаас гараад “******* жонон” буудалд орохоор явсан. Буудалд ирээд өрөө асуухад *******гийн таньдаг охин ресепшнээр гарч байсан. Тэгсэн нөгөө ресепшн охин бид хэдээс “Бичиг баримтаа үзүүлчих” гэсэн. Тэгсэн ******* “          Хоёулаа урьд нь амьдарч байсан байж чи надаас бичиг баримт асуулаа” гээд тэр охинтой хальт маргалдаж эхэлсэн. Тэгээд бид хэд өрөөндөө орох гээд өрөө рүүгээ явсан. Би урьд нь тухайн буудалд ажиллаж байсан болохоор угаалгын өрөөнд байсан цагаан хэрэглэлийн угаагч эгчтэй уулзахаар өрөө рүү нь орсон. Намайг өрөө рүү ороход тэр хоёр буудлын өрөөнд мөн чанга чанга дугараад хэрэлдээд байсан. Тэгээд би угаагч эгчтэй тэр хэдийн орсон өрөө рүү нь ороход ******* нөгөө ресепшн охиныг орон дээр үснээс нь зулгаачихсан, нөгөө охин нь *******гийн хувцаснаас зуурчихсан байсан. Нөгөө залуу болохоор тэр хоёрыг салгах гээд байж байсан. Би ч шууд тэр хоёрын дундуур нь ороод хоёр тийш нь салгасан. Тэгээд бид гурав тухайн буудлаас гараад явсан...” гэжээ. (хх-ийн 19),

 

Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тэр өдрийн шөнө урьд нь манай буудлын пабад ажиллаж байсан ******* манай өрөөнд орж ирсэн. ******* буудалд 2 найзтайгаа орж байгаа юм гэсэн. Тэгсэн дараахан нь буудлын өрөөнд юм түчигнээд чанга орилоод байгаа чимээ гарахаар нь “юу болоод байна” гэсэн чинь ******* “Аан надтай хамт яваа манай найз ресейпшн охинтой хамаатан юм аа. Тэгээд хоорондоо юм ярьж байгаа байх” гэж хэлсэн. Тэгээд *******тай тухайн өрөө рүү ороход манай нөгөө ресейпшн охиныг нэг эмэгтэй орон дээр үсдчихсэн байж байхаар нь тухайн охиныг “Яагаад наад охиноо үсдэж байгаа юм. Болиоч” гэхэд нөгөө охин нь “Зүгээрээ эгчээ. Энэний эмээ нь манай өвөөтэй сууж байсан юм. Бид хоёр танилууд” гэж хэлснээ “одоо явлаа” гэж хэлээд тэр гурав буудлаас гараад явчихсан. Харин манай ресейпшн охин “Миний үснээс аймаар зулгаачихлаа” гээд хамаг үс гэзэг нь сэгсийчихсэн байсан. Тэгээд тэр шөнөө тухайн ресейпшн охины эгч нь гээд нэг эмэгтэй ирчихсэн “цагдаад дуудлага өгнө” гээд аваад явсан. Өөр сайн нарийн юмыг нь би сайн мэдэхгүй...” гэжээ. (хх-ийн 21)

 

Гэрч Ж. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн газраас гараад буудалд ороход ******* гэх эмэгтэй буудлын ресейпшнтэй маргалдаад хэрэлдсэн. Тэгэхээр нь би нөгөө ресейпшн охиныг “Чи согтуу хүнтэй хэрэлдээд яах вэ, одоо гарчих” гээд нөгөө ресейпшн охиныг аваад гарах гэтэл ******* нөгөө охиныг алгадаад тэр хоёр хоорондоо үсдэлцээд ор руу унасан. Тэгэхээр нь би тэр хоёрын голоор ороод үстэлцсэн гарнуудыг тавиулах гээд гараас татсан юм. Тэгж байхад нөгөө хамт явсан ******* гэх эмэгтэй нь буудлын үйлчлэгч эгчтэй орж ирээд тэр хоёрыг салгасан. Тэгсэн мөн тэр хоёр дахиад муудалцах гээд байхаар нь би *******г шууд аваад буудлаас гарсан. Би тэр охины гарыг улаан цайм бариад *******д зодуулаад байсан асуудал байхгүй. Хоёр биенээ үсдчихсэн байсан болохоор үсдэлцсэн гаруудыг нь тавиулах гээд л татсан юм. Гараас нь татсан асуудлыг л намайг гарнаас барьж байгаад зодуулсан гэж ойлгосон байх. Эмэгтэй хүмүүс чинь бие биенээ үсдчихээрэй тавьдаггүй юм байна лээ. Харин удаагүй байхад ******* нь орж ирээд тэр хоёрыг салгасан. Би ******* гэх эмэгтэйг сайн танихгүй. Тухайн ресейпшн охиноос өмөөрөх надад ямар нэгэн шалтгаан байхгүй. *******, ******* гэх хоёр эмэгтэй айлд очно гээд явсан боловч тэр айл руугаа орохгүй болохоор нь би буудалд оруулж өгчхөөд явах гэж байсан юм. Тэр хоёрын зодолдож муудсан асуудал надад ямар ч хамаагүй...” гэжээ. (хх-ийн 27),

 

Шүүгдэгч М.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би урьд нь нэг удаа мэдүүлэг өгсөн, одоо яллагдагчаар мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэжээ. (хх-ийн 46),

 

Гэрч Х.гийн мэдүүлэг (хх-ийн 23)

Гэрч Ш.ийн мэдүүлэг (хх-ийн 23)

 

Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 68 дугаартай “...1.2. М.*******гийн биед тархи доргилт, зулай, дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

4. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

6. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.....” гэх дүгнэлт  (хх-ийн 31-32),

 

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 4),

Зөрчлийн хэрэг нээсэн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол (хх-ийн 1),

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн онош зүйн тасгийн эмчийн дүгнэлт (хх-ийн 33),

Амбулаториор эмчлүүлэгчийн картийн хуулбар (хх-ийн 34-35),

Хэнтий аймгийн ******* сумын Сариг багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 52),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 74, 75),

М.*******гийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 71, 72, 73),

М.*******гийн Хаан банкны депозит дансны дэлгэргүй хуулга (хх-ийн 67-68) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч М.*******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь 2024 оны 02 дугаар сарын 03-ны шөнө 01 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “******* жонон” зочид буудлын 209 тоот өрөөнд М.*******тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар 1 удаа алгадаж, үсдэх зэргээр зодож, түүний эрүүл мэндэд “тархи доргилт, зулай, дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.*******гийн “...Би уул нь Улаанбаатар хотод оюутан юм. 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс аймгийн Мал эмнэлгийн газарт оюутны дадлага хийж байгаа юм. Дадлага хийх хугацаандаа 1 сар ажил хийе гэж бодоод “******* жонон” зочид буудалд ресепшнээр ажилд орсон юм. Тэгээд ажлын эхний өдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 02-оос 03-ыг шилжих шөнийн 01 цагийн үед ажил дээрээ байж байхад урьдын танил эмэгтэй ******* нэг эрэгтэй, эмэгтэй хүнтэй гурвуулаа орж ирээд “Өрөө байгаа юу?” гэж асуусан. Би “Өрөө байгаа” гэж хэлсэн ба тэр хэд надад бүртгүүлээд *******г нэг эрэгтэй хүнтэй нь 209 тоот өрөөнд оруулсан. Ажлын чиг үүргийнхээ дагуу буудлынхаа эд зүйлийг ийм юмнууд байгаа гэдгийг нь хэлэхэд ******* “Наад өрөөний чинь юмыг би эвдчихгүй” гээд агсрах гээд байсан. Тухайн үед өрөөний ширээн дээр байсан залгуур газар уначихсан байсан болохоор би тухайн залгуурыг аваад ширээн дээр тавихад “Танай эмээ чинь байгаа юу?, танай эмээ чинь ер нь янхан ш дээ. Танайх ядуу биз дээ. Танай эмээ, манай өвөөтэй суугаад баяжсан биз дээ. Чи миний өвөөгийн тэтгэврийн мөнгөөр оюутныхаа төлбөрийг төлүүлсэн биз дээ” гээд намайг янхан гичий гээд над руу агсраад байсан. Тэгэхээр нь би “Чамтай юм ярихгүй” гээд өрөөнөөс гарах гэж байхад ******* миний үснээс зулгаагаад тавихгүй байсан. Тэгсэн миний үсийг тавьснаа намайг алгадаад ор луу унагаасан. Тэгснээ мөн миний үснээс зулгаасан. Тэгэхэд *******тай хамт явсан нөгөө охин нь манай үйлчлэгч эгчтэй гаднаас орж ирээд *******гийн найз нь гэх эмэгтэй салгасан...” гэх, гэрч Б.*******ын “...Намайг өрөө рүү ороход тэр хоёр буудлын өрөөнд мөн чанга чанга дугараад хэрэлдээд байсан. Тэгээд би угаагч эгчтэй тэр хэдийн орсон өрөө рүү нь ороход ******* нөгөө ресепшн охиныг орон дээр үснээс нь зулгаачихсан, нөгөө охин нь *******гийн хувцаснаас зуурчихсан байсан. Нөгөө залуу болохоор тэр хоёрыг салгах гээд байж байсан. Би ч шууд тэр хоёрын дундуур нь ороод хоёр тийш нь салгасан. Тэгээд бид гурав тухайн буудлаас гараад явсан...” гэх, гэрч Г.ын “...Тэгээд *******тай тухайн өрөө рүү ороход манай нөгөө ресейпшн охиныг нэг эмэгтэй орон дээр үсдчихсэн байж байхаар нь тухайн охиныг “Яагаад наад охиноо үсдэж байгаа юм. Болиоч” гэхэд нөгөө охин нь “Зүгээрээ эгчээ. Энэний эмээ нь манай өвөөтэй сууж байсан юм. Бид хоёр танилууд” гэж хэлснээ “одоо явлаа” гэж хэлээд тэр гурав буудлаас гараад явчихсан. Харин манай ресейпшн охин “Миний үснээс аймаар зулгаачихлаа” гээд хамаг үс гэзэг нь сэгсийчихсэн байсан...” гэх, гэрч Ж.гийн “...Тухайн газраас гараад буудалд ороход ******* гэх эмэгтэй буудлын ресейпшнтэй маргалдаад хэрэлдсэн. Тэгэхээр нь би нөгөө ресейпшн охиныг “Чи согтуу хүнтэй хэрэлдээд яах вэ, одоо гарчих” гээд нөгөө ресейпшн охиныг аваад гарах гэтэл ******* нөгөө охиныг алгадаад тэр хоёр хоорондоо үсдэлцээд ор руу унасан. Тэгэхээр нь би тэр хоёрын голоор ороод үстэлцсэн гарнуудыг тавиулах гээд гараас татсан юм. Тэгж байхад нөгөө хамт явсан ******* гэх эмэгтэй нь буудлын үйлчлэгч эгчтэй орж ирээд тэр хоёрыг салгасан. Тэгсэн мөн тэр хоёр дахиад муудалцах гээд байхаар нь би *******г шууд аваад буудлаас гарсан. Би тэр охины гарыг улаан цайм бариад *******д зодуулаад байсан асуудал байхгүй. Хоёр биенээ үсдчихсэн байсан болохоор үсдэлцсэн гаруудыг нь тавиулах гээд л татсан юм. Гараас нь татсан асуудлыг л намайг гарнаас барьж байгаад зодуулсан гэж ойлгосон байх. Эмэгтэй хүмүүс чинь бие биенээ үсдчихээрэй тавьдаггүй юм байна лээ. Харин удаагүй байхад ******* нь орж ирээд тэр хоёрыг салгасан. Би ******* гэх эмэгтэйг сайн танихгүй. Тухайн ресейпшн охиноос өмөөрөх надад ямар нэгэн шалтгаан байхгүй. *******, ******* гэх хоёр эмэгтэй айлд очно гээд явсан боловч тэр айл руугаа орохгүй болохоор нь би буудалд оруулж өгчхөөд явах гэж байсан юм. Тэр хоёрын зодолдож муудсан асуудал надад ямар ч хамаагүй...” гэх мэдүүлгүүд, Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 68 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч М.******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч М.******* нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.*******гийн үйлдлийн улмаас хохирогч М.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 68 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч М.*******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 900,000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч М.*******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч М.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч М.******* нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “...гомдолтой, эмчилгээний зардлаа нэхэмжилж байгаа.” гэж, хохирогчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл шүүхийн мэдэгдэх хуудсанд “...Манай талаас 2,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. Сүүлд өмгөөлөгч авсан учраас баримт бүрдүүлж чадаагүй...” гэж тус тус тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч М.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин хохирогч М.******* нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд М.*******гаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч М.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн *******д 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хохирогч М.******* нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд М.*******гаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч М.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Э.ХОСБАЯР